Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2025/00228

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 215/МА2025/00012 дугаар магадлалтай

Д-ийн нэхэмжлэлтэй,

О-т холбогдох

Автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-н хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д- нь хариуцагч О-т холбогдуулан автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О-аас автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-аас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 215/МА2025/00012 дугаар магадлалаар: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар О-т холбогдох автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 128,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийг Иргэний хуулийн заалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “...нөгөө тал эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т “гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй”, 341 дүгээр зүйлийн 341.1.1-д “эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч”, 341.1.2-т “тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон”, 341.1.3-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал энэ хуулийн 340.1.1-340.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол” эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 340.1.1-д “Эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх”, 340.1.2-т “шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх”, 339.2-т “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн ... 293, 296, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарна” гэж заасан. Иргэний хуулийн 293.1-д “...гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно”, 296.1-д “...гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно”, 298.2-т “Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ... үеэс үүснэ.” Дээр дурдсанчлан давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг талуудын хооронд автомашин үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг байгуулсан 2015 оноос хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэсэн заалтыг хэрэглэн нэхэмжлэл гаргасан 2023 онд хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийг хэрэглэхдээ мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь заалт болон дээр дурдсан Иргэний хуулийн 339.1, 339.2, 340, 341 дүгээр зүйлийг хэрэглээгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэлт тайлбар, түүний хүү Б-ын тайлбар болон хариуцагчийн анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргасан мэдүүлэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд автомашин үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг тодорхой хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашиныг нь буцаан өгөхийг шаардсан 2023 он хүртэл Иргэний хуулийн 339.2, 293.1, 296.1-д заасны дагуу тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан болно. Нэхэмжлэгч нь 2023 онд Иргэний хуулийн 341 дүгээр зүйлд заасан хэд хэдэн үндэслэлээр буюу эд хөрөнгө нь өөрт нь шаардлагатай болсон, түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр автомашиныг гуравдагч этгээдийн (хариуцагч автомашиныг хэний эзэмшилд шилжүүлснээ хэлэхгүй, сум орон нутагт байхгүй байгаа нь тодорхой болсон) эзэмшил, ашиглалтад шилжүүлснийг мэдсэн тул даруй хариуцагчийг Иргэний хуулийн 340 дүгээр зүйлээр хүлээсэн үүргийн дагуу автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөхийг шаардсан, шаардлагыг биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалж, автомашиныг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан үе нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан шаардах эрх үүсэх үеийг тодорхойлох бөгөөд энэ хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой байсан. Түүнчлэн хариуцагч нь автомашиныг би мэдэхгүй, Б- мэднэ гэж худал тайлбар өгсөн, анхан шатны шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирээгүй, “А” ХХК-аас гаргасан автомашины техникийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч гомдол гаргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд хариуцагч нь автомашиныг 3 сая төгрөгөөр худалдсанаа хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлсэн, хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар л дурдаж гомдол гаргасан байдаг. Улмаар давж заалдах шатны шүүхийн шүүгч нар “хэргийг гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах” хэдий ч шүүх хуралдааны явцад хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй Б-, хариуцагч О- нарын гэр бүл цуцлалтын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүний шийдвэр гүйцэтгэлийн талаар асууж, тайлбар авч тодруулсаар шүүх хуралдааныг дуусгасныг дурдаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01087 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

   6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д- нь хариуцагч О-т холбогдуулан автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Д- нь 2002 онд худалдаж авсан *** улсын дугаартай, УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн хүү Б-, түүний гэр бүлд, хариуцагч О- нарт түр ашиглуулахаар өгсөн. Гэтэл Б- 2019 онд гэрлэлтээ цуцлуулж, автомашин бэр О-ын эзэмшилд үлдсэн байсан тул түүнээс өөрийн автомашинаа авъя гэсэн боловч бусдад худалдсан гэж хэлээд өгөхгүй байна. Иймд автомашины үнэ 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие Д-ийн хүү Б-тай 20 жил гэр бүл болж хамт амьдарсан, 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжилж байгаа автомашиныг хүү Б- нь унадаг байсан, хүү нь энэ машиныг мэднэ. Иймд 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч Д- нь тухайн автомашиныг хүү Б- болон бэр О- нарт гэр бүлийн хэрэгцээнд ашиглуулахаар үнэ төлбөргүй шилжүүлсэн байх бөгөөд Б-, О- нар нь 2019.01.08-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулснаар тухайн эд хөрөнгө цаашид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглагдахгүй болжээ. Иймд нэхэмжлэгч Д- нь гэрээний зорилго дуусгавар болсон үндэслэлээр шилжүүлсэн эд хөрөнгө болох автомашиныг эзэмшилдээ авч үлдсэн О-аас буцаан шаардах эрхтэй байна... Хариуцагч О- нь тухайн машиныг худалдсан, байхгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч Г.Дашзэвэгт өгч байсан талаар нэхэмжлэлд дурдсан байх тул Иргэний хуулийн 340.1.2, 340.1.4-т заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шилжүүлсэн эд хөрөнгийг биет байдлаар буцаан шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь Иргэний хуулийн 342.3-т зааснаар учирсан хохирол буюу автомашины үнийг шаардах эрхтэй. “А” ХХК-ийн үнэлгээгээр автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар хариуцагч О-аас автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх “...Д- нь автомашиныг өөрийн хүү Б-, түүний эхнэр О- нарт өгч, тэдний хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий байна. Гэрээний нэг тал болох Б-, О- нар нь гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж, гэрээний зүйл болох автомашиныг эхнэр О-т үлдээснийг Б- шүүхэд гэрчилжээ. Нэхэмжлэгч Д-, хариуцагч О- нарын хооронд 2015 онд автомашин үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.11.13-нд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Дээр дурдсанчлан, хоёр шатны шүүх маргааныг үйл баримттай холбогдуулан эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хянан хэлэлцлээ.

10. Нэхэмжлэгч нь Д- нь өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай УАЗ 31519 загварын автомашиныг 2015 онд хүү Б-ын гэр бүлийн хэрэгцээнд зориулан шилжүүлсэн, Б- нь 2019 онд гэрлэлтээ цуцлуулахад тус автомашин эхнэр О-т үлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч Д- нь гэрээний зорилго дуусгавар болсон үндэслэлээр шилжүүлсэн эд хөрөнгө болох автомашиныг хариуцагч О-аас шаардсан тул хариуцагч нь буцаан өгөх үүрэгтэй.

Гэвч О- нь тухайн автомашиныг гуравдагч этгээдэд худалдсан, автомашин биетээр байхгүй тул тэрээр Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар автомашины үнийг төлнө.

11. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь буруу, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг цуцлах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс автомашин буюу үнийг шаардахад эд зүйлийг анх шилжүүлсэн хугацаа, эсхүл шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан хугацаа хамаарахгүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу … эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхлэн тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

12. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар хариуцагч нь автомашиныг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд автомашин биетээр байхгүй тул үнийг нь төлнө.

Иймд нэхэмжлэл үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч нь автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан “А” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар тус автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч үнэлгээний тайлан Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй байна.

Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “…шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах зарчмыг баримтална” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно” гэж тус тус зохицуулсан байтал “А” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан нь хурьцуулсан судалгаагүй, хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байх тул тус тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Харин хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 3,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байсантай холбогдуулан хохирлыг 3,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

13. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 215/МА2025/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...7,000,000...” гэснийг “...3,000,000...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч О-аас 126,950 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч О-аас 62,950 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д-ээс 2025.09.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД