| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03649/И |
| Дугаар | 102/ШШ2021/02928 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/02928
| 2021 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/02928 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суудаг Б овогт Б Б /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Э Т /РД: /
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б
хариуцагч Э.Т
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Ттай 2010 онд танилцаж, танилцсан даруйдаа 2010 ондоо хамтран амьдарсан. Бидний хүү Т.С нь 2011 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2012 оны 2 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Т.С нь энэ жил 5 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас дугуйлан, дамжаа, бусад зардлыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2011 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.Ст эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Т.С одоо 10 настай, 11 нас хүртэл нэг жилийн хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс хойш хуульд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү.
Хариуцагч Э.Т шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Т.Сын тэтгэлгийн хэмжээг 11 нас хүртэл буюу 1 жилийн хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр тогтоохоор тохиролцлоо. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сар бүр 200,000 төгрөгөөр тэтгэлэг өгөхөөр тохирсон. Түүнээс хойш Монгол Улсын хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тохиролцов.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Б.Б, Э.Т нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү Т.Сыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Бийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүү Т.С эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Энэхүү үүргийг хүүхдээсээ хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаагаас бусад нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч Э.Т нь хүү Т.Сыг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж заасан. Ийнхүү эцэг, эхийн тохиролцож тогтоосон тэтгэлгийн хэмжээ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс буюу хуульд заасан хэмжээнээс багагүй байна. Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүү Т.Ст сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр тохирч гэрээ байгуулсан байх ба энэ нь одоо мөрдөгдөж буй хуульд заасан хэмжээнээс их байх тул талуудын тохиролцооны дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Харин хүү Т.Сыг 11 нас хүрсэн үеэс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгохоор зохигчид тохирсон ба энэ нь хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Таас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулан хүү Т.Сыг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Таас 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.Сыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА