Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/02985

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/02985

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух Э овогт З А /РД:  , утасны дугаар:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   З Х СӨХ /утасны дугаар:  /

 

1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А

хариуцагчийн төлөөлөгч Б.Х

нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би З Х СӨХ-ны захирал Ч.Атой харилцан тохирч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдох шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 5,845,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02797 тоот шийдвэр гаргуулсан. Мөн Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-ны захирал Ч.Ад холбогдуулан гаргасан хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 3700480 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03427 тоот шийдвэр гаргуулсан. Мөн Т Д ХХК-ны нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдуулан гаргасан хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 3,700,480 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02783 тоот шийдвэр гаргуулсан. Тухайн үед З Х СӨХ-ны захирлаар Ч.А ажиллаж байхдаа гэрээ байгуулж, итгэмжпэл олгосны үндсэн дээр би шүүх хуралд 3 удаа оролцож, нийт 13,247,960 төгрөгийн шүүхийн шийдвэр гаргуулсан. Одоо З Х СӨХ-ны захирлаар н.Хаш-Эрдэнэ ажилладаг, ажлын хөлсийг гаргаж өгөхгүй байгаа тул 1,300,000 төгрөг гаргуулах хэогийг шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Нэхэмжлэгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурдсан 3 хэрэгт З Х СӨХ болон СӨХ-ны захирал Ч.Аг төлөөлөн хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. З Х СӨХ-ны захирал Ч.Атой байгуулсан гэрээгээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс өгөхөөр тохирсон. Шийдвэрийн дүнгээр тооцвол 1,324,596 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 1,300,000 төгрөгийг шаардаж байгаа. Ажлын хөлсийг өгнө гэдэг боловч өгөхгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З Х СӨХ-ны түрүүний гүйцэтгэх захирал болох Ч.Атой тус СӨХ-ны бичиг баримт хүлээлцэхэд иргэн З.Атэй ажил үүрэг гүйцэтгэх албан ёсны тамга тэмдэг бүхий ямар нэг гэрээ хэлцэл бүхий баримт хүлээж аваагүй болно. Аливаа ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөр төлсөн баталгаажуулсан баримт байхгүй. Нэхэмжлэгч Ц.Аийн хавсаргасан материал Б.Х намайг тус СӨХ-ны тамгыг хүлээн авсан мэтээр дурдсан байна. Миний бие З Х СӨХ-ны гүйцэтгэх захирал болох үүрэгт ажлын албан ёсоор Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуй хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр СӨХ-ны тамга тэмдгийг хүлээн авч акт үйлдсэн болно. Иргэн З.А нь тухайн цаг үедээ Ч.Атой хийсэн гэрээний дагуу төлбөр хөлс аваагүй байж 1 жил 6 сарын дараа гэнэт З Х СӨХ-ноос нэхэмжилж байгаа нь бидэнд ямар нэг хардлага төрүүлж байна.

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч З Х СӨХ-нд холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ З Х СӨХ-ны захирал Ч.Атой харилцан тохиролцож гэрээ байгуулж, мөн итгэмжлэл олгосны үндсэн дээр тус сууц өмчлөгчдийн холбоо болон захирал Ч.А-г төлөөлөн хариуцагчийн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хүлээж авахад З.Атэй байгуулсан ямар нэг гэрээ, бичиг баримт, ямар нэг төлбөр, тооцоотой баримт хүлээж аваагүй, З.А, Ч.А нар нь найз нөхдийн холбоотой учраас хардлага төрүүлж байна гэж маргав.

 

Нэхэмжлэгч З.А нь Б.Бгийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдох 5,845,000 төгрөг гаргуулах, Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Ад холбогдох 3,700,480 төгрөг гаргуулах, Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдох 3,702,480 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

 

З.А нь З Х СӨХ-г төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцох, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, З Х СӨХ нь шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс олгох үүрэг хүлээсэн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулжээ. Энэхүү гэрээний агуулгаас дүгнэвэл ажиллагч нь тодорхой ажил, үйлчилгээ үзүүлж, түүний үр дүнгийн хэмжээнээс хамаарч ажиллуулагч хөлс олгохоор тохирсон байх ба ажиллагч нь үзүүлсэн ажил, үйлчилгээний эцсийн үр дүнг хариуцах үүрэг хүлээгээгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч аль нэг талыг төлөөлж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь нэг төрлийн ажил үйлчилгээ байж болох бөгөөд харин уг ажлын эцсийн үр дүн нь тухайн этгээдийн хэрхэн ажилласнаас бүрэн хамаарахгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Дээрх гэрээгээр З.А нь З Х СӨХ-г төлөөлж ямар шүүх хуралдаанд /хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох/ оролцох нь тодорхойгүй байх боловч тухайн гэрээг байгуулсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр Б.Бгийн нэхэмжлэлтэй хэрэгт З Х СӨХ /хариуцагч/-г төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг З.Ат олгожээ. Тухайн хэргийн шүүх хуралдаанд З.А оролцсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02797 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Харин Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдох хэрэгт оролцох харилцааг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр зохицуулахаар тохирсон болох нь тогтоогдоогүй болно. Иймд дээрх гэрээгээр Б.Бгийн нэхэмжлэлтэй З Х СӨХ-нд холбогдох хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцох, уг ажлыг гүйцэтгэсний хариу төлбөрт хөлс авахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх болохыг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасан. Талууд ажлын хөлсний хэмжээг шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож төлөх-өөр тодорхойлсон байх ба үүнийг гэрээний агуулга, бусад нөхцөлийг харьцуулан дүгнэвэл шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон үнийн дүнгийн 10 хувиар тооцох-оор тохирсон гэж тодорхойлох үндэслэлтэй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02797 дугаар шийдвэрээр З Х СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 5,845,000 төгрөгийн үнийн дүнгээс 10 хувиар тооцож хариуцагч хөлс төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Ч.А, З Х СӨХ нь тусдаа бие даасан хэргийн оролцогчоос гадна Ч.Ад холбогдох хэрэгт түүнийг төлөөлж оролцож, ажил гүйцэтгэсний хөлсийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр З Х СӨХ төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Ад холбогдох хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцсоны хөлсийг З Х СӨХ-ноос шаардах эрхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч З Х СӨХ-ноос 584,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 715,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х нь З Х СӨХ-ны захирлаар 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр томилогдсон байх ба түүнийг томилогдохоос өмнө тухайн байгууллагын бусад этгээдтэй байгуулсан гэрээг мэдээгүй /гэрээтэй холбоотой баримт, тайлан хүлээж аваагүй/ байх нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З Х СӨХ-ноос 584,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Зундуйн Ат олгож, нэхэмжлэлээс 715,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З Х СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 18,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА