Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00385

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00385

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э  СӨХ,

 

Хариуцагч: Х ХХК,

 

Хариуцагч:  Х ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 34.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г ,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ,

 

Иргэдийн төлөөлөгч С.Д ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э  СӨХ нь Х ХХК, Х ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 34.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энх тайваны гүүрний баруун талд байрладаг бөгөөд авто замын ард тус хотхоны айлуудын төвлөрсөн цэвэр ус, бохир ус, дулаан, цахилгаанд холбогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 80 автомашины гарааж байдаг. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт байрлах, Пийс бридж /Peace bridge/ зочид буудлын хашаанд баригдсан Х  ХХК-ийн охин компани болох Х  ХХК Энхтайван хорооллын 23 давхар бүхий 2 блок орон сууцны барилгын автомашины 3 давхар гараажийн барилга угсралтыг гүйцэтгэх явцдаа гараажийн барилга доор орсон Эрэл хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн байнгын хэрэглээтэй бохирын усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг ямар нэгэн зөвшөөрөлгүй шууд дарж бөглөсөн. Энэ талаар уг барилгыг ашиглалтад орохоос өмнө 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч бидний хүсэлтийг үл хайхран 2018 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш бид дээрх холбогдох газруудад найман удаа албан бичиг өгсөн. Биднийг албан бичиг өгөхөөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар энэ барилга байгууламжийг барьсан гэх Х  ХХК-ийн охин компани тул Х ХХК-ийн удирдлагыг дуудан уулзаж яаралтай хийж өгөх үүрэг байнга өгдөг. Х ХХК-ийн төлөөлөл яаралтай хурдан хийж өгнө гэсэн хариу байнга өгдөг боловч асуудал шийдэгдэхгүй хоёр жил болж байна. Уг ажил хийгдэхгүй болохоор манай СӨХ-ноос аргаа бараад Х  ХХК-ийн удирдлагуудтай холбогдож уулзаж шаардахад эхний жил инженер явуулж шийдэл гаргаж байна, санхүүжилтийг шийдэх дарга амраад явсан гэх мэтчилэн шалтаг тоочдог байсан бол сүүлдээ бид барилгаа хүлээлгээд өгсөн учир хийх боломжгүй гэсэн хариултыг шууд өгдөг болсон. Энэ бохирын шугамын асуудлыг шийдээгүйн улмаас манай хотхоны гараажийн хамгаалалтын алба, оршин суугчид гараажийн араар буюу Сэлбэ голын хөвөөгөөр бие засаж хүн явахын аргагүй болсон учир аргагүйн эрхэнд хотын төв гудамжид нүхэн жорлон ухаж хотын өнгө үзэмж, ард иргэдийн эрүүл ахуйд харшлах байдлаар шийдэх гэж бодож байгаа нь маш зохимжгүй харамсалтай байдал юм. Манай СӨХ нь 2019 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хурд групп ХХК-ийг хариуцагчаар татан энэ асуудлыг шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болсон ба Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  нь Х  ХХК уг барилгыг бариагүй, Х  ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Х  ХХК, Х  ХХК-ийн охин компани биш, Х  ХХК, Энхтайван хорооллын 23 давхар бүхий 2 блок орон сууцны барилга, автомашины 3 давхар гараажийн барилга угсралтад хөрөнгө оруулалт хийгээгүй гэж худал хэлсэн. Гэвч тус шүүх хуралдаанаар Х  ХХК-ийг буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн ба харин холбогдох баримтаа бүрдүүлж, хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шаатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энхтайван хорооллын A зөвшөөрлийг нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улсын мэргэжлийн хяналтын газраар анх батлуулахдаа Х ХХК-ийн нэрээр зөвшөөрлөө авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3147 тоот бичгээр, улсын комисст хүлээлгэж өгөхдөө Х  ХХК-иар хүлээлгэж өгсөн нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын актаар баталгааждаг. Мөн Энхтайван хорооллын орон сууц, авто зогсоолыг Х  ХХК худалдан борлуулахдаа Х  ХХК-ийн барьсан хороолол гэж зар сурталчилгаа хийсэн болохыг шүүх хурал дээр /CD/ бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан. Энхтайван хорооллыг барихдаа Э хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн байнгын хэрэглээтэй бохир усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг дарж бөглөснийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/1073 тоот албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1798 тоот албан бичиг, Х  ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18/128 тоот албан бичгээр баталгааждаг. Бид Энхтайван хорооллын барилга угсралтыг явагдаж байхад угсралт хийж байгаа удирдлагатай удаа дараа уулзаж бохир усны шугамыг хэвийн ажиллагаатай болгох талаар хүсэлт тавьж гуйхад Энхтайван хотхоны 3 давхар автозогсоолын барилгын барилгажих талбайд орсон цэвэр усны ф-300 мм-ийн магистриаль шугмыг Э  СӨХ-ны эзэмшил газар руу шилжүүлэх зөвшөөрлийг Х  ХХК-ийн удирдлага Э  СӨХд эргүүлж хүсэлт тавьсан. Эрэл-3 СӨХ-ны гишүүд гараажийн бохирын шугамыг эв зүйгээр бүрэн хийлгэж авахын тулд аргагүй эрхэнд зөвшөөрч Э  хотхоны тохижилтын ажилд 3.000.000 төгрөгийн ажил хийж өгөх гэрээг Х ХХК-тай байгуулсан. Уг тохижилтын ажлыг Х   ХХК-иас дутуу хагас хийсэн. Цэвэр усны ф-300 мм-ийн магистриаль шугам Энхтайван хотхоны 3 давхар автозогсоолын барилгын барилгажих талбайд орсныг Э  СӨХ-ийн эзэмшил газарт шилжүүлсэн нь 2014 оны Нийслэлийн мэдээлэлийн сангийн зургаас харахад тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь энэ шугам энэ барилгатай холбоогүй мэт шүүгчид тайлбарласан бөгөөд одоо Х  ХХК-ийн төлөөлөгч мэдэхгүй, манайд хамаагүй гэж хоёр компанийн хооронд хаяж асуудлыг өөр байдлаар шийдүүлэх магадлал өндөр байгааг онцгойлон анхаарахыг хүсч байна. Учир нь Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, мэргэжлийн хуулийн мэргэшсэн туршлагатай хуульч нарыг хөлсөлж, өмгөөлөгч авах, санхүүжилтгүй СӨХ-ны эсрэг тэмцэж, хууль эрх зүйн мэдлэггүй, туршлагагүй хүмүүсийг ов мэх, арга заль гаргаж, илт худал ярьж өөрт ашигтай шийдвэр гаргахад нөлөөлөх зохисгүй үйлдэл гаргах нь өмнөх шүүх хурал дээр ажиглагдсан. Х  ХХК Х ХХК нь уг шугамыг засварлаж хэвийн болгож өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон учир Э  СӨХ мэргэжлийн төсөвчин, сантехник ариутгал татуургын инженер Б.Б-тай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20/05 тоот гэрээ байгуулж, 2020 оны байдлаар уг шугамыг засаж хэвийн болгоход 34.500.000 төгрөгийн зардал гарахыг тооцоолсон. Уг зардалд бохир усны шугамын техникийн нөхцөл, ажлын зураг зуруулах, экспертизээр батлуулах, Нийслэл, замын цагдаагийн газраас зам сэтлэх зөвшөөрөл авах, шугамын угсралтыг гүйцэтгэх шууд зардлууд багтсан. Иймд Иргэний хуульд зааснаар бусдын өмчийг эвдсэн бол засаж хохирлыг барагдуулах гэсэн зарчим, мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д зааснаар захиалагч нь барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахдаа гудамж талбай сэтлэх, эвдэж сүйтгэх, шугам сүлжээ шилжүүлэх, мод цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал тэдгээрийг нөхөн сэргээж, зардлыг хариуцна гэсэн хуулийн заалтыг тус тус баримтлан Х  ХХК, Х ХХК -иас 34.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Х ХХК-ийн охин компани болох Х  ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа гараажийн барилга доор орсон Э хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн байнгын хэрэглээтэй бохир усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дарж бөглөснөөс хохирол учирсан гэж тус компаниас хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ...Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-иас дээш хувийг өөр /толгой компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ... хэмээн заасан байдаг. Гэтэл Х  ХХК нь Х  ХХК-ийн 50-иас дээш хувь байтугай нэг хувийн хувьцааг ч эзэмшдэггүй. Тиймээс Х ХХК-ийг Х  ХХК-ийн охин компани гэх үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ...Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ... гэж тодорхойлсон. Х ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011038070 дугаарт бүртгэгдэн, 2763621 тоот регистрийн дугаартай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллалаа явуулдаг хуулийн этгээд юм. Иймд бид өөрийн үйлдэл, үйл ажиллагаанаас бий болсон эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг бие даан хүлээнэ. Х  ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж, 46г тоот хаягт 145 автомашины дулаан зогсоол, 10 ширхэг агуулах бүхий үйлчилгээний барилга, 46а, 465 тоот хаягт хоёр блок нийт 41 ширхэг агуулахтай, 160 айлын орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн барьж, 2016 оны 11 дүгээр сард дуусгасан бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/501 дугаар актаар ашиглалтад оруулсан. Барилгын ажлыг эхлүүлэхийн тулд барилгын зураг төслийг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагаар хянуулж зөвшөөрөл авсан байх шаардлагатай ба энэ харилцаанд Засгийн газрын 2009 оны 204 тоот тогтоолын хавсралтаар баталсан Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийг удирдлага болгодог. Уг дүрэмд зааснаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор батлах бөгөөд түүнд инженерийн бэлтгэл ажилтай уялдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, инженерийн хангамжийн шугам сүлжээнд холбогдох боломж нөхцөл зэргийг тусгах бөгөөд захиалагч нь архитектор төлөвлөлтийн даалгаврыг тус тус үндэслэн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран зургийн даалгавар боловсруулна гэж заасан. Х ХХК-ийг барилга барих үед Ус сувгийн удирдах   болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар инженерийн шугам сулжээний мэдээллийн сангаас Эрэл хотхоноос 80 айлын гараажийн барилгыг холбосон бохир усны шугам сүлжээний зураг огт гарч ирээгүй, эрх бүхий зургийн компаниар зураг төсөл боловсруулахад Э  хотхоны гараажийн бохир усны шугам нь огт тэмдэглэгдээгүй, барилгажих талбайд огт асуудал гарч ирээгүй тул барилгын ажлаа ямар ч саадгүй хийж дуусгасан. Барилгын ажил хийгдэж, ашиглалтад орсны дараа Э  СӨХ-ноос бохирын шугамын худгийг дарж бөглөсөн, бохир ашиглах боломжгүй болгосон гэдэг асуудлыг тавьж эхэлсэн бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот байгуулалт, хөгжлийн газраас ажиллагаагүй болгосон шугамыг ажилд оруулж, зөрчлөө арилга гэсэн үүрэг даалгавар өгөөд байсан. Улмаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээрх нөхцөл байдлаа тайлбарлахад өөрсдөө мэдээллийн сангаас бохирын шугамын зургийг хайгаад олоогүй. Арга мухардан Э СӨХ-ноос зааж өгсөн хоёр ч газарт бохир усны шугамын хайгуулын ажил хийж бохирын усны шугамыг хайсан боловч огт олдоогүй. Ингээд энэ асуудал нам жим болж дууссан. Хэрэв бохир усны шугам олдсон тохиолдолд бид өөрсдийн барьж ашиглалтад оруулсан барилгын бохир усны шугамтай холбож, Э СӨХ-ны бохирын шугам хэвийн ажиллагаатай болох хэдий ч бид мэдээллийн сан болон газар дээрх эрэл хайгуулаар тухайн барилгын бохир усны шугам болон худгийг огт олоогүй тул маргаан бүхий бохирын шугам ажиллагаагүй болсон явдалд Х ХХК нь огт гэм буруугүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч дээр дурдсан барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй. Барилга угсралтын ажлыг Х    ХХК хийж гүйцэтгэн, улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/501 тоот актаар хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байдаг. Э  хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн бохир усны шугам гэж байгаад, түүнийг ажиллагаагүй болгосон бол энэ нь барилгын ажлын гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Үүнд манай компани огт хамааралгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Э СӨХ-ны бохир усны шугам байсан гэдэг нь тодорхой байна. Үүнийг Ус сувгийн удирдах газар баталж байна. Мөн Х ХХК нь анх ярьсан тохирсон зүйлээ ч хийж өгөөгүй, шугамын малтлаг хийсэн нь тодорхойгүй байна. Хурд групп ХХК-ийн инженер малтлаг хийгээгүй гэдгийг баталж байна. Иргэдийн төлөөлөгчийн хувьд компани хоорондын зөрчилд иргэд хохирохыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гэм буруутай байх нь өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс Э СӨХ-ноос улсын тэмдгийн хураамж төлсөн баримт, тус компанийн гэрчилгээний хуулбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3147 тоот албан бичгийн хуулбар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/1073 тоот албан бичгийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1798 тоот албан бичгийн хуулбар, Х  ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18/128 тоот албан бичиг,   дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09.30 цагт /СД/ бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Э  хотхоны ойр орчмын 2014 оны мэдээллийн сангийн зураг, Э  СӨХ, Х ХХК-ийнн хооронд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан цэвэр усны шугамын шилжүүлэгт холболт хийх гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00703 дугаар шийдвэр, Э  СӨХ, мэргэшсэн төсөвчин Б.Б  нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэл хотхоны оршин суугчдын 81 машины автогражийн барилгын гадна бохир усны шугам угсралтын ажлын төсөв хийж гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, тайлбар бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1099 дүгээр магадлал,

Хариуцагчаас Х  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хот байгуулалтын мэдээллийн сангийн план зураг, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/501 тоот акт,

Хариуцагчийн хүсэлтээр Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/2483 тоот албан бичиг /хавтаст хэргийн 85 дугаар тал/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 08/31 тоот албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 89-94 дүгээр тал/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/372 тоот албан бичиг /хавтаст хэргийн 117 дугаар тал/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 08/1303 тоот албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 118-129 дүгээр тал/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 10-ын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 108 тоот албан бичиг /хавтаст хэргийн 133 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж, 47 хаягт байрлах Пийс бридж /Peace bridge/ зочид буудлын хашаанд баригдсан 3 давхар гараажийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Э хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн байнгын хэрэглээтэй бохир усны шугамын хоолойг ямар ч зөвшөөрөлгүй бөглөсөн. Энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, арга хэмжээ авахыг хүссэн боловч огт арга хэмжээ аваагүй. Хариуцагч нар уг шугамыг засаж янзлахгүй нь тодорхой болсон тул СӨХ-ноос мэргэжлийн төсөвчин, сантехникийн ариутгал татуургын инженерээр төсөв хийлгэхэд 34.503.484 төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гарсан. Иймд бусдын өмчийг эвдсэн хохирлыг хариуцагч нараас хохирлоо нэхэмжилж байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч Х ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд гол гудамж, 46г хаягт 145 автомашины дулаан зогсоол, 10 ширхэг агуулах бүхий үйлчилгээний барилга, 46а, 46б хаягт хоёр блок нийт 41 ширхэг агуулахтай, 160 айлын орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн барьж, 2016 оны 11 дүгээр сард дуусгасан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/501 тоот актаар ашиглалтад оруулсан. Барилга барих үед Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар инженерийн шугам сүлжээний мэдээллийн сангаас Эрэл хотхоны 80 автомашины гараажийн барилгыг холбосон бохир усны шугам сүлжээний зураг огт гарч ирээгүй. Мөн уг бохир усны шугамын хайгуулын ажлыг хийсэн боловч олдоогүй. Иймд бохир усны шугам ажиллагаагүй болсон явдалд манайх гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

 

Хариуцагч Х  ХХК Э  хотхоны оршин суугчдын 80 автомашины гараажийн бохир усны шугам гэж байгаад, түүнийг ажиллагаагүй болгосон бол энэ нь барилгын ажлын гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Үүнд манай компани хамааралгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд гол гудамж 47 хаягт байрлах, Энхтайван хотхон 23 давхар, хоёр блок орон сууц, автомашины 3 давхар гараажийн барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Улсын мэргэжлийн хяналтын газраар анх батлуулахдаа Х ХХК-ийн нэрээр авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3147 тоот бичгээр тогтоогдож байх ба Х ХХК дээрх барилгын ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2016/501 тоот актаар тогтоогдож байна.

 

Э  СӨХ 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Х  ХХК-тай гэрээ байгуулж, тус компани нь Э  СӨХ-ны талбайд цэвэр усны шугамын шилжүүлэлт, холболт хийхээр харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч Х ХХК уг барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа Э  СӨХ-ны авто гараажийн ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон байх ба засварлаж өгөөгүй болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/1073 тоот зөрчил арилгуулах тухай, мөн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/1798 тоот ариутгах татуургын шугамын тухай гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Энхтайван хотхоны 145 автомашины дулаан зогсоолтой, 10 агуулах бүхий үйлчилгээний барилга 46г, 41 агуулахтай, 160 айлын орон сууцны хоёр блок 46а, 46б гэх барилга байгууламжийг Х  ХХК-ийн захиалгаар ашиглалтад оруулсан байх ба уг барилгыг ашиглалтад оруулах явцад Х  ХХК цэвэр усны шугамын шилжүүлэлт холболт хийхээр Э СӨХ-той гэрээ байгуулсан, Э СӨХ-ны харъяа авто гараажийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон, зөрчил арилгах талаар зохих төрийн байгууллагаас Х ХХК-д холбогдох шаардлагыг хүргүүлж байсан нь баримтаар тогтоогдож, тус компанийг гэм буруутай болохыг дүгнэсэн нь тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00703 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1099 дугаар магадлалаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж зааснаар нэхэмжлэгч буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм.

 

Түүнчлэн шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд Х  ХХК, Х ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас Э СӨХ-ны оршин суугчдын 80 автомашины гараажийн байнгын хэрэглээтэй бохир усны шугамын хоолойг бөглөж хохирол учирсан хоёрын хооронд шалтгаан холбоо байх тул нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж заасан.

 

Нэхэмжлэгч Э  СӨХ нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Э хотхоны оршин суугчдын 81 автомашины гараажийн барилгын гадна бохир усны шугам угсралтын ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин Б.Б-р хийж гүйцэтгүүлэн, нийт төсөвт өртөг 34.503.484 төгрөг гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч 34.500.000 төгрөгийн хэмжээнд шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн 34.500.000 төгрөгийн хэмжээнд хохирол учирсан гэж шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагч нараас дээрх төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч Х  ХХК-иас 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Х  ХХК-иас 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э  СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х  ХХК-иас 17.250.000 төгрөг, Х  ХХК-иас 17.250.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э  СӨХ-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  ХХК-иас 165.225 төгрөг, Х  ХХК-иас 165.225 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э  СӨХ-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Г.СОЛОНГО