Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1286

 

М.А-од холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

яллагдагч М.А-ын өмгөөлөгч С.Санжаажамц,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1080 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр М.А-од холбогдох эрүүгийн 1908064100415 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            М.А-, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

             М.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Я.Ж-ы Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа үл таних хүний гуйлтаар Хаан банкны 51750843** дугаартай данс руу 243.980 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлэгдсэн эд хөрөнгө болох 24.694.020 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 24.694.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдаатай гүйлгээг завшсан” гэдэг нь шууд санаатай үйлдэл бөгөөд алдаатай гүйлгээний улмаас данс андуурагдаж орж ирсэн мөнгийг өөртөө хэрэглэж захиран зарцуулсан шинжийг агуулна. Хавтаст хэрэгт дурдагдсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч М.А- 24.694.020 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...алдаатай гүйлгээ хийж шилжүүлэгдсэн эд хөрөнгө болох 24.694.020 төгрөгийг М.А- өөр хоёр данс руу шилжүүлсэн болох нь гэрч Г.Баярт-Од, Э.Бямбасүрэн, О.Өлзийбат, Н.Цэнд-Аюуш, А.Ган-Эрдэнэ, Э.Баяраа, Д.Оюунцэцэг, М.А- нарын мэдүүлгүүд, Хаан банк дахь 51750843** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, АТМ-ны гаднах болон доторх хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогддог. Яллагдагч М.А- мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.Мөрдорж гэх хүний гуйлтаар мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч өгсөн гэх боловч энэ нөхцөл байдал тогтоогддоггүй болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч М.А-ын өмгөөлөгч С.Санжаажамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Мөрдорж нас барсан гэх боловч нас барсны гэрчилгээний хуулбар нь байдаггүй. Алдаатай гүйлгээ хийж шилжүүлэгдсэн гэх мөнгө хохирогчид буцаан төлөгдсөн тул миний үйлчлүүлэгч энэ хэрэгт ямар ч холбоогүй, завшсан зүйл байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос М.А-ыг “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Я.Ж-ы Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа үл таних хүний гуйлтаар Хаан банкны 51750843** дугаартай данс руу 243.980 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлэгдсэн 24.694.020 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 24.694.020 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдаатай гүйлгээг завшсан” гэдэг нь шууд санаатай үйлдэл бөгөөд алдаатай гүйлгээний улмаас данс андуурагдаж орж ирсэн мөнгийг өөртөө хэрэглэж захиран зарцуулсан шинжийг агуулна. Хавтаст хэрэгт дурдагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч М.А- 24.694.020 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна.” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэртэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, М.А-од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”, мөн зүйлийн 10 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна.”, 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж тус тус заасныг баримтлан талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон явуулж, улмаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус давхар баримталжээ.

Цаашид хэргийг прокурорт буцаахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгох шаардлагагүй бөгөөд илүү нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болговол зохино.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.А-од холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1080 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.А-од холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл М.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.    Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН