Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0342

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Э

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Миний бие нь 2011 онд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. 2011 оны ******* дугаар сард нөөцөөс зарлагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтнийг томилох сонгон шалгаруулалтанд шалгарч тус газрын даргын 20******* оны 01 дүгээр сарын 31 -ний өдрийн №******* тоот тушаалаар томилогдон ажилласан. Улмаар 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Тухайн үед нийтэд зарлагдсан ажлын байранд өөрийн хүч хөдөлмөрөөр шалгарч томилогдон өдийг хүртэл ажиллаж, үр дүнгийн гэрээгээр “А”, “Б” үнэлгээ авч ажиллаж ирсэн.

Гэтэл тухайн үеийн Хүүхдийн төлөө үндэсний газар одоогийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.А  2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Миний хариуцан ажиллаж байсан ажлын байр буюу Өсвөр үе залуучууд, хууль хорооны албан тушаал нь илүү өргөжиж тус газарт Залуучуудын газар, Хуулийн алба шинээр байгуулагдсан. Агентлагийн даргатай уулзахад “... Хуулийн алба шинээр байгуулагдаж байгаа. Чамайг тэр албанд оруулж томилно...”гэсэн ба үүний дагуу Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр материал явуулсан

Гэтэл надад ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан атал 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцэхийг даалгасан нь үндэслэлгүй юм. Иймээс миний ажлын байр өргөжин тэлсээр байтал миний оронд манай салбарын ямарч туршлага мэдлэггүй, төрийн сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг ажиллуулан, надад мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас чөлөөлж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.А оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын Их Хурлын 2016 оны ******* дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын мөн оны 04 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон тооны дээд хязгаарыг 35 байхаар баталсан.

Хүүхдийн хөгжил, хамгаалал гэсэн үйл ажиллагааны стратегитай байсан агентлагийн үйл ажиллагааны стратеги дээр гэр бүлийн, залуучдууын хөгжлийн асуудлыг хариуцах чиг үүргийг нэмсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны ******* тоот тушаалаар агентлагийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын баталсан бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, гэр бүл бодлого хэрэгжилтийн газар 8 ажилтны орон тоотой байсныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газар болгон өөрчилж 6 ажилтны орон тоотой болгон өөрчилсөн байна.

Өөрөөр хэлбэл Хүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, гэр бүлийн бодлого, хэрэгжилтийн газарт байсан буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Өсвөр үе, залуучууд, хууль зүйн хороо хариуцсан мэрэгжилтэн гэсэн орон тоо байгууллагын бүтцийн нэгжээс хасагдсан. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, хамгааллын газарт дээрх орон тоо байхгүй.

Иймээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтэгэмжийг 20165 оны ******* дугаар сарын 19-ний өдөр түүний Голомт банкин дахь ******* тооот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч энэхүү тэтгэмжийг эс зөвшөөрч буцаан төлөхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн саналыг өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Өсвөр үе, залуучууд, хууль зүйн хорооны албан тушаал илүү өргөжиж Хуулийн албан болон өөрчдөгдсөн талаар дурджээ. Хүүхдийн төлөө үндэсний газар Эрх зүйн зохицуулалт, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Тогтоол шийдвэрийн биелэлт, үр дүнгийн гэрээний төлөвлөлт, тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 эрх зүйч мэргэжлийн ажлын байр байсныг хариуцах чиг үүрэг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 3 орон тоотой болгож бүтцийн нэгж буюу алба болгон шинээр зохион байгуулсан. Энэ нь Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, гэр бүл, бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтний албан тушаал өргөжсөнөөр бий болсон нэгж биш юм.

Мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас гэнэт халсан гэх асуудлын тухайд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг нийт ажилтан албан хаагчдын дунд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Агентлагийн даргын тушаалаар 08 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот хурлын заланд зохион байгуулсан. Уг сонсох ажиллагаанд мэргэжилтэн Л.Э нь өөрийн биеэр оролцсон болно.

Миний оронд энэ салбарын мэдлэг, туршлагагүй хүнийг авч ажиллуулж эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тухай дурдсан байна. Л.Эгийн ажиллаж байсан албан тушаал буюу орон тоо шинээр зохион байгуулагдсан Агентлагийн нэгжид байхгүй тул өөр хүнийг авч ажиллуулах боломжгүй юм.

Иймд Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Э тус шүүхэд хандаж “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад “ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлагаа “Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах” гэж тодруулбан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний хариуцаж ажиллаж байсан Өсвөр үе залуучууд, хууль зүйн хорооны албан тушаал нь илүү өргөжсөн...намайг томилно гэсэн боловч гэнэт мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо бүтцийн нэгжээс хасагдсан...нийт албан хаагчдын дунд сонсох ажиллагааг явуулсан бөгөөд Л.Э уг сонсголд оролцсон...” гэж тус тус тайлбарлаж мэтгэлцэж байна.

Маргаан бүхий акт болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурлын 2016 оны ******* дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Хүүхдийн төлөө үндэсний газрын Өсвөр үе залуучууд, хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Л.Эг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Засгийн газрын 2016 оны 7 дугаар  сарын  27-ны өдрийн 04 дугаар бүхий “Засгийн газрын агентлагийн талаар

 авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, улмаар тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Агентлагийн орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас Л.Эг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан, үүнийгээ “Өсвөр үе, залуучууд, хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо бүтцийн нэгжээс хасагдсан...” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн ажлын байрны албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж буй албан тушаалтныг шалгаруулж авах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн болон Өсвөр үе залуучууд, хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, тус газрын үйл ажиллагааны стратеги зэргийг харьцуулан үзвэл “...хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, сурталчлах, удирдамж арга зүй, тайлан боловсруулах буюу ажлын үр дүнг тайлагнах” гэж ажлын байрны зорилго хэвээр хадгалагдаж үлдсэн буюу утга найруулга зүйн өөрчлөлт орсон байхад хариуцагч захиргааны байгууллага орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгон шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Л.Эгийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байхад түүнийг үргэлжлүүлэх ажиллуулах эсхүл уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журамтай байхад нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Хүүхдийн төлөө үндэсний газар нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажилтан, албан хаагч нартай сонсгол зохион байгуулсан тэмдэглэлээс үзэхэд “...хүүхдийн төлөө газрын чиг үүрэг өөрчлөгдсөн...залуучууд, гэр бүлийн газрууд дээр сонгон шалгаруулалт зарлана...” гэж байх боловч Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй байна.

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Эг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаал болох Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай     тэнцэх     хэмжээний     олговрыг     /олгосон    тэтгэмжийн    зөрүүгээр/

хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Эг Салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд
тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д