Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2025/00212

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2025/00088 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.3-д  тус тус заасныг баримтлан хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 407,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2025/00088 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн “Э” ХХК-аас хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдэээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.07.09-ний өдрийн хуралдаанаараа нэхэмжлэгч Д.Б-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн агуулга бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025//00624 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагчийн гомдлоор хянаж хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн Магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.2.4 дэх хэсэг буюу “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн заалтыг үндэслэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна:

Оюуны өмч буюу зохиогчийн эрхийн эрх зүйн салбар нь шинэ Үндсэн хууль болон 1993 оны Зохиогчийн эрхийн тухай хуулиар “иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй” зарчмын үндсэн дээр бие даасан эрх зүйн салбар болон хөгжиж байгаа. Гэвч нийгмийн гишүүдийн оюуны бүтээлч хөдөлмөрийг үл ойшоох, зөвшөөрөлгүйгээр ашиглах, эрхийг нь зөрчих явдал гарсаар байгаа нь хуулийн хэрэгжилт сул, шүүхийн практик бага байгаагаас болж байгаа нь үнэн билээ.

Тиймээс нэгэнт хариуцагч “Э” хэмээх хуулийг мөрдөх үүрэгтэй хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн факт нь батлагдаж байгаа нөхцөлд “гэм буруутай бол хариуцлага хүлээх” эрх зүйн зарчмыг баримтлан хариуцагчид хохирлын төлбөрийг нэхэмжлэгч, зураач Д.Б-ийн мэргэжил, ур чадвар, туршлага, тодорхой төлбөртэйгөөр бүтээлээ борлуулж байсан баримтууд, нэхэмжлэлийн шаардлага зэрэгтэй уялдуулан хариуцагчаас гаргуулах эрх бас үүрэг шүүхэд байх ёстой байсан болов уу. Ингэснээр удаан хөгжиж байгаа оюуны өмчийн эрх зүйн салбарт шинэ жишиг, зөв үлгэр жишээ болж, иргэд болон хуулийн этгээдүүд хуулийг зөрчихгүй байх нь ихсэх хандлагатай болно гэж үзэж байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн 207/МА2025/00088 дугаартай Магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг зохих хэмжээнд хангаж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001/ШХТ2025/01002 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... зохиогчийн зөвшөөрөлгүй бүтээлийг хуулбарлан ашигласнаас учруулсан хохирол шаардах эрхтэй. Хохирлын дүнг тодорхойлохдоо бүтээлийн үнэлгээг зохиогч өөрөө тодорхойлох эрхэд суурилж байна ... хариуцагч ашгийн төлөө бизнесийн байгууллага байгаа” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... “Э” ХХК нь Д.Б-ийн эд хөрөнгийн онцгой эрхийг зөрчөөгүй, хэзээ, ямар эрх үүссэнийг мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь бүтээлээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэнд худалдсаныг тус иргэн нь ашигласан нь “Э” ХХК-д холбогдуулах үндэслэл болохгүй ... зохиогч бүтээлийн өмчлөх эрхээ шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ... нэхэмжлэгч хуулбарлах болон бусад эрх нь өөртөө байгааг нотлох үүрэгтэй. Үүнийг нотлоогүй. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 25.2-т заасны дагуу уран зураг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн 5-аас багагүй хувийг өгөх үүрэгтэй.” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Хариуцагчийн уг хивсийг ашиг олох зорилгоор үйлдвэрлээгүй, захиалагчийн хүсэлтээр 4 ширхэгийг үйлдвэрлэж захиалагч руу явуулсан, ... салбар дэлгүүрүүдээрээ худалдаагүй тухай тайлбар нь хариуцагчийг зохиогчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. ... хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б-ийн зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болох нь тогтоогдсон. ...уран бүтээлч уран бүтээлийнхээ үнэлгээг өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хангах үндэстэй.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Б-ийн 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “...…нэхэмжлэгч нь Алунгуа эхийн сургаал бүтээлийн зохиогч болж, бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрхийг эдлэнэ гэж үзсэн нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.2.1-д нийцсэн. Нэхэмжлэгч бүтээлийнхээ эх хувийг худалдсан нь зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхэд хамаарах тул хариуцагчийн “... Д.Б бүтээлээ ӨМӨЗО-ны иргэнд худалдсан, ингэснээр бүтээлийг худалдан авсан этгээдэд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх шилжинэ” гэсэн тайлбар үндэслэлгүй. ... хариуцагчийг нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүй, бүтээлийг ашигласан нь зохиогчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй, “...уран бүтээлч уран бүтээлийнхээ үнэлгээг өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага 50,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаар 150*200 хэмжээтэй, 2850/122 681 кодтой 1 ширхэг хивсийг 137,658 төгрөгөөр борлуулсан байх ба хариуцагчийн борлуулсан дүнгээр нэхэмжлэгчид учирсан хохиролыг тооцох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

11. Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт ялгаатай, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянах үндэстэй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

12. Зохигч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч буюу зохиогч Д.Б зотон, тосон будаг бүхий 120*80 хэмжээтэй, Алунгуа эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээж, бүтээлийнхээ эхийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэнд худалдсан, Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2023.08.01-ний өдрийн А/107 дугаар тушаалаар дээрх бүтээлээ бүртгүүлж 15015 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан, хариуцагч "Э" ХХК нь 2019 онд Алунгуа эхийн сургаал бүтээлийг 150x200 хэмжээтэй, 2850/122 631 кодоор 4 ширхэг үйлдвэрлэн БНХАУ-ын “А” ХХК-д борлуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Талууд зохиогч уран зургийн цорын ганц эх хувиа бусдад худалдсан бол түүний бүтээл ашиглах онцгой эрх дуусгавар болох эсэх, энэ үндэслэлээр онцгой эрх дуусгавар болоогүй гэж үзвэл бүтээлийг цааш хуулбарласан тоо хэмжээ, ийнхүү хуулбарласнаас бий болсон орлого нь зохиогч өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход хамааралтай эсэх асуудлаар маргаантай байна.

Хоёр шатны шүүх зохигчийн маргааны зүйлийг зөв тодорхойлсоны зэрэгцээ зохиогч ганц хувь бүтээсэн уран зургаа бусдад худалдсанаар хуулбарлан ашиглах онцгой эрхээ давхар шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй талаар адил дүгнэлт хийжээ. Гэвч ийнхүү зохиогчийн зөвшөөрөлгүй бүтээлийг хуулбарлан ашигласнаар зохиогчид хохирол учирсан эсэхийг хэрхэн тодорхойлох талаар хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт ялгаатай байна.  

Анхан шатны шүүх оюуны өмчийн харилцаанд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон бол хохирлын хэмжээг тодорхойлоход зохиогчийн хувийн үнэлэмж шууд ач холбогдолтой гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон байх учиртай, дан ганц зохиогчийн хувийн үнэлэмжид тулгуурлах боломжгүй гэх эсрэг дүгнэлт хийсэн байна.

13. Хяналтын шатны шүүх маргааны зүйлийн талаарх хоёр шатны шүүхийн зөрүү дүгнэлтийг эцэслэн хянах, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь оюуны өмчийн эрх зүйн хэрэг маргааны тухайд хохирлын хэмжээг тогтооход нотолгооны үүргийн онцлог зарчим үйлчлэх боломжтой.

Тодруулбал, оюуны өмчийн эрхийг хууль бусаар ашиглах буюу эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ эрх эзэмшигчийн олох ёстой байсан ашгийн хэмжээг тооцох, эрх зөрчсөн этгээдийн олсон ашгийн хэмжээгээр тооцох, эсхүл лицензийн төлбөртэй дүйцэхүйц дүнгээр хохирлын хэмжээг тооцох гэх мэт ялгаатай аргачлалууд үйлчлэх боломжтой бөгөөд хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, үгүйсгэх үүргийн хүрээнд аль аргачлалыг хэрэглэхээс шалтгаалан нотолгооны үүргийг зөв хуваарилах шаардлага үүсэх юм.

Иймд оюуны өмчийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт зохигч нотлох баримт бүрдүүлэх, шүүх тодруулах, чиглүүлэх, зохигчийн хооронд нотолгооны үүргийг зөв хуваарилах зэрэг асуудлаар нэгдмэл хэрэглээ тогтооход анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг маргааны онцлогт тохируулан хэрэглэх боломжтой гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрсөн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2025/00088 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Нэхэмжлэгч Д.Б нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                      ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН