Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0719

 

2020 оны 11 сарын 03 өдөр         Дугаар 128/ШШ2020/0719           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Я,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар,

Гуравдагч этгээд: К б ХХК  дахь банкны эрх хүлээн авагч,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Шинэ дэлхий ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба төлбөрийг тухайн үед нь бүрэн төлсөн байдаг. Гэвч Ш д ХХК-иас гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир Улсын бүртгэлийн ерөнхий газар хандсан. Хандахад Ш д ХХК нь тус байрыг банкны барьцаанд бүртгэлтэй байна гээд гэрчилгээг гаргаж өгөөгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 онд хандсан ба 2019 онд мөн дахин хандсан. 2019 оны 07 дугаар сард иргэний хэргийн шүүхэд хандаж тухайн орон сууцын өмчлөгч болохоо тогтоолгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээдийн тайлбараас барьцаа нь хөрөнгөө дагадаг гэсэн утгаар байна гэж харсан. Манайх барьцааг хүчин төгөлдөр бус гэсэн нэхэмжлэл гаргаагүй. Үндсэн хуулийн шийдвэрийг үндэслээд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгч нь хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй, мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйл хэний нэр дээр шилжэхээс хамаараад барьцаа хэвээр үлдэнэ гэж заасны дагуу бид барьцааг хүчин төгөлдөр бусад тооцуулж чадахгүй юм байна гэдгээ мэдэж байгаа.

Зөвхөн гэрчилгээгээ авна гэдэг шаардлага гаргасан. Бид банкны гэрээнээс урьдчилаад, зээлээс өмнө төлбөрөө төлсөн бол энэ бол барьцаа хүчин төгөлдөр бус гэж маргах байсан тул зөвхөн гэрчилгээгээ авья. Үүнд бол гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөхгүй юм гэж харсан. Дараа нь барьцааны бүртгэл хийгдэхгүй үлдэхгүй үлдэнэ гэж байвал, бид нар буцаагаад барьцаалж болно гэдгийг шүүх хуралдаанд хэлж байна.

Гэрчилгээгүй болохоор хөлсөлж чадахгүй ийм байдалтай байна. Ингээд 4-5 жил болж байна. Эрх зүйн хувьд бүрэн боломжтой гэж үзээд байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын шийдвэрээр тухайн банкны эрх ашиг хөндөгдөж байсан ба энэ асуудал олны анхаарал татагдаж байсан. Барьцаанд байгаа хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдэгдсэн байгаа.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь өнөөдрийг хүртэл зөрчигдөж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх ашиг сонирхлоо нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байгаа. Нэхэмжлэгч нь 5 жилийн хугацаанд өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй. Ядаж эд хөрөнгөө хөлслөөд, энэ хөрөнгөө зарим хязгаарлалттай ч хамаагүй захиран зарцуулмаар байна. Өмгөөлөгчийн зүгээс 2 үндэслэлээр боломжтой гэж үзээд байгаа.

Нэгдүгээрт Үндсэн хуулийн цэцийн барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж болно гэх дүгнэлт байгаа. Тэр хөрөнгө хэний нэр дээр шилжсэн түүнийгээ дагана гэх утгатай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Үүнийгээ дагаад өмчлөгч барьцаанд тавьсан тохиолдолд зөвшөөрөлтэй шилжүүлнэ гэх зохицуулалтыг өөрчлөлт орсон. Хөрөнгө шилжсэн ч барьцаа нь дагана гэсэн ойлголт байгаа юм. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т заасны дагуу тусгай тэмдэглэл эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгож болно гэж байгаа.

Иймд эрх бүхий этгээдийн Иргэний хэргийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байгаа. Энэ нь тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох үндэслэл мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 58 дугаар байрны орон сууц нь 2015 оны 03 дугаар сард банкны барьцаанд тавигдсан байдаг. 2017 онд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, мөн үүнээс хойш тухайн орон сууцанд эрхийг нь түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гэж заасан 20.1.14 дэх хэсэгт хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан байдаг.

Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч эсхүл барьцаалагчийн хүсэлт эсхүл шүүх арбитрын шийдвэрээр барьцааны эрхийг дуусгавар болгон гэж заасан байдаг. Тухайн хөрөнгө нь барьцаанд байгаа болохоор бид нар дуусгавар болоогүй барьцааны үүрэгтэй орон сууцнаас салгаж бүртгэх боломжгүй байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Барьцаатай хэвээр нь өмчлөх эрхийн гэрчилгээ авна гээд байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Танайх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргууллаа гэж бодоход тэр үүргийг хүлээнэ.

Барьцаатай хэвээр гэрчилгээ гаргуулна гэж нэхэмжлэл гаргаж байгаа. 2015 оны барьцааны гэрээнд байгаа барьцаалуулагчийн эрх үүргийг уншсан болов уу. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар өмнөх эрх үүргийг хэрэгжүүлж болно гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн үүднээс энэ үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм уу гэдэг асуудал байна. Манайх хуульд заасны дагуу л үйл ажиллагаагаа хийсэн байгаа. Анхны өмчлөгч өөрчлөгдөдгүй. Анхны өмчлөгч нь Ш д ХХК байгаад байна. Өмчлөгч мөн хэдий ч барьцааны үүрэг нь яах нь тодорхойгүй байна. Барьцаанд байгаад байгаа ба эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Ш д ХХК-ийн үүргийг хэрэгжүүлнэ гээд заасан байгаа. Өмнөх барьцаалагч нь Ш д ХХК байдаг. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш д ХХК нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.8 тэрбум төгрөгийг барилгын санхүүжилт зориулалттайгаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай барьцааны гэрээг байгуулж тодорхой үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүүний төлөлт огт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандаж, шүүхээс гарсан шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага хуулиар хориглосон үйлдлийг зөрчиж, бүртгэх ажиллагаа хийх боломжгүй тул хариуцагчийг буруутгах аргагүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох талаар хуульчилсан. Энэ дагуу барьцааны гэрээний үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээ бус барьцааны зүйлээ дагадаг тул Шинэ дэлхий ХХК-иас Капитал банкинд зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хөрөнгийн битүүмж чөлөөлөх боломжтой байна.

Ш д ХХК нь шүүхийн шийдвэр гарсан ба төлбөр барагдуулах ажиллагаа хийгдэж байгаа. Төлбөр барагдуулах ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт эл хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тогтоол байгаа. Тогтоолын дагуу бүртгэх боломжгүй гэдэг байдлаар хариу өгөөд байгаа.

Нэхэмжлэгч нь манайхтай зээл барьцааны гэрээ байгуулаагүй учир манай барьцаанаас гараад явж байгаа гэсэн ойлголт болоод байна. Ш д ХХК-тай бид нар том орон сууцаар нь 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь бүртгэсэн. Тусад нь салгаад явахаар барьцаа хөрөнгө биш болох гээд байгаа асуудал гэж ойлгож байна.

Төлбөр төлсөн гэдэг. Тэр мөнгө нь банкруу орж ирээд хэсэгчилэн чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлт өгвөл банкнаас татгалзах зүйлгүйгээр чөлөөлж өгнө. Гэвч барьцаа хөрөнгөөсөө хэсэгчилэн чөлөөлөх л агуулга яригдаад байгаа юм. Өнөөдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эерэг байдлаар ярьж байгаа. Эргээд харвал банк нь хохирч үлдэх эрсдэлтэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Шинэ дэлхий ХХК-тай 2015 ны 05 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулж, төлбөрийг DAEWOO маркийн авто машин, зуурмаг, хайрга, элс зэргээр барагдуулахаар тохиролцжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн дугаар хороо, хороолол тоот хаягт байрлах, давхарын  тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.

Ш д ХХК нь К б ХХК -тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, барьцаанд Хан-Уул дүүргийн  дугаар хороо, хороолол 58 тоот хаягт байрлалтай 3875,05 мкв талбайтай үйлчигээ, орон сууцны зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалжээ.

Нэхэмжлэгчээс тухайн орон сууцны барьцааг хөндөхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, хуулиар хориглоогүй гэж, хариуцагчаас Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт хийхийг хориглосон, мөн барьцааны эрх дуусгавар болоогүй тул бүртгэл хийх боломжгүй гэж, гуравдагч этгээдээс барьцааны гэрээний үүрэг нь гүйцэтгэгчээ бус барьцаа хөрөнгөө дагадаг учир Шинэ дэлхий ХХК-иас төлбөрийг барагдуулаагүй дохиолдолд барьцаа хөрөнгийг суллах боломжгүй гэж тус тус маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гээд 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно, 30 дугаар зүйлийн 30.5-д Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтолоор хүчингүй болгожээ.

Дээрхээс дүгнэвэл барьцаалбарыг бусдын өмчлөлд шилжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь Ш д ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16/45 тоот, К б ХХК -ийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/1938 тоот албан бичгүүдээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хүргүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэр зэргээр нотлож байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5.3-д Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг худалдан авсан хууль ёсны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхийн баталгаа болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах, өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэх эрхтэй бөгөөд уг эрхийг хуульд тухайлан хориглоогүй үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцээгүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс тухайн үл хөдлөх эд хөнгийг барьцаанд бүртгэсэн бүртэл, эсхүл түүнд хийгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулах талаар маргаагүй бөгөөд барьцаалбарыг хүчингүй болгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах, өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэх талаар маргаж байхад хариуцагчаас барьцаалагчийн /гуравдагч этгээд/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэх үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хуульд зөвхөн өөрийн өмчийг барьцаалах талаар зохицуулаагүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр бусдын үл хөдлөх хөрөнгийн барьцаалж болохоор хуульчилсан тул уг агуулгын хүрээнд тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэж, гэрчилгээ олгосноор гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэл хөндөгдөхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106,2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг тус тус баримтлан Р.Я-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн дугаар хороо, хороолол  тоот хаягт байрлах, давхарын  тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ