| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00328/И |
| Дугаар | 136/шш2022/00103 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 136/шш2022/00103
| 2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 136/ШШ2022/00103 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, ** дугаар баг, Чгийн **-*** тоотод оршин суух, Т овогт Оын Н /РД:******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, Х сум, ** дугаар баг, А гэх газар оршин суух, Х овогт Мын Ц /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Н,
Хариуцагч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч М.Цд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2019 онд танилцаад хамтын амьдрал зохиож бид хамт амьдарч байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Н.С төрсөн юм. Амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаагүй учраас хүүгээ би өөрөөрөө овоглосон юм. Хүүхэд гарснаас хойш М.Ц нь ааш зан нь уур уцаартай, хүүхэд бид хоёроос юмаа харамлан байж хэрэглэдэг. Хүүхэд өвдсөн үед ч арчаагүй хүүхдээ өвтгөж мөнгөний гарлага хийлээ гэж аашилж энэ мэтээр сэтгэл зүйн дарамттай хэцүү байдаг байсан. Ц цаанаа өөр эмэгтэйтэй болсон нь мэдэгдээд 2020 оны 08 дугаар сараас тусдаа амьдрах болсон тул хүү Сийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц би О.Нгийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний хувьд 2019 оны 06 дугаар сард О.Нтой танилцаж дотно харьцаатай болж О.Н нь С суманд амьдарч би Х суманд хөдөө мал маллаж ирж очиж байдаг байсан. Би хөдөө Х суманд байхад 2019 оны 09 дүгээр сард над руу жирэмсэн болчихсон гэж залгасан. Тэгээд 2020 оны 01 сард би төрөх дөхлөө гэхээр нь би Сад ирсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-нд хүү Н.С У хотод төрсөн. Би 2020 оныхоо зун О.Нг хүүтэйгээ цуг хөдөө гэртээ аваачиж хамт амьдрах талаар хэлэхэд очихгүй гээд очоогүй. Тэр үедээ надад хэлэхдээ энэ чиний хүүхэд биш тийм учраас танайд очиж хамт амьдрахгүй гэж хэлж байсан юм. Тэгээд бид тусдаа амьдарч байтал надад хариуцуулан нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд танилцаж дотно харьцаанд орсон цаг хугацаа хүүхэд төрсөн өдөр, чиний хүүхэд биш гэж хэлж байсан зэргээс дүгнэлт хийж Н.С хүү маань миний төрсөн хүүхэд мөн эсэхэд эргэлзээ төрж байх тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Хүсэлтийг шийдэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч О.Н шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ... 2020 оны зун М.Ц намайг хөдөө гэртээ хамт амьдрах талаар хэлж байсан ч миний очоогүй шалтгаан нь М.Цгийн ар гэрийнхэн намайг идлээ, уулаа гэж муулж сэтгэл зүйн дарамттай байдаг байсан учраас би очоогүй. Би М.Цгийн хүүхэд биш гэж хэлж байгаагүй. Харин ч хүүхдээ тоосонгүй, аав хүн байж, эх хүний, эцэг хүний үүргийг хэлж өгдөг байсан ч тоодоггүй байсан. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Би
1. М.Цгийн хүүхэд биш байх гэсэн эргэлзээ төрүүлэхээр байгаагүй. Бие
өвдөөд байхаар нь Шандад ирээд үзүүлтэл жирэмсэн болсон байсан. Тэгээд М.Цд хэлсэн.
2. Хэрвээ М.Цгийн хүүхэд биш байсан бол хүү Сдөө тэтгэмж
тогтоолгох хүсэлт гаргахгүй байсан.
3. М.Цтэй танилцаж дотно харьцаанд орсон цаг хугацаа, хүүхэд төрсөн
өдөр эргэлзээгүй таарч байгаа. Хүү С маань эмчийн хяналтаар 2020 оны 02 дугаар сарын 06-нд төрөх байсан ч савны амсар эрт нээгдсэнээс болж 2020 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн цаг хугацааг хэлж байгаа бололтой.
4. М.Цгийн хүүхэд эргэлзээгүй мөн учраас эцэг тогтоолгох шинжилгээг
хийлгэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
5. Иймд О.Н миний хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтийг шийдэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Д аймгийн С сумын ** дугаар багийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/1274 дугаартай тодорхойлолт /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, М-М өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эмнэлгийн магадлагаа /хх-6/, №****** дугаартай Н.Сийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-18/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-30-33/ гарч хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч М.Цд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Н, хариуцагч М.Ц нар нь 2019 онд танилцсан бөгөөд эр, эмийн харилцаатай байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаас хүү Н.Сийн төрсөн эцэг эсэхэд эргэлзээ төрсөн учир түүний төрсөн эцэг нь мөн эсэх талаар шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ***/ШЗ2021/01*** дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх-32-33/ хариуцагч М.Ц нь Н.Сийн эцэг байх магадлал 99.99% гэж дүгнэжээ.
Хариуцагч М.Ц шүүх хуралдаанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.Сийг өөрийн төрсөн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, ...-ийн өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж хуульчилсан байх тул 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.Сийн төрсөн эцэг Х овогт Мын Ц мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч хүүхдийн тэтгэлэг төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бөгөөд хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг олгох хүсэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.Сийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр эцэг М.Цгээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Нд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нд, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.С /РД:******/-ийн төрсөн эцэг Х овогт Мын Ц мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Сийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг М.Цгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Нд үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нд, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА