| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02805/И |
| Дугаар | 102/ШШ2022/00198 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00198
2022 оны 01 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2022/00198 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М,
Хариуцагч: Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,000,000 /ерэн таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагч Б.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр, түүний өмгөөлөгч С.Батнасан, хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү Т.М түүний эхнэр Б.Б нар 2019 оны 7 сард надтай уулзаж, Голомт банкинд зээлтэй бөгөөд түүнийгээ төлж чадахгүй байгаа мөн байр авах мөнгө хэрэгтэй гээд намайг байраа зарж мөнгө гаргаж өгөхийг гуйсан. Би ч хүүхдийнхээ төлөө, түүний хүүхэд, эхнэрийнх төлөө өөрийн амьдарч байсан Баянгол дүүрэг, 17 хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 40в байр, 28 тоот байраа 2019.08.07-ны өдөр 205 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээний үндсэн дээр П.Баярмаад 95,000,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгийг П.Баярмаагийн Хаан банк дахь 5032552618 данснаас Т.Мын эзэмшлийн Хаан банк дахь 5018525014 тоот данс руу 2019.08.08-нд 7,0 сая, 2019.08.09-нд 15,0 сая, 2019.08.13-нд 7,3 сая, 2019.08.13-нд 2,0 сая, Төрийн банк дахь 103800401828 тоот данс руу 2019.08.07-нд 22,0 сая төгрөг; Хаан банк дахь 5002813162 данснаас Хас банк дахь 5001360295 тоот данс руу 2019.08.08-нд 3,0 сая, 2019.08.09-нд 3,0 сая, ХХБ-ны 452558144 тоот данснаас 2019.08.04-нд 35,0 сая төгрөг, нийт 95,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд анх надад хэлэхдээ таньд тусад нь байр авч өгнө, болохгүй бол миний мөнгийг буцааж өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл надад байр авч өгөөгүй, зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй байна. Миний бие мөнгөө нэхэхээр бид хоорондоо таарамж муутай байна, бид салах гэж байна, нэг бол салсан гэх зэргээр янз янзын шалтаг шалтгаан хэлж хөгжшин намайг тоохгүй байгаад гомдолтой байна. Үр хүүхэд, ач зээ бэрээ бодоод шийдвэр гаргасан маань буруутаж өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдал хүрч байна. Иймд Т.М болон Б.Б нар нь гэр бүлийн хүмүүс хэрэгцээндээ зориулж зээл авсан тул тус бүрээс нь 47,500,000 төгрөг буюу нийт 95,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Б.Б ирээгүй тул өмгөөлөгчийг оролцуулан эзгүйд нь хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.
Хариуцагч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага 47,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б.Бгийн өмчлөлийн орон сууцыг нь зарж төлбөрийг бэлэн бусаар авсан нь үнэн болно. Т.М одоо БНСУ-д амьдарч байгаа бөгөөд одоогоор гаргаж өгөх боломжгүй байгаа тул энэхүү зээлийн төлбөрт өөрийн өмчлөлийн Хөгжил хотхоны Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 25/2 байр, 705 тоот 42,9 м.кв талбайтай, Ү-2205021308 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг Голомт банкны 28,006,965 төгрөгийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх саналтай байна. Энэ байр Т.М, Б.Б нарын дундын өмчлөлийн байр учраас бид өөрийн өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх бүрэн боломжтой. Тухайн үед ээж Бгаас 95,0 сая төгрөг зээлээд буюу тухайн байрыг нь заруулаад, өөрөө тэр орлогоо гэр бүлийн хүрээнд зарцуулалт хийсэн нь үнэн. Б.Б ч гэсэн тухайн үед 95,0 сая төгрөгийн зарцуулалтад оролцсон учраас тухайн үедээ гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаатай байсан болохоор энэ байрыг Б.Байгалийн зүгээс 50 хувийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. М зээлээс өмнө нь авсан зээлээ хаасан. Хөгжил хотхоны байр буюу Т.М, Б.Б нарын дундын өмчлөлийн байрыг худалдаж авч, зээлэнд ороход дүү Баганаагаасаа 35,0 сая төгрөг зээлж, урьдчилгаа өгөөд, буцаагаад Баганаадаа зээлээ төлж байгаа баримтыг Б гаргаж өгсөн байна. Тэр зээлийг хэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт Витафиттай хэрэг бол энэ хэрэгтэй хамааралгүй, тусдаа ажил үүрэгтэй холбоотой зүйл гэж үзэж байна. Тухайн үед Витафитаас тодорхойлолт гаргаж өгсөн байна лээ. Гэхдээ энэ мөнгө тухайн үед гэр бүл байхдаа зарцуулаад дууссан гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Мтай 2011.05.30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Улмаар бид 2012 оноос таарч тохирохоо больсон тул гэрлэлтээ цуцлуулах талаар ярилцаж, 2019.12.16-ны өдрийн 102/ШШ2019/03373 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Миний бие нэхэмжлэлд дурьдсан асуудалд огт оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа 95,0 сая төгрөгийн 50 хувь болох 47,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй. Т.М ажиллаж байсан компанийнхаа зээлд ганцаараа зарцуулсан. Дээрх орон сууц Т.Мын өмчлөлд байсан, 2012 онд Б.Б гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл гаргамагц ээждээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Уг орон сууц гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байгаагүй, Т.Мын өөрийнх нь хуваарьт хөрөнгө байсан. Байраа зарж өөрийнхөө өрийг төлчихөөд, Б.Бд хамаатуулж байгаа нь үндэслэлгүй гэв.
Шүүхэд нэхэмжлэгчээс улсын Ү-2205024308 дугаарт 2015.10.11-ний өдөр бүртгэгдэн олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ баримтыг, хариуцагч Б.Б Витафит ХХК-ийн 2019.11.06-ны болон 2021.11.18-ны өдрийн тодорхойлолтууд, 2016.09.28-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.12.16-ны өдрийн 3373 дугаар шүүхийн шийдвэр, УБЕГ-ын 2012.08.29-ний өдрийн 5/7510 тоот албан бичиг, 2012.08.06-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ болон мөн өдөр олгогдсон Ү-2205024308 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2007.12.21-ний өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ, Кассын орлогын ордер, квитанци, 2012 онд гаргаж байсан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл, 2012.08.21-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 4899 дугаар болон 2012.09.04-ний өдрийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан 1512 дугаар болон шүүгчийн захирамжууд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2012.08.10-ны өдрийн 197 тоот албан бичиг, Голомт банкны 2020.04.15-ны өдрийн Мэдэгдэл зэрэг баримтуудыг, хариуцагч Т.Маас Хас, Хаан банк болон Транскапитал ББСБ-ын данснуу хуулга баримт, 2021.05.25-ны өдрийн Хаан банкны Мэдэгдэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн, шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Т.Мын банк дахь эзэмшлийн данснуудын хуулгуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.Маас 47,500,000 төгрөг, Б.Б 47,500,000 төгрөг буюу 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ үр хүүхэд, ач зээ бэрээ бодоод хүссэнийх нь дагуу байраа зараад зээлүүлсэн, надад байр авч өгөөгүй, мөнгөө буцааж өгөөгүй гэж тайлбарлалаа.
Хариуцагч Т.М нь 47,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зөвшөөрлийг баталлаа.
Хариуцагч Б.Б нь мөнгийг Т.М авч зээлээ төлсөн, би аваагүй тул буцааж өгөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 40в байр, 28 тоот орон сууцыг 2019.08.07-ны өдөр П.Баярмаад 95,000,000 төгрөгөөр худалдахаар 205 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, төлбөрийг худалдан авагч П.Баярмаа нь Т.Мын эзэмшлийн Хаан, Хас, Худалдаа хөгжлийн болон Төрийн банк дахь дансууд руу 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь шаардлагаа хариуцагч нарыг гэр бүлийн хүмүүс, өөрсдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж зээлсэн гэж хувь тэнцүүлэн шаардсан ба Т.М, Б.Б нар нь Баянгол дүүргийн шүүхийн 2019.12.16-ны өдрийн 3373 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч Т.М, Б.Б нарын өмчлөлд зээлийг шилжүүлэх үүрэгтэй ба тухайн тохиолдолд орон сууцыг худалдан авсан П.Баярмаа нь худалдагчийн хүсэлтээр Т.Мын банкууд дахь эзэмшлийн дансууд руу 95,000,000 төгрөгийг 2019.08.08-ны өдрөөс 2019.08.13-ны өдрийн хооронд шилжүүлсэн, хариуцагч Б.М нь 2019.08.23-ны өдөр 72,168,595 төгрөгийг “Витафит” ХХК-д өр төлбөртөө төлсөн, Т.Алтанбаганад 2016.09.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар тухайн зээлийг хариуцагч Б.Байгалийн өмчлөлд шилжүүлж, тэрээр захиран зарцуулсан болох нь нотлогдохгүй буюу нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Т.М нь Баянгол дүүрэг, 17 хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 40в байр, 28 тоот орон сууцыг 2007.12.21-ний өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу худалдан авч өмчлөгч болсон, 2012.08.06-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр өөрийн эх Б.Бгийн өмчлөлд шилжүүлжээ.
Б.Б нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2012.09.04-ний өдрийн 1512 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан ба дахин нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019.12.16-ны өдрийн 3373 дугаар шийдвэрээр тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй талаар дурдсан байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Байгалийн өмчлөлд зээлийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул зээлийг буцаан төлөх үүрэг Б.Бд үүсээгүй буюу Б.Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,500,000 төгрөгийг Б.Б шаардах эрхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 632,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас тэмдэгтийн хураамжид 316,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,500,000 /дөчин долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,500,000 /дөчин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг Б.Бд төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 632,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас тэмдэгтийн хураамжид 316,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ