Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1203

 

 

 

 

 

 

2020       9           17                                                     2020/ДШМ/1203

 

 

Х.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Тээврийн Прокурорын газрын Ерөнхий  прокурор Ц.Арвинбуудайн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.О-т холбогдох 2003 0029 90217 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.О нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12:07 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Монкон констракшн” ХХК-ийн урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтын зөрчиж, согтуурсан үедээ “Хонда инсайт” загварын 09-22УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, онхолдон зорчигч Г.М-ын амь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.О-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.О-ын 28106 дугаартай B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Арвинбуудай тус шүүхэд бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын Тодорхойлох болон “Тогтоох нь” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар” хасахаар заасан байтал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой , түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. Иймд Х.О-т холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Н.Болормаа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруутай гэдэгтээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулах санал гаргасан. Харин шүүхээс шийтгэх тогтоолыг уншин сонсгохдоо Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж гэсэн атлаа 2 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Шүүгдэгчийн хувьд жолоодох эрх хасан, шийтгэл оногдуулсан хэрэгтэй маргахгүй байгаа болно. Иймд Х.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хэрлэнтуяагийн шүүх хуралдаанд хэлсэн санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 1 жил болгон багасгаж өгнө үү. Шүүгдэгч Х.О нь 0-11 насны хүүхдүүдтэй. Нэг хүүхэд нь байнгын асрамжид байдаг. Ар гэрийн байдлыг нь харгалзаж үзнэ үү” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг дурдаагүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг дурдсан байдаг. Тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн гээд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахдаа анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэхдээ тухайн зүйл, хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах...” нэмэгдэл ял оногдуулахаар заасан байхад хуульд зааснаас доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж...” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгожээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хуульд нийцүүлэн зөвтгөх, түүнд өөрчлөлт оруулж “таваас найман жил” болгон нэмэгдүүлэх нь түүний эрх зүйн байдал дордохоор байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулгатай хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гомдлуудыг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.О-т холбогдох 2003 0029 90217 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Х.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ