| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 148/2024/00450/И |
| Дугаар | 001/ХТ2025/00219 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00219
| Б.Ш-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00040 дүгээр магадлалтай, Б.Ш-ийн нэхэмжлэлтэй А.О, Г.Э нарт холбогдох Гэм хорын хохирол 3,683,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч А.О, хариуцагч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н цахим, хариуцагч А.О цахим, хариуцагч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч А.О, Г.Э нарт холбогдуулан гэм хорын хохирол 3,683,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.О, Г.Э нараас 2,455,334 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,227,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч нараас 49,252 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн. 3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00040 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Нэхэмжлэгч Б.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие өөрийн авто машинд учирсан бодит хохирол болох 3,415,000 төгрөг, үнэлгээний зардал 268,000 төгрөг, нийт 3,683,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1,227,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь би нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлохдоо учирсан бодит хохирол, зардлыг л нэхэмжилсэн бөгөөд нэг ч төгрөг нэмээгүй. Гэтэл шүүх “манай адуу биш” гэсэн зөвхөн хариуцагч нарын тайлбар, мэдүүлэгт тулгуурласан. Уг шийдвэрт “Яагаад тухайн даага хариуцагч нарын мал гэж тогтоогдохгүй” байна гэж үзэж байгаа үндэслэл нь бичигдээгүй. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй. Хохирол учруулсан 3 тооны адуу нь хариуцагч нарын өмчлөл, эзэмшилд байдаг адуу болохыг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын адуунд үзлэг хийлгэх хүсэлт, хариуцагч нарын А дансны лавлагаа, мөн малын им, тамга тэмдгийн бүртгэлийн лавлагаа алдуул мал бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн. Эдгээр баримтаар хариуцагч нарын “манай адуу биш” гэсэн тайлбар няцаагддаг. Энэ байдалд шүүх дүгнэлт огт хийгээгүй, хэргийг хариуцагч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, тэдний шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа байдлыг зөвтгөн хэргийг шийдвэрлэсэнд харамсаж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэжээ. 5. Хариуцагч А.О, хариуцагч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 208/МА2025/00040 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн хэргийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, осол гарсан газарт үзлэг хийсэн цагдаагийн байгууллага нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, шүүхээс гэрч асуух тухай хариуцагч талд мэдэгдээгүй атал гэрчийг асууж, улмаар гэрчийг хөтөлж асуусан, нэг талыг барьсан асуулт асуусан, гэрчүүд өөрийн үзээгүй, хараагүй асуудлыг шууд таамгаар адуу машин дээгүүр гарсан бололтой байсан гэж хүдал мэдүүлсэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Тухайлбал Цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэг хийсэн баримтад өдрийн нартай үед авсан адууны зургийг хавсаргасан ба замын хөдөлгөөний зөрчил гарсан цаг үе нь оройн 21 цаг өнгөрч байхад болсон байдаг. Гэрч Э.А миний машины урд байсан Приус 30 маркийн автомашиныг булан эргэж байхад урд талаар нь нэлээн олон адуу гарч ирээд тухайн урд байсан адууны хамар дээгүүр гараад явсан гэж мэдүүлдэг. Гэрч Э.Б тухайн үед урд зүгээс .., хэдэн тооны адуу давхиж байсан бөгөөд миний мэдэхээр 4 тооны адуу байсан гэж мэдүүлэг өгсөн. Гэрчийн "О дэлгүүрээс хойд зүгт 4 тооны адуу явж байсан. Бид хоёр эргээд сургуулийн чиглэл рүү очтол Тоёото приус 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл адуу дээгүүр нь гарсан байдалтай салхины шил, урд бупер, их гэрэл зэрэг нь хагарсан байдалтай байсан. Ингээд бид хоёр цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осол болсон талаар дуудлага өгсөн..., 3-4 тооны хээр, хүрэн зүсмийн багавтар насны 3-аас 4 тооны адуу байсан. Миний харснаар 2 тооны адуу гэмтсэн байдалтай хүзүү, цээж орчмоор цус болсон байсан гэжээ. Хоёр тооны гэмтсэн адууны талаар тогтоосон баримт хэрэгт байхгүй байгаа нь А.О-ын адуунаас өөр адуу тухайн машинтай мөргөлдсөн гэж үзэхэд хүргэж байгаа юм. Шүүхээс 3 тооны адуу л машины өмнүүр гарсан болгосон мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн баримтад маргааш нь өдрийн цагаар тухайн мал бүхий иргэдийн хороололд бэлчиж явсан 3 дааганы зургийг нэхэмжлэгч өөрөө авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан, гэмтсэн гэх машины зургийг цагдаагийн байгууллага болон өмчөө гэмтээлгэсэн гэх нэхэмжлэгч хүртэл бэхжүүлж аваагүй" үйл баримтад ямар ч дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нь "Цагдаагийн байгууллагаас та нар машиныхаа урдуур гарсан адууг олоод ир гэхээр би маргааш нь мал бүхий иргэдийн амьдардаг 5 дугаар хороонд ирээд гудамжинд бэлчиж явсан 3 адууны зургийг аваад цагдаад өгсөн" гэдгээ мэдүүлсэн байна. Цагдаагийн ажилтан "Хохирогчийн авчирсан адууны зургийг машин дээгүүр гарсан адуу мөн гэж үнэлээд, зургийг шууд нотлох баримтаар хэрэгт хавсаргасан нь хууль зөрчиж байна. Машиных нь салхины шил гупер, урд шил хагарч гэмтсэн байхад нэг ч удаа зургийг нь аваагүй хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй атал гудамжинд байгаа адууны зургийг авах техник хэрэгсэл нэхэмжлэгч талд байсан нь хууль бус нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргах үндэслэл болж байна. Мөн нэг хариуцагч А.О нь ярианы учир холбогдлыг бүрэн ойлгодоггүй байхад түүнээс маш олон өгүүлбэр, тайлбартай мэдүүлэг авч, бичиг үсэг мэддэггүй хүнээр гарын үсэг зуруулсан нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Түүгээр ч үл барам хөрөнгийн үнэлгээ хийсэн “А” ХХК-ийн авсан фото зурагт осолд өртсөн гэх машин байгаа эсэх нь үл мэдэгдэх бүдэгхэн фото зураг хавсаргасан. Хариуцагч Г.Э тухайн осол гаргасан гэж үзэж буй 2 дааганы эзэмшигч биш байхад түүнийг хариуцагчаар татсан нь мөн л хууль зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаагүй, саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ аваагүй, мал бүхий иргэд оршин суудаг *** багт замын хөдөлгөөнд оролцож байсан зэрэгт шүүхээс дүгнэлт өгөөгүй буюу хохирогчийн гэм бурууд шүүхээс дүгнэлт өгөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүйд гомдолтой байна. Хариуцагч талаас осолд орсон гэх адууны эзнийг олох талаар цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулахыг хүссэн боловч шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Иймд хууль зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ШХТ2025/01032 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Ш болон хариуцагч А.О, хариуцагч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 7. Нэхэмжлэгч Б.Ш болон хариуцагч А.О, хариуцагч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 8. Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч А.О, хариуцагч Г.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,683,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... малчин А.О, Г.Э нарын өмчлөлийн гурван адуу машин дээгүүр гарч хохирол учруулсан.” гэж тайлбарласан. 9. Хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Хэт хурдтай явсан учраас адууг дайрсан байна. Нэгэнт зам дээр саад гарч ирвэл жолооч зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Гурван адууны нэгийг маш их гэмтээсэн байх ба энэ адуу хэнийх болохыг би мэдэхгүй. ... гурван адуу ... сүрэг адуу гэх мэтээр зөрүүтэй тайлбарладаг ... автомашинд мөргүүлж гэмтсэн таван хошуу тамгатай даага болон сүрэг адуу хэнийх болох нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэжээ. 10. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан бол осол гарахгүй байсан. ... Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.42-т “үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл”, 1.2.43 “Харанхуй үе”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарагдах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.” гэх заалтуудыг зөрчсөн. Б.Ш нь замын хөдөлгөөнд болгоомжгүй оролцсон гэм буруутай учраас өөрт учирсан хохирлыг өөрөө хүлээнэ. Тэрээр “адуу дахин гарч ирсэн” гэж нэхэмжлэлдээ дурдсан. Өөрөөр хэлбэл, хурд ихтэй явсан учраас үргэж зугтаасан адууг дахин гарч ирэхэд нь дайрсан байна. ... Түүнчлэн автомашин осолд орсон үеийн гэрэл зураг цагдаагийн үзлэг хийсэн тэмдэглэл хэргийн материалд байдаггүй.” гэж тайлбарласан. 11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Б.Ш нь Сэлэнгэ аймаг *** багт хатуу хучилттай авто зам дээр өөрийн өмчлөлийн *** улсын дугаар бүхий Тоёота приус маркийн машин жолоодож явахад машины урд хэсгээр 3 тооны адуу дайрч гишгэн авто машинд нь гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон. ... нэхэмжлэгч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, хариуцагч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад этгээд дараах үүргийг хүлээнэ”, з/ “хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон. “Т” үсэгтэй хээр даага, хүрэн хундан цавьдар [байдас] /2 тооны/ нь нэхэмжлэгч Б.Ш-ийн автомашины урд хэсгээр гишгэж гарсны улмаас автомашинд хохирол учирсан, ... 2 адууны өмчлөгч нь хариуцагч Г.Э, тухайн үед эзэмшилдээ байлгаж байсан этгээд нь хариуцагч А.О болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч нараас хохирол болох нэхэмжлэлийн шаардлагын гуравны хоёр буюу 2,455,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ш-д олгох үндэслэлтэй. Харин “таван хошуу” тамгатай дааганы өмчлөгч болон эзэмшигч нь тогтоогдоогүй тул үлдэх гуравны нэг буюу 1,277,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн. 12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “... нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал тогтоогдоогүй тул машинд эвдрэл гэмтэл учруулсан гэх адууг хариулах үүрэг хүлээсэн малчин А.О-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, А.О уг шийтгэлийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлж барагдуулсан. Хариуцагч А.О, Г.Э нар нь ... тухайн адуунууд манай адуу биш гэж маргасан боловч шийтгэлийн хуудсанд хуулийн дагуу гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрч торгуулийг төлж барагдуулсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. ... шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг”-ийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ... Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар гэм хор учруулсан гэх 3 адууны өмчлөгч, эзэмшигчийг тогтоох бүхий л ажиллагааг явуулсан боловч таван хошуу им тамгатай дааганы эзэн тогтоогдоогүй тул эзэмшигч, өмчлөгч биш этгээдүүдээс хохирлыг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.” гэж дүгнэсэн. 13. Нэхэмжлэгч Б.Ш-ийн хохирлын хэмжээг хоёр шатны шүүх тодорхойлохдоо нотлох баримтыг эргэлзээгүй талаас бүрэн үнэлж чадаагүй гэх, хариуцагч нарын хоёр шатны шүүх үйл баримтыг зөв тогтоогоогүй, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрчилтэй, дутуу, худал байгааг анхаараагүй, нотлох баримт дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч А.О-ын хувийн байдлыг харгалзалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь тэгш мэтгэлцүүлэх зарчмыг зөрчсөн гэх агуулга бүхий гомдлоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй үйл баримтыг хяналтын шатны шүүхээс шинээр тогтоохгүй боловч үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосон эсэх талаар дүгнэлт өгөх боломжтой. Хоёр шатны шүүх осол болох тухайн үед нэхэмжлэгч Б.Ш-ийн машины урд хэсгийг гурван адуу гишгэж гарсан, Б.Ш замын хөдөлгөөнд оролцож байсан хэдий ч хурд хэтрүүлээгүй нь баримтаар тогтоогдсон, нэг адууны эзэмшигч, өмчлөгч тогтоогдоогүй гэж үйл баримтыг тодорхойлсныг нэхэмжлэгч нь гурван адуу бүгд хариуцагч нарынх гэж, хариуцагч нь гурван адуу, эсхүл сүрэг адуу аль нь байсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан энэ талаарх тайлбар зөрүүтэй, чухамхүү бидний эзэмшлийн адуунаас шалтгаалж хохирол учирсан нь тодорхой бус гэж марган, эс зөвшөөрсөн гомдлыг гаргажээ. Осол 2024.06.28-ны өдөр болсон байх ба мөн өдөр улс орон даяар Улсын Их Хурлын сонгууль явагдаж, нэхэмжлэгч болон гэрчүүд энэ шалтгааны улмаас 21 цагийн орчимд тус тусын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тухайд зохигч маргаагүй. Харин осол гарах тухайн үед буюу нэхэмжлэгч Б.Ш 5-р багийн хүн амын суурьшмал хэсэгт зорчиж, хашааны булан тойрох үйлдэл хийх үед хэдэн тооны адуу хурдтай гарч ирж, түүний машины урд хэсгээр гишгэн өнгөрсөн үйл явдал болсон эсэх талаар талууд маргасан байна. Хоёр шатны шүүх нөхцөл байдал дээрх байдлаар өрнөсөн буюу нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн урд хэсгийг гурван адуу гишгэлэн гарсан, гурван адууны хоёр нь хариуцагч нарт хамаарна, нэхэмжлэгч хурд хэтрүүлээгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь харьцуулан үзвэл хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгахааргүй байна. 14.1. Тодруулбал, осол болох үед нэхэмжлэгчийн унаж явсан *** улсын дугаартай Тоёота приус маркийн машины ард замын хөдөлгөөнд оролцож байсан гэрч Э.А “… тухайн үед хашааны булан эргэх гээд нээх хурдан ч биш удаан явж байхад миний машины урд явж байсан приус 30 маркийн автомашиныг булан эргэж байхад урд талаар нь нилээд олон адуу гарч ирээд тухайн урд байсан машины хамар дээгүүр гарч …” гэж, “… тухайн машин нь эргэлт дээр явж байсан, мөн хурд сааруулагчтай байсан учир хурд хэтрүүлсэн зүйл байхгүй аажуу явж байсан. Тухайн эргэлт дээр гэнэт адуу гарч ирсэн тул харж мэдэх нөхцөл боломж байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн байна. Түүнчлэн тухайн орой эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж явсан гэрч Б.Ү “… *** багийн нутаг дэвсгэрт явган хүний зам дагуу 3 тооны адуу давхиж байсан. Үргээх гэсэн боловч үргээгүй, чигээрээ хурдтай давхиж байсан. Тэгээд булан тойроод алга болсон. Араас нь булан эргээд яваад очиход приус маркийн саарал өнгийн машин дээгүүр адуу гарч осол болсон байдалтай байсан. … тухайн 3 адуу нь нилээн хурдан давхиж байсан. Би хараад хүүхэд дайрахвий гээд замаас хөөсөн боловч том хүнээс үргэхгүй, чигээрээ хурдтай давхиж байсан. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулахуйц хурдтай байсан” гэж мэдүүлжээ. Дээрхээс гадна шүүх хуралдааны явцад зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн цагдаагийн ажилтан С.Б-ыг гэрчээр асуусан байх ба тэрээр осол болох тухайн үед нэхэмжлэгч хурд хэтрүүлээгүй гэж үзэх болсон үндэслэлээ тоормосны мөр болон бусад шинж тэмдэг байгаагүй, 90 градусын огцом эргэлттэй замд хурдтай эргэх боломжгүй гэж тодорхойлж байгаагаа мэдүүлсэн байна. Дээр дурдсан гурван гэрч болон бусад гэрчийн мэдүүлгээс үзвэл осол гарах үед нэхэмжлэгч Б.Ш хурд хэтрүүлээгүй зорчиж байсан нь тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 14.2. Нэхэмжлэгчийн машин дээгүүр гарсан адуу “гурван адуу”, эсхүл “сүрэг адуу” байсан аль нь болохыг хоёр шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй талаар хариуцагч маргасан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр гишгэж гарсан адууны тооны талаар гэрчийн мэдүүлгүүд төдийлөн эрс тэс бус ч тодорхой хэмжээнд ялгаатай байна. Гэрч Э.А энэ тоог “сүрэг адуу” гэсэн бол гэрч Б.Ү “гурван адуу” гэж, гэрч Э.Б “…багавтар насны 3-4 тооны адуу байсан” гэж, гэрч С.Б “2-3 тооны адуу урдуур нь гарсан” гэж тус тус мэдүүлжээ. Хэдийгээр гэрчийн мэдүүлгүүд нэг ижил тоо хэлээгүй, хэрэг осол болсон газарт гарч ирсэн адууны тоо хоёроос дээш байсныг илэрхийлж байх боловч ажлын хариуцлага, анхаарал болгоомжтой байх үүрэг, ослыг харснаас цочирдсон байдалд ороогүй байх магадлал зэргийг харгалзан үзвэл сонгуулийн явцад үүрэгт ажлаа хийж явсан гэрч Б.Ү, Э.Б нарын мэдүүлэгт тулгуурласан шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ. Нөгөө талаас гэм хорын эрх зүйн хүрээнд гэм буруугүй болохоо нотлох үүргээ биелүүлээгүй, зөрчлийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхээ хамгаалах, үүргээ биелүүлэхээр идэвхитэй оролцоогүй хариуцагчийн эс үйлдлийг дурдах нь зүйтэй. 14.3 Хариуцагч нар хэрэг осол болсон тухайн үед авсан гэрэл зургууд шаардлага хангахгүй, осол гаргахад хүргэсэн гурван тооны адуу чухам Г.Э, А.О нарын адуу мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй гэж маргасан. Энэ тухайд нэхэмжлэгч зөрчлийн хэрэгт авагдсан адууны зургийг маргааш нь очиж авсан нь үнэн боловч хариуцагч нарын гурван адуу осолд хамаатай болохыг осол болсон 06.28-ны өдрийн орой, ослын дараа тогтоосон бөгөөд тэр даруй малчин А.О-тай энэ талаар холбогдсон болохоо тайлбарласан байна. Энэ талаар гэрч Г.Г, хариуцагч А.О нар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагджээ. Тодруулбал, хариуцагч А.О “06.28-ны өдрийн орой 22 цагийн орчимд … хамаатны дүү Г.Г надруу залгаад ахаа … таны хариулдаг адуу машин мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж надад хэлсэн. Тэгээд би тэр оройдоо ирэх гэсэн боловч очиж чадаагүй ажил гараад маргааш өглөө нь Цагааннуур сумаас аймгийн төвд ирсэн” гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлгээс үзвэл осол гарахад хүргэсэн 3 тооны адууг хэний адуу болохыг мэдээгүй, хожим нь буюу маргааш нь авсан зурагт үндэслэсэн гэх агуулга бүхий хариуцагч нарын тайлбар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хариуцагч А.О, Г.Э-ийн адууг малладаг, гурван адууны нэг нь өөрийнх нь болох тухайд тайлбар гаргасны зэрэгцээ дээрх осол болсон үйлдэлд түүнийг гэм буруутай гэж үзэн зөрчлийн хэрэгт холбогдох шийтгэлийг ногдуулсан шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон, ийнхүү шийтгэл ногдуулсан явдалд хариуцагч А.О маргаагүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр гарч гэмтэл учруулсан хоёр адууны эзэмшигч ба өмчлөгчийг хариуцагч А.О, Г.Э нар мөн гэж хоёр шатны шүүх тогтоосон нь нотлох баримтад тулгуурласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иймд үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагч нарын гомдлыг хангахгүй. 15. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо гурван адууны өмчлөгч нь хариуцагч нар болох тухайд хангалттай баримт хэрэгт авагдсан байтал тэдгээрт зөвхөн хоёр адууг хамаатуулж, нэг адууг тэдний эзэмшил, өмчлөлд байдаг болох нь тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаараа дурджээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар, бичгийн бусад баримт, үзлэгийн тэмдэглэлээр гурван адууны нэг болох таван хошуу тамгатай дааганы өмчлөгч нь хариуцагч Г.Э, А.О нар болох нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч энэ үйл баримтыг тогтоох зорилгоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, шүүх тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн боловч таван хошуу тамгатай дааганы өмчлөгчийн талаарх мэдээлэл илрээгүй байна. Хэрэв тухайн адуу хариуцагч нарын өмчлөлийнх, эсхүл тэдгээрийн хараа хяналтад байсан талаар аливаа баримт хэрэгт үгүй бол хөдлөх хөрөнгөд тооцогдох адууг хариуцагч Г.Э, А.О нарт хамаатуулах боломжгүй. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхойлоход эзэмшлийн чиг үүрэг чухал бөгөөд осол гарах үед хариуцагч нарын адуутай хамт 5 дугаар багийн нутаг дэвсгэрт давхиж явсан үйл баримтаар уг адуу хариуцагч нарын эзэмшилд байсныг нотлоно гэж үзэх нь учир дутагдалтай байна. Дээрх үндэслэлээр хариуцагч нараас учирсан хохирлыг бүхэлд нь гаргуулах тухай нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй. 16. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрчилтэй, дутуу, худал байгааг шүүх анхаараагүй, нотлох баримт дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч А.О-ын хувийн байдлыг харгалзалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь тэгш мэтгэлцүүлэх зарчмыг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан боловч гэнэт, хурдтай гарч ирсэн адууны тоог нэг ижил мэдүүлээгүй нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэж үзэх боломжгүй, түүнчлэн гэрчийн аль мэдүүлгийг төөрөгдүүлэх сэдэлтээр, зориуд худал ярьсан гэж үзэж байгаа нь гомдолд тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт үгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй. 17. Түүнчлэн осолд орсон тээврийн хэрэгслийн зургийг ослын үеэр хангалттай тодоор аваагүй, авсан зурагт нь тээврийн хэрэгслийн дугаар тодорхойгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо дурдсан байх ба хэрэгт авагдсан 2024.06.28-ны өдрийн оройн 41 секундын дүрс бичлэгт үзлэг хийсэн шүүгчийн ажиллагаагаар осолд орсон машины мэдээллийг харах боломжтой байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь тогтоогдсон гэх дүгнэлт үндэслэлтэй. 18. Хариуцагч А.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүх хуралдааны үеэр хуралдаанд оролцогчид юу тайлбарлан хэлэлцэж байгаа талаар ойлгохгүй, мэдэхгүй байна гэж хэлсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх хууль зүйн боломжгүй, эрх зүйн чадамжгүй, эсхүл чадамж нь хуульд заасан аль нэг үндэслэлээр хязгаарлагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Г.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан талаар мэдэж байсан боловч шүүх хуралдаанд эрхээ хамгаалахаар ирж оролцоогүй, шүүхийн дуудсанаар ирээгүй нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан А.О-ын хувийн байдлыг харгалзалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь тэгш мэтгэлцүүлэх зарчмыг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй. 19. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох зорилгоор нотлох баримтыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх ба нэгэнт тогтоосон үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд нэхэмжлэгч ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00040 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ийн гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ш нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.09-ний өдөр 34,014 төгрөг, хариуцагч Г.Э нь 2025.09.05-ны өдөр 54,235 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН ШҮҮГЧИД Н.БАЯРМАА Э.ЗОЛЗАЯА Б.УНДРАХ Х.ЭРДЭНЭСУВД
|