Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/03325

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

      Дугаар 102/ШШ2021/03325

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч 0 тоотод оршин суух Х.Хийн нэхэмжлэлтэй

           

Хариуцагч өөрийн байранд байрлах ДЦС-д холбогдох 2.619.732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад                       

           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Х.Х 1993 оны 09 дүгээр сард Дулааны 4 дүгээр цахилгаан станцад турбины машинчаар ажилд орж тасралтгүй 25 жил 7 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай “Тушаал”-ын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан.

Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 26.197.324 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл уг тэтгэмжийг Х.Хийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан.

Мөнгө шилжүүлсэн өдөр 10 хувийг суутган авсныг мэдээд энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж “ гэж хуульчилсан. 

Ингээд нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар Дулааны 4 дүгээр цахилгаан станцын санхүүгийн албаны ажилчидтай уулзахад тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул суутган авсан 2.619.732 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Х.Х “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-д 25 жил 7 сар ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан.

            Тэтгэвэрт гарахад нь байгууллага “Хамтын гэрээ”-ний дагуу нэг удаагийн тэтгэмж 26.197.324 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг тооцон авч, Монголын татварын албаны татварын дансанд шилжүүлсэн.

            Иймээс тэтгэмжээс суутгасан мөнгө өнөөдөр Дулааны 4 дүгээр цахилгаан станцын дансанд байхгүй байгаа тул Татварын хэлтсээс нэхэх эрхтэй гэж бид үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

  Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч ДЦС-д холбогдуулан 2.619.732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

             Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

         

            Нэхэмжлэгч Х.Х 1993 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станцад турбины машинчаар ажилд орж, тасралтгүй 25 жил 7 сар ажиллаж байгаад 2004 онд хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажлын мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлэгт хамрагдан өндөр насны тэтгэвэрт гарсан талаар зохигчид маргахгүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас харахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б “нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 26.197.324 төгрөгийн үнийн дүнгээс 10 хувийг суутган авсныг зөвшөөрөхгүй”, 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “манай байгууллага хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгөн тэтгэмж 26.197.324 төгрөг өгснөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаад татварын албанд шилжүүлсэн тул татварын хэлтсээс нэхэмжлэн авах эрхтэй гэж үэзж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байна.

 

            Ажил олгогч “Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/92 дугаартай “Тушаал”-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Х.Хийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, Эрчим хүчний салбарт ажилласан 25 жил 07 сард ногдох 26.197.324 төгрөгийн тэтгэмж олгохыг санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, ажил хүлээлцэхийг даалган шийдвэрлэж, дээрх тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 2.619.732 төгрөгийг суутган авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Иймээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан  бөгөөд уг тэтгэмж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож, хариуцагч тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан суутгалыг авсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.870 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 56.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,

          116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦС-иас 2.619.732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Хт олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.870 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 56.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

            

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА