Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2022/00169

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00169

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Л.Д,

 

Хариуцагч:, мцх ТББ

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ц холбооны ээлжит их хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-ын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г өмгөөлөгч Ч.Ш 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д  нь Ц холбоо ТББ-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц холбооны ээлжит их хурлыг хүчин төгөлдөр бус /хүчингүй/-д тооцуулж, тус холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-ын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ц холбоо нь 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагдаж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай улсын бүртгэлд бүртгүүлж, удирдах зөвлөлийн 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тус холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш Ц спортыг хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон улсын чанартай тэмцээн, уралдаан, хүн төрөлхтний спортын их наадам болох тив дэлхийн олимп, ази тивийн тэмцээн уралдаанд баг тамирчдаа бэлтгэн оролцуулдаг, нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага юм. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу дүрмийг бид анх байгуулагдсан цагаасаа эхлэн зохих байгууллагад бүртгүүлж, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2010 болон 2014 онд холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар өөрчилж баталсан. Уг дүрмийн 1.8 дахь хэсэгт ...Аймаг орон нутгийн салбар холбоо, аймаг дүүргийн биеийн тамир спортын хороо, спорт клубүүд нь тус холбооны гишүүн... байна гэж заасан. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Л.Д  нь удирдах зөвлөлийн гишүүн тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүрмийн дагуу бид дөрвөн жилд нэг удаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, уг хуралд оролцсон гишүүдийн 3/2 хувийн саналаар дүрмийг шинэчлэн баталж байхаар тогтоосон. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ц ХОЛБООНЫ бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгуулж, дүрмийн дагуу гишүүдийн харьяалалд багтдаг 147 гишүүнээс 102 буюу 67 хувь нь ирж дүрмийн 2.2.1.с-д зааснаар хурлыг хийж болох нөхцөл бүрдсэн. Бүх гишүүдийн хурлаар бид дүрэмд өөрчлөлт оруулах талаар санал гаргах, түүнийг баталгаажуулах, холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг олонхийн саналаар сонгох дарааллын дагуу явагдах байсан. Бүх гишүүдийн хурал даргалагчийн зүгээс дарааллыг танилцуулсан. Гэсэн хэдий ч хурал эхэлж дүрмийг хэлэлцэж баталгаажуулаагүй удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Удирдах зөвлөлийн гишүүнд нийт 27 хүн нэр дэвшиж, 102 хүн санал өгч, 11 хүн дийлэнх олонхийн санал авч баталгаажсан. Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Х , Р.Х , С.Б  нар нэр дэвшиж, 102 хүн санал өгснөөс Д.Х  30, Р.Х  40, С.Б 28 хүний саналыг тус тус авсан. Дээрх нэр дэвшигчдийн хэн аль нь дийлэнх олонхийн санал аваагүй байхад хамгийн их санал авсан учир өөрийгөө ерөнхийлөгч болох нь зүйтэй гэж үзэж Р.Хатан ерөнхийлөгчийн тамга, тэмдгийг авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хурлын тэмдэглэлээс харахад хурал дэс дарааллын дагуу явагдаагүй гэж харагдаж байна. Мөн Ц холбооны гүйцэтгэх удирдлага буюу ерөнхийлөгчийг сонгоход үнэмлэхүй олонхийн саналаар уу, дийлэнх олонхийн саналаар уу гэдэгт маргаан гарч байсан. Гэтэл хурлын тэмдэглэл дээр энэ талаар огт байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хоёр тэмдэглэл үйлдсэн. Гараар бичсэн тэмдэглэлээс харахад ерөнхийлөгчид өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулав гээд дуусгавар болсон. Дараагийн тэмдэглэлд нь хурлын ирц 67 хувьтай болохоор хурал өөрөө хүчин төгөлдөр гэсэн байна. Тус хуралд оролцож байгаа 102 хүнээс дийлэнх олонхийн санал авах уу, үнэмлэхүй олонхийн санал авч ерөнхийлөгчийг сонгох уу гэдэг нь харагдахгүй байна. Мөн 2010 оны Ц холбооны дүрмийн 2.2 дахь хэсэгт тэргүүлэгчдийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Харин тэмдэглэлээс харахад тэргүүлэгчдэд 11 гишүүн сонгосон харагдаж байгаагаас харахад хурал дэгийн дагуу явагдаагүй нь нотлогдож байна. Мөн ирцийн бүртгэл өөрөө тэмдэглэлд авагдаагүй. Өмнө нь гэрчээр асуугдсан Э.О  тайлбарлахдаа 147 гишүүнтэй гэдгийг бид өөрсдөө гаргасан. Албан ёсны гишүүдийн бүртгэл бол байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр бүртгэлгүй гишүүдийн хүрээнд хурал явуулсан нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна. Хурлын тайлан дээр тусгагдсан дэг өөрөө тогтоолын дугаартай зөрж байна. Гол хэлэлцэх асуудал дээрээ төвлөрөөгүй. Хурлыг Төрийн бус байгууллагын тухай хуулиар явуулах уу. дүрмээрээ явуулах уу гэдэг асуудал дээр төвлөрөөгүй. Замбараагүй нөхцөл байдал бий болсон нь харагдаж байна. Өмнө нь Монголын цанын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа гишүүд өөрсдөө санал тавьсан. Хурлыг хуралдуулах тухайн саналыг хүлээн аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр хуралд оролцсон гишүүдийг гишүүн гэж үзэхгүй юм бол тухайн хурал өөрөө хүчин төгөлдөр биш юм. Дүрмийн 2.2.1 дэх хэсэгт зааснаар бүх гишүүдийн 51-ээс дээш хувь нь 30 хоногт хуралдуулах тухай албан бичиг хүргүүлсэн бол ц холбоо өөрөө хуралдуулах ёстой гэж заасан. Тус хуралд оролцсон хүмүүсийн мандатны ард хурлын дэгийг танилцуулсан байдаг. Хурал дээр мөн дэгийг танилцуулсан боловч дэгийн дагуу явагдаагүй. Хурлын дэг дээр гүйцэтгэх удирдлагыг, хяналтын зөвлөлийг, хурал даргалагчийг, ерөнхий нарийн бичгийг тус тус томилох байсан боловч удирдах зөвлөлийн гишүүдийг гүйцэтгэх удирдлагын гишүүдтэй хамт томилсноос болж хурал дэгийн дагуу явагдаагүй. Хурлыг үндэслэж явуулах хууль эрх зүйн баримт бичиг аль нь вэ гэдэг дээр маш их маргаан явагдсан. Ихэнх гишүүд төрийн бус байгууллагын тухай хуулиар хурлыг явуулах санал гаргасан. 1990 оны Төрийн бус байгууллагын тухай хууль нь өөрөө төрийн бус байгууллагыг хурлаа хуралдуулах талаар тодорхой заасан хууль биш. Ингээд 2014 онд Улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн дагуу явуулъя гээд ихэнх нь саналаа өгсөн байдаг. Гэтэл 2014 оны дүрэм улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус юм. Тэгэхээр тухайн хурал нь эрх зүйн үндэслэлгүй явагдсан учраас хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байна. Ц холбоог удирдан явуулж буй Р.Х гэх гишүүн нь анхнаасаа тухайн цанын холбооны албан ёсны бүртгэлтэй этгээд биш юм. Мөн Ц холбоонд тодорхой хувь нэмэр оруулаагүй, тэгэхээр гишүүн биш этгээд нэр дэвшиж, гишүүн биш хүмүүсээс санал авч гарсан эрх зүйн шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Өмнөх удирдлагыг хэвийн үлдээх тухай шаардлагын хүрээнд 2014 оноос өмнө Ц гишүүн Д.Р  нь удирдах зөвлөлд байсан. Тухайн үед их хурал явуулахгүйгээр гишүүдтэйгээ ярилцсаны үндсэн дээр Д.Х  гэх Ц ТББ-ыг хөгжүүлэхэд маш их хөрөнгө оруулалт хийсэн хүнийг сонгосон байдаг. Р.Х-ыг удирдах зөвлөлөөр сонгоход бусад гишүүд хүлээн зөвшөөрсөн учраас тухайн үед ямар нэгэн маргаан явагдаагүй. Дахин ээлжит бус хурал хуралдуулахыг даалгах тухай шаардлагын хувьд 2010 оны Улсын бүртгэлийн газраас ирсэн дүрмийн 2.2.1B болон A гэх заалтууд байдаг. Үүнээс харахад цанын холбооны гишүүн гэж үзсэн тухайн этгээдүүд нь 51 хувиас дээш хувь нь тухайн үеийн Ц холбооны ээлжит бус хурал хуралдуулах тухай хүсэлт гаргах юм бол 30 хоногийн дотор Ц ТББ шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл хуралд оролцсон болон бүртгэлтэй гишүүд аль аль нь Монголын цанын холбоонд бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Нэхэмжлэгч тал Ц холбооны ээлжит 8 дугаар их хурлыг хүчин төгөлдөр бус буюу хүчингүйд тооцуулснаар тус хурлаар шийдвэрлэсэн бүх тогтоол шийдвэрүүд хүчингүй болох юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Л.Д  Ц холбоонд олон жил нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ байгууллагынхаа бичиг хэргийг хөтөлж байгаагүй. Энэ байдал нь хурлын үеэр ил болсон. Мөн гэрчээр асуугдсан Э.О  нь 2014-2018 он хүртэл ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд мөн Олон улсын Ц холбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулаагүй. Монгол Улсын биеийн тамир спортын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, дүрэмд тохируулан тухайн спортынхоо олон улсын дүрмийг хэрэгжүүлж ажиллана гэж заасан. Гэтэл Э.О Монгол Улсын биеийн тамир спортын тухай хууль дүрэм болон спортын холбоодын эрх үүргийг буруу тайлбарласан байсан. Тухайн үед Ц удирдаж байсан удирдлагууд өөрсдөө холбооны хууль дүрмийг мэддэггүй гэдэг нь харагдсан. Ерөнхийлөгч Р.Х  нь үе дамжсан цаначин гэр бүлийн хүүхэд юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дүрмэнд зааснаар бүх гишүүдийн 51-ээс дээш хувь нь 30 хоногт хуралдуулах тухай албан бичиг хүргүүлсэн байхад Ц холбоо хуралдах ёстой гэж тайлбарлаж байна. Тухайн үед хүмүүсээр гарын үсэг зуруулж, санал гаргасан гэх боловч намайг хүртэл цагаан цаасан дээр гарын үсгээ зур гэж хэлэхэд нь би зураагүй. Мөн гадаад улсад байгаа хүний гарын үсэг хүртэл зурагдсан байдаг. Тухайн бичгийг албан ёсных биш гэж үзээд Ц холбооны удирдлагууд хүлээн аваагүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хурлын бичлэгт үзлэг хийхэд хурлын дэгийн талаар маргаан гараагүй. Хамгийн эхлээд бүх гишүүдийн хурлыг хуралдуулахад гишүүдээс гомдол санал ирсэн. 2014 оны Ц холбооны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул дүрэм хууль бус юм. Ийм учраас Төрийн бус байгууллагын тухай хуулиар хурлаа явуулъя гэх санал гаргасан байна. Мөн хурлын тэмдэглэлээс харахад 2010 оны дүрмийг хурал хийхгүйгээр гишүүд батлаад улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Дүрэм хуульд нийцээгүй учраас Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн хурлаа явуулъя гэх санал гаргахад хурлыг удирдаж байсан н.Р  дарга хүлээн авсан. Ингээд бүх гишүүдээс санал авахад 52 гишүүн нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар явуулъя гэж, 40 гишүүн нь дүрмээрээ явуулъя гэж санал өгсөн. Ингээд олонхийн саналаар Төрийн бус байгууллагын тухай хуулиар хурлыг явуулсан. Хурлын бичлэг дээр ч мөн Төрийн бус байгууллагын тухай хуулиар явуулах уу, дүрмээр явуулах уу гэж удирдан зохион байгуулж байгаа нь харагддаг. Мөн гэрчээр оролцсон Э.О  тухайн үеийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан боловч 2014 оны дүрмийг өөрөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй атлаа өнөөдөр хурал хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн дүрмээ батлаад хуульд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлдэг. Гэтэл 2010 болон 2014 оны дүрэм аль алийг нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хууль бус юм. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн, 2018 оны дүрмэнд тодорхой өөрчлөлт оруулж, улмаар хурлыг явуулсан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Ц холбооны 2014, 2018 оны дүрэм, Ц холбооны улсын бүртгэлийн лавлагаа, Ц холбоонд ээлжит их хурлыг хуралдуулахыг хүссэн хүсэлт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаар тогтоол,

Хариуцагчаас Ц 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит их хурлын тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц холбооны 2018 оны дүрэм, Монголын цанын холбооны наймдугаар их хурлын тайлан, Ц холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн их хурлын бүх гишүүдийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаартай тогтоол, Монголын цанын холбооны наймдугаар их хурлын санал хураалтын тайлан, Ц холбооны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2010 оны дүрмийн хуулбар, 2018 оны хурлын шийдвэр, тогтоол, дүрэм, Ц холбооноос барих бодлого, цаашдын зорилт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Д хариуцагч Ц холбоо ТББ-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц холбооны ээлжит 8 дугаар их хурлыг хүчин төгөлдөр бус /хүчингүй/-д тооцуулж, тус холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-ын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах гэж шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч Ц ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус холбооны 2010 оны дүрмийг хурал хийхгүйгээр гишүүд батлаад улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан, 2014 онд ээлжит их хурал хуралдсан боловч дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, иймд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит их хурлыг 2014 оны дүрмээр явуулах уу, Төрийн бус байгууллагын тухай хуулиар явуулах уу гэдэг дээр гишүүдээс санал гарч, 2014 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дүрэм хууль бус, иймд Төрийн бус байгууллагын тухай хуулиар хурлаа явуулъя гэж гишүүдийн олонхи саналаа өгч, Төрийн бус байгууллагын тухай хуулиар хурлыг явуулсан. Мөн тус хурлаар 2018 оны дүрмэнд тодорхой өөрчлөлт оруулж, дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцэж байгаа, хурал дэгийн дагуу явагдсан, гэрчээр оролцсон Э.О , нэхэмжлэл гаргасан Л.Д  нар 2018 оны ээлжит их хурлыг зохион байгуулж, холбооны гишүүд гэж тэдэнд мандат олгож, хуралд оролцуулсан боловч тэдгээр гишүүдийг албан ёсны гишүүдийн бүртгэл байхгүй, бүртгэлгүй гишүүдийн хүрээнд явуулсан нь хурал өөрөө хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ц холбоо цанын спорт сонирхогч, дэмжигчдийн санаачлагаар 1958 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдаж, 1962 онд Монголын Үндэсний олимпийн хороогоор хүлээн зөвшөөрөгдөж, мөн онд Олон улсын цанын холбооны гишүүнээр элссэн олон улсын түвшинд цанын спортоор төлөөлөх бүрэн эрхт гишүүн байгууллага байх ба 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагдаж, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай, 6 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т ...Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцно... гэж заасан ба 2014 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, харин 2010 оны дүрэм болон 2018 оны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн нь Ц холбоо ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна.

 

Тодруулбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10/8402 тоот албан бичгээр тус холбооны 2010 оны дүрмийг ирүүлсэн байх ба 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан 2010 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, харин 2014 оны дүрмийг бүртгүүлээгүй байжээ.

 

Түүнчлэн тус холбооны ээлжит их хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулахаар заасан бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас харахад 2014, 2018 онуудад ээлжит их хурал хуралдсан, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар их хурлын тайланд хуралд оролцсон төлөөлөгчдөөс дотоод журамд өөрчлөлт оруулах санал гаргасан, өөрөөр хэлбэл 2014 оны холбооны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, батлагдаагүй дүрмээр бус ТББ-ын тухай хуулийг баримтлан хурлаа явуулах нь зүйтэй гэх саналыг гаргажээ.

 

Улмаар Ц холбооны дүрэмд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар зохих өөрчлөлтийг хийж, батлан 2018 оны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Тус холбооны 2018 оны дүрмэнд холбооны дүрмийн үйлчлэл нь бүх гишүүдийн хурлаас дараагийн бүх гишүүдийн хурлын хооронд байна. Холбооны дүрэмд зөвхөн бүх гишүүдийн хурлаас өөрчлөлт оруулах бөгөөд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заажээ.

 

Уг хурлаар 2014-2018 оны холбооны болон хяналтын зөвлөлийн тайлан, Ц холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, тооллогын комисс байгуулах, санал шүүмжлэл, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг тус тус сонгох асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байна.

 

Тус холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн 2010 он, 2018 оны дүрмийн шинэчилсэн найруулгад ...Аймаг, орон нутгийн салбар холбоо, аймаг дүүргийн биеийн тамир спортын хороо, спорт клубууд, түүнчлэн цанын спортын зүтгэлтнүүд /багш, дасгалжуулагчид, тамирчид, хувь хүмүүс, харъяаллын дагуу дээрх байгууллагуудыг төлөөлөн тус холбооны гишүүн, хүндэт гишүүн, дэмжигчид цанын холбооны гишүүн... байхаар заасан ба холбооны гишүүд нь бүх гишүүдийн хуралд оролцох, холбоонд сонгох, сонгогдох, холбооноос зохион байгуулж буй тэмцээн бусад арга хэмжээнд оролцох, бүх гишүүдийн хуралд санал өгөх, холбооны үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэйг заажээ.

 

Түүнчлэн холбооны бүтэц нь бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдээс эхлэн хяналтын зөвлөл хүртэл 9 бүтэцтэй ба холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал, хурал нь ээлжит ба ээлжит бус байна, ээлжит бүх гишүүдийн хурал нь Тэргүүлэгчид товлосноор дөрвөн жилд нэг удаа хуралдах, хурлын товыг 30 хоногийн өмнө зарлаж гишүүдэд мэдэгдэнэ гэж заасан байна.

 

Дээрх дүрмэнд зааснаар Ц холбооны /2014 онд сонгогдсон/ Удирдах зөвлөлийн гишүүд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ц холбооны бүх гишүүдийн ээлжит их хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтоол гаргаж, Удирдах зөвлөлийн гишүүд 15, багш дасгалжуулагчид 30 хүн гэх мэт 147 таслах эрхтэй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, их хуралд 147 гишүүн ирэхээс 102 буюу 67 хувийн ирцтэйгээр хуралд оролцсон нь 8 дугаар их хурлын тайлан болон хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүх гишүүдийн ээлжит их хурал нь дарааллын дагуу явагдаагүй, Ц холбооны гүйцэтгэх удирдлага буюу ерөнхийлөгчийг сонгоход үнэмлэхүй олонхийн саналаар уу, дийлэнх олонхийн саналаар уу гэдэг дээр маргаан гарч, тухайн асуудлаа бүрэн шийдвэрлээгүй атлаа ерөнхийлөгчийн сонгуульд 3 хүн нэр дэвшиж, нэр дэвшигчдийн хэн аль нь дийлэнх олонхийн санал аваагүй байхад хамгийн их санал авсан гэж Р.Х  ерөнхийлөгчийн тамга, тэмдгийг авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн их хурлаар хоёр тэмдэглэл үйлдсэн байдаг ба хуралд оролцож байгаа 102 хүнээс дийлэнх олонхийн санал авах уу, үнэмлэхүй олонхийн санал авч ерөнхийлөгчийг сонгох уу гэдэг нь тэмдэглэлээс огт харагддаггүй, ирцийн бүртгэл тэмдэглэлд авагдаагүй. Өмнө нь гэрчээр асуугдсан Э.О  тайлбарлахдаа 147 гишүүнтэй гэдгийг бид өөрсдөө гаргасан. Албан ёсны гишүүдийн бүртгэл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр бүртгэлгүй гишүүдийн хүрээнд хурал явуулсан нь хурал өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна гэж маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх 2014 оны дүрмийн 2.2-1-ийн D-д ... Бүх гишүүдийн хурал нь аливаа асуудлыг санал хураах хэлбэрээр зохион байгуулж шийдвэрлэх ба хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураана. Бүх гишүүдийн 3/2-ын саналаар, 2018 оны дүрмийн 2.2-1-ийн D-д ... Бүх гишүүдийн хурал нь аливаа асуудлыг санал хураах хэлбэрээр зохион байгуулж шийдвэрлэх ба хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураана. Бүх гишүүдийн 51 хувиас дээш саналаар Ц дүрмийг баталж, өөрчлөлт оруулахаар тус тус заасан байх ба нэгэнт хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй дүрмийг баримтлан хурлаа явуулах боломжгүй гэж, хуралд оролцогчдоос санал гарснаар 2018 оны дүрэмд өөрчлөлт оруулж, батлан шинэ холбооны дүрмээр хурлыг явуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд цанын холбооны гишүүн гэх 147 таслах эрхтэй гишүүнийг сонгож, тэдэнд мандат олгож, улмаар их хурлыг хуралдуулсан атлаа хуралд оролцсон гишүүдийг албан ёсны гишүүдийн бүртгэлгүй, бүртгэлгүй гишүүдийн хүрээнд явуулсан хурал нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч тухайн үед сонгогдсон ерөнхийлөгч болон гүйцэтгэх удирдлага нь дүрмийн 1.8-д заасан холбооны гишүүдийг бүртгэлжүүлэх, бүртгэлгүй тохиолдолд хуралд оролцуулах, эс оролцуулах асуудлаа их хурлаас өмнө шийдвэрлэх байжээ.

 

Нөгөөтэйгүүр хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд тус холбоо нь дөрвөн жилд нэг удаа хуралдах их хурлаа /2010 он/ хуралдуулаагүй, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбооны дүрэмд заасан дагуу их хурлаар ерөнхийлөгч болон гүйцэтгэх удирдлагаа сонгох байтал сонгоогүй /2014 он/, сонгогдсон гэх гүйцэтгэх удирдлага нь холбоогоо хуулийн дагуу удирдаж, зохион байгуулаагүй, түүнчлэн 2014 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс 2018 oны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан ээлжит их хурал хуралдахад маргаан гарсан, дэгийн дагуу явагдаагүй, замбараагүй явагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Д-г Ц холбоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, тус холбоог үүсгэн байгуулсан, санаачилсан 6 гишүүний нэг гишүүний хувьд түүнчлэн 2010-2014 онд ц  холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2018 онд хүндэт гишүүн байсны хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж тайлбарлах боловч их хуралд таслах эрхтэй 147 гишүүн оролцохоос 102 буюу 67 хувийн ирцтэйгээр оролцсон, энэ нь дүрмийн 2.1.6-д зааснаар бүх гишүүдийн хурал мандатын эрхтэй гишүүдийн 51 хувиас дээш хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэсэн заалтын дагуу хүчинтэй гэж үзэж, хурлаа хуралдуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл мандатын эрхтэй гишүүдийн 51 хувиас дээш хүрэлцэн ирж, хуралд оролцсон гишүүдийн өмнөөс тус холбоог үүсгэн байгуулсан гишүүн гэж Л.Д  дээрх нэхэмжлэлийг гаргаж байгаа нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар хурлыг хүчингүйд тооцуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулахад хуралд оролцсон холбооны гишүүдийн 51 хувиас дээш гишүүдийн оролцоотой байхаар хуульчилсан дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах саналыг Ц холбоонд хандаж гаргах байжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц холбооны гишүүд ээлжит бус хурал хуралдуулахыг хүсэж гарын үсгээ зурж саналаа хүргүүлсэн гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь албан ёсоор хуралд оролцсон гишүүдийн саналыг аваагүй, гадаад улсад байгаа хүний гарын үсгийг хүртэл зурсан байснаас тухайн бичгийг албан ёсных биш гэж үзээд Ц холбооны удирдлагууд хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх бөгөөд шүүхээс дээрх асуудлыг тус холбоог шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц холбоонд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц холбооны ээлжит 8 дугаар их хурлыг хүчин төгөлдөр бус /хүчингүй/-д тооцуулж, тус холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-ын эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай Л.Д  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Монголын цанын холбооны 2018 оны дүрмийн 2.1.6 -д зааснаар Ц холбоо ТББ-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ц холбооны ээлжит их хурлыг хүчин төгөлдөр бус /хүчингүй/-д тооцуулж, тус холбооны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө байсан гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга /бүрэлдэхүүн/-н эрх хэмжээг хэвээр үлдээх, холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахыг даалгах тухай Л.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН