Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/280

 

2024     08         28                                                 2024/ШЦТ/280
  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

хохирогч шүүгдэгч Я.Э, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, Б.Жигмэддорж,

гэрч Н.Ширнэн, Г.Н, Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Я.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                         Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Я.Э, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 

шүүгдэгч Я.Э

...2022 оны 7 дугаар сарын 07-ний өдөр наадмын эхний өдөр байсан. Тухайн өдөр Соёолон, хязаалан, азарга гээд гурван насны морь уралдсан. Би морины комисст ороод бүртгэл дээр сууж ажилласан. Бүртгэл дээр суугаад ажиллаж байхад хоёр зүйл ярьсан. 5-т орсон хонгор зүсмийн адуу, Зоригтбаатарын халиун үрээг ирж бүртгүүлээд хэмжүүлэхгүйгээр хашааны гадуур хөтлөөд явсан. Морины комисс наадамчин олон бүгд харсан. Тэр адуу 3 дугаар байрт орсон. Манай морины комисс эхний 10-н байраа хэмжье гэж ярьсан. Тэгээд морины комиссын шийдвэрээ Засаг даргад танилцуулаад маргаан үүссэн. Тухайн үед болсон процессыг шударгаар шүүгээд энэ асуудлыг цэгцлээд өгөөсэй гэж хүсэж байгаа... гэж,

шүүгдэгч Б.Б

...2022 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын наадмаар хурдан морины уралдааны морь цоллогооны асуудлаар маргаан болсон. Соёолон насны морь цоллох гэж байхад морины комисс ирэхгүй байсан. Уралдсаны морины хэмжээг дахин үзнэ гэсэн. Гол маргаан юунаас болсон бэ гэхээр 6-р байрт орсон морь нь Я.Эын төрсөн дүүгийнх нь нөхрийн морь байсан. Тэр морийг оруулахын тулд маргаан үүсгэсэн. Анх цагдаа дээр мэдүүлэг өгөхөд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдана гэж хэлсэн учраас мэдүүлгээ тэгж өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 19-н хавьцаа цагдаа дээр ирэхэд Я.Эын биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Таны биед гэмтэл учирсан уу гэхээр нь миний шүд хөдлөөд унах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн зэргээ тогтоолгуулсан... гэж,

 

 хохирогч Я.Э

...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн өдөр түлхүүлээд унахдаа юм өргөөд тархины доргилттой, шанаа зулгаралттай, гуянаас базсан  хөхрөлтэй, тохой дээр зулгаралт үүссэн... гэж,

хохирогч Б.Б:

...Цохиулсны улмаас доод нэг шүд хөдлөөд авхуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би түрүү жил Я.Эаас уучлалт гуйгаад гараа бариад салсан. Үүнээс хойш жил гаран болж байна... гэж,

 

гэрч Н.Ш

...Сумын наадмын үеэр морь цоллогооноос болж асуудал гарсан. Би доор зогсож байсан. Дээр хүмүүс муудалцаад эргээд харсан чинь Б.Б, Я.Э муудалцаж байсан. Би доороос яваад очиход Я.Э, Б.Б хоёр барилцаж аваад байж байсан. Тухайн үед Я.Э нэг цохиж байгаа харагдсан... гэж,

гэрч Г.Н

...Би одоо айхтар тод санахгүй байна. Энэ хэрэг гараад хоёр жил гаран болсон байна. Тухайн өдөр морь цоллох гээд маргаан гарсан. Хамгийн эхэлж Я.Э Б.Быг нэг удаа цохихыг харсан. Тэгээд бид хэд голоор нь ороод салгасан... гэж,

гэрч Л.А

...Сумын наадам болоод морь уралдаж ирсэн. Ямар асуудлаар муудалцсаныг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Б.Б Я.Эт төрийн наадам болохоос чиний наадам биш гэж хэлсэн. Тэгээд Я.Э Б.Быг нэг удаа цохисон. Би баруун хойд талд сууж байсан. Тэгээд хүмүүс ирээд салгасан... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Я.Эын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор "соёолон насны морины уралдаанд эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудал"-аар маргалдан улмаар Б.Бтай харилцан хоорондоо зодолдож нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 33 дугаар шүдний булгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.Бын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор соёолон насны морины уралдаанд эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудал"-аар маргалдан улмаар Я.Этай харилцан хоорондоо зодолдож нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гуяны дотор талаас нь гараараа базаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн шуу, хамарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8,34 дүгээр хуудас/,

 

шинжээч И.Ганболорын ...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №403 дугаартай “Я.Эын биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн шуу, хамарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан” талаарх дүгнэлт... /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

шинжээч И.Ганболорын ...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №401 дугаартай “Б.Бын биед 33 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5%иар алдагдуулах хөнгөн хохирол учирсан” талаарх дүгнэлт... /хх-ийн 69-70 дугаар хуудас/ болон

хохирогч Я.Эын ...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 45 жилийн наадмын өдөр эхэлсэн тухайн өдрийн Соёолон насны уралдааныг 14 цагийн орчим тэр дундаас хэмжүүлээгүй 1 морь, хэмжээ хэтэрсэн 4 тооны морьд уралдааны замд уралдсан барианд ороход хэмжээ хэтэрсэн 2 морьд 1 болон 5 дугаар байранд орсон мөн хэмжүүлээгүй нь 3 дугаар байранд орсон тэгээд айргийн 5-д орсон зөрчилтэй морьдийг баяр наадмын морины хуралдаанаар тухайн морьдыг шууд хасах эсвэл дахин хэмжих санал гаргасан тэгээд комисс гишүүн дахин хэмжихээр саналд нэгдсэн тус сумын Засаг дарга Б.Бд морины шийдвэрийг танилцуулахад Засаг дарга Б.Б нь хэмжээд гаргасан морьдыг дахин гээд, та нар мэддэг юм уу пизданууд минь гэж хараалын үг хэрэглэсэн тэгэхээр нь би комиссын шийдвэрийг танилцуулж байна ш дээ гэхэд Б.Б надад хандан чи юугаа мэддэг юм. Иймэрхүү байдлаар над руу дайралт хийгээд байсан тэгэхээр нь би өөдөөс нь хараад байсан чинь намайг гөлрөө писдаа гээд намайг цохисон тэгэхээр нь би Б.Бын гарын нь хориод барьсан байсан чинь Б.Б нь намайг түлхсэн чинь би тэр чигээрээ хойшоогоо унасан дээрээс дараад, гуянаас базаж чихнээс зулгаасан тэгээд хүмүүс салгаад үйл явдал дууссан. Б.Б миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон гуяны дотор талаас базсан, чихнээс нэг улаа хумсалж базсан, эдгээрээс үүдэлтэй үүдний хиймэл нэг ширхэг шүд мөн түлхснээс болж дагзаараа унаж тархи доргисон. Соёолон насны морьдын уралдааны байр эзлүүлэх морины комиссын шийдвэр Б.Б эсэргүүцсэн энэ асуудлаас болж хэрүүл маргаан үүсэх шалтгаан эхэлсэн. Б.Б надад хандаж чи ажлаа өг пизда минь гэхэд б зөрүүлээд би зөрүүлээд би маргааш өгье пизда минь гэж хэлсэн. Танд комиссын шийдвэр танилцуулж байна ш дээ гэхэд Б.Б чи юугаа мэддэг юм бэ гэхээр нь би ажлаа хийж байгаа юм биш үү пизда минь гэж хэлсэн. Б.Б бид 2 маргалдсан газар нь Цэнгэлдэх хүрээлэнд болсон 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон. Тэр үед хажууд Н.Ширнэн, Г.Н, хэсгийн төлөөлөгч Ц.Ганбат цагдаа Ө.Энхманлай нар дэргэд ойрхон байсан тэгээд наадамчин олон хүмүүс байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

холбогдогч Б.Бын ...Манай Төв аймгийн Аргалант сум 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баяр наадмаа эхлүүлсэн. Тэгээд орой 18 цагийн орчим соёолон насны морьд цоллох гээд байдаг морины комисс ирдэггүй гадаа хүйтэн салхитай, ард иргэд тараад явах гээд байдаг, тийм учраас морины комиссын дарга Шрүү удаа дараа залган байж ирсэн, яагаад удсан талаар нь асуухад Аргалант сумын 1 дүгээр багийн дарга Я.Эын хүргэн Батсүх гэх хүний уясан Соёолон үрээ нь 6 дугаар байранд орсон, тэгээд удсан шалтгаан нь Я.Эын морийг айрагдуулах санаатай түрүү морийг хасуулах санаатай дахин хэмжинэ, эхний 10 дугаар байрт орсон морьдыг дахин хэмжинэ гээд Я.Э дайраад байсан. Тэгэхээр нь би тийм юм байхгүй яахаараа морь хэмждэг юм бэ гэхэд чи морины комисс, морьдыг гаргахдаа өөрөө комисстой хэмжчихээд ямар учраас дахин хэмжих гээд байгаа юм бэ нэгэнт орж ирсэн ард иргэдийн морьдод бай шагналыг нь өгөх нь зүйтэй гэхэд уурлаад битгий дарамтлаад бай, та тэгдэггүй юм гээд маргаан үүссэн. Би Я.Эын хэлсэн үгнүүд, үйлдэлд нь уур хүрсэн бөгөөд ард түмний наадмыг эмх замбараатай журамтай хуулийн дагуу явуулах үүднээс хүнд суртал, ашиг сонирхол харсан эрх бүхий этгээд буюу Я.Эт шаардлага тавихад иргэдийн өмнө улаан цайм шударга бус үйлдэл гаргаж байгааг нь таслан зогсоох гэж байгаад уурласандаа очиж барилцаж аваад хэсэг ноцолдож, намайг цохиход миний дотоод талд сахраас болоод 3 хан шүд үлдсэн байсны зүүн талын нэгийг нь хөдөлтөл цохисон, би ч Я.Эыг тухайн үед нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон, өөр бол цохисон асуудал байхгүй барьцалдаж зууралдсан л асуудал байгаа.Тэгээд байж байтал араас сумын хэсгийн төлөөлөгч Ц.Ганбат ирж салгасан, би тухайн үед жоохон уурласандаа хэсгийн төлөөлөгчийг түлхчихсэн асуудал байгаа тэрнээс шаардлагыг нь эсэргүүцсэн хэрэлдсэн цохисон асуудал байхгүй. Тэрүүхэн зуур л уурласандаа анзаараагүй түлхчихсэн юм. Би хэсгийн төлөөлөгчийг анзаарч хараад үйлдлээ таслан зогсоох ёстой гэдгээ ойлгоод түүнээс хойш дахин ойртоогүй юм. Тэрний дараа хэсгийн төлөөлөгчөөс анзаараагүй түлхчихлээ ахыгаа уучлаарай гэж уучлалт гуйсан байгаа. Тухайн бичлэгийг Анхбаярын Жаргалсайхан гэдэн фэйс хаягтай 99066171 гэсэн дугаартай хүн хийсэн байсан бөгөөд тавихаасаа өмнө над руу нэг залгасан байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой гэртээ ирээд дөнгөж тавьсан бичлэгийнх нь гарчгийг нь уншаад байж байтал над руу залгаад “чи надаас уучлалт гуй” Аргалантын ард иргэдээс уучлалт гуй, хохь чинь баас минь гэж өчнөөн доромжилж над руу залгасан бөгөөд би тэр залууд хандан “чи ядаж гарчгийг нь зөв тавь би өөрийн ямар ч морь уралдуулаагүй, чи худлаа хүн гүтгэж тавьсан байна мэдээллээ үнэн зөв тавь гэхэд хохь чинь гээд л байсан. Я.Э бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би сумынхаа наадамд өөрийн нэр дээр ямар ч морь уралдуулаагүй. Харин Я.Эын хүргэн нь хээр соёолон уралдуулж тэр морь нь 6 дугаар байранд орсон гэдгийг морины комиссын гишүүн, манай сумын Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Ширнэнгээс мэдсэн. Би Я.Этай гэх хүнтэй ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Я.Э гэх хүн Аргалант сумын Засаг даргын Тамгын газарт 1 дүгээр багийн засаг даргаар ажилладаг юм. Я.Э миний шүд рүү цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Асуулт: Таны хувьд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн асуудал байсан эсэх? Хариулт: Тийм зүйл бол огт байхгүй, Ганбат миний хажууд ирээд юу ч дуугараагүй би ч ирснийг нь анзаараагүй, хажууд хүн ирээд л гараас татаад би Я.Этай муудалцаад Я.Э луу хамаг анхаарал төвлөрсөн, харсан байсан болохоор хэсгийн төлөөлөгч Ганбат гэдгийг мэдээгүй харина гарыг нь нэг тавиулаад, дахиад холд гээд түлэх үед л хэсгийн төлөөлөгч Ганбат гэдгийг нь анзаарч харсан тэгээд дараа нь хэсгийн төлөөлөгчөөсөө уучлалт гуйсан юм. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би уг нь сумынхаа ард иргэдийг л сайхан будлиангүй наадуулчихья гэж бодоод түргэдээд буруу зүйл хийсэн байна. Миний ярьсан зүйл үнэн нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ ,

   гэрч Г.Г...Би Аргалант сумын Засаг дарга Б.Б, багийн дарга Я.Э гэх хүмүүсийг танина. Би Аргалант суманд төрсөн. Одоогоор Аргалант суманд газар тариалангийн ажил хийж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Аргалант сумын 45 жилийн ойн баяр наадам зохион байгуулагдсан юм. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Тамгын дарга Шнад руу утсаар залгаад ах нь наадмын комиссын даргаар ажиллаж байна аа, миний дуу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уралдах 3 насны морьдын сэрвээний өндрийг хэмжих ажилд ирж оролц гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2022 оны 07 дугаа сарын 07-ны өдөр уралдсан Азарга, Соёолон, Хязаалан гэсэн 3 насны уралдах морьдын сэрвээний өндрийг Аргалант сумын уяачдын холбооны гишүүн Мөнхбатын хамт хэмжиж уралдуулсан. Асуулт: Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын үеэр тус сумын Засаг дарга Б.Б, багийн дарга Я.Э нар хоорондоо юунаас болж маргалдсан талаар та мэдэх үү? Хариулт: 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр наадмын талбайд түрүүлж айрагдсан морьдыг цоллох үеэр би очсон. Тухайн үед хүмүүс засаг дарга Б. Б.Б багийн дарга, Я.Э нарыг хоорондоо муудалцсан талаар ярьж байсан. Би тэр хоёрыг хоорондоо маргаж муудалцах үед нь байгаагүй. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр утсаа оролдож байтал орой Facebook-ээр бичлэг явж эхлэхээр нь л ийм зүйл болж өнгөрснийг мэдсэн. Тухайн өдөр хүмүүс их ирсэн морь цоллох үйл ажиллагааг эхлэхийг зөндөө удаан хүлээсэн юм байна лээ. Учир нь Аргалант сумын наадмын комисс нь морьдоо цоллох үеэр байхгүй 2 цаг гаран хүлээлгэж эцэст нь сумын Засаг дарга Б.Б ард иргэдийг яасан их хүлээлгэдэг юм бэ? түрүүлж айрагдсан морьдын нэрсийг гаргасангүй удлаа гэж наадмын комиссын гишүүн Я.Эт хандан хэлж Я.Э ч засаг даргатай дахиж хэмжинэ гээд марган улмаар нэгийнхээ биед халдсан байсан. Б.Б Я.Э нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг би мэдэхгүй байна. Эрүүл л харагдсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Засаг дарга Б.Б, хэсгийн төлөөлөгч Ц.Ганбат нар хамт юм яриад л явж харагдсан. Яг тухайн үед яагаад Ганбатыг түлхсэн талаар мэдэхгүй байна. Сошиалаар цацагдсан бичлэг дээр л их эвгүй харагдсан. Миний хувьд Засаг дарга Б.Б, хэсгийн төлөөлөгч Ц.Ганбат нар хоорондоо маргаж муудалцаж зодоон цохион хийгээгүй байх гэж бодож байна. Сошиалаар цацагдсан бичлэгийн гарчгийг Аргалант сумын Засаг дарга Б.Бын морь уралдаж түрүүлж айрагдсан, морь нь хасагдах гэхээр уурлаж хүн зодсон мэтээр бичсэн байсан. Яг үнэндээ бол Аргалант сумын Засаг дарга Б.Бын нэр дээр ямар ч насны морь уралдаагүй. Намайг очсоноос хой Соёолон насны морьдын уралдаанд түрүүлсэн морийг л дахин хэмжиж хасах гээд комиссын гишүүд удаад байхаар нь л Б.Б дарга тэдэнд хандан та нар хэмжиж гаргачхаад одоо зүгээр бай шагналыг нь өгчихгүй ажлаа хийж чадахгүй ард иргэдээ удааж чирэгдүүллээ л гээд зодоон цохион болсон талаар сумын иргэд ярьж байсан. Миний ярьсан зүйл үнэн. Надад нэмж ярих зүйл байхгүй… хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч Я.Эын ...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр наадмын морины комисст ажиллаж байсан. Соёолон насны морины уралдаан будилаантай болоод эхний аравт орсон морийг дахин хэмжих саналыг хурдан морины комиссын гишүүд гаргаад тухайн саналаа баяр наадмын талбай дээр ирээд Аргалант сумын Засаr дарга болох Б.Бд комиссын дарга Н.Штанилцуулахад шууд эсэргүүцээд хэмжээд гаргаа биз дээ та нар пиздаанууд ажлаа хийж чадахгүй гэхээр нь би засаг даргад хандаж комиссын гишүүдийн шийдвэрийг танилцуулж байна шүү дээ эхний 10 морийг дахин хэмжих талаар шийдвэр гаргасан гэхэд засаг дарга Б.Б чи юу мэддэг юм пизда минь гэж хэлээд над уруу дайраад шууд гараараа миний баруун шанаа хэсэгт цохисон би цохих үед нь хойшоо унаад хойно байх шатан дээр дагзаараа цохиж унасан. Тэгсэн дээрээс дараад миний зүүн гуяны дотор талаас гараараа базаад нүдийг чинь сохлоод хаячих уу гээд нүд рүү гараараа дайрахаар би нүдээ хамгаалах гээд хажуу тийш харсан чинь миний чихийг хумсаараа маажиж зулгаасан. Тэгээд хажууд байсан хүмүүс салгаж авсан. Тамгын газрын дарга Н.Ширнэн, Хэсгийн төлөөлөгч Ганбат, цагдаа Энхманлай, жолооч Н Н.Ширнэн, Н, Ганбат гурав гол салгасан. Нүүрний баруун хэсэгт гараараа нэг удаа, миний хувцаснаас барьж байгаад дайрч түлхэж унагаан, зүүн гуяны дотор талаар нэг удаа гараараа базсан, баруун чихнээс хумсалж базсан. Зүүн гарын шууны дээхэн хэсэгт зулгарсан байсан. Тухайн маргалдааны үед Б.Б гэх хүний биед халдаагүй. Б.Б бид 2 өмнө нь маргалдаж байгаагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан үнэн... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

   хохирогч Б.Бын ...Миний хувьд Төв аймгийн Аргалант сумын засаг даргаар 2016 оноос хойш одоог болтол ажиллаж байгаа бөгөөд 2022 оны сумын баяр наадам 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж байсан бөгөөд морио цоллохгүй байхаар нь яагаад цоллохгүй байгаа юм гээд морины комиссоос асуусан чинь Я.Э эхний таван морийг дахин хэмжинэ миний дүүгийн морь дүүгийн морь зургаалчихсан гээд байхаар нь би тийм зүйл байдаггүй юмаа. Нэгэнт хэмжээд гаргачихсан уралдаад ирчихсэн байхад тийм юм байхгүй гэж хэлсэн чинь та битгий хүн дарамтлаад бай гээд Я.Э өөдөөс хэрэлдээд эхэлсэн тэгээд маргаан болоод эхлээд би уурлаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон тэгтэл намайг Я.Э зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон байгаа. тэгээд л зууралдаад салцгаасан. Би нэг удаа нүүр хэсэгт нь л цохисон яг хаана цохьсоноо сайн санахгүй байна. Я.Э миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний доод ирүүний зүүн хэсгийн нэг шүд суларч тэрний улмаас шүдээ авхуулсан байгаа. Я.Эын биед ямар нэгэн гэмтэл учирсан талаар би мэдэхгүй байна. Гомдол санал гэх юм бол Я.Э нь өөрөө тухайн үед морины комиссын гишүүнээр ажиллаж байсан атлаа өөрийнхөө хамаарал бүхий хүний морийг айрагдуулах гэж зүтгэж ёс зүйгүй үйлдэл гаргасан үүний улмаас олон түмний нүдэн дээр дайрч давшилж хэл амаар доромжилж байсан тул хуулийн дагуу шийдүүлмээр байна. Я.Эаас нэхэмжлэх зүйл гэвэл шүд хийлгэсэн 180.000 төгрөг нэхэмжилнэ. Надад баримт бол байхгүй Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан үнэн зөв... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

   гэрч Н.Ш...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Аргалант сумын баяр наадам болж байсан тухайн үед би морины комиссын даргаар ажиллаж байсан. Азарга, Соёолон, Хязаалан насны морь уралдсан. Би морио дагаад гараан дээрээс барианд оруулж ирэх ажлыг хийж байсан. Манай морины комиссын гишүүн Я.Э санал гаргаад Соёолон насны эхний 5 байранд орсон морьдыг дахин хэмжиж үзэх санал гаргасан. Тэгээд морины комиссын гишүүд болох Я.Э, Эрдэнэбилэг, Оюунтүлхүүр бид дөрөв тухайн үед хэмжилт хийж байсан Гболон Мөнхбат хоёрыг дуудсан чинь Гирэхээр нь дахин хэмжих талаар хэлсэн чинь Гби хоёр удаа хэмжилт хийсэн асуудал байхгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид дөрөв нилээ удаан суусан тэгээд би нөгөө хэдээс за тэгээд та нар Соёолонг яах саналтай байгаа юм гэхэд Я.Э эхний 5 морийг дахин хэмжих саналтай байна гэхээр нь наадмын талбай орсон чинь Аргалант сумын засаг дарга Б.Б надад хандаж та нар ард түмэн хүлээлгээд хаашаа алга болдог юм гэхээр нь би хязаалангийн цуваа жаахан будилаантай болоод мөн Соёолон насны эхний 5 насны морийг дахин газар дээр нь хэмжилт хийнэ гэж морины комиссын гишүүд шийдвэр гаргасан гэсэн чинь засаг дарга та нар хэмжээд явуулсан биз дээ дахин хэмжилт хийж ард иргэдийг чирэгдүүлэх ямар шаардлага байгаа юм гэж хэлсэн тэрнээс болоод Я.Э болон засаг дарга Б.Б хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би доошоо буугаад хэмжих шаардлага байхгүй эхний 5 байранд орсон морины шагналыг өг гэж хэлж байх хооронд эргээд харсан чинь Я.Э болон засаг дарга хоёр маргалдаад байхаар нь би гүйгээд очсон чинь Б.Б дарга Я.Эын дээр нь хоёр гараараа дарсан байдалтай байж байсан. Би салгаад голоор нь орсон чинь та нар ажлаа хийж чадахгүй ийм хэрүүл болж байна гэж хэлээд миний цээж рүү хоёр гараараа түлхсэн миний ард сандал байсан тул хойш сандал дээр суусан. Тэр үед цагдаа Ганбат ирээд дарга одоо боль гэсэн чинь гараараа хоёр удаа цээж рүү нь түлхсэн. Б.Б дарга Я.Эын дээр нь дарсан байдалтай байсан. Сайн хараагүй. Намайг эргээд хараад салгах гээд очих үед Я.Э нь Б.Бын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Хүмүүс шуугиад эргээд харсан барилцаж аваад зогсож байсан. Намайг рчих үед Я.Эыг гараараа дарсан байсан. Я.Э нь энэ хүнээ аваач гэж орилж байсан. Маргаан дуусаад биед нь ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Тэр 2-ыг маргалдаж байх үед хажууд дээлтэй нь амраа гэх малчин байсан нөгөөх нь би санахгүй байна. Тэр 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 52-53 дугаар хуудас/

   гэрч Г.Нын ...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Аргалант сумын наадмын асар дотор Соёолон насны морь байлах гээд эхний 5 насны морь орж ирээд тэрийг үзээд сууж байсан чинь хүмүүс маргалдаад шуугилдаад байхаар нь юу болов яав гээд харсан чинь манай сумын засаг дарга Б.Б болон манай 1 дүгээр багийн засаг дарга Я.Э нар хоорондоо барилцаад хоорондоо түлхэлцээд байх шиг байсан Я.Эын хөл нь суудлын шат шиг юманд тээгэлдээд  унаад Б.Б дарга дээрээс нь дарсан тэгсэн тэнд байсан Амраа ах баруун талаас нь салгаад би зүүн талаас нь очиж салгасан. Тэр үед Шдарга болон манай хэсгийн төлөөлөгч нар гүйж ирээд бөөндөө Б.Б даргыг дээрээс нь салгаж аваад Я.Эыг босгоод салгасан. Бие биеэ заамдсан зогсоо байдалтай байсан. Тэгээд Я.Э нь сандлын шат дээр тээглээд хойшоо унасан. Би тэрийг нь хараагүй. Та Би нээх удаагүй тэр хоёр маргалдаан эхлээд очсон байхаа. Маргаан дуусаад харагдах гэмтэл шарх байгаагүй. Амраа ах би Шинэн дарга, хэсгийн төлөөлөгч гүйж ирсэн. Тэгээд болсон байхаа. Би хараагүй. Б.Б даргын хацар нь цайрсан үрэгдсэн байдалтай байсан.Тэрийг сайн хараагүй Я.Э гэх хүний малгай газар унасан байсан би тэрийг нь авч өгсөн. Б.Б нь ажлаа хийл дээ чи гээд байсан. Энийгээ аваач гэсэн би ажлаа маргааш өгнө гэж орилж байсан. Сүүлд бичлэг үзэхэд тэгж байсан.Тэр 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тийм асуудал байхгүй 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ээлжийн амралтаа аваад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв... /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

   гэрч Л.Эрдэнэбилэгийн ...Би тухайн өдөр сумын баяр наадмын морины комиссын бүртгэлийн ажил хийж байсан. Орой морины цуваа гаргаж өгөөд бүрий болж байх үед наадмын талбай дээр цуваагаа аваад ирсэн чинь засаг дарга Б.Б уурлаад та нар ямар их уддаг юм наадамчид хүлээгээд байхад гэхээр нь хязаалан насны морьдын цувааг гаргах гэж удаан бичлэг үзсэн талаар хэлсэн. Тэр үед багийн засаг дарга Я.Э орж ирээд соёолон насны морийг хэмжих саналтай байгаа талаар засаг даргад хэлсэн чинь засаг дарга өөдөөс нь та нар өглөө өөрсдөө хэмжилт хийж гаргасан байж ямар шалтгаанаар дахин хэмжих гээд байгаа юм гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Тэгээд би тэр үед хний 6 дугаа байрнаас хойш орсон морьдын шагнал өгөх гээд яваад өгсөн. Дараа нь буюу 07 дугаар сарын 08-ны орой фэйсбүүк дээр байршуулсан бичлэг үзээд болсон зүйлийг мэдсэн. Үгүй би тухайн үед яваад өгсөн байсан. Б.Б нь Я.Э нар нь өмнө нь маргалдаж байгаагүй. Эрүүл байсан байхаа архи уух боломж тухайн өдөр гараагүй. Я.Э болон Б.Б нар тухайн өдрөөс хойш өөр хүнтэй маргалдсан асуудал байхгүй. Я.Эын хүргэн Батсүхийн морь 6 дугаар байрт орсон байсан. Тэр асуудал хэмжих шалтгаан мөн эсэх талаар би мэдэхгүй байна. Я.Э надтай хамт бүртгэл дээр суугаад морь хэмжилт дээр бас ажиллаж байсан. Бас хүүхдийн ноймор тарааж байсан. Иргэнээс гараагүй. Очсон байхаа бид нар хэмжилтэд дээр хамтран ажилла гэж хэлээд явуулж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн ......... дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Үүрийнтуяа:

...Шүүгдэгч Я.Э нь Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор соёолон насны морьдын уралдааны эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудлаар маргалдан улмаар Б.Бтай харилцан зодолдож, нүүр хэсэгт нь гараараа цохиж 33-р шүдний булгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.Б нь Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр сумын наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор соёолон насны морьдын уралдааны эхний 10-т орсон морьдыг дахин хэмжих асуудлаар маргалдан улмаар Я.Этай харилцан зодолдож, нүүр тус газарт нь гараараа цохиж, зүүн гуяны дотор талаас гараараа базаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн шуу, хамар зулгаралт, зүүн гуянд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн бяцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугийн гэм бурууг нотолсон байдал, хохирогч Б.Бын мэдүүлэг, хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч Я.Эын мэдүүлэг, хохирогч Я.Эын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, CD-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч н.Шмэдүүлэг, гэрч Г.Гантулгын мэдүүлэг, гэрч Г.Нийн мэдүүлэг, яллагдагч Я.Э, Б.Бын нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Б, Я.Э нар нь эмчилгээний зардалд баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна... ...Дуу дүрсний бичлэгээс харахад Б.Б нь Я.Эыг түлхэж байгаа идэвхтэй үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Я.Э нь эхлээд Б.Быг цохиод сандал дээр хол алдаж суусан. Энэ нөхцөл байдал нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Тэгэхээр Я.Эын биед учирсан гэмтэл нь Б.Бын идэвхтэй үйлдлээр нотлогдож байна. Я.Эын өмгөөлөгч нарын өмгөөллийн үгтэй холбоотой өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч нар нь өмнө болон одоо өгч байгаа мэдүүлгүүд нь зөрүүгүй харагдаж байна. Я.Э Б.Б нар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учир гэм буруутайд тооцох өмнөх саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

 Хохирогч Б.Бын өмгөөлөгч Г.Бадамханд:

...Я.Э цохисны улмаас Б.Бд хөнгөн гэмтэл учирсан. Үүнийг гэрч болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Шүүгдэгч Я.Эыг гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

   Хохирогч Я.Эын өмгөөлөгч М.Өлзийцэцэг:

...Прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Я.Э нь хохирол нөхөн төлбөр нэхэмжлэхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

   Хохирогч Я.Эын өмгөөлөгч Б.Жигмэддорж:

...М.Өлзийцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Бадамханд:

...Б.Бын хувьд Я.Эыг цохиж, зодсон зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Н.Жирнэн, Л.А, Г.Н нарын мэдүүлгээр Я.Э нь Б.Быг цохисон нь тогтоогдсон. Мөрдөгчийн тэмдэглэл хуурцаг нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна. Б.Б бол Я.Эын довтолгоог зогсоосон нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Ийм байдлуудаас харахад Б.Б нь Я.Эын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь харагдаж байна. Гэрч нар зодооны дараа Я.Эт ямар нэгэн гэмтэл шарх сорив байхгүй байсан талаар гэрч нарт мэдүүлдэг. Мөн Я.Э нь 15 хоногийн дараа гэмтлийн зэрэг тогтоолгосон нь эргэлзээтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... ...Гэрчүүд маш тодорхой мэдүүлэгч өгсөн. Б.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэгт өөрийг нь яллах нотлох баримт хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Б.Б нь Я.Эыг цохиогүй болох нь тогтоогдож байгаа юм... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Я.Эын өмгөөлөгч М.Өлзийцэцэг:

...Гэрч нарын мэдүүлгээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт үнэн зөв гэж хэлдэг. Б.Б эхний 10 морийг хэмжих талаар шийдвэр гарсан гэж хэлж байгаа. Гэрч Шнь 2022 оны анхны мэдүүлэгтээ эхний 10 морийг хэмжинэ гэсэн мэдүүлэг өгдөг. Сая шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг зөрүүтэй.. Н цаастай гараараа цохиод байсан гэдэг. Харин гэрч А гарт нь цаас байгаагүй гэж хэлдэг. Гэрч нарын мэдүүлэг зүүн гарт нь цохиж байгаа шанаанд цохиж байгаа гэж 2 жилийн өмнөхийг сэргээн санаад хэлж байгаа атлаа Б.Бын талаар мэдэхгүй гэж хэлдэг. 2022 оны 08 дугаар сард өгсөн мэдүүлэг үнэн зөв үү одоо 2024 онд өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэхийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өлзийбаяр нь 1 цохисон, А нь 2 цохисон гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байна. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг талыг хэт барьсан учраас цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Я.Эын өмгөөлөгч Б.Жигмэддорж:

...Я.Э нь анхнаасаа тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Харин хэргийн бусад оролцогч болон гэрчүүд үгсэн хавилдсан байх магадлалтай хэргийг ээдрээ төвөгтэй болгож байна. Гэрчүүдийн хувь хүртэл мэдүүлгүүд өөрчлөгдөж эхний 5 морь гэх асуудал ярьж эхэлдэг. Гэрчүүдийн хувьд Я.Э цохисон Батбаярын цохисон эсэхийг хараагүй гэдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцлагын талаар заасан байдаг. Ганц байгаа нотлох баримт бичлэг байгаа. Бичлэг дээр бүх зүйл харагдаж байгаа учир Я.Эыг цагаатгах өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Я.Э:

...Хэлэх зүйлгүй,гэрчүүд 3 дахь удаагаа мэдүүлэг өгч байгаа. 2 хүн хамт суухаар мэлзээд худал мэдүүлэг өгч байгаа нь харагддаг. Гэрч нараас болж хүний ирээдүй өөр болох гээд байгаа. Тухайн бичлэгийг хийсэн иргэн хүн өөрсдийнхөө Нөгөө талаас ашигтай болгох гээд тэр нь цохисон энэ нь цохисон гээд 2 жилийн өмнө өгсөн мэдүүлэг 2 жилийн дараа өөрчлөгддөг ийм байж болохгүй. Иймд цагаатгаж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйлгүй, даргын морь түрүүлж болдоггүй наадам юм уу гэсэн нэртэй бичлэг тавигдаад цагдаа дээр ирсэн. Би бол эд нар дээр морины талаар оролцоогүй. Тэрнээс болоод хэн хэндээ гомдол гаргаагүй байхад бичлэгээс болоод цагдаа дээр асуудал үүсээд явсан. Би хэн нэгэнд нөлөөлөөгүй, хэн нэгний тархийг удирдаад байх хүн биш. Надад тийм асуудал байхгүй. Тийм учраас цагаатгаж өгөн үү ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, шүүгдэгч Я.Э, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, Б.Жигмэддорж нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаг боловч эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан хавтаст хэргийн 8, 34 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 64-65 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №403, хавтаст хэргийн 69-70 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №401 дугаартай дүгнэлтүүд болон гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар үгүйсгэгдэж байх ба дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

Шүүгдэгч Я.Э, Б.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Я.Э хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Б хохирогч Я.Эыг тус тус цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Я.Э, Б.Б нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Я.Эын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд 33 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Я.Эын эрүүл мэндэд тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн шуу, хамарт зулгаралт, зүүн гуяанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Э шүүгдэгч Б.Бд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа,

мөн хохирогч Б.Б шүүгдэгч Я.Эт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа тус тус илэрхийлсэн.

 

Иймд шүүгдэгч Я.Э, Б.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Үүрийнтуяа :

...Шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б, Я.Э нарыг Эрүүгийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600.000 төгрөгөөр торгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Бадамханд:

...Шүүх гэм буруутайд тооцсон тул гэм буруугийн асуудал яригдана. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгч Я.Эын өмгөөлөгч М.Өлзийцэцэг:

...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрт оногдсон ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа маргаан үүссэн. Төлөх хохирол байхгүй. Сум орон нутгийн Засаг дарга хийдэг. Сумынхаа иргэдийн итгэлийг хүлээж, тэднийг төлөөлөн орон нутагтаа Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа залуу төрийн албан хаагч юм. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгч Я.Эын өмгөөлөгч Б.Жигмэддорж:

...М.Өлзийцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч, шүүгдэгч Я.Э :

...Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Я.Э, Б.Б нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Я.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Б.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Я.Э, Б.Б нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Я.Э, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж байгаа болно.

 

  

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Э, Б.Б нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Б.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

 шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Я.Э, Б.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Я.Э, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН