| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
2024 01 10 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг,
хохирогч Д.С, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох 2334****** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Б-ийн Т, 1991 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *** аймгийн **** суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, *** аймгийн *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай, *** аймгийн **** сумын **** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:*****/ регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Т: “Тухайн хэрэг манай хашаанд болсон. Д.С согтуурсан байдалтай манай хашаанд орж ирсэн.Шүүгдэгчийн гэр нэг хашааны цаана байдаг. Бид хамаатан саднаас дутахгүй харилцаатай хүмүүс. Д.С байнга манайд согтуу орж ирдэг. Сүүлд нүцгэн дээлтэй, дээл нь бүсгүй гал асууж орж ирсэн. Манай нөхөр хөдөө малаа хараад ирэн очин байдаг. Тэр үед манай нөхөр ирсэн байж таараад энэ хүн яахаараа нүцгэн чамаас гал гуйж орж ирдэг юм гээд гэр бүлийн маргаан үүсэж байсан. Яалт ч үгүй дээрэнгүй 2, 3 удаагийн үйлдэл гаргасан. Би нэг удаа алгадсан нь үнэн. Өнөдөөр шүүхийн өмнө ингээд зогсож байгаа нь хэцүү байна. Эдний эгч бид хоёр яг адилхан нэг сургуулийг нэг мэргэжлээр сураад төгссөн. Одоо ч нэг газар ажилладаг. Манай ээж, эдний ээж ч бас шал угааж бидний төлбөрийг төлдөг байсан. Д.С согтуу орж ирээд миний аав руу салаавч гаргаж хараахад миний жоохон эгдүү хүрсэн. Намайг ч гэсэн янхан, банзал гэж доромжилсон. Д.С адилхан эгчтэй. Аав нь төрийн албан хаагч, ээж нь төрийн албан хаагч, эгч нь төрийн албан хаагч хүмүүс байдаг. Би чамгүй шалгуур, шалгалтыг өгөөд, төрийн албан хаагчийн шалгалт өгөөд нэгээр гарч ирж байж одоогийн албан тушаалдаа очсон. Ээжийнхээ хөлсөө дуслуулж олсон төлбөрөөр нь би хоол ундтайгаа залгасан юм. Би Д.Сын эрүүл мэндэд учирсан баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж дансанд нь хийсэн байгаа. Тэр баримт дээр ханиадны эм, хоолойны цацлага, хэрэг явдал болсноос хойших шатахууны баримт зэрэг байсан. Гэхдээ би бүх төлбөрийг төлж барагдуулсан. Би төрийн албан хаагч. Насаараа миний ажлын байр баталгаатай гэж үзэж би банк бус санхүүгийн байгууллагаас машины зээл, хаан банканд цалингийн зээл тавьсан. Би өчнөөн өр зээлтэй хүн. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон бол ажлаас халах үндэслэлтэй байдаг. Хүнийг архи ууж согтуу орж ирж доромжилчхоод, эрүүл мэндэд хохирол учруулахаар завдсанд би бас гомдолтой л байна.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Э.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, *** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/, *** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 29-30 хуудас/ зэрэг болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Гурав. Шүүхээс хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн **** сумын **** тоотод Д.С-тай "хашаанд согтуу орж ирж агсам тавилаа" гэх шалтгаанаар маргалдаж зүүн талын чих рүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн өнөөдрийн баримтаар гаргаж өгсөн шатахууны зардал 56.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь нь зүйтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогчийн зүгээс тогтоолгоё гэх санал гаргасны дагуу мөрдөгчийн тогтоолоор тогтоодог. Нөхөн төлбөрийг тогтоох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүх зэрэглэлийн дагуу тогтоох байх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Т: “хөнгөн гэмтэл учруулж алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг үүсэх болсон шалтгаан нь Д.С бусдын өмчлөлийн газар орж ирж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үг хэлээр доромжилсон, бид халдах оролдлого хийсэн. Энэ гэмт хэргийн улмаас би Д.С-аас илүү хохирч байна. Би чамайг орж ирэх болгонд чинь цагдаа дуудаад байсан бол хэцүү байх. Би сэтгэцэд нь хохирол учирсан гэж үзэхгүй байна. Би нэлээн хүчин чармайлтын хүчинд эн ажилд, энэ албан тушаалд очсон. Би ажлаа хийгээд ажилтайгаа үлдмээр байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл боломж байгаа бол намайг ажилтай минь үлдээж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэсэн санал дүгнэлтийг.
Хохирогч Д.С-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас гэм буруугийн дүгнэлт дээр хэлэх зүйл байхгүй байна. Харин хохирол төлбөрийн хувьд өнөөдөр 56.000 төгрөгийн бензин хийж ирсэн учраас түүнийгээ нэхэмжилж байна. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дээд шүүхийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн гаргана гэсэн аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т-д холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн **** сумын **** тоотод Д.С-тай "хашаанд согтуу орж ирж агсам тавилаа" гэх шалтгаанаар маргалдаж зүүн талын чих рүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2334****** хэрэгт авагдсан:
Хохирогч Д.С-ын өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би найз **** хамт нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уучхаад найз **** гэрт очтол хүн байгаагүй. Тэгээд гэр лүүгээ орох гэтэл манай хажуу талын айлын хөрш Суурь ах хашаан дотроо хог цэвэрлээд байж байсан. Би уулзаж суугаад тамхи татаж байсан чинь хойд байшингаас Суурь ахын охин Туяасайхан гарч ирээд намайг "чи яагаад манай хашаанд согтуу орж ирдэг юм бэ” гээд миний зүүн талын чих рүү нэг удаа цохисон. Миний зүүн талын чих шуугиад юм сонсохгүй болсон. Би чихээ дараад доошоо тонгойх хооронд Суурь ах миний цээжин хэсэг рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн би дээрээс дэвсчих болов уу гэж бодоод дээшээ босоод иртэл цаанаас манай эгч Наранцэцэг орж ирээд гэр лүү аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-ийн "... Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүдээ хоолтой болгох гээд хөдөөнөөс ирээд нохойндоо хоол өгөөд байж байтал гаднаас манай хажуу айлын хүү С гаднаас согтуу чарласаар орж ирсэн. Тэгээд ах гал байвал өгөөч гээд асуугаад байхаар нь би гал гаргаад өгтөл Сумъяа миний хажуу талд нохойн баасан дээр суусан, би С-д хандаад нохойн баасан дээр суучихлаа миний дүү бос гэтэл тоохгүй суугаад байсан. Би татаад босгох гэтэл гараа суга татаад авсан би нохой дайраад байхаар нь хөлөө нохойнд хазуулчхаж магадгүй гэж бодоод хөлөөрөө хөлийг нь түлхэж холдуулчхаад С-г босгох гэтэл босохгүй байсан тэгтэл манай охин Т гэрээс гарч ирээд С-д хандаж согтохоороо л дандаа манай гэрт ирж агсам согтуу тавьж байх юм, одоо боль болохгүй бол цагдаад хэлнэ шүү гээд цаашаа гэр лүү явтал С араас нь хэл лалруудаа, пиздаануудаа гээд босож ирээд газраас чулуу хайгаад байсан. Тэгээд олдохгүй болохоор нь Т руу газраас шороо аваад цацаад байсан. Т эргэж хараад "дуугүй байгаад байхад битгий давраад байгаарай гээд зүүн талын чих юм уу хацар хэсэг рүү нь нэг удаа алгадах шиг болсон. Тэгэхээр нь би С-г сугадаад "ахын дүү ингэж болохгүй" гээд гэрт нь оруулж өгөх гэтэл "та нар шиг муу сайн юмнуудыг гэр рүүгээ оруулахгүй гэхээр нь би хашааных нь үүдэнд орхиод гэр рүүгээ харьсан. Би С-ыг нохойд хазуулах гээд байхаар нь хөлөөрөө хөлийг нь жоохон холдуулсан. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-ын "... Би нөхөр С-ийн хамт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэрээсээ охин Т-ыд ирсэн. Тэгтэл гаднаас манай хажуу айлын хүү С гэх залуу гаднаас согтуу орж ирээд С-тай юм яриад байсан би гараад хартал С нохойны баасан дээр суусан байсан би С-ийг наа хүнээ холдуулаач ээ нохой гөлөглөсөн байна наад хүүхдийг чинь хазчих вий дээ гэтэл манай хүн С-г өргөөд босгох гэтэл босохгүй байсан. Тэгэхээр нь С С-ийн хөлийг нохойноос холдуулах гээд хөлөөрөө хөлийг нь түлхэж байгаа харагдсан. Гэтэл манай нөхрийн өөдөөс салаавч гаргаад янз бүрээр хэлсэн тэрийг нь манай охин Т сонсоод энэ одоо яагаад манай аавыг янз бүрээр хэлээд байгаа юм бэ би цагдаад хэлнэ шүү гээд яваад очтол Т-ны өөдөөс шороо цацаад янхан, лалар гээд байсан. Тэгтэл Т, С-ийн зүүн талын хацар луу нь нэг удаа гараараа алгадах шиг болсон. Тэгэхээр нь Суурь бид хоёр С-г сугадаад гэрт оруулж өгөх гэтэл бид хоёрыг "та нар шиг муу сайн юмнуудыг гэртээ оруулахгүй гээд байхаар нь хашааных нь үүдэнд үлдээгээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Н-ийн "... Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 17 минутын үед Т над руу залгасан дүү С манайд агсам тавиад байна манай аав С-г 2 удаа өшиглөсөн гэж над руу залгасан. Тэгэхээр нь би одоохон очлоо гээд 10 минутын дотор өөрийнхөө хашааны гадаа очтол манай дүү хашааныхаа гадаа байсан Т нөхөртэйгөө байшингийн үүдэн хэсэгт зогсож байсан. Би ирээд машинаасаа буухаас өмнө Т руу залгаад найз ирчихлээ гэж хэлсэн. Буугаад дүү С дээрээ очтол миний дүү зүүн талын чихээ дараад орилоод байж байсан. Тэгээд надад хэлэхдээ миний чих юу ч сонсохгүй шуугиад хамаг толгой, тархи дүүрээд өвдөөд байна. Т намайг эрүүл мэндгүй болгочихлоо шүү дээ гэсэн би тэр дор нь Т-ны утас руу залгатал утсаа авахгүй байхаар нь дүүгээ дагуулаад хашааных нь үүдэнд очтол Т байшингийнхаа үүдэнд зогсож байсан тэгэхээр нь Т хандаад би 10 минут болох ирэх хооронд чи хүлээж байхгүй яасан юм бэ? Миний дүүгийн эрүүл мэндэд яах гэж халдаж байгаа юм чих нь нэг л биш болсон байна гэтэл чи эмнэлгээр явахгүй юу гэж хэлэхээр нь би дүүгээ дагуулаад хашаа руугаа ороод **** сумын эрүүл мэндийн төвийн эмч Тунгалаг, **** сумын хэсгийн цагдаа Баянбат руу залгаж мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шинжээч И.Ганболорын өгсөн: “...Шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгээр С-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр хэнгэргэн хальсны шинэ цоорхой гэж оношлогдсон.” гэх мэдүүлэг /хх-н 32/,
Шүүгдэгч Б.Т-ы "...2023 оны 10 сарын 24-ний өдрийн 15:50 минутын орчим ажлаасаа гэр лүүгээ очиж хувцас солих шаардлагатай болоод гэртээ очсон үед тухайн үйл явдал болсон. Би өөрийн өмчлөлийн хашаанд аав, ээж нарын хамтаар байхад гаднаас өндөр чанга дуугаар агсан тавьсан байдалтай С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн дур мэдэн орж ирээд өөрийн гаргаж байгаа үйлдэл хэл яриагаа мэдэхгүйгээр бидний амар амгалан байдлыг алдагдуулж манай аавыг яасан ч яадаг юм гэсэн дээрэнгүй зан гаргаж аав руу маань салаавч гаргаж байхыг хараад би болон манай аав С-т хандаж байнга архи уусан үедээ манайд орж ирэх юм манайхаас явах талаар хэлэхэд тоохгүй байхаар нь би цагдаа дуудъя гээд эргэтэл С нь улам ихээр харааж, орилж өөрийн цамцаа тайлаад миний машин руу шидээд янхан банзал гэж над руу орилж өдөөн хатгаж хашаан дотроос чулуу хайсан боловч олдохгүй болохоор нь шороо цацаж миний эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлэх үед биеэ хамгаалах үүднээс нэг удаа хацар хэсэгт алгадаад манай аав, ээж хоёр С-ыг гэр лүү нь хүргэж өгөхөөр яваад би гэртээ ороод С-ын эгч Н рүү залгаж танай дүү удаа дараа агсан согтуу тавьж байна "би цагдаа дуудах уу чи ирж авах уу" гэхэд "би машингүй байна машин олоод яваад очъё" гэж надад хэлсэн. Би өөрийгөө хамгаалж тухайн хуний хацар хэсэгт нэг удаа алгадах үед чихний хэнгэрэг хагарсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна. Би тухайн хүний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй харин энэ хүн нь намайг болон манай аав, ээжийг хэл амаар доромжилж эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж өдөөн хатгасан. Энэ хүн манай өмчлөлийн хашаанд орж ирээд бидний амгалан тайван байдлыг алдагдуулснаар ийм байдалд хүрж байгаад гомдолтой, сэтгэл санааны хохирол амсаж байна. Өмнө бидэнд маргалдсан зүйл байхгүй, харин өмнө нь байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд ирж байнга агсам согтуу тавьдаг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч И.Ганболорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай ...1.Д.С-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны үзлэгээр С-ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр Хэнгэргэн хальсны шинэ цоорхой гэж оношлогдсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, түргэн тусламжийн хуудас /хх-н 20/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-н 21-26/, зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын *** 5-1029 тоотод Д.С-тай "хашаанд согтуу орж ирж агсам тавилаа" гэх шалтгаанаар маргалдаж зүүн талын чих рүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,
Шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
хохирогч Д.С нь баримтаар шатахууны зардал 56.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 2.750.000 төгрөг нийт 2.806.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангасан байна.
шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-н 27/-д гарын зур хүлээн зөвшөөрсөн тул сэтгэцэд учирсан хохирол 2.750.000 шатахууны зардал нийт 2.806.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. .
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Шүүгдэгч Б.Т-ыг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байхгүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь мөн тогтоогддог. Шүүгдэгч хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд завсарлага авсан хугацаандаа төлсөн байдаг. Иймд шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгааныг харгалзан үзээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүхийн эрх хэмжээний асуудал тул нэмж хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлт гаргасныг,
Шүүгдэгч Б.Ты: “Би гэм буруугаа ухамсарлаад хохирогчийг хохиролгүй болгож өгсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн: “Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2.750.000 төгрөг, шатахууны зардал 56.000 төгрөгийг төлсөн байна. Ял шийтгэл дээр хэлэх тайлбар байхгүй.” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Т, 1991 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, *** аймгийн *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаарх баримтууд тус тус хэрэгт авагдсан бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.Т-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь:
шүүгдэгч Б.Т-ы үйлдсэн гэмт хэрэгт хамаарч нь байна.
Өөрөө хэлбэл шүүгдэгч Б.Т нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Д.С-ын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.
хохирогч Д.С нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 876 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайлан байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх зөрчил үйлдэж 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Дээрх хохирогчийн зүй бус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан бусдын “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрхэд халдсаны улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т-ыг “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2334***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй
3.Эрүүгийн 2334***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
5.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ