Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/00101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 03 өдөр                   Дугаар 102/ШШ2022/00101                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

Захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай 2020.09.03-ны өдрийн 4-222/31591, 4-222/31592, 4-222/31593 дугаар албан бичиг болон 2020.09.08-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2074 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 7 сард өөрийнхөө байрыг барьцаанд тавихаар ББСБ-д хандтал битүүмжилсэн байсан. Монгол улсын дээд шүүхийн 2015.11.24-ны өдрийн 980 дугаар тогтоолоор “М’' ХХК-иас 210,108,641 төгрөг гаргуулж, “В” ХХК-д олгуулахаар гарсан шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.1-д зааснаар төлбөр авагч “В” ХХК, нөгөө талаас төлбөр төлөгч “М” ХХК бөгөөд харин миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш юм. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй НШШГГ-аас 2020-09-03-ны өдрийн 4-222/31591 албан тоотоор иргэн миний өмч болох Төв аймгийн Алтанбулаг сум, 2 баг, Аргал бөхөг 1 хэсэг, б-2-10 гудамж, 5 тоот хаягт орших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1401001318 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, мөн өдрийн 4-121 31592 албан тоотоор Баянгол дүүрэг, 16 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 25 байр, 57 тоот хаягт орших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220505584 дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг, мөн өдрийн 4-222/31593 албан тоотоор Хан-Уул дүүрэг, 11 хороо, Маршал таун Олимп гудамж, 118 байр, 211 тоот, улсын бүртгэлийн Ү-2206030707 дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах үндсэн зарчмыг дагаж мөрдөхөөс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарч байгаа бусад хууль, тогтоомжийн зохицуулалтад нийцүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.3-т төлбөр төлөгч гэдгийг “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх үндэслэл болсон гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийг “М” ХХК гэж тодорхойлжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг төлбөр төлөгч “М” ХХК-ийн эд хөрөнгө, үйл ажиллагаанд хамааруулан явуулах нь хуульд нийцэх юм. Тиймээс шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тус байгууллагаас төлбөр барагдуулах ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой болохоос тус байгууллагад түр хугацаагаар гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан этгээдээс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, миний бие 2011.02.23-ны өдрөөс 2014 оны 6 сар хүртэл “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан ба одоо уг компанид ажилладаггүй, хувь хувьцаа эзэмшдэггүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар миний бие төлбөр төлөгч биш юм. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй, төлбөр төлөгчийн хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэх эсэх нь тодорхойгүй, төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, түүний эд хөрөнгийн хариуцлагын талаар холбогдох хуульд хэрхэн зохицуулсныг үл харгалзан төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь буруу байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” бөгөөд хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн хөрөнгийг бусдад худалдах, түрээслэх бэлэглэх, барьцаалах зэргээр захиран, зарцуулах байдлаар илэрхийлэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эд хөрөнгөө захиран, зарцуулах эрхэд минь халдаж хууль бус ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн НШШГГ-аас 2020.09.08-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2074 дугаар тогтоолоор иргэн миний гадаад зорчих эрхийг хязгаарлаж түдгэлзүүлэхдээ намайг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэж илт үндэслэлгүй гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий гүйцэтгэгчид хүргүүлснээр Улсын ерөнхий гүйцэтгэгч гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ шийдвэр гүйцэтгэх байгууллага нь холбогдох хуулийг илтэд зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1-д зааснаар 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэжээ. Үүнд: эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлүүд хамаарна. Тиймээс намайг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаадад зорчиж болзошгүй гэж үзсэн шийдвэр гүйцэтгэгчийн санал үндэслэлгүй бөгөөд холбогдох баримтаар нотлогдохгүй байна. Хуулийн дээрх зохицуулалт нь 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх хуудаст бичигдсэн төлбөр төлөгч бүрт заавал авч хэрэгжүүлэх ёстой гэх ойлголт биш, хуульд заасан зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бий болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1-д заасан ямар үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар шийдвэртээ заагаагүй байна. Мөн Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2074 дугаар тогтоолд гадаадад зорчих эрхийг минь хуульд заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр түдгэлзүүлж буй нь тусгагдаагүй, ойлгомжгүй байгаа нь эрхийг минь хууль бусаар зөрчсөн гэх үндэслэлтэй. Иймд Үндсэн хуүль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж хэрэгжүүлсэн дээрх хууль бус ажиллагааг хүчингүй болгож зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсооож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж, 9.4.7-т зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож иргэний эрхийг хамгаална, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.3-т “энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж, 122.5-д бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж заасан нь нэхэмжлэлийн үндэслэл болно. Иймд эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2020.09.03-ны өдрийн 4-222/31591, 4-222/31592, 4-222/31593 дугаар албан тоот болон 2020.09.08-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 2074 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулна. Бүртгэлийн албанаас хязгаарлалт хийсэн, намайг захирлаас хасуулаагүй нь миний буруу биш гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын дээд шүүхийн 2015.11.24-ний өдрийн 980 дугаар тогтоолоор “М” ХХК-иас 210.108.641 төрөг гаргуулж, “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөл ашиглалтад хөрөнгө бүртгэлтэй эсэхийг торуулахад холбогдох бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдоогүй байна. Төлбөр төлөгч “М” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоож хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкуудад мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирал буюу компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Ц.Б бүртгэлтэй хэвээр байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т зааснаар гүйцэтгэх захирлын эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ц.Бы оршин суух бүртгэлтэй Баянгол дүүрэг, 16 хороо, 35-2-57 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлхийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч хулийн этгээдийн гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд төлбөрийг шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 2020.09.08-ны өдрийн 2074 тогтоолоор эрхийг түдгэлзүүлж, мэдэгдлийг түүний оршин суух бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2016 онд “М” ХХК-ийн улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5-д зааснаар шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж зааснаар тус гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.06.22-ны өдрийн 4084 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.09.09-ний өдрийн 1232 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015.11.24-ний өдрийн 980 дугаар тогтоолоор “М” ХХК-иас 210,108,641 төгрөг гаргуулж, “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020.09.03-ны өдрийн 4-222/31591 албан тоотоор Ц.Бы өмчлөлийн Төв аймгийн Алтанбулаг сум, 2 баг, Аргал бөхөг 1 хэсэг, б-2-10 гудамж, 5 тоот, улсын бүртгэлийн Г-1401001318 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, мөн өдрийн 4-222/31592 албан тоотоор Баянгол дүүрэг, 16 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 25 байр, 57 тоот хаягт орших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220505584 дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг, мөн өдрийн 4-222/31593 албан тоотоор Хан-Уул дүүрэг, 11 хороо, Маршал таун Олимп гудамж, 118 байр, 211 тоот, улсын бүртгэлийн Ү-2206030707 дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлаах эрхээ Иргэний хуулийн 9.4.7-т зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож иргэний эрхийг хамгаална гэж зааснаар тодорхойлж, шаардлагын үндэслэлээ Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан, одоо уг компанид ажилладаггүй, хувь хувьцаа эзэмшдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш миний эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг минь түдгэлзүүлж, гадаадад зорчих эрхийг минь

 

Хариуцагч нь төлбөр төлөгчийн хөрөнгө хүрэлцээгүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ц.Бы эд хөрөнгийг битүүмжилж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргав.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээнүүд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт лавлагаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2020.09.03-ны өдрийн 4-222/31591, 4-222/31592, 4-222/31593 тоот албан бичиг болон 2020.09.08-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 2074 дугаар тогтоолыг хариуцагчаас гаргуулж, шүүхийн журмаар бүрдүүлсэн.

      

    

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж тодоройлсон ба тухайн тохиолдолд төлбөр төлөгч нь “М” ХХК байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлага хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч байгууллагад 2014 оны 6 дугаар сар хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан, төлбөр төлөгч компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч болох нь нотлогдохгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар төлбөр төлөгч “М” ХХК-ийн эд хөрөнгө нь шаардлага хангахад хүрэлцэхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх юм.

 

Гэтэл төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хариуцагч нь 2020.09.08-ны өдөр 2074 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус гэж үзэхээр байна.

 

Учир нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь “М” ХХК байхад уг тогтоолд төлбөр төлөгчийг “М” ХХК -ийн гүйцэтгэх захирлаар тодорхойлсон буюу төлбөр төлөгч бус этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан  төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдлоо гаргах боломжгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож иргэний эрхийг хамгаална гэж зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.03-ны өдрийн 4-222/31591, 4-222/31592, 4-222/31593 дугаар албан бичиг болон 2020.09.08-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2074 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 280,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.03-ны өдрийн 4-222/31591, 4-222/31592, 4-222/31593 дугаар албан бичиг болон 2020.09.08-ны өдрийн Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2074 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ