Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 175

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт, А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Одгийвийн Түвшинбаярт холбогдох эрүүгийн 201625022648 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Арцат 3 дугаар гудамжны 117 тоотод оршин суух,

1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 293 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн , бие эрүүл, ухаан бүрэн / РД:УП92051853 / Боржигон овогт Одгийвийн Түвшинбаяр нь:

- ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 80-90 УНМ улсын дугаартай Бенз маркийн автомашиныг хэрэглэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах " Монос " эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 15-05 УНГ улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашины цонхыг хагалан нэвтэрч, монетон бөгж хулгайлан авч Б.Энхбаярт 880.000 төгрөгийн,

мөн 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашины баруун хойд хаалганы цонхыг хагалж, Макбүүк маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд, цамц, пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж, Г.Баясгаланд 500.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Баясгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд байх зогсоолд өөрийн эзэмшлийн 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашинаа орхиод кино үзчихээд 00 цаг 30 минутын орчимд автомашин дээрээ иртэл баруун хойд хаалганы шилийг хагалж, автомашин дотор байсан цүнхтэй бэлтгэлийн хувцас, цүнхтэй бичиг баримт, нөүтбүүк зэрэг эд зүйлс алга болсон байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 32 /

Иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Од мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Компьютер Ланд-д ажил дээрээ байж байтал 15 цагийн орчимд нэг залуу “ Макбүүк про маркийн нөүтбүүк байна. Кодыг нь гаргаад өгөөч “ гэхээр нь би кодыг нь гаргаж өгсөн. Тэр залуу надад “ Энэ нөүтбүүк хэрэглэж байсан хүн нь хөдөө явчихсан. Би өөрөө хэрэглэнэ “ гэсэн. Тэгээд би “ Код тайлахын тулд доторхи файлыг устгах хэрэгтэй. Энэ файл дотор хэрэгтэй зүйл байгаа юм уу “ гэхэд тэр залуу байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөүтбүүкний кодыг арилгаж шинээр 1 гэсэн код хийсэн. Тэгтэл тэр залуу “ Одоо энэ нөүтбүүкийг хэрэглэхэд хэцүү чадахгүй байна. Үнэ тохирсон хүндээ худалдана “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Үнэ тохирвол би авъя “ гэж хэлтэл тэр залуу “ 1 жилийн өмнө энэ нөүтбүүкийг америкаас захиалж авчирч байсан. Монгол мөнгөөр 1.700.000 орчим төгрөг болсон ” гэж хэлсэн. Би 700.000 төгрөгөнд авч болох уу гэтэл тэр залуу болно гэж хэлсний дагуу худалдаж авсан. Өөрийнх нь эд зүйл юм байна гэж бодоод худалдаад авчихсан гэжээ. / 1 дүгээр хавтас 34 /

       Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 4-5, 8-9 /

            Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / 1 дүгээр хавтас 19-24 /

            Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 27-28 /

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтас 30 /

  Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 29 /

Хохирогч Б.Энхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 15-05 УБГ улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашинтайгаа гараад орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангийн ертөнцийн зүгээр хойд талд нэг автомашины зогсоол байхаар нь уг зогсоол дээр өөрийн эзэмшлийн 15-05 УБГ улсын дугаартай Тоёото Аллион маркийн машинаа ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж тавиад гэртээ орсон. Тэгээд би маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Монос эмийн сангийн гадна байрлуулсан өөрийн эзэмшлийн 15-05 УБГ дугаартай Тоёото Аллион маркийн машин дээрээ ирэхэд миний машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалаад хулгай орсон байхаар нь шууд цагдаагийн газарт хандсан. Тэгээд удалгүй цагдаагийн газраас хүмүүс ирээд үзлэг хийгээд явсан ба тухайн үед дунд хайрцаг дотор хийсэн өөрийн монетон бөгжөө санаад хартал байхгүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 171, 172, 2 дугаар хавтас 26 /

   Гэрч Т.Бямбажав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сард санагдаж байна. Уг машиныг О.Түвшинбаяр ломбарданд тавих гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би итгээд ломбарданд тавиулаад мөнгийг нь О.Түвшинбаярт дансаар шилжүүлээд өгөөд явуулсан. Тэгтэл О.Түвшинбаяр нь хэрэгт холбогдсон гэдгийг мэдсэн ба би өөрөө машинаа ломбарднаас 2 сая төгрөгийг өөрөөсөө гаргаад чөлөөлөөд өөрийнхөө нэр дээр авчихсан байгаа. О.Түвшинбаяр энэ машиныг унаж гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагаас сонсож байна гэжээ. / 2 дугаар хавтас 27 /

- Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтас 176/

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 167-171 /

-  Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 183 /

-  Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 176 /

- Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 177-178/,

  Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 50 /

Шүүгдэгч О.Түвшинбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 44-46 /, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 47-48, 81 / зэрэг болно.

Шүүгдэгч О.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Дахин хулгай хийхгүй. Намайг харж үзэж хорих ялын хугацааг багаар тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь ялтай байх хугацаандаа  2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 80-90 УНМ улсын дугаартай Бенз маркийн автомашиныг ашиглан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах " Монос " эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 15-05 УНГ улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашины цонхыг хагалан нэвтэрч, монетон бөгж хулгайлан авч Б.Энхбаярт 880.000 төгрөгийн,

-2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад харилцааны яамны урд байрлах Хаан банкны урд зогсоолд байрлуулан тавьсан байсан 29-39 УНЧ улсын дугаартай Тоёото Хайландр маркийн автомашины баруун хойд хаалганы цонхыг хагалж, Макбүүк про маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга, цүнхтэй куртик, бэлтгэлийн өмд цамц, пүүз зэрэг эд зүйсийг хулгайлж, хохирогч Г.Баясгаланд 500.000 төгрөгийн, бусдад нийт 1.380.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5, 8-9 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 27-28 /, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19-24 /,  ... камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /,  …00.30 цагийн үед иртэл машины баруун хойд талын хаалганы шилийг хагалж ороод цүнхтэй хувцас, Макбүүк про маркийн зөөврийн компьютер, бичиг баримт, тамга зэргийг хулгайлсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Баясгалангийн мэдүүлэг /  хх 32  /, ... 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Компьютер Ланд-д ажил дээрээ байхад нэг залуу Макбүүк про маркийн нөүтбүүкний  кодыг гаргуулаад зарна гэхээр нь 700.000 төгрөгөөр авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Одын мэдүүлэг / хх 34 /, … Монос эмийн сангийн гадна байрлуулсан 15-05 УБГ дугаартай Тоёото Аллион маркийн машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалаад дунд хайрцаг дотор хийсэн монетон бөгжийг хулгайлсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 171, 172, 2 дугаар хавтас 26 /,  … миний эзэмшлийн машиныг О.Түвшинбаяр нь худалдаж авъя гэхээр нь зөвшөөрсөн. Мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би итгээд ломбарданд тавиулаад мөнгийг нь О.Түвшинбаярт дансаар шилжүүлээд өгөөд явуулсан. О.Түвшинбаяр нь надад 1.500.000 төгрөгнөөс өөр мөнгө өгөөгүй. Хэрэгт холбогдсон гэдгийг мэдээд ломбарданд 2 сая төгрөгийг өөрөөсөө төлөөд машинаа авчихсан байгаа гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Бямбажавын мэдүүлэг  / 2 дугаар хавтас 27 /, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтас 176/, …Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 167-171 /, …Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 183 /, …Эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 176 /, …Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 177-178/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч О.Түвшинбаярыг давтан бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулж, О.Түвшинбаяр нь урьд хорих ял эдэлж байсан тул ялыг чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ  80-90 УНМ дугаартай Бенз маркийн авто машиныг ашигласан болох нь хэрэгт авагдсан камерын бичлэг бүхий сиди, сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр / 1 дүгээр хавтас 167-171 / нотлогдсон бөгөөд дээрх машин нь Т.Баямбажавын эзэмшлийн машин болох нь түүний мэдүүлэг / 2 дугаар хавтас 27 / болон тээврийн хэрэгслийн лавлагаа / 1 дүгээр хавтас 185 / зэргээр тус тус нотлогдсон байна. Дээрх машиныг 5.000.000 төгрөгөөр / 2 дугаар хавтас 31-36 / үнэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар О.Түвшинбаяраас 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                ТОГТООХ нь:

1. Одгийвын Түвшинбаярыг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан О.Түвшинбаярын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, ялтан О.Түвшинбаяр нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан О.Түвшинбаярын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан О.Түвшинбаяраас 5.000.000 / таван сая / төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Ялтан О.Түвшинбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ