| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00991/И |
| Дугаар | 138/ШШ2022/00255 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2022/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 13 дугаар байрны 48 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 11-08 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 7 дугаар баг, 37 дугаар байрны 10 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,
“Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.******* /цахимаар/
Хариуцагч А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие бага наснаасаа А.*******тай танилцаж, нөхөрлөж явсаар 2009 онд тус бүрдээ их сургуулиа төгсөж, 2010 онд бид охиноо төрүүлсэн. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан бөгөөд би охиноо өөрийн нэрээр овоглон төрсний гэрчилгээ авсан. Анх хүүхэдтэй болохдоо хоёул ярилцаад төрүүлэхээр шийдсэн. Хүүхдээ тээж байх хугацаанд ямар ч учир шалтгаангүйгээр хэдэн сараар алга болж ирж байсан удаа бий. Би жирэмсэн учир хэрүүл маргаан хийхгүйгээр хүүхдээ тээж явсаар 2010 оны 04 сарын 13-нд амаржсан. 2010 оны 08 дугаар сар хүртэл хэрүүл маргаангүй явж байгаад үл ойлголцох асуудал гарснаар бидний 2 тийш болох үндэслэл болсон. “Зөндөө гуйсан” гэж тайлбар тавьдаг ч намайг болон үр хүүхдээ гуйж, анхаарч байсан тохиолдол нэг ч байхгүй. ...Өнгөрсөн 12 жилийн хугацаанд би охиноо А.*******ын туслалцаагүйгээр тэжээн тэтгэж ирсэн. Би ажил төрөл хийж хөдөлмөрлөсөөр ирсэн хэдий ч эцэг хүний үүрэг хариуцлагыг А.******* заавал биелүүлэх шаардлагатай гэж үзэж охиндоо тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин гийн эцэг А.******* мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч А.******* хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *******тай бага наснаасаа нөхөрлөсөн. Их сургуулиа төгсөөд уулзаж эхэлсэн. Дотно байсан хугацаа тийм ч урт байгаагүй. Хамт амьдарч байсан удаа байхгүй. Жирэмсэн болсон гэдгийг нь сонсоод аав, ээжтэйгээ энэ талаар ярилцаж, тусдаа гарья гэж бодож байсан. Тэгээд *******тай уулзаж ярилцаад үл ойлголцол үүссэн учир холбоогүй болсон. Охин г төрөх үед би Дорнод аймагт байсан, 2 жил орчим байж байгаад гадагшаа явсан. Намайг гадаадад байхад *******ын хувьд намайг шүүхэд өгсөн, гадаадаас чамайг ирүүлнэ гэж хэлж байсан. Ээжид минь бас энэ талаар хэлсэн гэсэн. Энэ бүгдийг нь дарамталсан гэж хэлж байгаагүй. *******аас ер нь хүүхдэд мөнгө хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Хуулийн дагуу хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээхэд бэлэн, хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн сургуульд сурч байгаа тухай сургуулийн тодорхойлолт, фэйсбүүк чатаар харилцсан гэх баримтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, харин түүний гаргасан хүсэлтээр шүүх хүүхдийн эцэг тогтоох шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан болно. (хх 4-11, 18-20, 25-34 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь тус шүүхэд хариуцагч А.*******т холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)
Хариуцагч А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоох шинжилгээг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. (хх 18, 26-29 тал)
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ө.*******ын “Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин гийн 0352169 ТГ-276 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай “Асралт үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн суралцаж буй тухай Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 691 дугаартай дүгнэлт, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. (хх 1-2, 5-7, 26-29 тал)
Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч А.******* нар нь бие биеэ бага байхаасаа таньдаг байсан бөгөөд 2009 оноос гэр бүлийн дотно харилцаатай болж, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин төрсөн болох нь, мөн тэд гэр бүлийн харилцаатай байсан хэдий ч нэг гэрт хамт амьдраагүй, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болох нь тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч А.******* нь охин гийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99,99 % байна гэсэн байх тул 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин гийн төрсөн /биологийн/ эцэг А.******* мөн болохыг тогтоож, охин г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч А.*******т үүсэж байгаа, нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг А.*******т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.*******ад тус тус даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 125 528 төгрөгийг төлсөн байх ба үүнээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 55 328 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ө.*******ад олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, регистрийн дугаартай охин гийн төрсөн /биологийн/ эцэг нь ******* овогт *******ын ******* /*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар г 11-16 нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг А.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ө.*******ад даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг А.*******т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.*******ад тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 528 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 55 328 /тавин таван мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.*******ад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА