Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр                   Дугаар 102/ШШ2022/00200                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дд холбогдох,

Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Б.Д, гэрч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2021.10.25-ны өдөр Б.Дтай 2021.093 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж түүний өмчлөлийн БЗД, 14 хороо, 42В байр, 808 тоот орон сууцыг худалдах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Уг орон сууцыг гэрээний дагуу бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлж 2021.10.25-ны өдөр гуравдагч этгээдэд 92,0 сая төгрөгөөр худалдан борлуулж өгсөн. Зуучлуулагч Б.Д нь гэрээний хөлсөнд 2,0 сая төгрөг төлөхөөс 2021.10.25-ны өдөр 1,0 сая төгрөгийг төлсөн. Гэрээний үлдэгдэл 1,0 сая төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй тул Б.Дгаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Компанийн ажилтан гэх Б.Б зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн БЗД, 14 хороо, 42В байр, 808 тоот 39 мкв орон сууцыг 92,0 сая төгрөгөөр худалдаж, 2,0 сая төгрөг хөлсөнд нь өгөхөөр тохиролцсон. Зуучлагч нь гуравдагч этгээдтэй орон сууц худалдан авах гэрээ байгуулахад холбож өгсөн ч ажлаа зохих ёсоор хийгээгүй, итгэл эвдэж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулсан тул сэтгэл ханамж 100 хувь байгаагүй тул энэ тухай тайлбарлан хэлж, 1,0 сая төгрөг өгсөн. Учир нь уг орон сууцны талбай нь 36,88 мкв боллоо гээд 90,0 сая төгрөгөөр гуравдагч этгээд авахаар болсон. Зуучлалын хөлсийг 1,0 сая төгрөг болговол 90,0 сая төгрөгөөр зарж болно эс бөгөөс 92,0 сая төгрөгөөр зарна гэхэд зуучлагч Б.Б хөлсийг 1,0 сая төгрөг болгохоор амаар зөвшөөрсөн тул би түүнд итгэж 90,0 сая төгрөгөөр худалдсан. Гэтэл байраа зарсны дараа зуучлагч нь “Би 1,0 сая төгрөг хөлсөнд авна гэж хэлээгүй” гэж үгүйсгэсэн.  Хэрэв зөвшөөрөөгүй бол би 92,0 сая төгрөгөөр зарж маргаангүй 2,0 сая төгрөгийг өгөх байсан. Миний байрыг 90,0 сая төгрөгөөр заруулчихаад хөлс 2,0 сая төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн надтай байгуулсан гэрээний 1.2-т хаяг хоосон байсныг шүүхэд нотлох баримтаар өгөхдөө нэмж бичсэн нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байх тул гэрээ бүхэлдээ Иргэний хуулийн 56.1 болон ИХШХШТХ-ийн 38.4-т заасан “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 38.5-д “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийн тулд гэрээнд өөрчлөлт засвар хийсэн. Гэрээ байгуулах үед Б.Бэд компанийн ажилтан болохыг нотлох хууль ёсны итгэмжлэл байгаагүй, гэрээнд итгэмжлэл хавсрагдаагүй. Гэрээний 4.1-д гэрээнд огт заагаагүй бөгөөд гэрээний 3.2.1-д “гэрээний 4-т заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг худалдсан бол зуучлалын хөлс авахаар зохицуулсан нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иргэний хуулийн 202.2.5-д заасан гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон. Зуучлагч нь ямар ажил хийсэн, зар сурталчилгаа явуулсан тухай надад танилцуулаагүй, гэрээнд зааснаар гуравдагч этгээдтэй холбож өгөх үедээ тэмдэглэл үйлдээгүй, шүүхэд энэ тухай нотлох баримт гаргаагүй, 202.2.8-д заасан нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгосон эрхийг хязгаарлсан буюу үгүйсгэсэн гэрээ байгуулсан Мөн Иргэний хуулийн 58.3.4-т заасан тохиролцооны зүйл болон сэдэлтийн талаар ноцтой төөрөгдсөн. Учир нь 92,0 сая төгрөгөөр зарах байснаа 90,0 сая төгрөгөөр бууруулж зарах тохиолдолд 1,0 сая төгрөгийн зуучлалын хөлс өгнө гэхэд зуучлагч Б.Б зөвшөөрсөн атлаа дараа нь үгүйсгэсэн. Би орон сууцаа 90,0 сая төгрөгөөр зарахдаа 50,0 сая төгрөгийг дансаар авч, үлдэгдэл 40,0 сая төгрөгт автомашин тооцож авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

У” ХХК нь Б.Дд холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцсон хөлсийг дутуу төлсөн гэж, хариуцагч нь зуучлагч хөлсийг 1,000,000 төгрөг болгохоор амаар зөвшөөрсөн тул орон сууцны үнийг бууруулж зарсан гэж маргав.

 

Нэхэмжлэгчээс Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ баримтыг, хариуцагчаас Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, банкны дансны хуулга, Орон сууц захиалгаар бариулах гэрээ баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Бээс мэдүүлэг авчээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна. 

 

Нэхэмжлэгч компани нь 2021.10.25-ны өдөр Б.Дтай 2021.093 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, “У” ХХК нь орон сууцыг худалдан авах боломжит худалдан авагчтай холбох үүргийг,  Б.Д нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээний хөлс төлөх үүргийг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хариуцагч нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 хороо, 42В байр, 808 тоот орон сууцыг худалдахад зуучлуулж хөлс төлөх, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй холбож өгөх хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Зохигчийн тайлбар, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар худалдан авагч С.Энхцэцэгтэй орон сууцыг худалдахаар хариуцагч нь гэрээ байгуулсан, 50,000,000 төгрөгийг дансаар, 40,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл авсан байна.

 

Хариуцагч нь гэрээний 1.2-т хаяг хоосон байсныг шүүхэд нотлох баримтаар өгөхдөө нэмж бичсэн нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа боловч Баянзүрх дүүрэг, 14 хороо, 42В байр, 808 тоот орон сууцыг худалдах талаар тохиролцсон буюу тохирсноос өөр орон сууцыг тодорхойлоогүй байх тул хуурамч нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.1-д 100,0 сая төгрөг хүртэл үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлалын хөлсийг 2,000,000 төгрөг байхаар тодорхойлсон, хариуцагч нь орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалджээ.

 

Б.Д нь орон сууцныхаа талбайн хэмжээг гэрээнд 39 мкв гэж мэдүүлэн үнийг 92,000,000 төгрөг тохиролцсон байгаа боловч уг орон сууцны талбай 36,88 мкв байснаас үнэ нь 90,000,000 төгрөг болсон байгаад нэхэмжлэгч буруугүй бөгөөд зөвхөн худалдан авагчтай холбох үүрэгтэй юм.

 

Хэдийгээр хариуцагч нь орон сууцыг 92,000,000 төгрөгөөр зарах байснаа 90,000,000 төгрөгөөр бууруулж зарах тохиолдолд 1,000,000 төгрөгийн хөлс авахгүй талаар зуучлагч Б.Б зөвшөөрсөн гэж марган, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан боловч нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн “У” ХХК-тай байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээнд зуучлалын хөлсийг бууруулах эрх Б.Бэд олгогдоогүй байна.

 

Иймд худалдан авагчтай холбож зуучлах үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн, 2,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргээс хариуцагч нь 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан Даас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан, “У” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ