| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2020/0305/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1285 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/1285
Д.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г-т холбогдох эрүүгийн 1911023070950 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Г-, 1965 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, оршин суух хаягийн бүртгэлтэй,
1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэх,
Баянхонгор аймгийн шүүхийн 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянхонгор аймгийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар нийт 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 321 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Д.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод байрлах гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай “Утас алга болсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэрийнхээ хогийн шүүрээр толгойн тус газар нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 296 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хогийн шүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...талийгаачийг хогийн шүүрээр толгойн тус газарт нь цохисон боловч уг хогийн шүүрээс шүүгдэгчийн гарын мөр илрээгүй, нас барсан цаг хугацаа эргэлзээтэй, талийгаач өөрөө унаж татдаг тархины хүнд суурь өвчтэй болох нь эмнэлгийн магадлагаагаар нотлогдож байгаа ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу амь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтуурсан байсан, хохирогчийн зүй бус харьцаа гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон, талийгаач нь зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах нөхцөл байдал нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдахдаа эргэлзээтэй тусгагдсан, нэг шинжээчийн гаргасан дүгнэлтээр бүх асуудлыг шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч сэтгэцийн өвчтэй байсан, уг өвчин бүрэн эдгэрсэн, уг өвчин шүүгдэгчийн үнэн зөв мэдүүлэг өгөхөд нөлөөлж байгаа эсэх нь тогтоогдоогүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие амь хохирогчийг гэртээ дагуулж очин хамт архи уусан. Ямар нэгэн өс хонзонгийн санаа сэдэлт огтхон ч агуулаагүй. Хамт архи уусан Энхтөгс, Баянтөгс, Нандинцэцэг нар мөрдөгч Барсболдын нөлөөнд автаж, бодит байдалд үл нийцэхүйц өөрсдийгөө хаацайлсан мэдүүлэг өгсөн. Эдгээр нь хоорондоо зөрүүтэй байдаг. Мөрдөгч Барсболд нь намайг өрөөндөө зодож, дарамталж байгаад хүчээр хэрэг хүлээлгэсэн. Энэ талаарх гомдлыг холбогдох этгээдүүдэд гаргаж байсан боловч шалгалгүй орхигдуулсан. Миний бие амь хохирогчид гэмтэл учруулаагүй. Энхтөгс, Баянтөгс хоёр амь хохирогчийг “Оронд шээлээ” гэх шалтгаанаар таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар ээлжлэн цохих үйлдлийг хийж байхад би “Бие муутай хүнийг боль” гээд салгах үйлдлийг хийж байсан. Энэ үед амь хохирогчийн биед гэмтлүүд үүссэн болно. Миний хийсэн буруутай зүйл бол амь хохирогчийг өнгөрөхөөс өмнө эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй явдал юм. Би хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж, оршуулгын зардлыг төлсөн. Хэрэгт нотлох баримтуудыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, миний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байдаг. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогчийг тогтоож, миний гэм буруутай үйлдэлд тохирсон хуулийн хариуцлагыг оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Р.Чинбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлтээр талийгаач Т- нь гавал тархины битүү гэмтэл болох зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа гэмтлийг нас барахаас 18 цагийн өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 3-нд шилжих шөнө авсан байх бөгөөд дээрх гэмтлийг шүүгдэгч Г- учруулаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Шинжээч Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаачийн зүүн чихний арын сэртэнгэ хөхрөлт нь зодуулснаас буюу цохиулснаас үүссэн гэмтэл” гэж мэдүүлж байсан. Уг гэмтлийг гэрч Улаанаа буюу Баттөгс, Төгсөө буюу Энхтөгс нар учруулсан байх бөгөөд тэдний үйлдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нарийвчлан шалгаагүй болно. Шүүгдэгч Г- нь 3 удаа мэдүүлэг өгсөн байхад гагцхүү түүний эрүүдэн шүүлгэж өгсөн “талийгаачийг хогийн шүүрний ишээр цохисон” гэх мэдүүлгээр ялласан. Энэ нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй. Мөрдөгч Барсболд нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа Тогмид гэх өмгөөлөгчийг оролцуулсан байдаг. Шүүгдэгч Г- нь өмгөөлөгч Тогмидтой гэрээ хэлцэл байгуулаагүй, хөлс мөнгө төлөөгүй, түүнийг өмгөөлөгчөөрөө сонгоогүй байхад мөрдөгч өөрийн үзэмжээр өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г-ийг сэтгэцийн өвчтэй байсныг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн мөртлөө өмгөөлөгч нарын үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн шинжээчийн 1077 дугаартай дүгнэлтэд “Г- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна” гэж дүгнэсэн ба өмгөөлөгч нарын зүгээс “шүүгдэгч Г-ийн 1983 онд сэтгэцийн өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн” талаарх баримтыг гаргаж дахин шинжилгээ хийлгэх хүсэлт тавихад анхан шатны шүүх цэргийн албанаас чөлөөлөгдөх баримт байна гэж өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх талийгаачийг довжоо руу унаж нас барсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж үзнэ. Энэ нь шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1912 дугаартай дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч нь талийгаачийг хогийн шүүрний ишээр цохисон гэхээс илүү ямар санаа зорилгоор талийгаачийг унагаасан эсэх нь хэргийг зүйлчлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэрээр талийгаач Т-тай “утас алга болсон” гэх асуудлаас болж маргалдсан талаараа сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Тухайн үед “утас алга болсон” эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Г-ийн хамтран амьдрагч Мөнхзул авч явсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Г-ийн гэрт хамт архидан согтуурсан хүмүүсээс мэдүүлэг авахад “ямар нэг маргаан үүсээгүй, 9 дүгээр сарын 3-ны өглөө архи уугаад гарч явсан” талаар мэдүүлдэг. Мэдүүлгүүд нь хоорондоо зөрчилдсөн, эргэлзээ бүхий байдал байдаггүй. Амь хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд маргаан үүссэнээс болж шүүгдэгч талийгаачийн толгойн зүүн хэсэгт хогийн шүүрээр цохисон талаар мэдүүлдэг. Цогцост задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр талийгаачийн зүүн чамархай, зүүн зулай хэсэгт цусан хураа үүсч, улмаар цусан хураа тархийг дарж, тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Тухайн үед маргаан үүссэний улмаас бусдыг зодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан. Амь хохирогчийг зөөвөрлөж гэрийнхээ гадна үүдний довжоо хэсэг рүү унагааснаас нас барсан гэх асуудал нотлогдон тогтоогдоогүй. Энэ нь шинжээчийн “өндрөөс унахад тухайн гавал тархины битүү гэмтэл үүсээгүй” талаарх дүгнэлт, мэдүүлгээс тодорхой харагддаг. Г-оос сэжигтнээр мэдүүлэг авахдаа мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх эрхийн талаар сануулж, тайлбарласан ба тэрээр мэдүүлэг өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Г-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь яллах дүгнэлт болон хавтас хэрэгт тусгагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог. Иймд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
амь хохирогч Д.Т-н хувийн болон аж байдлын талаар мэдүүлсэн түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ундрамын “...ах маань 2010 онд тархиндаа гэмтэл авсан ба 70 хувийн группд байдаг. Гэмтлээсээ болоод ажил төрөл хийж чадахгүй байсан. 2007 онд Амгалангийн хорих ангид 1 жилийн хорих ял эдэлсэн санаж байна. ...” /1хх 38-39, 41/,
гэрч С.Тогосгэрэлийн “...Т- бол миний хүүхэд. Хамгийн сүүлд утсаар 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 20 цагийн үед ярихад нэг айлд, бага зэргийн халамцуу байсан ба “удахгүй гэртээ очно” гэж хэлсэн. Цаана нь олон хүмүүс шуугилдаад байсан. Маргааш нь 11 цагийн үед залгахад утсаа ерөөсөө аваагүй. Орой 19 цагийн үед залгахад нэг согтуу эмэгтэй хүн авсан ба “Т-тай ярих хэрэгтэй байна” гэхэд “Юун Т-, утсыг нь би авчихсан, хохь нь” гээд тасалсан. Тэрнээс хойш холбогдож чадаагүй. ...” /1хх 86/,
амь хохирогч Б.Т-тай маргалдаж, улмаар түүний биед халдсан үйл явдлын талаар мэдүүлсэн шүүгдэгч Д.Г-ийн “...Эрдэнэбат гээд манай хүргэн ах 16 цагийн үед орж ирээд 20-30 минут Т-н хажуугаар газар хэвтэж байгаад гэр лүүгээ явсан. Эрдэнэбат орж ирэхдээ 0,5 литрийн шилтэй тал архи авч орж ирснийг Т- бид хоёр хувааж уугаад байж байтал Т- өөрийн утсаа надаас нэхээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Миний уур хүрээд өрөөний зуухны дэргэд байх хогийн шүүрийг аваад Т-н толгойн зүүн талд 1 удаа цохисон. Тэгсэн чинь Т- шууд газар унаад хэвтсэн ба сонин хурхирах чимээ гаргаад байсан. Тэгэхээр нь би очоод татсан чинь ямар ч хөдөлгөөн байхгүй, бие нь халуунаараа байсан. Би баруун гарынх нь бугуй хэсгийн судсыг барьж үзэхэд цохилохгүй байхаар нь гадаа гаргаад тавья гэж бодоод хоёр гараараа нуруу хэсгээр нь тэврээд арагшаа чирч яваад довжоо хэсэг дээр очоод хаалганы зүүн хэсэг рүү алдсан. Тэр үед Т- толгой хэсгээрээ ойчсон ба би хашаанаас гараад дэлгүүрийн худалдагчийн утсаар 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. ...” /1хх 167-171/,
дээрх үйл явдал болохоос өмнөх болон дараах үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Ц.Мөнхзул /Д.Г-ийн хамтран амьдрагч/-ын “...талийгаач 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ирсэн. Би утсыг нь аваад хамгийн эхэнд Г- руу залгасан. Товчлууртай жижиг утас байсан. Маркийг нь санахгүй байна. Мөн утсыг яасан талаар санахгүй байна. Ихэвчлэн архиар солиод уучихдаг. ...” /1хх 50, 52/,
гэрч Д.Эрдэнэбат /Д.Г-ийн хүргэн ах/-ын “...2019 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдөр Г-ийн гэрт очиход нэг залуу газар унтаж байсан. Г- намайг “Та яах гэж байгаа юм бэ” гээд гэрээсээ хөөсөн. Тэр залуу сэрээгүй. ...” /1хх 55/,
гэрч Х.Алтангинж /дэлгүүрийн худалдагч/-ийн “...21 цагийн үед Г- халамцуу орж ирээд “Манай хашаанд хүн үхчихсэн байна, хурдан цагдаа дууд” гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. ...” /1хх 58-59/,
гэрч Б.Баттөгс /Улаанаа хочтой/-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Нандинцэцэг, Мөнхтөгс нарын хамт Г- ахынд очсон. Тэднийд очиход ГанТ-, Т-а нар халамцуу хэвтэж байсан. Тэр үед ерөөсөө хэрүүл маргаан болоогүй, бид нар авсан архиа уугаад л унтаад тэндээсээ явсан. ...” /1хх 61-62/,
гэрч Б.Даваасүрэн /Аачка хочтой/-ийн “...2019 оны 9 дүгээр сарын эхээр Г- ахынд очиход эхнэр Мөнхзул, түүний дүү нар гэх 20-25 насны хоёр эрэгтэй хүн байсан. ...” /1хх 64-65/,
гэрч Н.Энхтөгс /Төгсөө хочтой/-ийн “...Улаанаа, Жаахан бор нарын хамт Мөнхзул эгчийн гэрт архи аваад очсон. Тухайн үед Мөнхзул эгчийн нөхөр Г- өөрийн нэг найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид тав нийлээд архи уугаад хоносон. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа дахин очих үед Г- ахтай үлдсэн найз нь шатнаас унаад хүзүүгээ хугалаад нас барсан гэдэг яриа гарсан байсан. Маргааш нь Жаахан бор, Улаанаа бид гурав шараа тайлчихаад гараад явсан. ...” /1хх 67-68/,
гэрч Э.Нандинцэцэг /Жаахан бор хочтой/-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 17 цагийн үед Төгсөө, Улаанаа нарын хамт Г- ахын гэрт очсон. Тэдний гэрт очиход Г- ах нэг эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав нийлээд авчирсан архиа хувааж уугаад тэндээ хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед бид нар Г-ийн гэрээс явсан. Тэр үед бид нар ерөөсөө хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Мөнхзул эгч тухайн үед гэртээ байгаагүй. ...” /1хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,
амь хохирогч Б.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 23 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод хашаанд байрлах нэг давхар өвлийн сууцны үүдний довжоо хэсэгт нас барсан байдалтай олдсон талаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-11/ болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 16/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-15, 17-19/,
шүүгдэгч Д.Г-ийг оролцуулан хэргийн газарт хийсэн нөхөн үзлэгээр амь хохирогч Б.Т-г цохисон гэх “ягаан өнгийн иштэй, шүүр хэсэг нь хугарсан” нэг ширхэг хогийн шүүрийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 24-25, 26-31, 32/,
амь хохирогч Б.Т-н цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1912 дугаартай “Талийгаачид зүүн чамархай булчинд цус хуралт, их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины гүүрийн эд доторх цусан хураа, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус хуралт, хамрын зүүн дээвэр ясны хугарал, зүүн хацрын төвгөр хэсэг, хамрын зүүн хажуугийн зулгарал, зүүн чихний дэлбээ, чихний арын нугалаас, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл болох тархины гүүрийн суурь хэсгийн эд доторх цусан хурааны улмаас нас баржээ. Талийгаач нь зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн байна. Гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач тархины гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэлх хэсэг хугацаанд амьд байх боломжтой ба үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Уг цусан хураа талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл өндрөөс унах болон явганаас унахад үүсээгүй байна.” /1хх 90-92/,
хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 124 дугаартай “Гавал тархины битүү гэмтэл болох зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн, тархины гүүрийн эд доторх цусан хураа нь нас барахаас өмнөхөн тархи дарагдаж шахагдан хавагнасны улмаас хоёрдогчоор үүссэн байна.” /2хх 182-185/ гэсэн дүгнэлтүүд,
эдгээр дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Б.Ариунзулын “...мэс заслын дараах байдал гэдэг нь мэс засал хийснээс хойших бүх л хугацааг хэлнэ. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан талийгаачийг цохисон гэх хогийн шүүрээр нас бие гүйцсэн 50-60 насны хүн нэг удаа цохиход талийгаачид учирсан тархины гэмтэл үүсэх эсэх нь тухайн хүний цохилтын хүчнээс хамаарна. Талийгаач толгойн зүүн чамархай хэсэгт гэмтэл авсан байдаг. Хүний гавал яс тархины гадуур нь бүрхэж хамгаалах үүрэгтэй бөгөөд талийгаач зүүн чамархай хэсэгтээ цооног гаргуулсан. Өөрөөр хэлбэл ясгүй учраас гэмтэл үүсэх магадлал төдий чинээ өндөр гэсэн үг. Талийгаачийн тархины ясанд цооног гаргах мэс засал хийлгээгүй бүтэн ястай байсан ч гавал тархины битүү гэмтэл авч амьд үлдэх боломжгүй байсан. Тархины битүү гэмтэл болон зүүн зулай, чамархай хэсгийн хажуу хальс доорх цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн. Хамгийн дээд хугацаа 18 цаг ба өмнөх дүгнэлт дээрх 24 цаг гэсэн нь эд эсийн шинжилгээгээр илүү нарийвчлан гарч 18 цаг болсон гэсэн үг юм. ...” /1хх 97-98, 99, 2хх 190-191/ гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад, Д.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-59 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Утас алга болсон” гэх асуудлаар Б.Т-тай маргалдаж, улмаар зуухны дэргэд байсан хогийн шүүрээр түүний толгойн тус газарт цохисноос “гавал тархины битүү” гэмтэл учруулан алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Харин энэхүү үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ Б.Т- бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийн авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо зөрүүгүй байх ба Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн болон мөрдөгчөөс эрүүдэн шүүж, хилсээр хэрэг Т-ж хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргүүдийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг.
“Хүнийг алах”, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоо гүйцэлдүүлж буй үйлдлийг тогтоож, түүнд дүгнэлт хийдэг.
Шүүгдэгч Д.Г- нь 2010 онд хорих ангид ял эдэлж байхдаа амь хохирогч Б.Т-тай танилцсан гэх бөгөөд түүнтэй 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тааралдаж, улмаар гэртээ дагуулан ирж өөр бусад этгээдүүдийн хамт 2 өдөр архидан согтуурсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Харин 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр буюу амь хохирогч Б.Т-тай хамт үлдсэн байхдаа болсон үйл явдлын талаар Д.Г- мөрдөн шалгах ажиллагааны үед “...Т- өөрийн утсаа надаас нэхээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Миний уур хүрээд өрөөний зуухны дэргэд байх хогийн шүүрийг аваад Т-н толгойн зүүн талд 1 удаа цохисон. Тэгсэн чинь Т- шууд газар унаад хэвтсэн ... би очоод татсан чинь ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. ... гадаа гаргаад тавья гэж бодоод хоёр гараараа нуруу хэсгээр нь тэврээд арагшаа чирч яваад довжоо хэсэг дээр очоод хаалганы зүүн хэсэг рүү алдсан. Тэр үед Т- толгой хэсгээрээ ойчсон. ...” гэж мэдүүлдэг.
Амь хохирогч Б.Т-н цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1912 дугаартай дүгнэлтээр “...талийгаач нь гавал тархины битүү гэмтэл болох тархины гүүрийн суурь хэсгийн эд доторх цусан хурааны улмаас нас барсан. ... зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн. ... тархины гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэлх хэсэг хугацаанд амьд байх боломжтой ... талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл өндрөөс унах болон явганаас унахад үүсээгүй. ...” болохыг тогтоосон ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Б.Ариунзулаас “...хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан талийгаачийг цохисон гэх хогийн шүүрээр нас бие гүйцсэн 50-60 насны хүн нэг удаа цохиход талийгаачид учирсан тархины гэмтэл үүсэх эсэх нь тухайн хүний цохилтын хүчнээс хамаарна. Талийгаач толгойн зүүн чамархай хэсэгт гэмтэл авсан байдаг. Хүний гавал яс тархины гадуур нь бүрхэж хамгаалах үүрэгтэй бөгөөд талийгаач зүүн чамархай хэсэгтээ цооног гаргуулсан. Өөрөөр хэлбэл ясгүй учраас гэмтэл үүсэх магадлал төдий чинээ өндөр гэсэн үг. Талийгаачийн тархины ясанд цооног гаргах мэс засал хийлгээгүй бүтэн ястай байсан ч гавал тархины битүү гэмтэл авч амьд үлдэх боломжгүй байсан. Тархины битүү гэмтэл болон зүүн зулай, чамархай хэсгийн хажуу хальс доорх цусан хураа нас барахаас 18 цагийн өмнө үүсгэгдсэн. ...” хэмээн мэдүүлжээ.
Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Б.Т-г үхэлд хүргэсэн “гавал тархины битүү” гэмтэл нь шүүгдэгч Д.Г-ийн хогийн шүүрээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогчийн зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа нэмэгдсэнээр тархи дарагдаж нас баржээ.
Түүнчлэн шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч нарын зүгээс түүний сэтгэцийн байдалтай холбоотой гэх баримтууд /3хх 83-84/-ыг анхан шатны шүүхэд гарган өгч, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг дахин шалгуулах хүсэлтийг гаргадаг.
Гэвч эдгээр баримтууд нь “1983 онд эрүүл мэндийн байдлын улмаас цэргийн албанд тэнцээгүй” болохыг тодорхойлсон утга агуулгатай байх бөгөөд шүүгдэгч Д.Г- цэргээс халагдсанаас хойш олон удаа шүүхээр ял шийтгүүлсэн байдал болон Шүүх сэтгэц судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1077 дугаартай “Д.Г- урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй ... одоогоор сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрэхгүй ... сэтгэцийн ямар нэгэн өвчингүй ... хэрэг хариуцах ... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх 109-110/ гэсэн дүгнэлт зэрэг нь түүнийг хэрэг хариуцах чадвартай байсныг илтгэнэ.
Иймээс үйл баримт, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлын талаар маргасан шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон талийгаач нарын хувийн байдал, талийгаач нь зүүн чамархайн ясанд цооног гаргах мэс заслын дараах байдалтай байсан нь үхэлд нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, үйл баримт, гэм буруу, ялын талаар гаргасан шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Р.Чинбаа, Б.Минжүүрдорж нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН