Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2022/00225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 33-29 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 9 дүгээр баг 75-09 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-18 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуусын 10-02 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох,

“Өмгөөллийн хөлсөнд төлсөн 750 000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Хариуцагч В.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч В.*******д холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 750 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие Дорнод аймаг дахь Политехник коллежид захирлын туслах, архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2020.11.09-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд хандах болж өмгөөлөгч В.*******аас хууль зүйн туслалцаа авсан ба тухайн үед болсон үйл явдлын талаар тайлбарлаад нэхэмжлэл бичүүлсэн. Би өмгөөллийн хөлсийг нь асуухад чиний хэргийг 1 500 000 төгрөгөөр өмгөөлнө гэсэн. Гэрээ хийнэ гэвэл хэтэрхий өндөр үнэтэй байна. Би өөр өмгөөлөгч олъё” гэхэд “Чи юу яриад байгаа юм. Би бүтэн өдөржин сууж чиний нэхэмжлэлийг бичсэн. Тэгээд ч чи надаар өмгөөлүүлнэ гээд амралтын өдөр хүртэл холбогдоод бөөн юм болоод байсан. Зөвхөн нэхэмжлэлийн төлбөр хангалтгүй, гэрээ хийнэ” гээд гэрээний маягт гаргаж ирж надад өгсөн. Би ...аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Би ажлаас гарахдаа өөрт шаардлагатай гэж үзсэн баримтуудыг баримтжуулан хуулбарлан авсан ба хэрэгт холбоотой чухал баримтуудыг би өөрөө цуглуулсан. Шүүх хурал болохоос өмнө хариуцагч тал намайг эвлэрье гэсэн. Миний хувьд дээрх хэрэгтэй холбоотой өмгөөлөгчийн ёс зүй, чин сэтгэл, өмгөөлөгч хүн энэрэнгүй байх ёстой гэсэн Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн талаар сайтар судалж үзээд надад дэндүү шударга бус хандсанд нь гомдож, төлсөн өмгөөллийн хөлснийхөө тал буюу 750 000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 14.1.1, 14.1.6, 14.1.9, 23.1, 23.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн надтай байгуулсан гэрээний 4-р зүйлийн 2.1-т тусгасан өмгөөллийн хөлсний үлдэгдэл 750 000 төгрөгийг үр дүнгийн урамшуулал гэж авсан нь Өмгөөллийн тухай хуульд огт заагдаагүй ба ...заавал гэрээ байгуулахыг тулгасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан болно.

Өмгөөллийн тухай хуулийг уншиж судлахад тодорхой үнэ гэж байхгүй хэдий ч тухайн хэрэг маргааны 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөлс төлнө гэсэн утгатай заалт байсан. ******* өмгөөлөгчтэй ёс зүйтэй холбоотой асуудлаар ярихгүй, зөвхөн энэ 750 000 төгрөгийг ямар үндэслэлээр тогтоосон, хуулийн мэдлэггүй энгийн иргэд өмгөөлүүлэх хүсэлт гаргаж байхад хэт өндөр хөлс хэлсэн юм биш биз дээ, ажилласан ажлынхаа хэмжээнд үнэ хөлс нь байсан уу гэдэг талаар дахин уулзсан. Тэгэхэд энэ саналыг чинь хүлээн авахгүй, гомдолтой гэж байгаа тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж болно гэсэн. Тиймээс би үр дүнгийн урамшуулал гэж авсан 750 000 төгрөгийн учрыг олох гэж шүүхэд хандсан. Хоёр ч өмгөөлөгчөөс асуухад үр дүнгийн урамшуулал гэж авах ёсгүй, өмгөөллийн хөлсийг хэт өндөр байна гэж хэлсэн. Тиймээс 750 000 төгрөгөө нэхэмжилсэн... гэв.

Хариуцагч В.******* хариу тайлбартаа: ...Т.******* нь надад хандаж өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. ******* тайлбартаа надтай уулзахынхаа өмнө болон дараа нь өөр өмгөөлөгч нартай уулзахад гээд мэргэжил нэгт нөхдийн минь талаар иш татаад яриад байна. Гэхдээ хэн гэж өмгөөлөгч, ямар үндэслэлээр *******ын 1 500 000 төгрөгийн өмгөөллийн хөлс их учир, яг бодит үнэ нь ийм байх ёстой гэдгийг юуг үндэслэж яриад байгаа, тэр хүмүүсээ яагаад гэрчээр асуулгахгүй байгаа гэдгээ тайлбарлах байх гэж бодож байна. Эдгээр ярьж байгаа зүйлээ нотолж чадахгүй тохиолдолд өмгөөлөгчийн нэр барьж шүүхийн танхимд өмгөөлөгч ингэж хэлсэн, тэгж хэлсэн гэж баримтгүйгээр бусад өмгөөлөгч нарын нэр төрд халдаж байна үзэж байна. ...*******ын хувьд надаас шүүх ер нь яаж шийдэх гэж байна, шүүхийн шийдвэрийн урьдчилсан шийдвэрээ хэл гэж тулган шаардаад байсан. Сая өөрөө тайлбар дээрээ хар зургаа хэл гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээрээ ч шүүхээс гарах шийдвэрийн талаар үйлчлүүлэгчид урьдчилсан амлалт өгч болохгүй, ...ийм, ийм байдлаар нотолж чадвал бидний шаардлага хангагдах боломжтой, түүнээс биш шүүхийн шийдвэрийн урьдчилсан дүгнэлт, хар зургийг би танд гаргаж өгөх, хэлэх боломжгүй гэдгийг хэлж, тайлбарлаж байсан. Ер янз бүрийн мессеж бичиж, зүй бус үйлдэл гаргасныхаа дараа над руу ирж миний буруу байсан байна гэж уучлалт гуйдаг. Энэ мэтээр бидний өмгөөллийн үйл ажиллагаа явсан. Бид хуулийн хүрээнд гэрээгээр өмгөөллийн хөлсийг тогтоосон. Энэ нь бидний гарын үсэг зурсан бичгийн гэрээгээр илэрхийлэгдэнэ. Өмгөөллийн хөлсийг хуульд заасан байдлыг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн өмгөөлөгч бүр өөрөө тогтооно, гэхдээ үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтоодог ийм жишгээр явдаг. Тухайн үед миний үнийн санал тийм байсан. Энэ үнийн санал дээр *******ын зүгээс ямар нэг санал гаргаагүй, харин хөлсийг хэсэгчилж төлөх талаар санал гаргаж байсныг би зөвшөөрсөн. Өнөөдөр хөдөлмөрийн маргаан хамгийн багадаа 2-3 сая төгрөг байдаг. Хөдөлмөрийн маргаан өөрөө ээдрээ төвөгтэй, нотлох ажиллагаа талуудын өөрсдийн ажиллагаагаар тодорхойлогддог. Энэ хүний цалингийн хэмжээ тийм ч өндөр биш байсан учир би харьцангуй багаар 1 500 000 төгрөгөөр өмгөөлөхөөр өмгөөллийн хөлсөө тогтоосон. *******ын хувьд надтай өмгөөллийн гэрээ хийснээрээ хохироогүй, ажилдаа эргэж орсон, бүх нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан, одоо байнгын ажлын байртай, цалин орлоготой болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.   

Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020.11.23-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г,

хариуцагч талаас Т.*******ын нэхэмжлэлтэй Дорнод аймаг дахь Политехникийн коллежид холбогдох иргэний хэргийн материалаас хуулбарлаж ирүүлсэн тус шүүхэд 2020.11.24-ний өдөр гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдол, 2021.01.25-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл, 2020.01.08, 2021.01.21, 2021.01.25, 2021.03.01-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүд, Т.*******аас 2020.09.18, 2020.11.05-ны өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн захиргаанд гаргаж өргөдлүүд, тус шүүхийн шүүгчийн 2021.01.25-ны өдрийн 138/ШЗ2021/00316 дугаар “Хүсэлт хангах тухай” захирамж, шүүх хуралдааны 2021.01.29-ний өдрийн 138/ТМ2021/00072 дугаар тэмдэглэл, тус шүүхийн 2021.01.29-ний өдрийн 138/ШШ2021/00129 дугаар шийдвэр, Дорнод аймаг дахь Политехник коллежийн захирлын 2021.02.24-ний өдрийн Б/26 дугаар “Т.*******ыг ажилд эгүүлэн томилох тухай” тушаал, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар тус шүүхэд 2021.03.01-ний өдөр гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн 2021.05.18-ны өдрийн 138/ШШ2021/00354 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. (хх 4-5, 23-50 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь тус шүүхэд хариуцагч В.*******д холбогдуулан “Өмгөөллийн хөлсөнд төлсөн 750 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. (хх 1-2 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 14.1.1, 14.1.6, 14.1.9, 23.1, 23.2 дахь заалтуудыг зөрчсөн. Өмгөөллийн тухай хуульд үр дүнгийн урамшуулал гэж авсан нь огт заагаагүй байхад өмгөөллийн хөлсний үлдэгдэл 750 000 төгрөгийг үр дүнгийн урамшуулал гэж авсан нь үндэслэлгүй. Хоёр ч өмгөөлөгчөөс асуухад үр дүнгийн урамшуулал гэж авах ёсгүй, өмгөөллийн хөлсийг хэт өндөр байна гэж хэлсэн. Тиймээс 750 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Өмгөөллийн хөлсийг хуульд нийцүүлэн өмгөөлөгч бүр өөрөө тогтооно, гэхдээ үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтоодог. Нэхэмжлэгчийн цалингийн хэмжээ тийм ч өндөр биш учир би харьцангуй багаар 1 500 000 төгрөгөөр өмгөөлөхөөр өмгөөллийн хөлсөө тогтоосон. Энэ үнийн санал дээр *******ын зүгээс ямар нэг санал гаргаагүй, харин хөлсийг хэсэгчилж төлөх талаар санал гаргаж байсныг би зөвшөөрсөн. *******ад хууль зүйн туслалцааг хууль журмын дагуу үзүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага нь бүгд хангагдаж ажилдаа эргэж орсон. Энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар:

- Нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймаг дахь Политехникийн коллежид холбогдуулан гаргасан “Ажлаас буруу халсан тул үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” гомдолтой иргэний хэрэгт өөрийн өмгөөлөгчөөр В.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргах шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,

- тэд өмгөөллийн хөлсийг 1 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г бичгээр байгуулсан,

- нэхэмжлэгч Т.******* нь тохиролцсон хөлс 1 500 000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн,

- өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрч асуулгах болон хэрэгт нотлох баримт гаргаж өгөх, хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах гэх мэт хүсэлтүүдийг бичгээр гаргаж байсан,

- өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. (хх 1-2, 5, 12-13, 15-18, 23-28, 31-44 тал)

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх үйл баримтуудын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр нэг тал нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх /ажиллагч/, нөгөө тал нь тохирсон хөлсийг төлөх /ажиллуулагч/ үүргийг тус тус хүлээдэг.

Уг гэрээний дагуу хариуцагч В.******* нь Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 14 дүгээр зүйлд зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах, үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох зэрэг үүрэгтэй байна.

Хариуцагч В.******* нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөх үүргээ гүйцэтгээгүй буюу хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч В.*******ыг өмгөөллийн хөлсний үлдэгдэл 750 000 төгрөгийг үр дүнгийн урамшуулал гэж авах ёсгүй, өмгөөллийн хөлс хэт өндөр байсан, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6, 14.1.9, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэдгийг шүүхэд баримтаар нотолсны эцэст өмгөөлөгчөөс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болно. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч В.*******ын шүүх хуралдаанд гаргасан ...миний бие нэхэмжлэлийг бичих, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс хүсэлт, саналыг бичиж шүүхэд гаргаж өгч байсан, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцсон, хууль зүйн туслалцааг хууль журмын дагуу үзүүлсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн... гэх тайлбаруудыг эсэргүүцээгүй, үгүйсгээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч В.*******аас өмгөөллийн хөлсөнд төлсөн 750 000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.*******д холбогдох “өмгөөллийн хөлсөнд төлсөн 750 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА