Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагч Э.Уянга,

Шүүгдэгч О.Ү, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  О.Үд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ү нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн химийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж, 2016 онд төгссөн гэх дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуульд химийн багшаар ажилд орохдоо ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Ү нь: “Өмнө нь хангалттай мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч О.Ү нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн химийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж, 2016 онд төгссөн гэх дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуульд химийн багшаар ажилд орохдоо ашигласан нь:

-2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал /хх-ийн 4-6 тал/,

-Боловсрол, шинжлэх ухааны яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын бичиг баримт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 7-31 тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32 тал/,

-Хохирогч Г.О“...Би энэ талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна..., ...Миний бие Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж яг гомдолтой, нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга, удирдлага болон Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал хүсэлт гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго, үр дагаварын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

-Хохирогч Г.Одахин өгсөн “...Манай яамнаас одоогийн байдлаар дээрх утга бүхий албан бичгийг хууль хяналтын байгууллагад гарган ирүүлэх боломжгүй. Учир нь мөрдөн шалга ажиллагаагаар хэрхэн явагдаж хаашаа эргэхийг бид урьдчилан мэдэх боломжгүй, хэрэг тус бүрээр тогтоогдсон нөхцөл байдал өөр байгаа учраас яамны зүгээс нэгдсэн чиглэл бүхий албан бичиг өгөх боломжгүй байна. Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/156 дугаартай “О.Үг багшаар томилох тухай” тушаал /хх-ийн 42 тал/,

-Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 43-46 тал/,

-Шүүгдэгч О.Үгийн цалингийн карт /хх-ийн 47-53 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Л.Э“...Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр химийн багш Э.Лхагвадулам жирэмсний амралтаа авсан тул оронд нь О.Үг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах сургуульд химийн багшаар томилж ажиллуулж байгаад сүүлд үндсэн багшаар Хүмүүс дунд сургууль томилон ажиллуулаад одоог хүртэл ажиллаж байгаа юм. Анх манай сургуульд ажилд орохдоо бакалаврын диплом, иргэний үнэмлэх, ажлын анкет зэрэг материалыг бүрдүүлж ирсэн..., ...Би тэр талаар огт мэдээгүй юм. 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын эх хувийг скайнердаж явуул гэсэн чиглэлийн дагуу бүх багш нарын дипломыг скайнердаж явуулсан юм..., ...2017 оноос одоог хүртэл нийт 6 жил ажилласан. Тэгээд 2020 оноос хойш анги дааж явж байгаа. Одоогоор төгссөн анги байхгүй. Мөн ямар нэг шагнал урамшуулал авсан зүйл байхгүй юм. Харин би багшийн хувьд сайн багш, олон хүүхдүүдэд хичээл зааж шавь нар нь тодорхой хэмжээнд ажилт үзүүлээд явж байгаа юм..., ...Манай Хүмүүн цогцолбор сургуульд О.Ү анх 2017 оноос ажиллаад одоог хүртэл нийт 66.881.861 төгрөгийн хохирол учруулсан юм..., ...Би хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

-Гэрч Ч.Э“...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сард батлагдсан тушаалаар ажлын хэсэг болон хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж хавсралтаар батлагдсан. Ажлын хэсэг шалгах цар хүрээ нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримт дипломд хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэхээр батлагдсан. Сайдын баталсан ажлын хэсэгт миний бие ажлын хэсгийн ахлагчаар, яамны хуулийн хэлтэс, дээд боловсролын газар, цахим статистикийн хэлтэс, бага, дунд боловсролын газар, сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, мөн манай газрын алба хаагч нар багтаж гишүүнээр орж ажилласан. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын дипломд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллахын тулд үндэсний төв архивын газраас мэдээлэл гаргуулсан. Мөн нийлэл болон орон нутагт ажиллаж байгаа багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримтыг pdf файлаар болгож авсан. Их, дээд сургуулийн төгсөгчдийн судалгаа, захирлын тушаал холбогдох баримтыг авсан. Яамны харьяа мэдээлэл технологийн төвд бүртгэлтэй дээд боловсролын /HEMIS/ удирдлагын мэдээллийн системээс дипломын дугаар, боловсролын салбарын цахим системээс /ESIS/ ажиллаж байгаа багш нарын судалгаа, дээд боловсролын газраас дипломын дугаар олголт, багш бэлтгэдэг сургуулийн хөтөлбөр, тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг гаргуулж авч ажиллахад хоёр сар гаруй ажил хийгдсэн. Ажлын хэсгийн гишүүд хуурам дипломыг шалгах туршлага байхгүй учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч хоёр, боловсролын ерөнхий газраас хоёр мэргэжилтэн оруулж сайдын тушаалт нэмэлт өөрчлөлт оруулсан..., ...Хяналт шалгалт, үнэлгээ хийгдэж ажиллахад Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын асуудлаар илэрсэн зөрчлийг таван бүлэгт хувааж ангилж үзсэн. Үүнд 1. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 454 дипломоос илэрсэн. 2 Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 139 дипломоос илэрсэн. 3. Их, дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 20 зөрчил илэрсэн. 4. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээлийн системд алдаатай оруулсан/ илэрсэн 2 зөрчил. 5.Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 109 зөрчил илэрсэн. Нийтдээ 724 зөрчил илэрсэн. Хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан танилцуулга нэгтгэгдэж дуусаагүй учир танай байгууллага руу хүргүүлж амжаагүй байна. Нэгтгэж дуусахаар танай байгууллагаа ирсэн албан бичгийн хариуг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

-Гэрч Б.Д“...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сард батлагдсан тушаал удирдамжийн дагуу орон нутаг болон нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн хэлбэрийг үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нийт багш болон удирдах ажилтны боловсролын бичиг баримтыг  pdf файл хэлбэрээр татах авах ажлыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарыг дуустал хийсэн. Тэгээд сайдын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж Боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн н.Батхангай, н.Солонго, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас н.Танан-Эрдэнэ, н.Номинцэцэг нарыг татан авч ажиллуулсан. Боловсролын баримт бичгийг бүртгэх, тулгах ажил дээр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн н.Батхангай, н.Солонго нар ажилласан. Боловсролын баримт бичгийг нягтлах ажил дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас н.Танан-Эрдэнэ, н.Номинцэцэг бид гурав ажилласан. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хүэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хий ажилласан..., ...Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл /Esis/, pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзсэн..., ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг диплом хаана ямар байдлаар үйлдвэрлэгдэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг  /хх-ийн 50-61 тал/,

-Гэрч Я.Н“...Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан..., ... ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг диплом хаана ямар байдлаар үйлдвэрлэгдэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг  /хх-ийн 62-63 тал/,

-Гэрч Л.Б“...Системээс олдоогүй гэх зөрчлийг Архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан. Төгссөн сургуулиас нь аваагүй. Системд харъяа дүүргийн сургуулийн сургалтын менежер оруулдаг..., ...Эх хувиар шалгасан эсэхийг бол мэдэхгүй. Миний хувьд бол эх хувиар нь шалгасан зүйл бол байхгүй. Бид нарт PDF файлаар ирсэн материалд үндэслэсэн. Харин ямар аргачлалаар илрүүлсэн талаар бол миний бие мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,

-Гэрч О.О“...Тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэн ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Миний бие Өмнөговь аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 1000 гаруй дипломыг нэг бүрчлэн шалгасан. Тухайлбал Өмнөговь аймгийн сургууль цэцэрлэгээс ирүүлсэн файлыг нэг бүрчлэн шалган ямар сургууль төгссөн, дипломын дугаар давхардсан, тамга тэмдэг, захирал эрхлэгчийн гарын үсэг зөрүүтэй гэх мэт зөрчилтэй байж болзошгүй гэсэн сэжигтэй 100 гаруй дипломыг ангилсан. Тус сэжигтэй байж болзошгүй дипломыг ажлын хэсэгт орсон мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд нарийвчлан шалгалт хийж 20 зөрчлийг авсан байдаг. Өмнөговь аймагт дугаар давхардсан, улсын бүртгэлд байхгүй дипломын дугаартай диплом, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн багш биш мэргэжилтэй мөртлөө боловсролын байгууллагад ажиллаж байгаа зөрчил бүртгэгдсэн. Цэцэрлэг дээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн хүн цэцэрлэгт багшаа ажиллаж байгаа зөрчил илэрсэн байдаг. Би боловсролын баримт бичиг үнэн эсэхийг нягтлан шалгах туршлагатай хүн биш. Ажлын чиг үүргийнхээ дагуу зарим нэг их дээд сургуулиас ирүүлсэн хүсэлт гомдлын дагуу 2-3 диплом шалгаж байсан..., ...Миний хувьд бол эх хувиар нь шалгасан зүйл бол байхгүй. Ажлын хэсгийн нарийн бичиг н.Доржхуягаас PDF файлаар өгсөн материалд үндэслэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

-Гэрч Д.А“...Боловсролын салбарт ESIS /боловсролын салбарын мэдээллийн систем болон HEMIS /дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем/ гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Уг системийг ашиглан болсон шалтгаан 2018 оноос өмнө мэдээллийн нэгдсэн системгүй байсан. Энэ нь статистикийн мэдээ тайлан цаасаар буюу excel хүснэгтээр авдаг байсан нь статистикийн мэдээний хамралт дутуу алдаатай буруу мэдээлэл цуглуулагдах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байсан болохоор 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд нийт 18 сарын хугацаанд дээд боловсролын шинэчлэлтийн төслийн хүрээнд дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг боловсруулж ажилласан ба 2020 оны 12 дугаар сард системийг яам хүлээн авсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай excel файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9.6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1, 3.10.2, 3.10.3 хүртэл заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статитик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдн тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй. Зөрчилтэй эсэхийг тухайн сургууль тогтооно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

-Гэрч Ч.Э“...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан, гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүрүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

-Гэрч А.Т“...Яг системийн хувьд бол би сайн мэдэхгүй үүнийг бол яамны мэргэжилтэн н.Доржхуягаас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр. Харин миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн..., ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

-Шүүгдэгч О.Үгийн гэрчээр өгсөн “...2001 оноос 2011 оны хооронд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүс цогцолбор сургуулийг суралцаж төгсөн Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 онд Монгол Улсын Их сургуулийн Байгаль шинжлэл гэсэн ангид элсэн орсон. Тэгээд 2011 оноос 2016 оны хооронд хүүхэд төрүүлнэ гэж 2 удаа завсардсан. Тэгээд 2016 онд МУИС-аас багшийн анги төгсгөхгүй, диплом дээр багш гэж бичигдэхгүй гэхээр нь би өөрөө багшлах сонирхолтой учраас Монгол Улсын Боловсролын их сургуульд очиж дүйцүүлэхээр МУБИС-ийн химийн багш гэх мэргэжлээр диплом авсан. Тэр үед би МУБИС-д суралцсан зүйл бол байхгүй гэхдээ дүнгээ авч очоод дүйцүүлээд дипломоо авч байсан..., ...2011 онд МУИС-д элсэн ороход тухайн сургуулийн 1 дүгээр буюу химийн факультетэд суралцаж байсан. Би сургуулиа төгсөхдөө ямар нэгэн улсын шалгалт дипломын ажил бичээгүй, кредит цагаа цуглуулсан нөхцөлд улсын шалгалт өгөхгүй, дипломын ажил бичихгүй байх боломжтой байдаг..., ...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хүмүүс цогцолбор сургуулийн химийн багш жирэмсний декритээ авсан байсан учир түр орон тоон дээр ажиллахаар орж байсан. Би ажилд орохдоо Бакалаврын зэрэгтэй байсан. Би тус сургуульд ажилд орохдоо бакалаврын диплом, иргэний үнэмлэх, ажлын анкет зэрэг материал бүрдүүлж орж байсан..., ...Намайг анх сургуульд ажилд ороход н.Эрдэнэцэцэг гэх хүн захирлаар ажиллаж байсан ба одоо ч ажиллаж байгаа. Ажилд орсон тушаал дээр сургууль дээр хувийн хэргийн хавтсанд байгаа хуулбарлаж өгч болно..., ...МИУС-д суралцаж байх хугацаанд ангийн багшаар н.Нямцэцэг гэх багш байсан. Манай ангид анх 25 оюутан элсэн орж, төгсөх үед 19 оюутан төгссөн..., ...Би тийм зүйл мэдээгүй..., ...Нэр, овог, регистрийн дугаараа өөрчилж байсан удаа байхгүй..., ...2020 оноос хойш 1 анги дааж явж байгаа. Одоогоор би ямар нэгэн аги төгсөөгүй байгаа..., ...Би Д.Энхцэцэг, Т.Оюунтогтох гэх багш нарыг танина. Д.Энхцэцэг манай сургуулийн орос хэлний багш, Т.Оюунтогтох нь Англи хэлний багшаар ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 тал/,

-Шүүгдэгч О.Үгийн яллагдагчаар өгсөн “...2001 оноос 2011 оны хооронд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийг суралцаж төгсөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 онд МУИС-ийн Байгаль шинжлэл гэсэн ангид элсэн орсон. Тэгээд 2012 оноос 2013 оны хооронд хүүхэд төрүүлээд жилийн чөлөө авч байсан. Тэгээд буцаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцаад 2016 онд МУИС-с багшин анги төгсгөхгүй, диплом дээр багш гэж бичигдэхгүй гэхээр нь би өөрөө багшлах сонирхолтой учраас МУБИС-д очиж дүйцүүлэхээр болж МУБИС-ийн Химийн багш мэргэжлээр диплом авсан. Тэр үед би МУБИС-д суралцсан зүйл бол байхгүй. Гэхдээ дүнгээ авч очоод дүйцүүлээд дипломоо авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 112 тал/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...боловсролын үнэмлэх, диплом...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох О.Ү нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн химийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж, 2016 онд төгссөн гэх дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуульд химийн багшаар ажилд орохдоо ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Боловсролын диплом гэдгийг

Боловсролын тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар үүсгэх, давуу байдал бий болгох зорилгоор хэрэглэх үйлдэл хамаарна.

 

Шүүгдэгч О.Үгийн Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуульд химийн багшаар ажилд орохдоо ашигласан “Монгол Улсын Боловсролын Их сургуулийн”-ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Ү нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сар хүртэл химийн багшийн орон тоонд ажиллаж, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс авч, эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Ү нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч О.Ү нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Үгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “диплом хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул Монгол Улсын Боловсролын Их сургуулийн”-ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай боловсролын бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэргийг үйлдэгдэхэд шүүгдэгч буруутай боловч нөгөө талаас шүүгдэгчийг ажилд томилон ажиллуулж байгаа байгууллагаас эрх олгосон баримт бичгийг нягтлаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт тавих байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгч О.Үг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал гэмт хэрэг үйлсэн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.Үд эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэгээс: “О.Үд торгуулийн ял оногдуулж өгнө үү. Монгол улсын их сургуулийн 30 нэмэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ хөтөлбөрт 2016 оноос өмнө төгссөн хүмүүс хамрагдах боломжтой. Эрх хязгаарлах ял оногдуулбал энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж суралцах эрх нь хязгаарлагдана. Шүүхээс 30 гаран сая төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн мөн ажил хийхгүй сурах  тул торгуулийн ялыг хамгийн багаар буюу 450.000 төгрөгөөр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч О.Үгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч О.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ажилд томилон ажиллуулж байгаа байгууллагаас эрх олгосон баримт бичгийг нягтлаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт тавих байдал хангалтгүй байсан зэрэг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Үд оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

              Шүүгдэгч О.Үд оногдуулсан ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч О.Ү нь урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч Г.О, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нарт мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн боловч,

Шүүгдэгч О.Үгийн хуурамч диплом ашигласан үйлдэл нотлогдсон тул тухайн сургуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь буюу 38/в дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар 63.881.861 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...37.641.861...” гаргуулах саналыг гаргасныг хүлээн авч шүүгдэгч О.Үгаас 37.641.861 төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” Ерөнхий боловсролын сургуульд олгох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албанд баримтлан чадахуйн зарчим /меррит/ гэж иргэнийг тарийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д тодорхой заасан байдаг.

Иймд шүүгдэгч О.Үгийн Хүмүүн-цогцолбор сургуульд 2017 оны 12 сарын 01-ны өдрөөс багшаар ажилд орсноос хойш яллах дүгнэлт үйлдэх хүртэл буюу 2023 оны 10 сарын 11-ны өдөр хүртэл хугацаанд багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, хянан шийдвэрлэж шүүгдэгч О.Үгаас  37.641.861 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, үлдэх 26.240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох  зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “D201629646” дугаартай дипломыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  О.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Үг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Үд оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч О.Үд оногдуулсан ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Үгаас 37.641.861 /гучин долоон сая зургаан зуун дөчин нэгэн мянга найман жаран нэг/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн улсын төсөвт оруулсугай.

 

  1. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “D201629646” дугаартай боловсролын дипломыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОТГОНЖАРГАЛ