Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж

Нарийн бичгийн дарга:Б.Батбаяр

Улсын яллагч З.Энхжаргал

Хохирогч Э.Отгонболд

Шүүгдэгч Х.Гансүлд түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан

Шүүгдэгч Г.Мөнхбаатар, Д.Ангараг тэдний өмгөөлөгч Н.Жамъяандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Хэрлэнгийн Гансүлд, Ихэр овогт Гансүхийн Мөнхбаатар, Бээл овогт Довжирын Ангараг нарт холбогдох эрүүгийн 201625032388 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт  

 

Монгол улсын харъяат, 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Бармен ажилтай, ам бүл 5, эцэг эх, эгч дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын Баянцээлийн 23-60 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншөөбү овогт Хэрлэнгийн Гансүлд, /РД: ЖЯ94020831/

Монгол улсын харъяат, 1990 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ихэр овогт Гансүхийн Мөнхбаатар, /РД: УД90031719/

Монгол улсын харъяат, 1991 оны 01 дүгээр сарын 01-н өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, Гэгээ караоке лоунжид зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эцэг эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-10-297 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бээл овогт Довжирын Ангараг, /РД: УП91010172/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Х.Гансүлд нь яллагдагч Г.Мөнхбаатар, Д.Ангараг нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Зочин бууз" цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч М.Сүх-Эрдэнэд хүч хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан.

Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь яллагдагч Д.Ангараг, Х.Гансүлд нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Зочин бууз" цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч М.Сүх-Эрдэнд хүч хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, мөн яллагдагч Д.Ангарагтай бүлэглэн хохирогч Э.Отгонболдыг зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан.

Шүүгдэгч  Д.Ангараг нь яллагдагч Г.Мөнхбаатар, Х.Гансүлд нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Зочин бууз" цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч М.Сүх-Эрдэнд хүч хэрэглэн зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, яллагдагч Г.Мөнхбаатартай бүлэглэн хохирогч Э.Отгонболдыг зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Х.Гансүлд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.

 

Шүүгдэгч Г.Мөнхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.

 

 

Шүүгдэгч Д.Ангараг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.

 

Хохирогч Э.Отгонболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Дорнод аймгаас ажлаар ирсэн байсан. Уг хоолны газар найзуудтайгаа хоол идэхээр ороход шүүгдэгч нар байгууллагынхаа хүмүүстэй явж байх шиг байсан. Тэгээд би хоол захиалахаар явсан хойгуур хамт явсан Оджаргал ах чимээ ихтэй байхаар нь шаардлага тавихад уурлаад юм авч шидээд босч ирсэн. Тухайн үед Д.Ангарагийг хоёр ч удаа түлхээд болъё найзуудаа явчих гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал найз Энхболдыг Гансүлд цохиж байсан. Тэгэхээр нь очоод салгах гэтэл Д.Ангараг буцаж ирээд намайг цохисон. Тэгээд би доошоо тонгойход бүгдээрэй зодсон гэж бодсон. Үүнээс болж манай найз хагалгаанд ороход би өөрийгөө үзүүлэхэд тархи хавантай, доргисон байна гэсэн. Тухай үед томографийн зураг авахуулахад ясны гэмтлийг үзүүлдэг болохоос доторх тархины хаван, доргилтийг гаргадаггүй тул буруу зураг авахуулсан байсан. Надад 7 хоног тархины хаван буулгах эм бичиж өгсөн. Тэгэхэд найз маань хагалгаанд орсон болохоор  гээд  босч ирсэн. Тэгээд бие гайгүй байсан болохоор толгойны эм уугаад явж байсан. Одоо хааяа нэг толгой болон нуруу өвдөж байгаа. Бусдаар гайгүй байгаа. Би 7 хоног эмнэлэгт хэвтэх гээд 500.000 төгрөг болж Г.Мөнхбаатар 200.000 төгрөг өгсөн боловч эмнэлэгт хэвтэж чадаагүй. Тэгээд авсан 200.000 төгрөгөө Улаанбаатар хотод байх хугацаандаа өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Тэгээд мөрдөн байцаагчид Улаанбаатар хотод байх газаргүй хэцүү байна, явлаа гэж хэлээд явсан. Одоогоор ажилгүй байсан хугацааны 1.097.500 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ шүүгдэгч нартай холбоо бариагүй болохоор нэхэмжилсэн мөнгөө хэлээгүй. Би барилгын компанид 2 жил гэрээгээр оператороор ажиллаж байгаа. Тухайн үед шүүгдэгч нар нилээн ууртай байсан болохоор болиулах гэж хичээсэн. Тэгсэн Гансүлд нь Энхболдыг цохиж байсан. Тэгээд салгах гэтэл намайг Ангараг цохисон. Тэгээд намайг шүүгдэгч нар тал талаас цохиж зодсон. Өөр зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч гэрч нараас өгсөн:

 

Хохирогч М.Сүх-Эрдэнийн: 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах "Зочин бууз" цайны газарт Оджаргал, Энхболд. Отгонболд нарын хамт хоол идэхээр орсон. Бид нарыг хоолны газарт ороход тэнд бас олон хүн ширээгээ нийлүүлээд сууж байсан. Хоол захиалахаар Отгонболд босож тооцоогоо хийж байсан. Оджаргал, Дүгэрсүрэн гэдэг таньдаг хүнтэйгээ таараад юм яриад байж байсан. Бид нар цай аваад уугаад сууж байхад урт ширээн дээр сууж байсан хүмүүс хашгираад байхаар нь Оджаргал та нар чимээгээ багасгаач гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр урт ширээнээс хоол зөөдөг тавиур 2 ширхэгийг бид нар луу шидсэн. Хоол зөөдөг тавиур шидэж бид нарын ширээн дээр байсан цайг асгасан. Бид нар босоод ирсэн чинь манай найз Энхболдыг нэг нь цохьсон. Хоолны газрын хамгаалагч залуу Оджаргал, Энхболд хоёрыг гадна хаалганы цаана гаргасан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс намайг зодож эхэлсэн. Тэнд байсан хүмүүсийн нэг нь миний нүүр лүу гараараа цохьсон. Мөнхбаатар, Сүлдээ, намхан биетэй нэг залуу гурвуулаа нийлээд миний нүүрэн хэсэг рүү өшиглөж зодсон. Би тэгээд манараад ухаан алдсан. Өөр ямар хүн зодсон болохыг харж чадаагүй. Отгонболдыг тэнд байсан хүмүүс зодсон, хэн хэн зодсон талаар мэдэхгүй байна. Тэд нар нийлээд бөөнөөрөө зодсон болохоор хэн хэн нь хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй байна. Миний зүүн нүдний ухархай яс хугарсан. Мөн ойр орчимын яс цуурсан байсан, мөн хамрын яс хугарсан. Намайг зодсон хүмүүс мөнгөө нийлүүлж эмчилгээний зардал 6 сая гаран төгрөг төлсөн. ...Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна, одоо миний нүднээс нулимс гоожоод толгой өвдөөд. хамар битүүрээд байгаа, мөн нурууны яс зодуулснаас болж суулт үүссэн байна гэсэн Нурууны зургаа авахуулсан. Миний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нар нэг хүний 2 пиво уусан байсан. Би цагдаа ирсний дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан.Монгол Хьюндай эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. Хагалгааны зардал 5.971.000 төгрөг гарсан. Энэ мөнгийг Мөнхбаатар, Гансүлд нар гаргаж өгсөн. Эдгээр хүмүүс эмнэлэг дээр ирж өөрсдөө эмнэлгийн кассанд тооцоо хийсэн. Мөнгө тушаасан баримт нь Мөнхбаатарт байх ёстой. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ хэргээс болоод нийт 46 хоног ажлаа хийж чадаагүй. Би "Дорнын их дөл" ХХК-д гэрээгээр сантехникийн инженерийн ажил хийдэг. Би сард гэрээгээр ажиллахад 2 сая төгрөгийн цалин авдаг. Гэрээгээр ажилладаг болохоор нийгмийн даатгал төлдөггүй. Намайг эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлэхэд аав Мөнхжаргал хоол унд зөөж байсан, энэ зардалд 2 сая төгрөг. Одоо нэмж хийлгэх эмчилгээ нүдний уг дурандуулах болоод байгаа, энэ зардал 35.000 төгрөг болж байгаа. Хүзүү, толгой, нурууны хэсэгчилсэн имрад харуулахад 1.300.000 төгрөгийн зардал гарахаар байгаа. Нийт 5.335.000 төгрөгийн зардал гарахаар байгаа. Энэ хоёр шинжилгээг хийлгэсний дараа цаашид хийгдэх эмчилгээний зардал тодорхой болно. Одоо нэхэмжилж байгаа 5.335.000 төгрөгийн зардалд Мөнхбаатар, Гансүлд хоёрын төлсөн зардал ороогүй байгаа.Харин намайг Мөнхбаатар хоол цай зөөдөг тавиур буюу поднусаар шидэж оносон, мөн Мөнхбаатар намайг өшиглөөд гараараа цохиж зодсон.Миний толгой руу цохиж зодсон залуугийн нэрийг мэдэхгүй байсан. тэр залууг Ангараг гэдгийг сүүлд нь мэдсэн. Гансүлд гараараа миний толгой руу цохиж нүд рүү өшиглөсөн. Намайг эдгээр гурван хүн цохиж зодсон, өөр бусад хүмүүсээс зодсон асуудал байхгүй гэх.

 /хх-ийн 38-42 дугаар хуудас/,

Хохирогч Э.Отгонболдын: 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг "Зочин бууз" гэх газарт Оджаргал, Сүх-Эрдэнэ, Энхболд нарын хамт хоол идэх гэж орсон. Бид дөрөв Зочин бууз руу орохын өмнө пиво уугаад орсон. Зочин буузанд бид нарыг ороход шинэ жил тэмдэглэж байгаа бололтой хэсэг хүмүүс урт ширээ засаад сууж байсан. Бид нар ороод зочин буузны газрын 3 дугаар ширээнд сууж хоол захиалаад цай аваад уугаад байж байсан. Намайг хоол захиалж байхад Оджаргал өөрийн танил Дүгэрсүрэнтэй таараад уулзаж байгаа харагдсан. Би хоолоо захиалаад ширээндээ суугаад цай ууж байхад урт ширээнд сууж байсан хүмүүс хашгираад байхаар нь Оджаргал та нар чимээгээ аядаач бид нар хоол идэх гэж байна гэж хэлсэн. Мөн хоолны газрын хүмүүс ч гэсэн тэд нарт хандан чимээ аяд гэдэг шаардлага тавьж байсан. Тэгсэн чинь урт ширээнд сууж байсан хүмүүсийн нэг болох Мөнхбаатар гэх залуу хоол зөөдөг тавиур аваад бид нар луу шидсэн. Тэгсэн чинь дахин хоол зөөдөг тавиур шидсэн. Ширээн дээр байсан цай асгарсан. Бид нар тэгэхээр нь босоод яаж байгаа юм бэ? гэхэд урт ширээн дээр сууж байсан хүмүүс бөөнөөрөө босож ирээд Сүлдээ гэж дууддаг залуу Энхболдын шанаан тус газарт нэг удаа хүчтэй цохьсон, тэгэхээр нь бид нар салгаж аваад байхад Ангараг гэдэг залуу Энхболдруу дайраад байхаар нь салгаад цаашаа болгосон. Сүх-Эрдэнэ Энхболдыг аваад байж байхад Ангараг гэх залуу миний шанаан тус газарт нэг удаа цохьсон. Ингэсэн чинь Мөнхбаатар гэх залуу миний куртикийг татаад миний толгойг бүтээгээд зодсон. Би юм харах чадваргүй байсан болохоор хэн хэн зодсон талаар тухайн үед харж чадаагүй, сэргэхдээ хоолны газрын текний ард талд байсан. Хоолны газрын эгч нар намайг гайгүй юу гэж асуугаад байж байхад цагдаа нар орж ирээд миний согтолтын зэргийг шалгахад 0.33 гэж гарсан. Намайг согтолтын зэрэг бага байна гээд эрүүлжүүлэхэд хийгээгүй. Одоо хүртэл миний толгой өвдөөд байгаа. Надтай хамт байсан хүмүүс зодоонд оролцоогүй. Сүх-Эрдэнэ бид хоёрыг тэнд байсан хүмүүс зодсон....Би сард 1 сая төгрөгийн цалин авдаг, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд 800.000 төгрөг гар дээрээ авдаг. 2016 оны 12 дугаар сарын 04-ний орчим Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирж сэлбэг аваад буцах гэж байсан юм. Хэрэг болсноос хойш нийт 46 хоног ажлаа хийгээгүй. Ингээд би ажилгүй байсан хугацааны 1 сая төгрөгийг нэхэмжилнэ. Дорнод аймгаас ирсэн, очсон замын зардалын баримтаа бүрдүүлж өгнө, замын зардалд 97.500 төгрөг өөрөөсөө зарцуулсан. Нийт 1.097.500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ, гомдолтой байна гэх /60-65 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Уянгын: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цаг 30 минут өнгөрч байхад Гранд принц ХХК-ий шинэ жилийн баярын арга хэмжээ Гэгээнтэн интертайнмент хот пот ресторанд эхэлсэн, арга хэмжээ тараад Сансарын тунелийн тэнд байдаг караокед очсон. 04 цагийн орчим гарсан. Хоол идэх гээд Отгонтуяа, Ангараг, Тамир, Дүгэрсүрэн, Болормаа, Ичинхорлоо, Баяртуяа, Цэнгэл, Гансүлд, Мөнхбаатар, Золжаргал нарын хамт "Зочин бууз" цайны газарт очсон. Хоол захиалах гээд ширээнүүд нийлүүлээд суусан. Гансүлд бид хоёр хамт ирсэн хүмүүсээсээ хоолны захиалгыг нь авч байсан. Бид нарыг тэгээд шуугилдаад байж байсан чинь бид нарын суусан ширээний ойролцоо ширээн дээр сууж байсан дөрвөн залуугийн нэг болох урт ногоон өнгийн куртик, ноосон малгай өмссөн залуу гичийнүүд минь дуугүй бай, баахан янханууд дагуулчихаад наад хүүхнүүдээ чимээгүй байлгаач гэж бид нартай хамт явж байгаа залуучуудад хандаж хэлсэн Тэр залууг тэгэж хэлсэн чинь Мөнхбаатар, Дүгэрсүрэн хоёр хэрэлдээд байсан. Отгонтуяа эгч та нар чимээгүй байгаач гэж хэлээд болиулаад байж байсан чинь нөгөө залуу баахан хараалын үг хэлээд байсан. Би тэсэлгүй ширээ рүү нь яваад очсон. Ширээн дээр очоод та нар юу гээд байгаа юм бэ гэсэн чинь урт ногоон өнгийн куртик, ноосон малгай өмссөн залуу босоод миний мөр лүү түлхээд ойчуулсан. Тэгсэн чинь Гансүлд намайг шалан дээр суугаад байхыг хараад босож байгаа харагдсан. Тэгээд бүгдээрээ бужигнаад эхэлсэн. Хэн хэнийгээ зодсон талаар мэдэхгүй байна. Хэрэг асуудал болох үед миний толгой руу цохиж барьсан асуудал байхгүй. Баруун шилбэний цус хуралт нь хэрэг болох үед би өөрөө ямар нэг зүйлд цохьсон байх, тэрнээс биш Оджаргал гэх залуу миний шилбэрүү өшиглөж цохьсон асуудал байхгүй. Оджаргал гэх залуу миний цээжин хэсэг рүү түлхэхэд би бөгсөн биеэрээ шалан дээр унасан. Оджаргал намайг арагшаа түлхэснээс өөр цохиж зодсон асуудал байхгүй гэх /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Энхболдын:Бид нарыг хоолны газарт ороход тэнд олон хүн ширээгээ нийлүүлээд сууж байсан. Отгонболд хоол захиалах гээд босоод явсан байсан. Бид нар цай уугаад сууж байхад тэнд байсан хүмүүс бахираад байхаар нь Оджаргал та нар чимээгээ татаач, олон нийтийн газарт байж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо юм яриад цайгаа уугаад байж байхад хоол зөөдөг тавиур 2 ширхэгийг бид нарыг чиглүүлээд шидсэн. Хоол зөөдөг тавиур шидэж бид нарын ширээн дээр байсан цайг асгасан. Бид нар боссон чинь туранхай шар царайтай /Сүлдээ гэж нэрийг нь сүүлд мэдсэн залуу/ залуу гүйж ирээд миний зүүн хацар орчим гараараа цохьсон, цаанаас нь хамгаалагч залуу ирээд Оджаргал ах бид хоёрыг хаалганы цаана гаргасан. Цайны газар дотор Отгонболд, Сүх-Эрдэнэ хоёр үлдсэн. Зочин бууз хоолны газарт байсан хүмүүс Отгонболд, Сүх-Эрдэнэ хоёрыг зодсон. Зочин буузны хамгаалагч нь Оджаргал бид хоёрыг дотогшоо оруулахгүй байсан. Цагдаа ирэхээр нь Зочин буузруу ороход Сүх-Эрдэнийн зүүн нүдний орчмоос цус гоожиж байсан, Отгонболд манараад дүйнгэ байдалтай болчихсон байсан. Цагдаа Оджаргал, Сүх-Эрдэнэ хоёрыг гэмтлийн эмнэлэгт рүү явуулсан. Отгонболд бид хоёр цагдаа нартай хамт эрүүлжүүлэх явсан. Эрүүлжүүлэхэд би хоносон, мөн зодоон хийсэн хүмүүсээс гурван хүнийг эрүүлжүүлэх авч явсан. Хул өнгийн куртиктэй залуу эрүүлжүүлэхэд ороогүй, дараа нь нэрийг сонсоход Мөнхбаатар гэж байсан. Оджаргал бид хоёр зодоонд оролцсон асуудал байхгүй. Цэнхэр өнгийн костьюм өмссөн залуу нэг удаа миний толгойн хэсэг буюу зүүн шанаа орчим цохьсон, миний биед учирсан гэмтэл байхгүй, миний талаас гомдол санал байхгүй гэх /хх-ийн 80-83 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Данзанжалцангийн /Тамир гэж дууддаг/: ... "Зочин бууз" цайны газарт Мөнхбаатар, Ангараг, Гансүлд, Отгонтуяа, Уянга, Цэнгэл, Дүгэрсүрэн, Баяртуяа, Ичинхорлоо, Золжаргал, Болормаа нарын хамт орсон. Бид нар хоол захиалж идэх гээд орилж хашгираад байж байхад цаад талын ширээнд сууж байсан 4 залуу бид нар луу хандан "хөөе наад гичийнүүдээ чимээгүй байлгаач" гэж орилж байсан. Мөнхбаатар, Дүгэрсүрэн хоёр ширээн дээр хойшоо харж суугаад хэрэлдээд байсан. Ингэж хэрэлдэж байхад манай зохион байгуулагч Отгонтуяа Мөнхбаатарыг битгий хэрэлдээд бай гэж хэлж байсан. Ингээд байж байсан чинь Ангараг босож ирээд та нар адилхан ууж идчихээд нэгийгээ ингэж хэлж яах гэсэн юм бэ гэж хэлж байсан. Би энэ үед утсаараа оролдоод байж байхад Уянгаа босоод явсан. Уянгааг босоод явсаны дараа Гансүлд Уянгааг цохичихлоо гэж хэлээд босоод явсан. Гансүлдийн араас Мөнхбаатар, Дүгэрсүрэн нар очоод бужигнаад явчихсан.Би ширээ давж гараад тэд нарыг салгасан. Намайг очиж салгахад Ангараг, Мөнхбаатар, Гансүлд, Дүгэрсүрэн, Цэнгэл нар бужигнаад байж байсан. Зочин буузын хамгаалагч нар бас салгаж гайгүй болгохд би текний хажууд очоод ундаа уугаад байж байхад гаднаас эргүүлийн цагдаа нар орж ирээд Мөнхбаатарыг машинд суулгасан, өөр хэнийг суулгасныг мэдээгүй. Уянга, Гансүлд хоёр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс орно гээд алхсан. Би Цэнгэл, Ангараг, Отгонтуяа, Баяртуяа, Болормаа нартай Улсын Их дэлгүүрийн Хаан бууз орж хоол идсэн....Би хар өнгийн куртик, хар өнгийн даавуун брюкэн өмдтэй байсан. Мөнхбаатар улбар шар өнгийн куртиктэй, Ангараг цэнхэр өнгийн костьюмтай, Гансүлд саарал өнгийн куртиктэй, Цэнгэл нүдний шилтэй байсан, өмссөн хувцасыг нь санахгүй байна. Дүгэрсүрэн хар өнгийн костьюм өмссөн байсан. Уянгаа улаан өнгийн куртик өмссөн байсан. Би архи уусан, гэхдээ ухаанаа алдтал согтоогүй, болсон хэрэг явдлыг бүрэн мэдэж байсан. Манай хүмүүстэй муудалцсан хүмүүсийг сүүлд нь харахад нэг залуу ширээн дээр гараа дэрлээд суугаад байсан. Тэнд байсан нэг залуу манай дүүгийн нүдийг аймар болгочихлоо гээд байсан. Би зочин буузнаас гараад явсан гэх /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Отгонтуяагийн:Намайг дотогшоо ороход манай хэд хоолны жижиг ширээнүүдийг нийлүүлээд сууж байсан. Ингээд байж байхад Мөнхбаатар, Дүгэрсүрэн хоёр цаад талын ширээний хүмүүстэй чанга чанга яриад хэрэлдээд байх шиг байсан. Би юу болоод байгаа юм бэ гэхэд цаад талын ширээнээс та нар дангаараа энд байгаа юм уу гэж хэлж байсан. Сүүлдээ цаад талын ширээнээс наад янхануудаа аваад зайл гэж орилсон. Ингэсний дараа хоёр талаас дунд хуруугаа гозойлгоод хэрэлдээд эхэлсэн. Ангараг миний хажууд сууж байгаад босоод "бид нар баярлаад явж байна, та нар ч гэсэн ойлгох хэрэгтэй гэж хэлээд хамт байсан охидууд татаж суулгасан. Араас нэг хүн юм хэлсэн чинь Уянгаа гэдэг охин босоод явсан. Гансүлд араас нь дагаад явсан. Тэр үед Уянгаа, Гансүлд хоёр бахираад байсан чинь Мөнхбаатар, Дүгэрсүрэн хоёр босоод явчих шиг болсон. Тухайн үед хүмүүс хэрэлдээд байсан болохоос зодолдож барьсан асуудал гараагүй байсан. Би тэд нар дээр очиход миний хажуугаар Ангараг зөрөөд гарч байсан. Тэгээд хүмүүс бужигнаад зодолдоод эхэлсэн., хэн хэнийгээ зодоод байгааг мэдээгүй. Би тэр үед бахираад яваад байсан. Ангараг цайны газрын үүд рүү явахыг мэдсэн, харин зодоон болоход хэн хэнийгээ зодсон эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа ирээд Мөнхбаатар, Дүгэрсүрэн хоёрыг аваад явсан. Мөнхбаатар улбар шар өнгийн куртиктэй, Ангараг цэнхэр өнгийн костюмтэй, Гансүлд шаргал эрээн өнгийн пиджактай, Уянгаа улаан өнгийн куртиктэй, Цэнгэлийн хувцасыг санахгүй байна. Дүгэрсүрэн цагаан өнгийн цамцтай. Баяртуяа эрээн өнгийн цамцтай, Ичинхорлоо. Золжаргал, Болормаа нарын өмсөж байсан хувцасыг санахгүй байна. Надтай хамт байсан хүмүүс дунджаас дээгүүр согтолттой байсан байх, гэхдээ нарийн хэлж мэдэхгүй байна. Архи уугаад ухаанаа алдсан хүн бараг байгаагүй байх, харин Баяртуяа, Ичинхорлоо хоёр нилээн согтуу байсан. гэх /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Оджаргалын:Зочин бууз цайны газарт хоол идэхээр Энхболд, Отгонболд, Сүх-Эрдэнэ нарын хамт орсон. Ингээд байж байхад урт ширээн дээр суусан хүмүүс шуугилдаад байхаар нь цайны газрын үйлчлэгчид нь хандан эдгээр хүмүүсийг чимээгүй байлгаж болохгүй юу гэж хэлсэн. Үйлчлэгч тэд нарыг чимээгүй бай гэхэд үгийг нь тэд нар аваагүй. Би тэгэхээр нь та нар адилхан үйлчлүүлэгч байж бие биенээ хүндэтгээч гэж хэлсэн. Урт ширээн дээр суусан хүмүүс тэгсэн чинь та нар зайлаарай гэх зэргээр доромжлоод байхаар нь би дунд хуруугаа гозойлгоод хариу эсэргүүцэл үзүүлсэн чинь хул шаргал өнгийн алаг цамцтай охин босож ирээд миний нүүр рүү гараараа түлхсэн., тэгэхээр нь цаашаа түлхсэн. Тэгсэн чинь цаанаас нь хүмүүс босч ирээд бид нар луу дайрсан. Тэгээд Энхболд бид хоёр хүмүүст түрэгдээд цайны газрын дотор талын хаалганы цаана гарсан. Цайны газар дотор Сүх-Эрдэнэ, Отгонболд хоёр үлдээд тэнд байсан хүмүүст зодуулсан. Зочин буузны гадаа цагдаа ирсний дараа цайны газарт ороход Сүх-Эрдэний нүд хавдаад нүднээс нь цус шүүрээд байж байсан, Отгонболдын куртик нь урагдаад цайны газрын лангууны хажууд сууж байсан. Цагдаа ирсний дараахан эмнэлгийн машин ирэхээр нь Сүх-Эрдэнийг аваад гэмтлийн эмнэлэг явсан...Хэн хэнийгээ яаж зодсон талаар хараагүй...Миний биед учирсан ямар нэг гэмтэл байхгүй, Уянгаа босож ирээд миний нүүр лүү гараараа түлхсэн, дараа нь Мөнхбаатар надруу хоол зөөдөг тавиур шидсэн. Өөр надруу чиглэсэн ямар нэг асуудал байхгүй. гэх /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч Б.Дунгаамаагийн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зочин бууз цайны газарт өглөөний 09 цагаас ажилд гарсан. Бид нар 24 цагаар ажилладаг. 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчим зааландаа үйлчлээд байж байхад хэсэг залуучууд бөөнөөрөө орж ирээд ширээ нийлүүлээд суусан. Тэд нар орж ирээд хоолоо захиалаагүй байсан. Эд нарыг орж ирсний дараа араас нь 4 залуу орж ирсэн. Өмнөх орж ирсэн залуучууд бүгдээрээ архи уусан байсан, мөн араас нь орж ирсэн 4 залуу бас архи уусан байсан. Сүүлд орж ирсэн дөрвөн залуугийн нэг болох ногоон куртиктэй залууг өмнө орж ирсэн 4 залуу хоолоо захиалаад байж байхад бөөнөөрөө орж ирсэн залуучуудаас эвгүй үг хэлээд сүүлд орж ирсэн залуучуудыг өдөөд байсан. Бөөнөөрөө орж ирсэн залуучуудын нэг болох цэнхэр костюм өмссөн залуу, улбар шар өнгийн куртик өмссөн залуу хоёр л сүүлд орж ирсэн залуучууд руу эвгүй үг хэллэг хэлээд байсан. Ингээд байж байсан чинь эрээн цамцтай охин босож ирээд сүүлд орж ирсэн 4 залуучууд руу үг хэлсэн. Тэгсэн чинь бужигнаад явчихсан. Бөөнөөр орж ирсэн хүмүүстэй хамт явж байсан эмэгтэйчүүд нь илүүтэй бахирч чарлаад асуудлыг дэвэргээд байсан. Би тэд нарт хандан та нар эрэгтэйчүүдээ аваад суучих гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Манай хамгаалагч тэд нарыг салгах гээд чадахгүй байсан. Улбар шар өнгийн куртиктэй залуу хоол зөөдөг тавиур аваад 3 удаа шидсэн, тэгсэнээ сүүлд орж ирсэн дөрвөн залуугийн нэг болох өндөр залууг зодож цохиод байсан. Сүүлд нь нэг харахад нэг залуу нүдэндээ цохиулаад цус нь гоожоод сууж байсан. Нүдээ цохиулсан залууг хэн цохьсон талаар хараагүй, хэн зодсон, яасан гээд би асууж байсан. Тэгэхэд надад хариулсан хүн байгаагүй. Би гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Бичлэгийг хуулбарлан цагдаад өгсөн гэх /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Мөнхтуяагийн: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зочин бууз цайны газарт өглөөний 09 цагаас ажилд гарсан. Бид нар 24 цагаар ажилд гардаг. 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчим гал тогоондоо ажлаа хийгээд байж байсан. Зааланд хүмүүс бужигнаад нилээн болсны дараа хүмүүс текний араар зодолдоод ороод ирэхээр нь гаргах гэж гал тогооноосоо гарч ирсэн. Тэгсэн чинь текний ард цэнхэр өнгийн костюм өмссөн залуу, улбар шар өнгийн куртиктэй залуу хоёр нэг залууг зодоод байсан, би тэгэхээр нь очиж салгасан. Тэгсэн чинь текний хажууд нэг залуу нүдэн тус газартаа цохиулчихсан нүднээс нь цус гоожоод сууж байсан. Тэр залууг хэн зодсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Мөн цагдаа дуудсан.Манай цайны газрын үйлчлэгч Дунгаамаа гар утсан дээрээ бичлэг хийгээд байсан гэх /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Уугантуяагийн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зочин бууз цайны газарт өглөөний 09 цагаас ажилд гарсан. Намайг кассан дээр зогсож байхад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 04 цагийн орчим бөөнөөрөө явж байгаа хэсэг хүмүүс орж ирээд цайны газрын булангийн ширээнүүдэд сууж байсан, хоолны захиалгаа өгөөгүй байхад араас нь 4 залуу орж ирсэн. Сүүлд орж ирсэн 4 залуу хоолны захиалгаа өгөөд суусан. Цайны газарт орж ирсэн хүмүүс бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Би захиалга аваад ариун цэврийн өрөө орох гээд гараад явсан. Ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь манай ажлын хүмүүс "хөөе Ууганаа хурдлаарай" гэж хэлсэн, тэгсэн чинь текний хажууд хүмүүс бужигнаад текэн дээр байсан хоёр кампьютерийг унагах гээд байхаар нь би бариад байж байсан. Намайг гарч ирсний дараа текний араар нэг залууг улбар шар өнгийн куртик өмссөн залуу хөөж орж ирээд зодоод байсан. Мөн текний хажууд нүднээс нь цус гоожсон залуу сууж байсан. Энэ залууг хэн зодсон эсэхийг харсан үзсэн зүйл байхгүй. Манай менежир цагдаа дуудсан. Яг хэрэг асуудал болох үед би ариун цэврийн өрөө ороод зааландаа байхгүй байсан гэх /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

Гэрч У.Нандин-Эрдэнийн: М.Сүх-Эрдэнэ бид хоёр эгч дүүс юм. Би ээжээрээ овоглодог, дүү Сүх-Эрдэнэ ааваар овоглож явдаг. Сүх-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хүнд зодуулаад Мөнгөн гүүр эмнэлэгт томографикт орж зурагаа авахуулсан. Монгол Хьюндай эмнэлэгт нүд, хамрын ясны мэс заслын хагалгаанд орсон. Сүх-Эрдэнэ эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлсэн. Сүх-Эрдэнийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд хоол цай байнга зөөн асарч байсан. Сүх-Эрдэнийг мэс заслын хагалгаанд орсон эхний өдөр сахиж байсан. Сүх-Эрдэнийг эргэж тойрч асарч байхад надаас 500.000 төгрөгийн зардал гарсан. Надаас гарсан зардлыг манай дүү Сүх-Эрдэнэ нэхэмжилж байгаа зардалдаа оруулан тооцсон байгаа гэх /хх-ийн 105 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Мөнхжаргалын: Сүх-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хүнд зодуулаад нүд, хамрын мэс засалд хагалгаанд орсон. Хэрэг болох үед би Дорнод аймагт гэртээ байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирсэн. Хүү Сүх-Эрдэнийг эргэж тойрч эм тарианы мөнгөнд 1.500.000 төгрөгийн зардал гаргасан. Би Дорнод аймгаас 2 удаа Улаанбаатар хотод ирсэн. Гарсан зардалын мөнгийг хүү Сүх-Эрдэний нэхэмжилж байгаа мөнгөн дүнд оруулж бичүүлсэн байгаа. Мөнгө төгрөгийг хүү Сүх-Эрдэнэ нэхэмжилнэ гэх /хх-ийн 106-107 дугаар хуудас/

 

Гэрч О.Дүгэрсүрэнгийн: Мөнхбаатар, Гансүлд, Ангараг, Отгонтуяа, Золжаргал, Уянга, Болормаа, Цэнгэл, Тамираа, Баяртуяа, Ичинхорлоо нарын хамт хоол идэхээр Зочин бууз цайны газарт очсон. Бид нарыг ороод байхад араас дөрвөн залуу орж ирсэн. Араас орж ирсэн дөрвөн залуугийн нэгийг нь би таньдаг юм. Манай ажлаар орж үйлчлүүлдэг байсан, нэрийг нь одоо санахгүй байна. Ширээн дээр суугаад бид нар хоол захиалах гээд чимээ шуугиантай байсан. Бид нарын араас орж ирсэн залуучуудын нэг нь та нар чимээгүй бай гээд хэрүүл маргаан болж байсан. Мөн цайны газрын үйлчлэгч ирж бид нарыг чимээгүй бай хүмүүс хоол идэж байна гэж хэлж байсан. Бид нар луу хандаж чимээгүй гэж хэлээд байсан залуу руу Уянга очсон юм шиг байна лээ. Би ширээн дээр зүүн тийшээ хараад сууж байсан болохоор заалан дотор юу болж байгааг харах боломжгүй байсан. Хүмүүс гэнэт бужигнаад явчихсан. Би босож араас нь очоод Гансүлдийн араас тэвэрч аваад байсан. Ингээд нэг хэсэг намжаад байхад гэнэт зодоон болсон. Би архи уучихсан байсан болохоор хэн хэнтэйгээ хэрхэн яаж зодсоныг сайн мэдэхгүй. Олон хүн бужигнаад байсан болохоор харах боломжгүй байсан. Маргааш нь хүний нүдийг цохиж гэмтэл учруулсан гэдэг асуудлыг мэдсэн. Би архи уусан байсан, гэхдээ ухаанаа алдаагүй байсан. Надтай хамт явсан хүмүүсээс хамгийн бага архи уусан нь Мөнхбаатар байсан. Бусад хүмүүс нилээн архи уусан байсан...Би зодоонд оролцсон асуудал байхгүй, миний хувьд бусдад зодуулсан гэмтэл авсан асуудал байхгүй гэх /хх-ийн 108-109 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Мөнхбаатарын: 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагт "Зочин бууз" кафед хамгаалагчаар ажилд гарсан. 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө өглөөний 04 цагийн орчим гаднаас 10 гаран эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирсэн. Тэд нар орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Эдгээр 10 гаран хүн орж ирээд "Зочин бууз" кафений зүүн талын хана дагуулан тавьсан ширээнүүдийг нийлүүлээд суусан. Эдгээр хүмүүсийг хоол цай захиалаагүй байхад гаднаас үл таних дөрвөн залуу архи уучихсан согтуу байдалтай орж ирээд "Зочин бууз" кафений урд хана буюу цонхон талын ширээний дунд хэсэгт суусан. Сүүлд орж ирсэн дөрвөн залуу орж ирээд хоолоо захиалаад ширээндээ суугаад байж байхад "Зочин бууз" кафений зүүн талын хана дагуулаад суусан ширээний хүмүүс чанга чанга бахиралдаад хоолоо захиалахгүй байгаад байсан. Наад талын ширээн дээр цайгаа аваад сууж байсан залуучуудаас нөгөө зүүн талын ширээнд суусан хүмүүст хандан та нар чимээгүй байгаач гэж хэлж байсан. Тэгсэн чинь "Зочин бууз" кафений зүүн талын хана дагуулж байрлуулсан ширээний хүмүүс босож ирээд нөгөө дөрвөн залуу руу дайраад эхэлсэн. Би очоод салгах гэсэн чинь тэнд байсан эмэгтэйчүүд намайг татаж чангаагаад өшиглөөд байсан. Наад талын ширээн дээр сууж байсан дөрвөн залуугийн хоёрыг нь цаад талын хүмүүсээс салгаад үүдний хаалга руу оруулсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй болоод байсан чинь дахин бужигнаад явчихсан. Хэн нь хэнийгээ хэрхэн зодож байгааг анзаарч харж чадаагүй, би салгах гээд бужигнаад байгаа хүмүүсийн голоор явж байсан. Би хул өнгийн куртиктэй залуу текний ар талаар ороод нэг залууг зодож байгааг харсан, өөр хүмүүсийг хэрхэн яаж зодолдож байгааг харж чадаагүй. "Зочин бууз" кафений зохион байгуулагч Мартын гар утсаар үйлчлэгч Дунгаамаа бичлэг хийж байсан. "Зочин бууз" кафений зүүн талын хана дагуулж тавьсан ширээнд суусан хүмүүсээс эхэлж хэрүүл маргаан эхэлж гараад зодоон болсон. Эдгээр хүмүүсийг анх орж ирэхэд нь анхааруулж байсан. Сүүлд орж ирсэн дөрвөн залуугаас ёс бус үг хэлж хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй....Хул өнгийн куртик өмссөн залуу хоол цай зөөдөг поднус аваад сүүлд орж ирсэн залуучууд руу 2-3 удаа шидсэн. Зодоон болсны дараа цагаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн залуу "Зочин бууз" кафений голын ширээн дээр нүдээ дараад сууж байхад нь харахад нүднээс нь цус гоожиж байсан. Нүднээс нь цус гоожиж байгаа залууг хэн зодсон талаар хараагүй. Жижигхэн биетэй эрээн ноосон цамцтай бор царайтай охин надруу дайраад өшиглөөд байсан. Зодоон болсны дараа эрээн ноосон цамц өмссөн охин сүүлд нь улаан өнгийн куртик өмсөөд цаашаа хүмүүстэй маргалдаад байх шиг байснаа гэнэт арагшаа саваад унасан, би бодохдоо нэг нь хөлөөрөө жийгээд ойчуулчихвуу гэж бодсон гэх /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Мартын /Зочин бууз кафе сүлжээ хоолны зохион байгуулагч/: ...Хэрэг асуудал болоод бужигнахыг харсан, намайг зааланд байж байхад манай ажилчид намайг жирэмсэн байж хүнд цохиулчихна цаашаа байж бай гэхээр нь би гар утсаа үйлчлэгч Дунгаамаад өгөөд болсон хэрэг асуудлыг бичээрэй гэж хэлээд гар утсаа өгөөд арын өрөөнд орсон. Миний харсан зүйл гэвэл хул шар өнгийн куртиктэй залуу текний хойгуур ороод саарал өнгийн цамцтай залууг цохиж зодсон, бүгд л зодоод байсан. Хул шар өнгийн куртиктэй залууг анзаарч харсан, бусдыг сайн анзаарч харсан зүйл байхгүй. Эхэлж орж ирсэн хүмүүс шуугиан ихтэй байснаас болж хэрүүл маргаан болж зодоон болсон гэх /хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Гэрч Монгол Хьюндай эмнэлэгт мэс заслын эмч Б.Эрдэнэболорын: ...Би М.Сүх-Эрдэний эмчлэгч эмчээр ажиллаж байсан. Мэс заслын хагалгаанд би орсон. М.Сүх-Эрдэний ухархайн ясны хугарлыг тороор нөхөх мэс заслыг заавал хийх шаардлагатай байсан. Яагаад гэхээр нүд хонхойгоод ширгээд байхгүй болдог. Ийм байдлаас хамааран энэ хагалгааг хийлгэх шаардлага байсан. Сүх-Эрдэний нүдний ухархайн ясны хугарлыг эмчлэхгүй удах юм бол нүд ширгэж алга болох, ясны бороо үүсэхгүй, хараа муудах, хараагүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ хагалгааг хийдэг. Нүдний ухархайн ясны хугарлыг тороор нөхөх нь нүдний алим доош унах, нүдний мэдрэл дарагдах, саа саажилт өгөхөөс урьдчилан сэргийлэх, өвдөлтийг багасгах, хаван, хаваншилтыг багасгах үр нөлөөтэй байдаг. Сүх-Эрдэний нүдний ухархайн ясны хугарлыг тороор нөхөхөөс гадна хамар ясны зүүн мөргөцгийн хүгарпыг давхар засаж өгсөн. Цаашид ямар хор уршиг гарч ирэхийг хэлэх боломж байхгүй. Дээрхи хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж мэс заслын хагалгаа хийсэн гэх,

 /хх-ийн 122 дугаар хуудас/

                    Шүүх эмнэлгийн узлэг хийсэн акт № 16587

1 .М.Сүх-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн ухархайн доод хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой . /хх-ийн 125 дугаар хуудас/

 

 

Дахин бурэлдэхүүнтэй шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 182

1.Урьд гаргасан шинжээч эмч Г.Энхбаатарын №16587 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.М.Сүх-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн ухархайн доод хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 128 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16586 тоот дүгнэлтэнд:

  1. Э.Отгонболдын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. Ахлах зэргийн шинжээч эмч г.Энхбаатар хх-149

 

Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 149 тоот дүгнэлтэнд:

1. Э.Отгонболдын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. хх-151, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/, -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-33 дугаар хуудас/, -Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34-35 дугаар хуудас/, -Хохирогч М.Сүх-Эрдэнийн хохирлыг тооцсон баримтууд /хх-ийн 47-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг нар нь бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан болох нь хохирогч М.Сүх-Эрдэнийн өгсөн…2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах "Зочин бууз" цайны газарт Оджаргал, Энхболд. Отгонболд нарын хамт хоол идэхээр орсон…бид нар цай аваад уугаад сууж байхад урт ширээн дээр сууж байсан хүмүүс хашгираад байхаар нь Оджаргал та нар чимээгээ багасгаач гэж хэлсэн…тэгсэн чинь тэр урт ширээнээс хоол зөөдөг тавиур 2 ширхэгийг бид нар луу шидсэн…хоол зөөдөг тавиур шидэж бид нарын ширээн дээр байсан цайг асгасан…бид нар босоод ирсэн чинь манай найз Энхболдыг нэг нь цохьсон…хоолны газрын хамгаалагч залуу Оджаргал, Энхболд хоёрыг гадна хаалганы цаана гаргасан…тэгсэн чинь тэнд байсан хүмүүс намайг зодож эхэлсэн…тэнд байсан хүмүүсийн нэг нь миний нүүр лүу гараараа цохьсон… Мөнхбаатар, Сүлдээ, намхан биетэй нэг залуу гурвуулаа нийлээд миний нүүрэн хэсэг рүү өшиглөж зодсон…би тэгээд манараад ухаан алдсан гэсэн мэдүүлэг, хх-ийн 38-42, хохирогч Отгонболдын өгсөн… уг хоолны газар найзуудтайгаа хоол идэхээр ороход шүүгдэгч нар байгууллагынхаа хүмүүстэй явж байх шиг байсан… тэгээд би хоол захиалахаар явсан хойгуур хамт явсан Оджаргал ах чимээ ихтэй байхаар нь шаардлага тавихад уурлаад юм авч шидээд босч ирсэн…тухайн үед Д.Ангарагийг хоёр ч удаа түлхээд болъё найзуудаа явчих гэж хэлсэн…тэгээд эргээд хартал найз Энхболдыг Гансүлд цохиж байсан…тэгэхээр нь очоод салгах гэтэл Д.Ангараг буцаж ирээд намайг цохисон…тэгээд би доошоо тонгойход бүгдээрэй зодсон гэж бодсон…үүнээс болж манай найз хагалгаанд ороход би өөрийгөө үзүүлэхэд тархи хавантай, доргисон байна гэсэн…би 7 хоног эмнэлэгт хэвтэх гээд 500.000 төгрөг болж Г.Мөнхбаатар 200.000 төгрөг өгсөн боловч эмнэлэгт хэвтэж чадаагүй…тэгээд авсан 200.000 төгрөгөө Улаанбаатар хотод байх хугацаандаа өөрийн хэрэгцээндээ зарцуулсан…тэгээд мөрдөн байцаагчид Улаанбаатар хотод байх газаргүй хэцүү байна, явлаа гэж хэлээд явсан…одоогоор ажилгүй байсан хугацааны 1.097.500 төгрөг нэхэмжилж байна…гэхдээ шүүгдэгч нартай холбоо бариагүй болохоор нэхэмжилсэн мөнгөө хэлээгүй гэсэн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг  нар нь  нийгмийн хэв журмыг зөрчихдөө хохирогч М.Сүх-Эрдэнийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг хэргийг олон нийтийн газар буюу “Зочин бууз” цайны газарт согтуугаар үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг  нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан,  хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүхээс Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг нарыг бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 7-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зочин бууз” цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зэрэг зарчмуудыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн  хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Сүх-Эрдэнэ нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санлагүй гэсэн тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хохирогч Э.Отгонболд нь ажилгүй байсан хугацааны 1.097.500 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Уянга нь…одоо болон ирээдүйд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал хохиролгүй гэсэн /1хх-79/ хүсэлт байх тул хохирогч Б.Уянгатай холбоотой шийдвэрлэвэл зохих эмчилгээний зардал бусад баримтгүй байна.

Шүүгдэгч Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шалгах хуудсаар /1хх-215, 221, 226/ нотлогдож байна.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидийг энэ хэргийг хадгалах хугацаа хүртэл хэрэгт үлдээхээр тогтов.

 

Шүүгдэгч Х.Гансүлд, Г.Мөнхбаатар, Д.Ангараг нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг  үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэлээ.