| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2020/0803/Э |
| Дугаар | 1204 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1204
2020 9 17 2020/ДШМ/1204
Б.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Э.Мягмардорж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/857 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 2008 0000 00663 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны шөнийн 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд хамтран амьдрагч болох Ц.Л-тэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун эгэм орчимд хутгалж, хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ж-аас 3.799.349 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгуулж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийн насанд хүрээгүй хүүхдэд хүүхдийн хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь гэм буруугийн хэлбэрт тохироогүй төдийгүй, хуулиар тодорхойлсон хөнгөрүүлэх нөхцөлүүдийг анхаарч үзэлгүйгээр ял оногдуулсныг шударга бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж шүүх дүгнэснийг буруу гэж үзэж байна. Хохирогч байнга архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байхад шүүх буруу дүгнэж ял шийтгэл оногдуулсан. Хохирогч гэр бүлийн хүчирхийлэгч болох нь байнга архидан согтуурч, бусадтай маргалдан, агсам согтуу тавьж, зодоон хийж, цагдаагийн байгууллагын ажилтныг эсэргүүцсэн зэрэг зөрчил гаргасны улмаас нийт 7 удаа захиргааны хариуцлага хүлээлгэсэн баримт болон эрүүлжигдэж байсан баримт, Зөрчлийн тухай хуулиар 14 хоног гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан шүүхийн тогтоол, Б.Ж-ийн биед үзлэг хийсэн баримт, хөхрөлт, няцралт, үүдэн хоёр шүдний хугарсан байдал, гарыг нь хугартал зодож байсан тухай гэрч Янжиндулам, Б.Бодисмаа, Б.Болдган, Г.Өнөр, З.Ундармаа нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүн өөрөө зодуулангуут дахин архи авч уун зодохоос айж эмээн араас нь гүйж гарахдаа өөрийн сэтгэл санааг удирдах чадваргүй, ноцтой сэтгэл санаа цочирсноос хутга авснаа ч мэдэхгүй байгаа байдал нь санаатайгаар бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна гэж үзэж байна. Сэтгэц судлалын эмч нарын комисс шинжилгээ хийж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргахдаа айж цочирдсон ухамсарт үйлдлээ санахгүй байгаа байдлыг анхааралгүй чухам ямар нөхцөл байдлыг үндэслэн сэтгэц ноцтой цочрон давчдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ийм байхад шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн анхаарч үзээгүй, бодит бус дүгнэлт хийснээс шалтгаалан хэт өндөр ял өгсөн нь гэм буруугийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна. ...Иймд гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 болгон өөрчилж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрвээ зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж шүүх үзвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...Хохирогчийн илт хууль бус ажиллагаа нөлөөлсөн, байнгын хүчирхийлэл дарамтаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн, бие махбодын, сэтгэл санааны албадлагын эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон даруу төлөв зантай ажилсаг хүнд тусархаг, бага насны хүүхэдтэй хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Б.Ж-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар 5,3 жилийн ял оногдуулах бүрэн боломжтой. Хуулиар нэгэнт боломж олгосон байхад хэрэглэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал мөн. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг ч мөн шүүх харгалзан үзэхийг хүсч байна. ...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зэргийг бүрэн тусгаагүй байна. ...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх нөхцлийг тодорхойлохдоо: “шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүү байвал” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нөхрөө алах санаа зорилгогүй байсан, гэм буруугийн сэтгэл санаа цочрон давчидсан хэлбэр болох хөнгөрүүлэх нөхцөл байдалд дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Б.Ж-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хянаж үзэж зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж уг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал харагддаг. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өмгөөлөгч Э.Мягмардорж “шүүгдэгч байнгын хүчирхийлэлд өртөж байсан” гэж байна. Шүүгдэгч нь өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал хэргээс харагдахгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд хамтран амьдрагч болох Ц.Л-тэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний баруун эгэм орчимд нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Г.Чинзоригийн “...10 дугаар байрны хогийн бункерын үүдэнд хүн хэвтэж байх шиг болохоор нь яваад очтол хогийн бункер болон орцны үүдний хэсэгт газар их хэмжээний цус асгарсан нэг эрэгтэй хүн толгой нь баруун хойшоо чиглэсэн байдалтай, баруун талаараа газар хэвтчихсэн байсан. Би эхлээд таниагүй. Хамгийн түрүүнд 103 дугаарын утсанд дуудлага өгөөд дараа нь цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд байж байтал 10 дугаар орцны үүдэнд 1 сарын өмнө жижүүрийн ажилд орсон Б.Ж орцны үүдээр хальт шагайгаад “Яана аа, наадах чинь үхчихсэн үү” гэх шиг болохоор нь би жаахан уурлаад “юу гээд хуцаад байгаа юм” гэж хэлсэн чинь Б.Ж эргээд орчихсон. Би тэндээс ерөөсөө холдоогүй, сандраад тойроод гүйж байтал удалгүй цагдаа болон түргэний машин хүрээд ирсэн. Би цагдаагийн машин ирж байгааг хараад цагдаа нарт хэн гэдгийг нь замчлахын тулд зам зааж өгөх хооронд Б.Ж талийгаачийн дэргэд ирчихсэн байсан. Цагдаа хүрч ирээд Б.Ж-аас юу болсон талаар асуухад нь би дэргэд нь зогсч байгаад сонсоход “Хутга булаацалдаж байгаад ийм юм болчихлоо” гэж ярьсан.” /1 хх 37/,
шүүгдэгч Б.Ж-ийн: “...намайг оройн хоолоо хийж байх хооронд манай нөхөр маргааш өглөө идэх талх, боорцог, нэгж зэрэг зүйлс авна гэж гараад удалгүй орж ирэхдээ талх, боорцог, нэгж болон нэг шил 0.5 литрийн “Хараа” архи авсан байсан. Талийгаач нөхөр архиа ууж дуусгаад нилээн согтсон байсан бөгөөд уухаараа ер нь намайг хий хардаж агсам согтуу тавьж надад гар хүрдэг. Тэрэн шигээ 23 цагийн үед намайг хий хардаж, агсам согтуу тавьж, нүүррүү нэг удаа өшиглөж, үснээс зулгааж, хөл, нурууруу 3 удаа өшиглөж зодож байгаад хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүй гараад явсан. Тэгэхээр нь би ардаас нь хаашаа явахыг нь харахаар гүйж гараад талийгаач нөхөртэйгөө орцны гадна хэсэгт зууралдсан. Тэгсэн нэг мэдэхэд л Л-ээс аягүй их цус гараад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би яаралтай дуудлага өгье гэж бодоод өрөөрүүгээ ороод гар утсаа хайж байгаад олохгүй болохоор нь буцаад гараад иртэл 11 дүгээр орцны жижүүр Чинзориг ирчихсэн “Чи нөхрөө яачихсан юм бэ?” гээд хашхирахаар нь “мэдэхгүй, юу болсныг мэдэхгүй байна. Бөөн цус болчихлоо, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлгүүд, /1 хх 190/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №939 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 1-2-р хавирганы завсраар, цээжний хөндийрүү нэвтэрч, эгэмний доор хураагуур судас, баруун уушгины оройг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүү, хүзүү, мөчдийн зулгаралт, зүүн бугалга, сарвуу, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх цээжний баруун талд баруун эгэмэн доорх хураагуур судсыг тасалж, цээжний хөндийрүү нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Зулгаралт гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор, цус хуралт гэмтлүүд нь нас барахаас өмнө 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, уг зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 5,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй....” /1 хх 57-58/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №2896 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлсэн 27 см урт бүхий хүрэн өнгийн иштэй хутга, 500 мл-ийн “Хараа” архины шил дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Илэрсэн цус нь амь хохирогч Ц.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1 хх 78/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №2897 дугаартай: “...Б.Ж-аас хураан авсан гэх өмд, цамц зэрэг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цус нь амь хохирогч Ц.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлтүүд, /1 хх 104/
камерын бичлэгт үзлэг хийсэн “23:31:30 цагт 10 дугаар орцны хаалга нээгдэн дотроос нь зүүн гартаа шилтэй архи мэт зүйл барьсан, 40-45 орчим насны, богино халимаг үстэй, саарал өнгийн футболка, шаргал өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн гарч ирэн дотроос гарч ирэх гэж буй хүнийг гаргаж ирүүлэхгүйгээр баруун гараараа орцны хаалгыг хүчтэй савж, зүүн гарын туслалцаатайгаар түлхэж хаагаад эргүүлээд хаалгыг нээхэд дотор талаас улбар шар өнгийн нимгэн цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн ботинкон богино түрийтэй гуталтай, мөрөө давсан үсээ ардаа боосон, махлагдуу биетэй 35-40 орчим насны эмэгтэй хаалга түлхэн гарч ирэх бөгөөд энэ үед хаалгыг хаах гэж байсан эрэгтэй эмэгтэйгийн цээжин тус газарруу гараараа 4-5 удаа баруун гараараа цохих үйлдэл хийсэн боловч зөрөх бөгөөд энэ үед эмэгтэй эрэгтэйгийн баруун гарын тохойны дотор хэсэгт зүүн гараараа тулж эрэгтэйгийн баруун гараас ирэх цохилтоос хамгаалан, өөрийн баруун гартаа барьсан хутгаар эрэгтэйгийн баруун эгэмний ясны ойролцоо цээжин тус газарт 23:31:41 цагаас 23:31:43 цагийн хооронд 2 секундын дотор 3 удаа далайж хутгалаад хутгаа баруун гараараа бункерын урд хэсэгрүү цементэн гадаргуу дээр шидэх..” гэх тэмдэглэл, /1 хх 28/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 6-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 14-18/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ж-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор хуульчилсан.
Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан, хүмүүсийн хооронд үүссэн бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.
Дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд Б.Ж болон амь хохирогч нарын хооронд үүссэн маргаан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Б.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэжээ. Шүүгдэгч Б.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулан хохирогч гомдол саналгүй болсон, урьд ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж 8 жилийн хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Э.Мягмардорж: “Байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүн өөрөө зодуулангуут дахин архи авч уун зодохоос айж эмээн араас нь гүйж гарахдаа өөрийн сэтгэл санааг удирдах чадваргүй, ноцтой сэтгэл санаа цочирсноос хутга авснаа ч мэдэхгүй байгаа байдал нь санаатайгаар бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна гэж үзэж байна. Сэтгэц судлалын эмч нарын комисс шинжилгээ хийж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргахдаа айж цочирдсон ухамсарт үйлдлээ санахгүй байгаа байдлыг анхааралгүй чухам ямар нөхцөл байдлыг үндэслэн сэтгэц ноцтой цочрон давчдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 болгон өөрчилж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийн үйлдлийг хянах, удирдан жолоодох чадваргүй болж, нөхцөл байдлыг зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвараа алдахыг ойлгох бөгөөд энэ нь “маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч, хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын” саатал болно. Энэхүү ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрнэ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ж-ийн “...хаачих гэж байгаа нь мэдэгдэхгүй гараад явсан. Тэгэхээр нь би ардаас нь хаашаа явахыг нь харахаар гүйж гараад талийгаач нөхөртэйгөө орцны гадна хэсэг зууралдсан” гэх мэдүүлэг /1 хх 113/, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №475 дугаартай: “...Б.Ж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг удирдах чадвартай байсан байна. Б.Ж нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ж нь хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт, шинж үгүй байна. Б.Ж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” /1 хх 108/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №649 дугаартай: “...Б.Ж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автагдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэх шинж, баримт үгүй байна.” /1 хх 211/, гэх дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 28/ зэрэг нотлох баримтуудаар Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх бөгөөд амь хохирогч шүүгдэгчийг гаргахгүй гэж хаалгыг нь хаасны дараа хаалгыг нээхэд дотроос нь шүүгдэгч гарч ирж амь хохирогчийг хутгалж хүний амь насыг хохироосон байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж болохоор байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочролд оруулан хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ж-ийн өмгөөлөгч Э.Мягмардоржийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц. ОЧ