Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 69

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201711000084 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, технологи дизайн мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Танкийн 8-13 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнэ./ РД: ЖЯ 93111010/

 Шүүгдэгч Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 02 сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Уурхайчны 53-р байрны 2-р орцонд өөрийн төрүүлсэн хүү, хөлд ороогүй, 10 сар, 18 хоногтой О.Тогтох-Эрдэнийг хаясан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрийн хүүхэд мөн гэдэгтээ эргэлзэж байсан. Яах учраа олохгүй байж байгаад ийм үйлдэл хийсэндээ их харамсаж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Доржийн Оюунцэцэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн миний амьдралаар тоглож байгаа хүн. Мөнх-Эрдэнэ 10 сард цэргээс халагдаж ирээд хүүхдээ хармаар байна гэж гуйгаад байхаар нь гэртээ оруулсан. Тухайн үед манай гэр халуун байсан болохоор Мөнх-Эрдэнэ халууцаад хүүхдээ аваад гэрээс гарч орсоор байгаад хүүг маань хатгаа өвчнөөр өвчлүүлсэн. Би хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа эргэж ирээгүй. Хэрэг гардаг өдөр  би Мөнх-Эрдэнэтэй уулзаад хүүхдээ ав гэж хэлээд гэр рүүгээ очиж хүүгээ хувцаслаад авчирч өгсөн. Би ажлаа тараад гэртээ очиход ээж хүүгээ олж ир гэж хэлсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнийн байгаа газарт очоод хүүгээ авах гэхэд би хөдөө явуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ очиж авъя гэхэд Мөнх-Эрдэнэ хэвтээд хөдөлж өгөхгүй байхаар нь би ахыгаа дуудсан. Манай ахыг ирэхэд Мөнх-Эрдэнэ орноосоо босч хувцсаа өмсөөд уурхайн байр руу хамт явцгаасан. Тэгээд Мөнх-Эрдэнэ уурхайн байрны нэг орц руу нь ороод 5-н давхарт гараад “өө биш байна” гэж хэлээд нөгөө орц руу нь орсон. Тэгээд нэг айлын хаалга тогшоод орцонд хүүхэд байсан уу? гэж асуусан. Тэр үед би Мөнх-Эрдэнийг хүүхдээ хаясан юм байна гэж бодсон” гэжээ.

Гэрч Долсогмаагийн Чулуунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 02 сарын 15-ны өдөр гэртээ байхад нэг хүүхэд уйлаад байхаар нь хаана хүүхэд уйлаад байгаа юм гэж бодоод гэрийнхээ хаалгыг онгойлгож үзэхэд хаалганы цаана нэг хүүхэд уйлаад хэвтэж байсан. Тэгээд би хүүхдийг аваад гэр лүүгээ орж цагдаад мэдэгдсэн…” гэх мэдүүлэг. /хх-ийн 36/

Гэрч Түвшинбаярын Энхболор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”…2017 оны 02 сарын 15-ны өдрийн 13 цагийн орчимд гэртээн цонхон талдаа утсаар яриад зогсож байхад нэг хүүхэд тэвэрсэн залуу орц руу орж байгаа харагдсан. Удалгүй доор орцонд хүүхэд уйлаад байх чимээ гарсан. Тэрээр нэг юм уу хоёр давхарт уйлж байх шиг бүдэг сонсогдсон. Тухайн үед би нээх тоогоогүй. Хэсэг хугацааны дараа хүүхэд уйлах чимээ их тод сонсогдсон. Нилээн уйлсан бөгөөд гайхаад харахад 21 тоот хаалганы хажууд нэг хүүхэд уйлаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 38/

Гэрч Балжингийн Адъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2015 оны 07 сард манай  охин надад жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Мөнх-Эрдэнийн хүүхэд гэж хэлж байсан. Би нэгэнт жирэмсэн юм чинь болж бүтвэл Мөнх-Эрдэнэтэй суухгүй юу даа. Хүүхэд өнчрүүлээд яахав гэж хэлж байсан. Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 сард цэрэгт явсан. Цэрэгт явахаасаа өмнө манайхаар орж гарах нь багассан байсан. Ингээд манай охин 2016 оны 03 сарын 26-ны өдөр төрөөд хүүтэй болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 30/

Гэрч Пүрэвийн Дугарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2014 оны өвөл цагаан сарын амралтаар манайд найз бүсгүй нь гээд нэг охин дагуулаад ирсэн. Тэр охиныг нь Оюука гэж дууддаг байсан. Улаанбаатар хотод очиход тэр Оюука гэдэг охинтойгоо айлын хажуу өрөөнд амьдарч байсан. Намайг очиход Мөнх-Эрдэнэ хөлөө бэртээсэн, суга таягтай байсан. Намайг очихоос өмнө тэр Оюука нь Дорнодод байдаг хүүхдээ авчруулахаар Дорнод явуулаад ирсэн байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад хичээлдээ явдаггүй байсан бөгөөд Мөнх-Эрдэнийг тэр хүнээс нь салгаж, хотод байдаг хүргэнийдээ байлгасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 27/

- 10 сартай хүү О.Тогтох-Эрдэнийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07/,        

- Харьцуулсан шинжилгээнд дээж авсан тэмдэглэл /хх-ийн 21/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  2017 оны 03 сарын 24-ний өдрийн 2645 тоот актын дүгнэлт /хх-ийн 50/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 16-18/

- Нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 19/

- О.Тогтох-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 68/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 74/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 88/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 02 сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Уурхайчны 53 дугаар байрны 2 дугаар орцонд өөрийн төрүүлсэн хүү, хөлд ороогүй, 10 сар, 18 хоногтой О.Тогтох-Эрдэнийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт, гэрч Д.Чулуунгэрэл, Т.Энхболор нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 10 сартай хүү О.Тогтох-Эрдэнийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07/, харьцуулсан шинжилгээнд дээж авсан тэмдэглэл /хх-ийн 21/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  2017 оны 03 сарын 24-ний өдрийн 2645 тоот актын дүгнэлт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдээ эрж, хайсны зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримтаа бүрдүүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1872000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Танкийн 08-13 тоотод байрлах 585 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн ЖЯ 93111010 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад эр, эмийн харьцаатай байсан хүмүүсийн хоорондын хэрүүл маргаан, ёс суртахууны доголдол зэрэг шалтгаан нөлөөлсөн бөгөөд Монгол Улс 1990 онд соёрхон баталж, нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлд зааснаар хүүхэд амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр хангуулах эрхтэй бөгөөд хэрэв хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах зэрэг тохиолдолд хууль тогтоох, шүүх байгууллага хамгаалалтын арга хэмжээ авч, эцэг эхэд хариуцлага тооцох эрхийг тус конвенцийн 19 дүгээр зүйлд заасан байна.

Иймд шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзаж ял оногдуулахдаа шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд хуульд зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямбаатарын Мөнх-Эрдэнийг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Нямбаатарын Мөнх-Эрдэнийг 3 /гурав/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэнийн эдлэх 3 /гурав/ сар, 05 /тав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

 4. Ялтан Н.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан Н.Мөнх-Эрдэнийн ЖЯ 93111010 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг нь хүүхдээ эрж, хайсны зардал, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1872000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Танкийн 08-13 тоотод байрлах 585 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Н.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ