Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1202

 

 

 

 

 

 

 

2020       9          17                                                     2020/ДШМ/1202

 

Г.Д-Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Л.С,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.С-ийн давж заалдах гомдолд үндэслэн Г.Д-д холбогдох 2003 0000 00201 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 5 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзварын замд “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн шон мөргөж, зорчигч Л.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д-г “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-д “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг” тус тус сануулж, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Л.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Д-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.С давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зам тээврийн гэмт хэргийн үндсэн шинж болох нийгмийн хор аюулд ноцтой зөрчигдөж байгааг шүүхээс авч үзээгүй. Учир нь гэмт этгээд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож түүний улмаас Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн бөгөөд хохирогчийг яг өмнө үйлдсэн үйлдлээрээ буюу архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж өөрийн зөвшөөрөлгүйгээр машиндаа суулган авч явсан үйлдлийг шүүхээс үнэлээгүй байдаг. Шүүгдэгч Г.Д нь тухайн үед жолооны үнэмлэхгүйгээр машин барьж явсан үйлдэл хөтөлбөргүй нотлогдсон боловч түүнд тухайн машиныг архи уусныг нь мэдсээр байж хэн шилжүүлсэн болохыг шүүхээс тогтоогоогүй байна. Гэмт хэргийг хамтран үйлдсэн хэлбэрийг тогтоолгүйгээр түүнд шударгаар бодитой дүгнэлт өгөх боломжгүй. Хамжигч болох тухайн өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн автомашиныг жолоодож ирээд яллагдагчид машины руль шилжүүлж гэмт хэрэг гарах нөхцөл бололцоогоор хангасан этгээдийг тогтоох шаардлагатай. Гэмт хэргийн хохирлыг шүүхээс бүрэн тогтоогоогүй болно. Хавтаст хэрэгт авагдсан материал болон хохирогчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шууд учруулсан хохирлыг дутуу хэлэлцэж гэм хорыг иргэний шүүхээр шийдүүлэхээр ерөнхий дүгнэлт хийсэн байдаг. Эдгээр байдлаас дүгнэхэд яллагдагчид оногдуулсан ял нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй, хохирогчийн эрхийг сэргээгээгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулд хэрхэн халдсан талаар дүгнэлтийг дутуу хийсэн, яллагдагчийн хувийн байдлыг тогтоохдоо хэт цагаатгах байр сууринаас хандсан байна. Би машинаа лизингээр авсан. Осолд орохоосоо өмнө би ажлаа хийгээд лизингийхээ төлбөрийг төлөөд явдаг байсан. Би 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нурууны хагалгаанд орсон. Би одоо ажил хийх боломжгүй болсон. “Миний эмнэлэгт хэвтсэн 3 сарын лизингийн төлбөрийг төлөөд өг, миний машин хураагдах гээд байна” гэж хэлсэн. Надад “төлж өгнө” гэхээр нь би анхан шатны шүүх хуралдаанд “гомдолгүй” гэж хэлсэн. Гэтэл одоо хүртэл миний лизингийн төлбөрийг төлж өгөөгүй л байна. Миний эмнэлэгт хэвтсэн хугацааны лизингийн төлбөрийг шүүгдэгч Г.Д-ээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...шүүгдэгч Г.Д миний тухайд хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй болно. ...Шүүгдэгч Г.Д миний бие нь тухайн үед жолооны үнэмлэхгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг хохирогч Л.С, машинд хамт явсан Т.Сэрээнэндорж, Сэрээнэндоржийн нутгийн дүү Ганбаа нар бүгд мэдэж байсан ба би машинаа хөдөлгөхгүй энд хонуулна гэдгээ бүгдэд маш тодорхой 3 удаагийн давтамжтай хэлсэн боловч Т.Сэрээнэндорж нутгийн дүүгийн хамт “ За зүгээр ээ хөгшөөн, цагдаа гайгүй шүү дээ, явчих л даа, гялс явчихаад ирье” гэж ятгасны улмаас бүгд зөвшилцөн, хохирогч Л.С-ийн гэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг гэж хэлж байсан ба Ганбаагийн гэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуковт байдаг гээд бид Ганбаагийн гэр лүү хөдөлсөн. Жолоо шилжүүлсэн тухай асуудал үүсээгүй...” гэжээ.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Л.С-ийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 1.490.638 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгч Г.Д-ийн зүгээс 1.500.000 төгрөгийг төлсөн. Ингээд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-г бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэх албадлагын арга хэмжээ авсан. Хавтас хэрэгт цугларсан баримтаар хохирол бүрэн төлөгдсөн. Иймд хохирогч Л.С-ийн зүгээс гаргаж байгаа давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 5 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзварын замд “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн шон мөргөж, уг автомашинд зорчиж явсан Л.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.С-ийн: “...жолооны ард сууж явсан залуу машинаа жолоодож хөдлөөд төв замруу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан ба нэг мэдсэн чинь тус тас хийх чимээ гарсан бөгөөд сэрэх гээд сайн сэрж чадахгүй байхад миний сууж явсан талын хаалгыг онгойлгоод “зүгээр үү” гэж асууж байсан. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Нурууны хагалгаа 700 орчим мянган төгрөг болсон. Үндсэн үнэ нь 4 сая орчим төгрөг болно гээд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлсэн. ...маш их гомдолтой байна. ...” /хх 21/,

гэрч Т.Сэрээнэндоржийн: “...бид нар модны хоёрын замаар явж төв замруу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан бөгөөд төв шуудангийн урд талын уулзвар дээр гэрэл дохио ногоон асчихсан байсан бөгөөд Г.Д уг гэрлээр амжиж орох гээд машиныхаа хаазыг гишгэхээр нь би Г.Д-ийн араас зүүн мөррүү нь зөөлөн яваарай гэж хэлээд гараараа цохиод хойшоо суутал Г.Д машиныхаа рулийг зүүн тийш нь дарах шиг болсон бөгөөд замын зорчих хэсгийн хойд талын брожурыг мөргөөд баруун тийш буюу замын зорчих хэсгийн урд талын брожурыг мөргөж даваад гэрлийн шонг автомашиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөөд зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 30/,

гэрч Т.Баттөмөрийн: “...2020 оны 5 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед ...Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлын ойролцоо явж байтал хойд талд тус тас хийх чимээ гарахаар нь авто машиныхаа голын толинд харахад цагаан өнгийн суудлын авто машин замын зорчих хэсгийн урд талын гэрлийн шон мөргөөд зогсож байгаа харагдсан...” /хх 32/,

шүүгдэгч Г.Д-ийн: “...би Төв шуудангийн зүүн урд талын 4 замын уулзварын гэрэл дохио зүүнээс баруун, баруунаас зүүн тийш зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асч байхаар нь уг гэрэл дохиогоор амжиж оръё гэж бодоод 3 дугаар эгнээгээр 65 орчим км/цагийн хурдтай явж байгаад жаахан хаазаа нэмээд уулзварруу ортол миний баруун талын буюу урдаасаа хойш чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгслийн гэрэл гялбасан. Тэгээд цааш явж байтал замын зорчих хэсгийн хойд талын брожурыг машиныхаа зүүн талын урд хойд дугуйгаар дайрч гарахаар нь автомашиныхаа рулийг дарах гэсэн боловч хурдтай явж байсан учраас тэр чигээрээ замын зорчих хэсгийн урд талын гэрлийн шонг мөргөөд зогссон. ...” гэх мэдүүлгүүд /хх 67/,

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн “эрх хасагдсан” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 72/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгйин шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №5687 дугаартай: “...Л.С-ийн биед бүслэхийн 2 дугаар нугаламын их бие, хөндлөн сэртэнгийн шахагдсан хугарал, мултрал, булчин, холбоосны урагдал, бүсэлхийн 2 дугаар нугалам солих мэс заслын дараах байдал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-л зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 38/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №51 дугаартай: “...Жолооч Г овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх 55-56/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Д-г “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ гэм буруутай этгээд нь өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл болон бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээсэн зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж түүнийгээ нотолсон байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзэх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-ийн зүгээс 1.490.638 төгрөгийн хохирлын баримт гаргаснаас шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хохирогч Л.С нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдолгүй, харин өөрт учирсан хохирлоо, автомашин худалдаж авсан лизингийн төлбөрөө гаргуулан авах” талаар хүсэлт гаргасныг, мөн хэрэгт хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хохирлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн диспозитив зарчмын дагуу тухайн этгээд нотлох баримтаа өөрөө бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тодорхой заажээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ