| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/04071/И |
| Дугаар | 102/ШШ2022/00672 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/00672
2022 оны 02 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2022/00672 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Оад холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О нь 2020.06.23-ны өдөр манайхтай 12,5 сая төгрөгийн автомашины зээлийн гэрээ байгуулан, 18 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 04-56 УНР улсын дугаартай Лексус RХ350 маркийн машиныг фидуцийн гэрээ байгуулсан. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлийн үүргийн дагуу үндсэн болон хүүг төлөөгүй ба 18,5 сая төгрөгийн төлбөр үүссэнээс фидуцийн гэрээгээр барьцаалсан автомашиныг худалдан борлуулах замаар 9,5 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 9,0 сая төгрөгийг Х.Оаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022.01.18-ны өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарласан, хариу тайлбарыг 2022.02.01-ний өдөр ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
“Г” ХХК нь шүүхэд Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, Мэдэгдэл баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК нь Х.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг зөвшөөрлийн хүрээнд 2020.06.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 12,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлдүүлжээ.
Хариуцагч нь 04-56 УНР улсын дугаартай Лексус RХ350 маркийн автомашиныг худалдан авах зориулалтаар зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд фидуцийн гэрээ байгуулсан байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 12,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч Х.О нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан ба талууд дээрх гэрээгээр сарын хүүг 4 хувиар тохиролцжээ.
Харуцагч гэрээний хугацаанд сар бүр 989,965 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, эхний сарын төлбөрийг бүрэн төлсөн, харин үүнээс хойш үүргийн зөрчил гаргаж, 2020.11.16-ны болон 2021.03.20-ны өдөр тус бүр 1,000,000 төгрөг төлж, үүнээс хойш төлбөр төлөөгүй буруутай байна.
Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх дүн нь 18,500,000 төгрөг, 04-56 УНР улсын дугаартай Лексус RХ350 маркийн автомашиныг зээлдэгчтэй хамт бусдад 9,500,000 төгрөгөөр зарсан, хариуцагч энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсанд талуудын гэрээний 2.4 дахь заалт нийцжээ.
Иймд Х.О нь зээлийн гэрээний дагуу нээмжлэгчид 9,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 158,950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар Оаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулан, “Г” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 158,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ