Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

           

 

 

 

 

 

 

2024        3            07                                        2024/ШЦТ/87      

                        

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Э.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Батсүх, М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

*** аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чонос Нэргүйн Наранбадрахад холбогдох эрүүгийн 2134*** дугаартай, 7 хавтас хэргийг 2024 оны 1 сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч овогт Н-н Н, 1982 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөөмийч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот *** дүүрэг *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 8 дугаар сард *** аймгийн **** сумын нутаг “*****” гэх газар байрлалтай иргэн Б.Г, Ц.О нарын эзэмшлийн үнээний ферм, тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га **** дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн 2 га хэмжээтэй ***  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 2.454.312.405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

          1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт.

           Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.Н нь:

       

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 8 дугаар сард *** аймгийн ****** сумын нутаг “*****” гэх газар байрлалтай иргэн Б.Г, Ц.О нарын эзэмшлийн үнээний ферм, тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн 2 га хэмжээтэй ********  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк салтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг банкны зээл авч 800.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх 2020 оны 8 сарын 24-ны өдөр итгэмжлэл хийлгүүлэн  шилжүүлэн авч, 2020 оны 8 сарын 31-ны өдөр *** аймгийн ****** сумын *** баг-т Үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн Ү-1426000652 дугаартай гэрчилгээ гаруулан авч, фермийн эд хөрөнгийг 2020 оны 9 сарын 2-ны өдөр хүлээн авч өөрийн эзэмшилдээ бүрэн шилжүүлэн авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

  1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлх баримт.

  Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

    Үүнд.

   - Хохирогч Ц.О-гийн *** аймгийн Цагдаагийн газарт 2021 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан “..бүхэлд нь нэг тэрбум төгрөгөөр зарахаар Ремакс үл хөдлөх хөрөнгийн зуучлалд хандсан ...Зарын дагуу Н.Н гэдэг залуу ирж уулзаад 800.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, төлбөрийг 1 сарын дотор багтаагаад төлнө гэж итгүүлэн газрын эзэмших эрх болон тоног төхөөрөмж,  барилга байшин, үхэр, тугалыг иж бүрнээр шилжүүлж авсан... дээрхи хөрөнгүүдийг банкинд барьцаанд тавьж мөнгийг төлнө гэж эрх шилжүүлж авсан. Наранбадрах нь анхандаа өөрийн ойрын хугацаанд 800.000.000 төгрөгийг төлөх чадвартай гэж итгэл төрүүлэхүйцээр ярьж хууран мэхэлж чадсанаар биднээр зөвшөөрүүлж хөрөнгө, газар авсан гэтэл анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан. “гэх өргөдөл /1хх-2 тал/

- газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-12/, 2022.9.01-ний өдөр мөрдөгчийн битүүмжилсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 157-239/,

-Итгэмжлэл /1хх-76 тал/ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1хх-77 тал/,

-Итгэлт эстимэйт ХХК-ны Ферм дахь барилга, мал амьтан, техник хэрэгсэл, эд хогшилд нийт 2 454 312 405 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /5 хх 200-250, 6 хх 1-66/, Y-1426000654 дугаартай *** аймгийн ****** сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1хх-81-84 тал/,

- Y-1426000653 дугаартай *** аймгийн ****** сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

- Хохирогч Ц.О-гийн эд хөрөнгийн жагсаалт, эд хөрөнгийн гэрэл зураг /1хх-87-99 тал/

- Б.Ггийн нас барсны гэрчилгээ /1 хх-100 тал/

      -Шүүгдэгч Н.Н-ын эхнэр Д.Б 2020 оны 9 сарын 2-ны өдөр 70 нэр төрлийн эд хөрөнгө түүний дотор бух 1, тугал 1, үхэр 103, тугал бяруу 15 толгой, /120 толгой, 6 толгой эр/ хүлээн авсан Д.Болормаа, хүлээлгэн өгсөн Өлзийбуян” гэсэн эд хөрөнгө хүлээлцсэн баримт /1 хх-103 тал/,

- Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2 га, болон фермийн гэрэл зураг /1хх104-120 тал/

-Шүүгдэгч Н.Нын ХААН банкны ******** дугаартай дансны хуулгад “2020 оны 9 сарын 13-ны өдрөөс эхлэн тугал 1.000.000, 2.500.000, 2.450.000, өвс, 1.000.000,  дарш хадгалагч 2.000.000 төгрөг, өвс 2.000.000 төгрөг, өвс 2.000.000 төгрөг,  өвс 2.000.000 төгрөг, 10 сарын 11-12 ны хооронд 13.000.000 төгрөгийн үхэр бусдад худалдан борлуулсан мөнгө орсон баримтууд авагджээ. /4хх-60-70 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /4хх-51 тал/,

- “Итгэлт Эстэитэйт”ХХК-ийн үнэлгээнд “ 2020 оны 9 сарын 2-ны байдлаар доорхи эд хөрөнгийн жагсаалтыг болон зах зээлийн үнэлгээ “ 1-93 нэр төрлийн эд хөрөнгийн үнэлгээ гаргаж, үнэлгээг 2.435.773.587 төгрөгөөр тоосон байна. /5 хх-200-247 тал, 6хх-66 тал/ 

 -2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ц.О-гийн өгсөн: ”Хэрэв Н.Н фермийн эд хөрөнгийг буцаах, наймаагаа болих асуудал ярьж байгаа бол бүтэн жилийн хугацаанд тухайн фермийн 101 тооны үнээний сүүний орлого, 72 га талбайд тариалсан арвай, эрдэнэ шиш, овьёосыг тухайн үед хүлээлгэж өгсөн түүний тариалангийн төлбөр, мөн энэ жил тариалах байсан тариа түүний ашиг, цэвэр Франц хар тарлан үйлдвэрийн бух байсныг зарсан учир ирэх жил ямар ч төл байхгүй жилдээ 70 орчим хувийн төл авдаг байсан. Тэгэхээр 101 үнээнээс 60-70 орчим тугалын төлбөр гэх мэт зардлууд нэмэгдэж нэхэмжилнэ. Тийм учраас одоо наймаа буцна гэсэн асуудал бол байхгүй ээ. Би энэ хүнийг бүтэн жилийн хугацаанд тухайн мөнгөө өгөх болов уу гэж зөндөө итгэж харлаа харин энэ хүн миний итгэл үнэмшлийг эвдэж, зохиомол байдал бий болгож банкнаас зээл авч байгаа хариу нь гараагүй хүлээгдэж байна түр хүлээ, хугацаа өгөөч удахгүй зээл гарчихна мөнгийг чинь өгнө гэх зэргээр намайг худал мэдээллээр төөрөгдүүлж сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Тийм учраас энэ хүнийг намайг залилан мэхэлж, зохиомол байдал үүсгэж, намайг хохироож байгаа үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Хэргийн явц байдал маш удаашралтай байна. Түргэн шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй маш их гомдолтой байна. Ер нь энэ Наранбадрах гэх хүн анх талийгаачийг нас барснаас хойш надтай харилцахдаа надад хандаж "Энэ асуудал танд хамаагүй асуудал шүү, тантай бол ярихгүй, танай талийгаач нөхөр надад амьд байхдаа наймаа буцахгүй шүү гэж хэлж байсан. Би энэ фермийг чинь чамд өгөхгүй." гэж хэлээд гарсан. Түүнээс хойших харилцаа, яриа хөөрөөндөө дандаа юмыг хойшлуулдаг, худлаа хэлдэг, шалтаг  зовлон тоочдог, хугацаа өгөөч гэж гуйдаг, анхнаасаа төлбөр төлөх, барагдуулах ямар ч сонирхолгүй. Хэрэв тийм сонирхол байсан бол одоог хүртэл ядаж тодорхой хэмжээний төлбөр төлөх байсан. Тэгтэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулж өгөөгүй байгаа. Мөн энэ хүний цаад санаа бодол нь хохирогчид төлбөр төлөхгүйгээр эд хөрөнгүүдийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч барьцаанд тавих, зээл авах, бусдын эд хөрөнгийг дур зоргоороо өөрийн юм шиг захиран зарцуулах, өөртөө давуу байдал бий болгох зэргээр цаг хугацааг өнгөрөөж хохирогчийг илүү их хохироож, дээр нь хохирогчийн гэр бүлийн хүнийг нас барсныг далимдуулж анхны тохиролцоог талийгаачтай хийсэн байсан гэж тайлбарлан хохирогчийг гомдол гаргах эрхгүй мэтээр ярьж энэ харилцааг иргэний эрх зүйн харилцаа юм шиг тайлбарлаж эрүүгийн хариуцлагаас зайлсхийж, зугтааж гэмт хэрэг хийгээгүй мэтээр явж байгааг дүгнэхэд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг тодорхой агуулж байна гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 13 хуудас/,

-Гэрч Б.Ө-ийн өгсөн: ”Миний ажилладаг компанийн захирал Б.Г-гийн бие муудаад хэвтэрт орчихсон байсан. Тухайн үед гадагшаа эмчилгээнд явахад их хэмжээний мөнгөний хэрэг болох юм байна гэж хэлээд ферм зарна гээд надаар Үнэгүй.мн, миний зар, зар мэдээ, шуурхай зар, 19-50, 25, ТВ-9 гэх зэрэг зар тавих боломжтой бүхий л зүйлд “*** аймгийн ******д байрлах үхрийн ферм 1.6 тэрбум төгрөгөөр зарна” зар өгсөн. Тэгээд утсаар холбогдсон хүмүүстэй яриад доод тал нь 1.2 тэрбум төгрөгөөр зарна гэж хэлээд ирж үзэхээр болсон хүмүүст газрыг нь зааж өгч байсан. Утсаар холбогдож ирж үзсэн хүмүүсийн нэг нь Н.Н гэх залуу ******д очиж үзээд 800 сая төгрөгөөр авахаар болоод Б.Г захиралтай ярилцаад тохирсон гэж хэлсэн. Тухайн үед захирал миний утас руу залгаад газрынхаа гэрчилгээг шилжүүлээд өгчих гэж хэлсэн бөгөөд тус газар миний нэр дээр биш учир Н.Н нь би нотариат олоод очъё гээд захирлын хэвтэж байсан ГССҮТ-д дээр очоод уг нотариатчаар надад итгэмжлэл хийлгээд захирлын хэвтэж байсан өрөөний цонхны гадна байж байгаад итгэмжлэлээ цонхоор нь өгч гарын үсэг зуруулах гэтэл үзгээ барьж чадахгүй гарын үсэг зурах боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед захирал байнгын хэвтэрт амьсгалын аппараттай байсан. Зурж чадахгүй байхаар нь  эхнэр нь дараа нь ирж зуруул эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж хэлтэл нэрээ шилжүүлж авч байж банканд өгч байгаад зээлээ яаралтай гаргуулах хэрэгтэй байна. Уг бичиг баримтаа өгчихвөл өнөө маргаашгүй зээл нь батлагдаад мөнгө нь ороод ирнэ гэж хэлээд байхаар нь захирлын эхнэр эмнэлгээс гарч ирээд Б.Г гэж нэрийг нь бичсэн тэрнээс биш захирал гарын үсэг зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэг таталдуулдаг зүйл байхгүй. Маргааш нь *** аймгийн ******д очиход Засаг даргын тамгын газрын орлогч нь өөрөө нотариат хийдэг гээд тэр хүнээр газрын гэрчилгээг Н.Н-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр захирлын найзтай хамт ферм рүү очиж Н.Н-ын эхнэр Болормаад эд зүйл буюу байгаа бүхий л хөрөнгөө хүлээлгэж өгөөд акт үйлдэж гарын үсэг зуруулж авсан. Наранбадрахыг өөрөө ирэхгүй хайчихсан талаар асуухад *** аймаг руу бичиг баримт хөөцөлдөж явж байгаа гэж хэлсэн. Уг хүнд хөрөнгөө хүлээлгэж өгчхөөд буцаад Улаанбаатар хотод ирсэн. Манай фермийн барилгууд ямар ч үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан гэтэл Н.Н 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөрөнгө шилжүүлж өгөхөөс өмнө гэрчилгээ гаргуулчихсан байсан. Н.Н газрын гэрчилгээг шилжүүлэхээс өмнө цахилгааны төлбөр төлсөн баримт, газрын төлбөр төлсөн баримт зэргийг надаас нэхээд еmail хаягаар авсан. Хулан захирал над руу залгаад мөнгө нь юу болж байгаа талаар асуугаад хариу хэлээч гэхээр нь залгаад асуухад 2 банк, ЖДҮ-д зээл авахаар материалаа бүрдүүлээд өгчихсөн байгаа гэж хэлж байсан. Тэгээд мөнгө нь орж ирээгүй байгаа орж ирэхээр нь шилжүүлнэ гэдэг боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй. Уг хүн ерөөсөө залгаж ярьдаггүй бөгөөд би 2-3 удаа залгаж асуусан, захирал 2-3 удаа өөрөө ярьсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24 хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн өгсөн: “Хүргэн ах Б.Г, миний төрсөн эгч Ц.О нар 2006 оноос эхлэн *** аймгийн ****** сумын 3 дугаар багийн “*****” гэх газарт 2 га газрын хэмжээтэй үхрийн ферм, 70 га хэмжээтэй тэжээлийн ургамал тариалах аж ахуйг эрхлэн Хятад улсаас сүүний чиглэлийн хар тарлан шилмэл үхэр оруулж ирж өсгөн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10 гаруй жил тогтвортой, үр ашигтай ажиллаж ирсэн. Уг үхрийн ферм нь 2150 мкв бүхий үхрийн ферм, тугалын байр, ажилчдын байр, услалтын систем, малын тэжээл тарих, хураахад шаардагдах бүхий л трактор, даршны комбайн, худаг, дарш хийх бетонжуулсан нүх зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий тог цахилгаанаар бүрэн хангагдсан Фермерийн аж ахуй юм. 2019 оноос хүргэн ах Б.Ггийн бие муудаж, хүндээр өвдөж гадаадын улс оронд эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай болсны улмаас фермерийн аж ахуйгаа яаралтай зарах шаардлагатай болж 2020 онд “Ремакс” гэх зуучлалын газарт хандан зар өгсөн. Уг ферм нь 2020 оны үед 2 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд хурдан хугацаанд зарах шаардлагатай байсан тул үнийг арай хямдханаар буюу 1,3 тэрбум төгрөгөөр зарна гэж “Ремакс” ХХК-нд хандсан байдаг. Зарын дагуу хүмүүс ирж уулзаж байсан ба тус зарын дагуу холбогдсон Н.Н гэх залуу хүргэн ах Б.Гтэй уулзаж, үхрийн ферм ажиллуулах сонирхолтой, фермийг чинь худалдаж авъя гэж ярилцсан. Ингээд 14 хоног сураг чимээгүй байж байгаад хүргэн ах Б.Гтэй ирж уулзахдаа фермийг чинь бэлэн мөнгөөр авъя, үнээ буулгаач гэсэн байдаг. Тухайн үед хүргэн ах Б.Ггийн бие их муудаж, өвчин нь хүндэрсээр байсан тул яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан. Мөн Н.Н бэлэн мөнгөөр худалдаж авна гэсэн үгэнд итгэн 800 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Н.Н нь хүргэн ах Б.Г, эгч Ц.О нартай ярихдаа фермийг худалдаж авах төлбөрийг богино хугацаанд 14-30 хоногийн хугацаанд төлнө, банкнаас зээл авахаар материалаа өгчихсөн, эхнэр бид хоёрт зээл авах боломж байгаа, манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцсан хүн байгаа юм гэх зэргээр хуурч, мэхлэн итгүүлсэн байдаг. Улмаар Н.Н нь “Бидний хөөцөлдөж байгаа зээлийн хэмжээ их байгаа болохоор үл хөдлөхийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгвөл банканд барьцаалах гээд байна”.  гэж хэлсэн байдаг. Тухайн үед хүргэн ах Б.Г нь “үл хөдлөх хөрөнгүүд дээр гэрчилгээ хараахан гараагүй байгаа чи нэгэнт худалдаж авах гэж байгаа юм чинь эхний ээлжид 30 сая төгрөг өгчих, ах нь бүх бичиг баримтыг нь хөөцөлдөөд аваад өгч чадна” гэж хэлэхэд Н.Н нь хүргэн ах Б.Г рүү утсаар залган “үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг та хөөцөлдсөнөөс би өөрөө хөөцөлдөж гаргуулсан нь арай хурдан гарах юм байна. Мөн ферм байгаа 2 га газраа миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна” гэж ярихаар нь үнэхээр худалдаж авах гэж байгаа юм байна гэж итгэн хүргэн ах Б.Г, эгч Ц.О нар зөвшилцөөд нягтлан Б.Өлзийбуянд итгэмжлэл хийж өгөхөөр болсон. Удалгүй хүргэн ах Б.Г бие муудаж Гэмтэл согог судлалын үндэсний ***д хэвтэн эмчлүүлж байхад Н.Н нь яаралтай газраа шилжүүлж авах хэрэгтэй байна гэсээр эмнэлэг дээр нотариатч дагуулж ирсэн. Ингээд одоо л газраа шилжүүлж авахгүй бол зээл бүтэхгүй болоод байна гэх зэргээр хүргэн ах Б.Гг шавдуулж, хүчээр шахуу гарын үсэг зуруулж аваад явсан байдаг. Үүний дараахан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан үхрийн фермерийн эд хөрөнгө, байшин, үхэр мал, техник хэрэгсэл, трактор, комбайн, ковш зэрэг хөрөнгүүдийг Н.Нын эхнэр Болормаад хүлээлгэн өгсөн. Гэтэл эд хөрөнгө хүлээж авахаасаа өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газрын гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авсан. Н.Н нь хүргэн ах Б.Г, эгч Ц.О нараас үхрийн фермийг нь авах үедээ “манай эхнэрийн эгч банканд зээлийн ахлах хийдэг, банканд танил тал ихтэй зээл авахад ямар ч асуудал байхгүй, маш хурдан бүтнэ” гэх зэргээр худал ярьж төөрөгдүүлдэг байсан бөгөөд үхрийн фермийг шилжүүлж авсных нь дараа холбогдож мөнгөө хэзээ өгөх талаар нь асуухаар “би уул, уурхайн компанитай, хятадтай худалдаа наймаа хийдэг түнштэй удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ, таньд өгөх мөнгө ердөө 300 000 ам доллар шдээ” гэх зэргээр худал ярьж одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Н.Над хууртаж түүнд залилуулсны улмаас манай эгч Ц.О маш хүнд байдалтай болсон. Тухайн үед хүргэн ах Б.Г хүнд өвчтэй, гадаадын улс орон руу эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул яаралтай их мөнгөний хэрэгцээ шаардлага байсан. Хэрэв Н.Н нь хуурч мэхэлж, залилаагүй байсан бол эмчилгээгээ хийлгээд өдийд эрүүл саруул байх байсан. Гэтэл Н.Н хууран мэхэлж, эд хөрөнгийг нь аваад нэг ч төгрөг төлөөгүйн улмаас хүргэх ах Б.Г эмчилгээ хийлгэж чадаагүй нас барсан. Мөн эгч Ц.О сэтгэл санааны хүнд байдалд орж, хань ижилээ алдаад одоо өөрөө эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон боловч Н.Н одоог хүртэл мөнгө өгөхгүй, хуурч мэхэлсэн хэвээрээ байгаа.” гэх мэдүүлэг /3 хх 69-70 дугаар хуудас/,  

-Гэрч Ц.А-ын өгсөн: “2022 оны 5 дугаар сард Хаан банкны Зүүн дөрвөн зам тооцооны ***ийн захирал А.Г нь хууль эрх зүйн газарт П.Ө гэх хүн миний нэрээр 2021 оны 4 дүгээр сар, 2021 оны 8 дугаар сар, 2022 оны 5 дугаар саруудад харилцагчид хуурамч баримт үйлдэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгөөд байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж холбогдох арга хэмжээ авч өгөөч гэсний дагуу Хууль эрх зүйн газраас миний бие Хаан банкийг төлөөлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 6 дугаар сард гомдол гаргаж шалгуулсан. Шалгалтын явцад болон түүнээс өмнөх харилцагчаас ирүүлсэн мэдээллээр П.Ө гэх хүн дээрх хуурамч бичиг баримтыг үйлдэж гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдсэн.” гэх мэдүүлэг /4 хх-ийн 153 дугаар хуудас/,

-Гэрч Д.Б-ийн өгсөн: "Фермийн аж ахуй зарна гэсэн зарын дагуу тус хүмүүстэй холбогдож очиж уулзаад объектыг нь нөхөр бид хоёр газар дээр нь очиж үзээд хэсэг хугацааны дараа манай нөхөр Ганхүү гэх хүнтэй утсаар холбогдоод фермээ зарах хэвээрээ юу хэрэв зарвал бид банкнаас зээл хөөцөлдөж авах гэж байгаа талаараа хэлэхэд бодож байгаад эргэж хариу хэлнэ гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа Г өөрөө залгаад та хоёрын саналыг хүлээж авлаа банкны мөнгөө хөөцөлдөөд болохоос нь болохгүй хүртлээ яваад мөнгө төгрөгөө зохицуулаад өгөөрэй гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Ганхүү ах дахин манай нөхөр лүү залгаад манай фермийг хариуцаж байгаа дүү маань бие нь өвдөөд Улаанбаатар хотод иржээ ферм маань хариуцах эзэнгүй байгаа юм байна. Та хоёр очоод эд хөрөнгүүдийг маань хүлээгээд аваадах гэж хэлсний дагуу 2020.8.27-ны өдөр тус Г гэх хүний "***" ХХК-ийн нягтлан Ө-ийн хамт манай нөхөр намайг яваад эд хөрөнгүүдийг нь хүлээгээд авчих гэсний дагуу би өөрийн биеэр очиж *** аймгийн ****** сумын 3 дугаар баг “****” гэх газарт байх үнээний фермд очиж нягтлан Ө-аас эд зүйлсийг нь хүлээн авсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг  нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчдын эрхийн хязгаарлалт.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Талийгаач Б.Г нь элэгний хорт хавдар, сахрын өвчний хүндрэлийн улмаас *** аймгийн ****** сумын нутаг "*****” гэх газар байрлах өөрийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй ******** дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг зарахаар зар тавьж улмаар зарын дагуу шүүгдэгч Н.Н холбогдон уг обьектыг 800.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь хохирогч Ц.О, тухайн үед компанийн нягтлан байсан гэх Б.Ө нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг объектыг шүүгдэгч Н.Н-ын эхнэр Д.Б, Б.Өл-аас хүлээн  авсан болох нь эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Уг объектууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байхад нь шүүгдэгч Н.Н нь өөрийн нэр дээр үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан боловч банкнаас зээл авах талаар хөөцөлдөөгүй бөгөөд өөрийн өмчлөлд дээрх эд  хөрөнгийг шилжүүлснээс  хойш 13 орчим хоногийн дараагаас эхлэн зарж борлуулж өөртөө ашиг олж эхэлсэн нь хэрэгт баримтаар  нотлогдсон.

 

Энэ “Монгол Улсын Хөгжлийн банк”-наас 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 43/022-472 дугаартай албан бичгээр “Мөнх Хүнхэр Уул” ХХК нь 2020 оны 7 дугаар сараас хойш танай банканд хэдэн удаа зээл хүссэн талаарх лавлагааг авахад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/220 дугаартай албан бичгээр “Монгол Улсын Хөгжлийн банк нь зөвхөн хуулийн этгээдэд зээл олгодог бөгөөд “*****” ХХК /РД:******/ нь зээлийн хүсэлт гаргаж байгаагүй болно." гэсэн баримтуудад авагдсан байна.

 Түүнчлэн шүүгдэгч Н.Н нь тухайн объектын үнийг төлөөгүй атлаа байгаа эд хөрөнгийг захиран зарцуулсан /3 хх 114-116/, Богд банкнаас *** аймгийн ****** сумын 3-р баг *** тоот хаягт байршилтай 22.525 м.кв, ХАА-н зориулалттай газар Э-***, НТД:**** үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021.02.23-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээл авсан /5 хх 190-198/ болох нь тус тус тогтоогдсон.  

 

 1.4. Эрх зүйн дүгнэлт.

   Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

   Иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл байна.

   Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд залилан мэхэлж өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийн ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл Шүүгдэгч Н.Н-ын үйлдэл нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн “бусдыг хуурч, ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг,

Мөн зүйлийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т “..их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж,

Хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хуульчилсан шүүгдэгч Н.Н-ын хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч Н.Н-ыг “залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “их хэмжээний хохирол” учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна.

Залилан гэмт хэргийн субьектив тал нь шунахай сэдэлттэй, шууд санаатай буюу хүсэж үйлдсэн байдаг.

 

   Энэхүү гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог.  

 

1.5.Хохирол, хор уршгийн талаар

Анх хохирогч Ц.О /Б.Г/ шүүгдэгч Н.Н нь *** аймгийн ****** сумын нутаг “*****” гэх газар байрлалтай иргэн Б.Г, Ц.О нарын эзэмшлийн үнээний ферм, тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн га хэмжээтэй ********  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг банкны зээл авч 800.000.000 төгрөгөөр тохиролцож, Цагдаагийн байгууллагад Ц.О 2021 оны 4 сарын 6-ны өдөр өргөдөл гаргахдаа 800.000.000 төгрөгийг төлөх чадвартай гэж итгүүлсэн, залилсан гэж /1хх-2 тал/, мөрдөн шалгах ажиллагаа явцад  “***” ХХК-ийн 2021 оны 7 сарын 31-ний өдрийн Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт-д “1.998.375.030 /нэг тэрбум есөн зуун ерөн найман мянга гурван зуун далан таван мянга гучин төгрөг/ төгрөгийн хохирол” гэж/1хх-196 тал/,

Шүүхийн шатанд шүүгдэгчийн хүсэлтээр дахин 2023 оны 1 сарын 30-ны өдрийн “Итгэлт эстимэйт” бизнес үнэлгээ хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “хөрөнгийн үнэлгээний тайланд“ 2.454.312.405 /хоёр тэрбум дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/  тус тус хохирлын үнэлгээ гарсан байдаг.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ам нас, эрүүл мэнд эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн  болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”гэж,

Мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг аргилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдал зах зээлийн үнийн ханш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2023 оны 1 сарын 30-ны өдрийн “Итгэлт эстимэйт” бизнес үнэлгээ хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “хөрөнгийн үнэлгээний тайланд“ 2.454.312.405 /хоёр тэрбум дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/  төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тогтоолоо  .

Хохирлыг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Үүнд.

Хэдийгээр хэрэгт тэжээлийн ургамал тариалах 70 га газрын албан ёсны бичиг баримт байдаггүй боловч,

Хэрэгт 8.817.240 төгрөгийн үнэ бүхий хашаалсан хашаатай тэжээлийн ургамал зориулалт бүхий 305.172.060 төгрөгийн үнэ бүхий 70 га газар нь /гэрчилгээтэй 2-хх-64 тал/ байсан бөгөөд 2020 оны 8 сарын сүүлээр Н.Над хүлээлгэж өгөхөд тухайн газарт овьёос, эрдэнэ шиш, арвай /18.535.818 төгрөг/ тариалсан байсан,

түүнийг  Н.Н зарж борлуулсан нь дансны хуулгаар нотлогддог.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 1 сарын 19-ны өдрийн 47/00-203 дугаартай албан бичигт “мөрдөн байцаах  тасагт шалгагдаж байгаа Эрүүгийн 2134**** дугаартай хэрэгт хавсралтад байх 70 г газрын кадастрын зургийг мэдээллийн санд давхцуулан шалгахад **** сумын Эрдэнэ 3-р багийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

3. Газрын кадастрын хуучин мэдээллийн сан 2016 он хүртэл ашигласан бөгөөд тус 70 га газрын байршилтай давхцал нэгж талбар эрх зүйн харилцаа үүсээгүй буюу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй байна.” гэсэн /8-хх28 тал/ албан бичиг ирүүлсэн нь 2024 оны 1 сарын 19-ны байдлаар тухайн 70 га газар хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй байна гэж дүгнэхээр байна.

 Түүнчлэн шүүгдэгч хохирогч нарын дээрх эд хөрөнгийн маргаан бүхий цаг хугацааны үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 30 дугаартай “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч хол хорио, хязгаарлалт эхэлсэн байдаг.

Энэ хугацаанд Н.Н нь тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий  70 га газрын эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байдаг ба /авах ч боломж үүсээгүй байна/

Өөрөөр хэлбэл тэжээлийн ургамал тариалах 70 га газарт хохирогч Ц.О /Б.Г/ нь фермийн үйл ажиллагаандаа хэрэгцээтэй тэжээлийн ургамал тариалдаг байсан боловч тухайн  газрын бичиг баримтын сунгалтыг хуульд зааснаар хийлгэсэн эсэх талаар хэрэгт баримт /итгэмжлэлд/ хэрэгт авагдаагүй шүүгдэгч Н.Н ч бичиг баримтыг шилжүүлэх эсэх талаар хэрэгт авагдаагүй байгаа хэдий ч

2021 оны 4 сарын 6-ны өдөр хохирогч Ц.О Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг ба хохирогчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас Гарзын тухай хуулийн 23.3.9 заасан “газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1 заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” эрхээ хохирогч Ц.О /Б.Г/ хэрэгжүүлж чадаагүй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн 2134**** дугаартай хэрэгт хавсралтад байх 70 г газрын кадастрын зургийг мэдээллийн санд давхцуулан шалгахад **** сумын Эрдэнэ 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 70 газрыг газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргах эрхтэй гэж дүгнэсэн.

Мөн шүүгдэгч Н.Н нь Богд банкнаас *** аймгийн ****** сумын 3-р баг Мянган хураг тоот хаягт байршилтай 22.525 м.кв, ХАА-н зориулалттай газар ****, **** үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021.02.23-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээл авсан /5 хх 190-198/  боловч уг зээл хэвийн төлөгдөж байгаа гэж мэдүүлдэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” мөн зүйлийн 5 дэх хэсэгт “...шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг авч хохирлыг нөхөн төлүүлнэ.”гэж заасны дагуу *** аймгийн ****** сумын 3-р баг **** тоот хаягт байршилтай 22.525 м.кв, ХАА-н зориулалттай газар ****, **** үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч Ц.Од олгож шийдвэрлэсэн.

Харин Богд банк нь Н.Н-ын зээлийн үлдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн 2021 оны 4 сарын 22-ны өдрийн 9 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай”, мөн 2022 оны 5 сарын 18-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор “*** аймгийн ****** сумын нутаг “*****” гэх газарт байрлах Ц.О-гийн эзэмшлийн  фермийн 70 га газар болон залгаа 2 га газар бусад барилга эд зүйлийг битүүмжилж хамгаалалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дэх хэсгийн 7-д зааснаар тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулсан.

Мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар 06 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгийг “бусдад шилжүүлэх, устгах, захиран зарцуулах хөдөлгөхийг хориглож, өөрт нь эсхүл бусдад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэж, хууль заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулсан байх тул мөн хуулийн 21.5 дугаар зүйийн 1, 6 дахь хэсэгт зааснаар

          Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн актаар тодорхойлогдсон 93 нэр төрөл бүхий эд хөрөнгө, 70 га талбайд тариалалтын үнэлгээний жагсаалтыг үндэслэл болгон 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *** аймгийн ****** сумын 3 дугаар багийн “Мянган хурган” гэх газарт байрлах тариалангийн хашаажуулсан талбай бүхий үнээний ферм дэх эд хөрөнгөд үзлэг тооллогоор бүртгэгдсэн байна.

       Үүнээс,

         Эд хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн тугалын клитка төмөр 2 ширхэг,  тугалын тэжээлийн модон онгоц 2 ширхэг, наралгааны хашаа 6 ширхэг, үхэр 78, бяруу 4, тугал 3, бух 1, “69-47 УБ” улсын дугаартай трактор, “96-46 УБ” улсын дугаартай трактор, “96-44 УБ” улсын дугаартай трактор, дарш комбайн, культватор /сийрүүлэгч/, Контейнер /20 тонн/, 10 тонны чиргүүл, саалтуурын төхөөрөмж 1 ширхэг, цахилгааны утас далдлагч 2 ширхэг, газар хагалдаг анжис, 20 ковш, тариалалт болох эрдэнэ шиш, арвай, овьёос тус тус тооллогоор дутсан бөгөөд дээрх эд хөрөнгүүдийн үнэ нийт 572.100.000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Н.Н-аас гаргуулж хохирогч Ц.Од олгож,

         Тогоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 5 сарын 18-ны өдрийн 06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн нэр дурдсан эд хөрөнгийг хохирогч Ц.О-д олгох нь зүйтэй байна. Үүнд:

          “*****” гэх газарт байрлах үнээний фермд байрлах тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, Худгийн цементэн кольцоо 8 ширхэг, Худгийн цементэн таг 2 ширхэг, Ногоон амбаар 1 ширхэг, Цагаан амбаар 1 ширхэг, Шар өнгийн 30 ковш, Төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг,  Чиргүүлийн рам 1 ширхэг, худаг, Худгийн турбо 200 метр , Улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, Тугалын байрны зуух, Тугалын байрны усны шланк, Тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг,  Усны төмөр онгоц 2 ширхэг, Шавар зуурдаг ванн 1 ширхэг, Тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, Шавар зуурагч 2 ширхэг, Усны шланк 200 метр, 1 тонны юмкос, Хөргүүр танк, Сүү хөргүүр, 40 литрийн бидон 4 ширхэг, Мотоцикль /мустанг-5 цагаан өнгийн/, Сүү зөөдөг тэрэг, Төмөр торон тугалын наралгааны хашаа, Тэжээлийн терм, Тэжээл хэрчигч, Баас зөөдөг тэрэг, Шар вогончик, Тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, Саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, Хүрз 2 ширхэг, Өвсний сэрээ 2 ширхэг, Усны онгоц 2 ширхэг, Модон хашаа, Услалтын систем, *** УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай, Гагнуурын аппарат, Камер, камерын дэлгэц зэрэг болно.

             Эд хөрөнгийн жагсаалтын 63 дугаарт бүртгэлтэй 32.000.000 төгрөгийн үнэ бүхий дамартай услалтын систем 1 ширхэг нь дээрх эд хөрөнгийг шүүгдэгч Н.Нын эзэмшлийн эд хөрөнгө болохыг оролцогч нар нотолсон байх тул нийт 2.454.312.405 төгрөгийн үнэлгээнээс 32.000.000 төгрөгийг хасаж, 2.422.312.405 /хоёр тэрбум дөрвөн зуун хорин хоёр сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг үнэлгээгээр тооцсон болно.

Шүүх шүүгдэгч Н.Ныг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хохирол гаргуулахад хуульд зааснаар хохирол төлөх завсарлага авсан боловч, шүүхээс завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирол нөхөн төлөөгүй болно.

  Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар.

 

   2.1. Талуудын санал дүгнэлт

   Улсын яллагч: "Шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 /найм/ жилийн хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх." дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгээс " Н.Нын хувьд хохирол нөхөн төлбөрөө төлнө гээд завсарлага авсан. Хохирол төлөх боломжтой хугацаа шүүхээс олгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй байсан ямар нэгэн санаачилга гаргаагүй. Сая бас хохирол төлөгдөөгүй. Хохирол төлөгдөөгүй учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Цагдан хоригдсон 248 хоногийг эдлүүлэх ялд нь оруулж тооцуулах. Мөрдөн шалгах ажиллагааны зардал 12 000 000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэсэн саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүхээс: “Улсын яллагчтай санал нэг байна. Энэ гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Хэдийгээр сонгох санкцтай ч гэсэн шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэрэг түүнд учирсан хор уршиг, хохирол төлөгдөөгүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг боловч энэ гэмт хэргээс үүсэж байгаа хор уршиг их. Энэ хүн бусдыг залилаагүй байсан бол хэлсэн хугацаандаа 800 000 000 төгрөгөө өгсөн байсан бол өнөөдөр бид нар энд суухгүй байсан байх. Б.Г гэдэг хүн амьд байхыг үгүйсгэхгүй. Энэхүү фермийг зарах болсон шалтгаан бол хүний эрүүл мэндийн асуудал байсан. Яаралтай хурдан зарах байсан. Өөрөөр хэлбэл цаг хугацаа давчуу байсан. Байгаа үнээсээ хэд дахин бууруулаад хамгийн богино хугацаанд өгнө гэсэн хүндээ өгсөн тэр нь Н.Н байсан. Энэ шалтгааны улмаас Б.Г гэж хүн эмчилгээ хийлгэж чадаагүй нас барсан. Дараа Ц.О гэж хүн өвдсөн. Хохирол төлбөрөө төлөөч гээд удаан хугацаанд харж явлаа. Нэг ч төгрөг өгсөнгүй. Хамгийн сүүлд надад хэлсэн үг би нарт нэг ч төгрөг өгөхгүй. Авдаг ялаа аваад явна гэж хэлсэн. Тэр хэлсэн амандаа хүрэх байх гэж бодож байна. Уулзалт хийх туршид энэ баримтад дээр гарын үсэг зурчих гэдэг зүйлийг хэлдэг байсан. Дандаа өөрийнх нь ярьсан зүйлүүд зөрдөг. Шүүхийн дараа 130м2 үл хөдлөх хөрөнгө ярьж байсан яасан бэ гэхэд. Барьцаанд байгаа болохгүй байна гэж надад хэлсэн. Өмнө нь ланд-300 маркийн машин өгмөөр байна гэж хэлсэн. Тэр бас барьцаатай гэж хэлдэг. Зээлгүй, барьцаагүй зүйл эсвэл өмчлөгч нь зөвшөөрч байгаа юм уу гэхэд. Дандаа өөр хоёр дахь үндэслэл ярьдаг. Бид нар хохирол аваагүй байж авсан гэдэг бичиг хийж өгч чадахгүй. Хэрвээ өгсний дараа хамаагүй хэдэн ч бичиг хийж өгч болно гэж хэлсэн. Н.Нын хувьд гэмшээгүй, гэм буруугийн шүүх хурал дээр гэм буруу дээрээ маргасан. Хохирол төлөх гээд завсарлага аваад нэг ч төгрөг төлөөгүй. Харин ч энэ 8-н жилийн хорих ял багадсан гэж үзэж байна. Хуулийн боломж нь ийм байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү, эсхүл хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

   2.2. Эрүүгийн хариуцлага.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Нын ХААН-н банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүл мэндийн талаарх баримтууд, засаг даргын тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялын эдлэх ялд нь оруулан тооцно.” гэж зааснаар түүний 248 /хоёр зуун дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 3 сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, 20.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Нын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

2.3.Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд дээрх хохирлоос 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2134***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 1 ширхэг СД хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээж,

Мөрдөгчийн 2022.12.20-ны өдрийн тогтоолоор /5 хх 175/ эд мөрийн баримтаар тооцсон Н.Н-ын нэр дээрхи ***** дугаартай *** аймгийн ****** сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ****** дугаартай *** аймгийн ****** сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах,  

Хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор /3-хх-237/ Ц.О-гийн эзэмшлийн “*****” гэх газарт байрлах үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн турбо 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкос, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикль /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын наралгааны хашаа, тэжээлийн терм, тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вогончик, тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл, модон хашаа, услалтын систем, 60-39 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн газар, 1 га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх,

Шүүгдэгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  248 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардал орох бөгөөд шүүгдэгч гэм буруутай болохыг шүүхээс тогтоовол түүнээс уг зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасан тул "Итгэлт эстимэйт" ХХК-ний нэхэмжлэлийн баримт /5 хх 199/, "Эй Жэй Жэй Эм" ХХК-ны бэлэн мөнгөний орлогын баримт /1 хх 195/-ыг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Од 3 000 000 /гурван сая/ төгрөг, "Итгэлт эстимэйт" ХХК-нд 5 000 000 /таван сая/ төгрөг тус тус олгож,

шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч овогт Н-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дунгаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах” гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ын цагдан хоригдсон 248 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 2023 оны 12 сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 20.000.0000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 20.000.000 төгрөгийн барьцааг *** аймгийн Шүүхийн Тамгын газрын барьцааны 100140005350 дугаарын данснаас иргэн Д.Үүрдмандахад олгохыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 572.100.000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Н.Н-аас төгрөг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо Нархан хотхоны 51В-1 тоотод оршин суух хохирогч Т ургийн Ц-ын О /РД:*****/-д олгосугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.О-д 3 000 000 /гурван сая/ төгрөг, "Итгэлт эстимэйт" ХХК-нд 5 000 000 /таван сая/ төгрөг тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2134****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 5 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

 “Мянган хурган” гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн турбо 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкос, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикль /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын наралгааны хашаа, тэжээлийн терм,тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вогончик, тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл , модон хашаа, услалтын систем, 60-39 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн газар, 1 га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг хохирогч Ц.Од, хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Ныг эрүүл мэндтэй холбоотой “Улсын хоёрдугаар *** эмнэлэг гэсэн хавтас бүхий 56 /тавин зургаа/ хуудас баримт, 2 ширхэг “CD”-г шүүгдэгч Н.Над тус тус буцаан олгосугай

 

8.Шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-ад урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ