| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2019/0923/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0663 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-84 CӨХ, С.Э, Б.А, Г.О, Ч.Д, Д.Б, Б.Б, Д.Д, Б.Э, Ч.Ж, Ч.Т, А.Г, Б.З, Б.Ц, Б.М нар,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар,
Гуравдагч этгээд: Х.Б, П.Г, П.Г нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0004566338/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/06-04 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Х.Б, П.Г нарын үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургийг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С-84СӨХ-ны төлөөлөгч Ч.Д, түүний өмгөөлөгч Н.Э, Д.З, нэхэмжлэгч С.Э, гуравдагч этгээд Х.Б, П.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, гуравдагч этгээд П.Г, түүний өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ нар биечлэн, нэхэмжлэгч Д.Б, Д.Д, Б.Ц, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан байгаа. Энэхүү шаардлагаар Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0004566338/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/06-04 дугаартай Архитектор төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, иргэн Х.Б, П.Ггийн үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар баталсан үйлдлүүдийг тус тус хүчингүй гэсэн шаардлага гаргасан байгаа.
Тус шүүхэд анх 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С-84 СӨХ болон 14 иргэдээс нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэл гаргахдаа Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг, загвар зураг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх юу болсон талаар дурдвал 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах 84б байрны чанх хойд талд нь барилгын ажил явуулахаар барилгын суурийг цагаан шохойгоор тэмдэглэл хийсэн байсан. Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан учир бид Хот байгуулалт, хөгжлийн газарт очиж уулзан нөхцөл байдлыг тодруулсан. Ингэхэд иргэн Х.Б, П.Г нарын үйлчилгээний зориулалт бүхий 16 давхар барилга баригдахаар болсныг олж мэдсэн.
Энэ нь оршин суугчдад мэдэгдэлгүйгээр бидний эрхийг зөрчиж, орц гарц хаах, 84Б байрны эзэмшил, авто зогсоолд халдсан ийм үйлдэл илт тодорхой байна. Иймд СӨХ-оос хурал зохион байгуулаад гомдол гаргахаар болсон. Гэтэл гомдлын хариуд хариуцагчаас 2019 оны 10 сарын 07-ны өдрийн огноотой Тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр архитектур төлөвлөгөөний даалгавар олгосон гэдэг байдлаар л хариу ирсэн. Ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй учир бид дараагийн арга буюу шүүхэд хандсан байдаг. Энэхүү маргаан бүхий захиргааны актууд нь ямар хууль тогтоомж эрх зүйн актыг байгаа талаар дурдвал:
1.Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах Барилга байгууламж хүрээлэн байгаа орчин сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 12.12 сэргээгдэх эрчим хүч байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх, 12.14 нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, 12.1.5-т Хүний амь, нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг хангасан байх 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зураг төслийн дагуу баригдсан байх 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх 14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасныг тус тус зөрчсөн. Барилгын норм ба дүрмийн 31.01.10-ийн заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд 16 орон сууц олон нийтийн барилга хоорондын зай 62 м гэснийг зөрчиж баригдахаар байна.
Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ийн 3.1-т орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний нөлөө эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана гэж заасныг зөрчиж хойшоо харсан цонхтой оршин суугчдын цонхоор нарын шууд тусгалын үргэлжлэх хугацаа, норм дүрэмд заасан 3-4 цагт хүрэхээргүй, нарын шууд тусгал үзэхээргүй шахам болох аюултай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.2.1 Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн хуулийн этгээдийн саналыг авна, 4.4-т Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2 хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна гэж заасан хуулийн заалт, холбогдох барилга барих норм дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Манай байрны оршин суугчдаас ямар нэгэн санал аваагүй. Мэдэгдэлгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж улмаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Энэ үйл баримт нь нэгт хууль дүрэм нормыг зөрчсөн. Манай СӨХ-ны албан ёсны ашиглалтын гэрчилгээтэй талбайд орж орц гарц нь төлөвлөгдсөн нь бидний эрхийг ноцтой зөрчсөн байгаа. Иймд эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С-84CӨХ-ны өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйлдлүүд нь хуулийн дагуу гэж үзээд байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Гуравдагч этгээд талын үйлчилгээний орон сууцны инженер геологийн судалгааны дүгнэлтэд барилга талбай гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зураг төслөөр хамгаалах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл гуравдагч этгээд тал энэ ажиллагааг хийлгэлгүйгээр зөвшөөрөл авсан нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 3419/2021-01 тоот дүгнэлтээр батлагдаж байгаа. Уг дүгнэлт нь барилгын ажил гүйцэтгэхээс өмнө гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зураг төслийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан хэсгийг үндэслэн хэрэгжүүлэх үүднээс эрх бүхий этгээдээр зураг төсөл боловсруулан дагаж мөрдөх барилгын суурийг өгсний дараа Барилгын тухай хуулийн 37.1.4, 37.1.5 дахь заалтуудыг хэрэгжүүлэн хангуулсан ажиллагаа хийхийг шаардаж байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тус барилгын зөвшөөрөл нь Барилгын тухай хуулийн 14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх, Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна гэх заалтыг зөрчсөн харагдаад байгаа. Мөн Барилгын тухай хуулийн 12.1.1-т 12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх гэж заасан байдаг. Гэтэл инженер геологийн дүгнэлтэд заасан барилгын талбай гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зураг төсөл шаардлагатай гэх даалгавар болон архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан байдаг. Гадаргууг зайлуулах арга хэмжээ, орчны барилгуудтай уялдуулж талбайн хэмжээг иж бүрэн шийдэх гэсэн даалгаврыг биелүүлээгүй бөгөөд зураг төсөл гаргасан байгаа.
Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ мөн 25.2.4.инженер-геологийн дүгнэлт, геодезийн зураглалд магадлал хийлгэнэ гэсэн заалтыг зөрчсөн байгаа.
Инженер-геологийг дүгнэлтэд дурдагдсан гадаргуу болон барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийгээгүй нь хэрэгт цугларсан баримтуудаас харагдаж байгаа. Иймд барилгын тухай хуулийн 25.4-т заасны дагуу Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно гэсэн заалтыг зөрчөөд барилгын ажлын зөвшөөрөл авсан байгаа.
Энэ ажиллагаа нь хийгдээгүй нь оршин суугчдын ямар эрх ашиг нь зөрчигдөх талаар яригдах байх. Барилгын тухай хуулийн 14.1.4-т заасан зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэх заалтыг зөрчигдөхөөр харагдаж байна. Учир нь уг зураг төслийг хийлгүйгээр барьсан тохиолдолд зэргэлдээ байруудын барилгын бүтэц бат бэх чанарыг муутгаж хүний эрүүл мэндийг сөргөөр нөлөөлөх буюу нэхэмжлэгч нарын эрх ашигт нь сөргөөр нөлөөлөх аюултай.
Мөн шинжээчийн дүгнэлтээр С-84СӨХ-ны 1330501469 дугаартай 561 м.кв ашиглах эрхтэй газрыг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ-2020219/0604 архитектур төлөвлөлтийн даалгавар, гуравдагч этгээд нарын үйлчилгээний зориулалтаар баригдах барилгын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 251/2020 дугаартай магадлан баталгаажсан МК07/2019 шийдвэртэй ажлын зураг, нэхэмжлэгчдийн авто зам болон явган зам нь нэхэмжлэгч нарын газраар 72 м.кв дайран өнгөрч байна гэсэн байдаг.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч манай ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй гэж яриад байсан боловч шинжээчийн дүгнэлтээр 72 м.кв дайраад өнгөрсөн гэсэн байдаг. 72.м кв дайрсан нь С-84СӨХ-ны машин зогсоолд байршуулах, орц гарцын асуудал яригдаж байгаа. Барилгын тухай хуулийн 7.1.1-т барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол гэж заасан байгаа. Мөн хуулийн 14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх заалтуудыг зөрчиж барилга эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь харагдаж байгаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамт иргэн хуулийн этгээдийн оролцоог хангана гэсэн зүйл заалт байдаг. Ийм ажиллагаа хийгдээгүй харагдаад байгаа. Орон сууц дунд барилгажаагүй талбайд барилга барих урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй.
Гуравдагч этгээдийн зүгээс орон сууцны хороолол мөн үү биш үү гэсэн зүйл ярьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууцны хороолол болон гэр хороолол гэсэн 2 бүтэц л байгаа. Орон сууцны тухай хууль гэж байдаг. Үүнд орон сууц гэж ямар зүйлийг тодорхойлдог талаар бичсэн байна. Хажууд нь орон сууц л байгаад байдаг. Гэр хороолол ерөөсөө байгаагүй.
Мөн барилгажаагүй талбай биш урд нь барилгажсан байдаг гэж хариу тайлбартаа бичсэн байдаг. Гэтэл барилгын тухай хуулийн 4.1-т орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг гэж заасан. Гэтэл Гуравдагч этгээд нь барилгажсан талбай байсан гэж тайлбарлаад байдаг боловч хавтаст хэргээс харахаар дандаа хоосон газрын гэрчилгээний хуулбар яваад байдаг. Иймд барилгажсан талбай гэдгийг нотолсон баримт байхгүй гэж үзэж байна.
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын эрх олгох журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т барилгын ажлыг магадлал хийгдсэн ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэх мөн 8.1.16-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон барилгын норм нормативыг зөрчин барилгын эх загвар зураг батлах гэж хориглох заалтуудыг зөрчсөн харагдаад байгаа.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д шүүхэд болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Голлох зүйлүүдийг ярьсан учир маш товч хэлэх зүйл байна. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэзээ хандсан юм бэ гэдэг хэрэг явдал гэж ярих шиг боллоо. Хэрэг явдал үүсээд маргааш Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын даргад хандсан. Үүний дараа холбогдох олон байгууллагуудад хандаж бидний эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх талаар лавлаад мэдээлэл авсан.
Тэгэхэд Ийм зураг өгч байсан. Энэ зураг нь хавтаст хэрэгт байгаа. Энэ зурагт 84б байрны өөрийн эзэмшихээр олгосон газрыг дайран өнгөрсөн гэдэг нь харагдана. Энэ зургаа өөрчилнө үү, бид энэхүү газартаа авто машинаа байрлуулдаг юм гэж тухайн үед мэдэгдэж албан бичиг явуулсан байдаг.
Гуравдагч этгээд нарт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл өгсөн байгаа. Бид нарт ийм эрх ашиг зөрчигдөж байна. Зогсоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн захиргааны актаа өөрчлөн манай авто зогсоол байгаа зургийг өөрчилж гаргаж өгнө үү гэж хандсан. Үүнд дорвитой хариу өгөөгүй учир шүүхэд 14 иргэн нэхэмжлэл өгсөн байгаа.
Би Нийслэлийн Архитектур ерөнхий төлөвлөлтийн газарт өөрийн биеэр оршин суугчдын хамтаар очиж уулзахад авто зогсоол төлөвлөсөн талбайг оршин суугч нартай хамтарч хийх, оршин суугч нарын ая тухтай амьдрах эрхийг хангах, ногоон байгууламж нэмэгдүүлэх гээд орсон байсан. Үүнийг гуравдагч этгээд нар ямар барилга барих гэж байгаа талаар уулзах талаар уулзаж байсан.
Бас нэг зүйлийг хэлмээр байна. Манай СӨХ-ны 84б байр нь 2016 онд ашиглалтад орсон. Би 2016 онд С ХХК-д инженерээр ажиллаж байсан. Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй зүйл шүү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд буюу иргэн Х.Б, П.Г нарын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан байдаг. Үүнээс хойш тус гуравдагч этгээд нар нь архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлүүлэх хүсэлт өгсөн ба үүнийг холбогдох баримт бичгийг судлаад холбогдох норм дүрэмд нийцүүлээд 2019 оны МЗХ2019/06-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.
Нэхэмжлэлийн бас нэг шаардлага буюу загвар зураг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах гэх шаардлага бий. Энэ загвар зургийг яаж баталсан бэ гэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.8-т заасны дагуу баталсан.
Нэхэмжлэгч сая Барилгын тухай хуулийн холбогдох заалтууд мөн барилга норм дүрмүүдийг зөрчсөн гэж хэлж байх шиг байна. Барилгын норм ба дүрмийн 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар барилгын гал тэсвэршилтийн зэргээр тус гуравдагч этгээд нарын барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэршилтийн 1,2 дугаар зэрэгтэй тул 6 метр байхад норм хангагдана гэж заасан. Энэ нь 6-аас доошгүй байх ёстой. Мөн барилга хоорондын зай гэж яриад байгаа. Барилгын норм ба дүрмийн 30.01.10-т зэргэлдээ 2 барилга буюу тууш буюу хөндлөн гэсэн ойлголт байдаг. Энэ 2 барилгын хооронд тууш гэж хэлэх боломжгүй, тууш хөндлөн гэж хэлэх боломжгүй. Жишүү гэмээр хэлбэртэй барилга байгаа юм. Барилгын норм ба дүрмийн 30.0.1.11 гэсэн заалт байдаг. Энэ заалт нь орон сууцны гал тогооны байдал нэвт харагдахгүй байвал барилгыг галын норм хангуулаад барьж болно гэсэн заалт бий.
Мөн санал аваагүй гэсэн асуудал яригдсан. Нэхэмжлэгч нь энэ талаар санал авна, биднээс санал аваагүй гэдэг асуудал ярьж байна. Орон сууцны дундах гэж тодорхойлсон байдаг. Үүнийг сайн анхаарна уу гэж хүсмээр байна. Энэ маргаан бүхий газрын орчин нь орон сууцны хороолол гэж хэлэх эсэх асуудал бий. Дандаа цэгэн төлөвлөлттэй барилгууд. Үүнийг орон сууцны дундах барилгажаагүй талбай гэж үзэхгүй тул дээрх журмын дагуу зэргэлдээх оршин суугчдаас санал авах шаардлагагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Барилгын ажлын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу 2019/38 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн нэгэн шаардлага байгаа. Гуравдагч этгээдээс манай газарт Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-д заасан баримт бичгийн бүрдлийг хангуулаад хүсэлтээ ирүүлсэн. Уг хүсэлтийг судлаад барилга бичиг баримтын зөвшөөрлийг хангасан учир олгосон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.Б, П.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт цугларсан нотлох баримтууд мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар бүгдээс дүгнэхэд гуравдагч этгээд нарын баригдаж байгаа барилгын улмаас нэхэмжлэгч С-84СӨХ болон 14 иргэний ямар нэгэн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Захиргааны хэрэг үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд шүүхийн зүгээс ажиллагаа хийсэн. Газар дээр нь үзлэг хийсэн. Тус үзлэгээр чухам нэхэмжлэгчдийн яриад байгаа нь үндэслэлтэй эсэх талаар ойлголттой болсон.
Мөн нөгөөтэйгүүр голдуу нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу шинжээч нарын дүгнэлт хийсэн. Нийт 8 шинжээчийн дүгнэлт байгаа. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар 2 байгаа. Энэ барилгыг барихтай холбоотойгоор Барилгын тухай хууль болон барилгын норм ба дүрмийн дагуу хийгдсэн гэрээ 10 байгаа. Энэ бүх баримт бичгүүд нь Барилгын тухай хууль холбогдох журмын шаардлагыг хангаж байгаа нь харагдана.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдварын улсын байцаагч н.Золбоогийн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02038418 гэх дүгнэлт байгаа. Уг дүгнэлтээр барилгын зураг төсөл нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна гэсэн байдаг. Мөн Нийслэлийн онцгой байдлын улсын байцаагч н.Мягмаржавын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 010/01 гэсэн дүгнэлт байгаа. Энэ шинжээчийн дүгнэлтэд зааснаар гал тусгаарлах зай хэмжээ нь барилгын норм ба дүрэмд нийцүүлсэн байна гэж заасан байдаг.
Барилгын хөгжлийн төвийн норм нормативын мэргэжилтэн н.Болормаа нь мөн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан байгаа. Уг дүгнэлтээр гуравдагч этгээд нарын барилга нь 84б байрны нарны шууд тусгалыг хаахгүй. Барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан байгаа.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн зөвлөх инженер н.Алтансүхийн дүгнэлт байгаа. Уг дүгнэлтийн 4.1-т ₮явган хүний болон автомашин зорчих хэсэг орц гарцад нөлөөлөхгүй гэж заасан байна. 84б байрны цахилгааны ачаалалд нөлөөлөхгүй гэсэн байна. Нэлээд чухал гэж үзэх заалт нь тухайн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар баригдах барилгын зураг төсөл холбогдох зөвшөөрлүүд нь хот төлөвлөлт болон барилгын норм дүрмийн заалтад нийцэж байна. Энэ бүх нотлох баримт дүгнэлтүүдээс үзэхэд гуравдагч этгээд нар нь Барилгын тухай хууль болон холбогдох журам дүрмүүдийн шаардлагыг хангуулан бичиг баримтаа авсан гэж үзэхээр байна.
Гуравдагч этгээд нар нь 84б байрыг барьж байсан хүмүүстэй байнга харьцаж тулгарах асуудлуудыг шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа Ч.Д нь 84б байрыг барьж байсан байгууллагын инженерээр ажиллаж байсан. Ийм учир тухайн үед асуудал ямар байсан гэдгийг мэдэж байгаа хүн юм. Тухайн үед ийм учир гуравдагч этгээд нар нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамтран эзэмшүүлэх гэрээ байгуулж байсан. Мөн н.С нартай шугамын зардлыг хамтран хариуцах талаар гэрээ байгуулж байсан байдаг.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зайлшгүй хэлэх зүйл бол нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэж хэлхээс өөр аргагүй байна. Маргаан бүхий захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад хандана гэж гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нар нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тус байгууллагын дээд шатны байгууллага нь Нийслэлийн Засаг дарга юм. Иймд эхлээд гомдлоо Нийслэлийн Засаг даргад гаргах ёстой байсан. Гаргасан гомдол нэхэмжлэгч талд байхгүй. Хэрэгт Нийслэлийн Засаг даргад энэ асуудлаараа урьдчилан шийдвэрлэх журмаар хандаж байсан эсэх нь тогтоогдоогүй. Урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нарын эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээд нарын зөвшөөрлөөс болоод хөндөгдсөн зүйл байхгүй. Хоёрт урьдчилан шийдвэрлэх журмаа зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд П.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай газар анх 2013 онд иргэн н.Туулаас худалдаж авсан өмчлөлийн газар байсан. Яагаад барилгын ажлаа эхлүүлээгүй вэ гэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчилсөн. Үүний дараагаар оршин суугч нар гомдол гаргаад ажил удаашралтай байгаа нь хүндрэлтэй байна гэв.
Гуравдагч этгээд П.Гын өмгөөлөгч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар тодорхой ярьсан гэж бодож байна. Би хууль зүйн дүгнэлтийг хэлье. Ерөнхийдөө 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага юу гэж тайлбарладаг вэ гэхээр Барилгын тухай хуулийн 11.3-т заасныг зөрчсөн гэдэг. Тус заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус. Учир нь төлөвлөлт бол хийгдсэн. Төлөвлөлт нь тухайн барилгын зураг мөн техникийн нөхцөлийн дагуу хийгдээд журам батлагдаад, энэ зураг нь хүрээлэн байгаа орчиндоо аюулгүй юм. Хүний амьдрах үндсэн эрхэд нөлөөлөхгүй гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллага нь гаргаад барилгын магадлан нэгдсэн дүгнэлт хүртэл гараад явсан байдаг.
Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг гэж зөрчсөн байна гэж үзсэн байдаг. Нарны шууд тусгал хангалттай тусаж байгаа талаар нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдөө зураг хийсэн байдаг. Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр барилгын норм ба дүрэмд заавал мөрдөх чанартай бичиг баримтыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Эдгээр дүгнэлтийг гаргахдаа жилийн хамгийн бага нар тусдаг хугацаанд баримталж гаргасан байдаг. Иймд норм ба дүрэмд нийцсэн байна.
Барилгын тухай хуулийн 12.1.4-т заасан энэ заалтыг зөрчсөн гэж тайлбарладаг. Үүнд нийтдээ 2 шинжээчийн дүгнэлт гарсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 010/01 гэсэн шинжээчийн дүгнэлтүүдээр барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын шаардлагыг хангасан байна. Галын аюулаас хамгаалах шаардлага гэдэг нь өөрөө тухайн газар дээр гал гарах хаягдал үзэгдэл болоход тусгай зориулалттай машин хүрэлцэн ирэх, зам талбай эргэж тойрох зурвас газар гэж ойлгоод байгаа. Иймд барилгын норм дүрмийг хангасан гэж үзэж байна.
Барилгын тухай хуулийн 12.1.5-т заасан заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч нар дурдсан байдаг. Энэ заалтыг зөрчигдөөгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр бас тогтоогдсон байгаа. Мөн Барилга байгууламж норм нормативыг хангасан талаар нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж байгаа. Барилгын магадлан нэгдсэн дүгнэлт, мөн техникийн нөхцөлөөр, шаардлагатай холбогдох баримтууд буюу архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга барих зөвшөөрөл зэрэг нь эдгээр бичиг баримтад үндэслэж олгогдож байгаа. Энэ заалтыг зөрчөөгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдоно.
Барилгын тухай хуулийн 14.1.4-т заасан заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ мөн дурдсан. Хэвийн нөхцөл гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Хоёрт тухайн барилга нь баригдаж эхлээгүй байгаа. Одоогийн байдлаар төлөвлөгдөөд зураг нь батлагдсан. Тодорхой эрх олгож байгаа байгууллагууд буюу техникийн нөхцөл олгож байгаа 10-иад байгууллага байна. Магадлан дүгнэлт гаргаад байгаа Барилга хөгжлийн төв зэрэг нь норм норматив барилгын баримт бичгийн дүрмүүдийг хангасан тул зөвшөөрлүүдийг олгоод байгаа. Зэргэлдээ оршин байрнуудын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахаар байсан бол тухайн зөвшөөрлүүдийг олгохгүй байсан юм. Алдагдахгүй байгаа гэдгийг шинжээч нар тогтоогоод гаргасан байгаа.
Барилгын норм ба дүрмийн 30.01.10-ийн заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд заагдсан 16 давхар орон сууцны барилга хоорондын зай нь 62 м байхаар байтал энэ заалт нь зөрчигдсөн байна гэсэн үндэслэл хэлдэг. Барилга хоорондын зай гэдэг нь тууш тууш зай, тууш хөндлөн зай гэж ялгаатай.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 5/14 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам баталсан. Тус журмын 4.2-т болон 4.4-т заасны дагуу санал оршин суугчдаас аваагүй гэж маргаж байгаа. Энэ нь орон сууцны хороолол дунд барилга баригдах шаардлагыг тавьсан байдаг. Тухайн маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийсэн. Орон сууцны хороолол дунд баригдах барилга гэж юуг авч үзэх вэ? Тэгэхээр орон сууцны хажууд байгаа барилгажаагүй талбайг орон сууцны хороолол дунд гэдэг үг өгүүлбэрээс өөр гэж үзэж байна.
Гэж ойлгохоор байгаа. талбайн хажууд байгааг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. загвар зургаар батлагдсан барилга байгууламж зам талбай, СӨХ-ны эзэмшил газар дээгүүр зам талбай төлөвлөгдсөн байна. нэхэмжлэгч нар ярьдаг. Барилгын загвар зураг дээр маш тодорхойгоор зургийг гаргасан байдаг. ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч буюу эзэмшлийн талбай дээгүүр гарч дайраагүй. Төлөвлөхдөө явуулахгүй. Хэрвээ нэхэмжлэгч нар үзэх юм бол өөрсдийн хөрөнгөөр засаж өгье. Ийм л саналыг бид тавьж байгаа. Түүнээс биш гуравдагч этгээдийн барилгаруу орох гэж байгаа машин тэрэг тус нэхэмжлэгч нарын газраар явахгүй. Явах ч шаардлага байхгүй. Орц гарц нь хойд талдаа байгаа буюу тус нэхэмжлэгчийн газраар дайрахгүй гэсэн үг.
Энэ зэргээс хараад үзэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хөндөгдсөн байхыг шаардаад байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримт мөн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар мэдүүлэг зэргээс харахад нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байна. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхой харагдаж байна.
С-84СӨХ-ны өмгөөлөгч Барилгын тухай хуулийг бүхэлд нь уншаад байх шиг байна. Барилгын тухай зөрчсөн гээд байгаа заалтууд нь танай нэхэмжлэлтэй яаж холбогдоод байгаа юм бэ? Та нарын эрх ашгийг яаж хөндөөд байгаа юм бэ? Яг хөндөөд байгаа хэсэгтээ тайлбар мэдүүлгээ хэлнэ үү. Бүх заалтыг нь зөрчсөн гээд хэлээд явлаа. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр авсан байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан байдаг. Барилга хөгжлийн төвийн магадлан нэгдсэн дүгнэлт нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан байдаг. Загвар зураг нь 2019 оны 05 дугаар сард батлагдсан байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр ийм зүйлүүдээ засаж залруулаа гэж гаргасан дүгнэлт байхад ийм ийм зүйл зөрчсөн тул олгох ёсгүй байсан гэж тайлбарлаж болохгүй.
Өөрсдийн эрх ашиг нь хөндөгдөөгүй зүйлд маргах юм бол Улаанбаатар хот даяар болно. Хажуу талд нь баригдаж буй өөрийнхөн эрх ашиг хөндөгдөөгүй байхад танайх хууль зөрчөөд байна гээд маргаад байж болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, түүнийгээ хамгаалуулахаар шүүхэд хандана.
Миний олгож байгаагаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь яг зурагт төлөвлөгдсөн зам талбай нь манай газар дээгүүр дайраад байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэсэн 72 м.кв-аар дайраад байна гэж мөн хэлсэн. Энэ бол тохижилтын ажил шүү, Энэ бол та нарын газар. Та нар үүнийгээ хашаад авсан ч болно. Бид нар бусдын газар дээр юм барьж, хийхгүй шүү дээ. Та нар харин зөвшөөрөх юм бол бид нар тохижуулаад байж болно. Бид нар түүнд зам талбай барих гээд байгаа зүйл огт байхгүй. Та нар хүсвэл зам талбайг нь тохижуулаад өгч болж байна. Янзалсны дараагаар нь хашаад авсан ч болно. Тухайн барилга барьж байгаа болон оршин суугч нарын л асуудал. Гуравдагч этгээдийн зүгээс гадна тохижилтыг хүртэл хийх санал та нарт тавьсан. Үүнд бас наанатай цаанатай хандана уу. Оршин суугчдын эрх ашиг гэдэг дээрээ хэтэрхий дайрч давшлаад байгаа юм биш үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах гуравдагч этгээд Х.Б, П.Г эзэмшлийн газарт үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МЗХ2019/06-04 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зэргийг баталжээ.
Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0004566338/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхтэй маргаагүй бөгөөд харин маргаан бүхий захиргааны актууд нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх 12 дугаар зүйлийн 12.1.2-д эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх, 12.1.4-д нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, 12.1.5-д хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зураг төслийн дагуу баригдсан байх 14.1.2-д барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1.4-д зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасныг зөрчсөн, мөн Барилгын норм ба дүрмийн 23-04-07-ийн 3.1, заавал мөрдөх журмын 31.1.10-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн хуулийн этгээдийн саналыг авна, 4.4-д Баригдах барилгын талаарх мэдээллийг орон нийтэд мэдээлэх 3*2 хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актууд нь хуульд нийцсэн гэж, гуравдагч этгээд нараас баримт бичиг зөвшөөрлүүд нь Барилгын тухай хуульд нийцсэн, эдгээр нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдоно гэж тус тус маргажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-03-084/18 дугаар дүгнэлтээр гуравдагч этгээд нарын барилгыг Олон нийт иргэний барилга БНбД31-03-03, орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-д заасан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гэж, мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 010/01 дүгээр дүгнэлтээр барилга байгууламжийн батлагдсан зураг төсөл нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн дагуу төлөвлөгдсөн буюу шуурхай албаны автомашин зорчих зурвас, зай хэмжээ, орц гарц нь шаардлага хангасан, БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, галын аюулаас хамгаалах шаардлагыг хангасан гэж, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/787 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр БНбД 23-04-07 заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг хангасан байна гэж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс ирүүлсэн зөвлөх инженер Ц.Алтансүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗИ-19-1294/2021/01 дүгээр дүгнэлтээр БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12-д зааснаар галын аюулаас хамгаалах шаардлагыг хангасан тул явган хүний болон автомашины зорчих хэсэг, орц, гарцад нөлөөлөхгүй, 84б байрны цахилгааны ачаалалд нөлөөлөхгүй, барилгын зураг төсөл, холбогдох байгууллагуудаас олгосон зөвшөөрлүүд нь хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм, стандартад нийсэн гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Мөн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийг заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 8-д Хэрвээ эсрэг талын барилгын хана нь гал тэсвэршлийн зэрэгтэй бол гал тэсвэршилтийн I-II зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 м хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар баталсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтээр барилга хоорондын зай хэмжээний нормативыг тус тус баталсан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилга хоорондын зай дээрх стандартад нийцсэн гэжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулах, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх хууль болон стандартад заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлүүд дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий барилгажих талбай нь нэхэмжлэгч нарын амьдарч буй 84б байрны баруун хойд зүгт байрлаж баруун талаараа Сэлбэ гол, хойд талаараа авто замаар хүрээлэгдсэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан орон сууцны хороолол дундах барилгажих талбайд мөн хамаарахааргүй байна.
Иймд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0004566338/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/06-04 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь өөр хороондоо давхцалгүй болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02-10/149 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зургаар нотлогдож байна.
Гэтэл гуравдагч этгээд нарын үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургийг батлахдаа нэхэмжлэгч С-84СӨХ-ны эзэмшлийн 72 кв.м газартай давхцуулж баталсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс ирүүлсэн зөвлөх инженер Ц.Алтансүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗИ-19-1294/2021/01 дүгээр дүгнэлт, барилгын загвар зургийн хавсралтын хөдөлгөөний схем, орчны тойм зураг зэргээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр баталсан МЗХ2019/06-04 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтын төлөвлөлтийн талбайн схем зургаас барилгын Загвар зургийн хавсралтын хөдөлгөөний схем, орчны тойм зургууд зөрүүтэй байна.
Уг Загвар зургийн хавсралтуудын дагуу барилга угсралтын ажил хийгдсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зураг төслийн дагуу баригдсан байх 14.1.2-д барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1.4-д зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг хуулийн заалтууд зөрчигдөхөөс гадна, нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Иймд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 онд баталсан гуравдагч этгээд Х.Б, П.Г нарын үйлчилгээтэй орон сууцны барилгын Загвар зургийн хавсралтын хөдөлгөөний схем, орчны тойм зургуудын нэхэмжлэгч С-84СӨХ-ны эзэмшлийн 72 кв.м газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нарын эзэмшлийн газарт барилга угсралтын ажил хийгдээгүй, тус шүүхээс маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зураг төсөл хийлгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Барилгын тухай хууль болон Барилгын норм ба дүрэм, заавал мөрдөх хавсралтуудад гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зургийг заавал хийлгэх талаар хуульчилж, журамлаагүй, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс ирүүлсэн зөвлөх инженер Ц.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗИ-19-1294/2021/01 дүгээр дүгнэлтэд барилгын ажлыг гүйцэтгэхээс өмнө гадаргуугийн болон хөрсний уснаас хамгаалсан зураг төслийг боловсруулан батлуулж, дагаж мөрдөх, барилгын суурийн нүхийг ухсаны дараа суурь хөрсний хяналтыг эрх бүхий байгууллагуудаар хяналт хийлгэн ажиллахыг шаардаж байна гэжээ.
Дээрхээс дүгнэвэл тухайн зургийг шаардлагатай тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө хийлгэх боломжтой байх тул гадаргуу болон хөрсний уснаас хамгаалсан зураг төсөл хийлгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 11 дүгээр зүйлийн 11.3, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4 заасныг тус тус баримтлан С-84CӨХ болон С.Э нарын нэр бүхий 14 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0004566338/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн МЗХ2019/06-04 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 онд баталсан гуравдагч этгээд Х.Б, П.Г нарын үйлчилгээтэй орон сууцны барилгын Загвар зургийн хавсралтын хөдөлгөөний схем, орчны тойм зургуудын нэхэмжлэгч С-84СӨХ-ны эзэмшлийн 72 кв.м газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ