Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны .. дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон 5,152,900 төгрөгний торгууль, 1,028,000 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, К ХХК-аас актын төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ:

            “....Тус компани нь гадаад дотоод худалдаа, барилгын материал ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э нар нь 2013 онд манай компанид хяналт шалгалт хийж 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актаар 17,119,800 төгрөгний нөхөн татвар, 5,152,900 төгрөгний торгууль, 1,028,000 төгрөгний алданги нийт 23,300,700 төгрөг ногдуулсан. Манай компанийн зүгээс уг актыг хүлээн зөвшөөрч нөхөн татвар болох 17,119,800 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар 15,422,139 төгрөгийг нь төлөөд байгаа бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 зэрэг заалтуудад төрийн эрх бүхий байгууллагын захиргааны хариуцлагын ногдуулсан шийдвэрүүд нь өршөөлд хамруулахаар хуульчилсан байна. Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгууль, алданги нь төрийн эрх бүхий байгууллагаас ногдуулж байгаа захиргааны хариуцлагын арга хэмжээ бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Татварын ерөнхий хуулийн 74, 741, 75 дугаар зүйлүүдэд ч тодорхой заасан байдаг

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь УИХ-аас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдсанаар манай компани нь эдийн засгийн хямралын энэ цаг үед өрийн дарамтнаас гарах, банкны харилцах данснуудаа нээлгэж компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. Мөн Татварын еренхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөөгүй татвар төлөгч нарын актаар ногдуулсан торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа мөртлөө актыг хүлээн зөвшөөрч, маргаагүй татвар төлөгч нарт ингэж ялгавартай хандаж байгаа нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа юм.

К ХХК-ийн зүгээс Татварын хуулийн хэрэгжилтэд хамрагдах тухай хүсэлтийг “Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс” болон “Гааль, татварын ерөнхий газар”-т хүргүүлж байсан боловч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичиг, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус компанийг өршөөлийн тухай хуульд хамруулахаас татгалзсан хариу өгч байсан болно

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон 5,152,900 төгрөгний торгууль, 1,028,000 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, К ХХК-аас актын төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Татварын улсын байцаагчийн 2013 оны 4 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар “К” ХХК-д 17,119,800 төгрөгийн нөхөн татвар, 5,152,900 төгрөгийн торгууль, 1,028,000 төгрөгийн алданги нийт 23,300,700 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Уг актыг эс зөвшөөрч татвар төлөгч нь гомдол гаргаагүй бөгөөд акт хүчин төгөлдөр үйлчилж эхлээд тухайн төлбөрөөс 15,000,000 төгрөгийг татвар төлөгч төлсөн байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөний улмаас тавигдсан 8,300,700 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна

            Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:

            56.1.1. тухайн татварт ногдох алданги

56.1.2 торгууль

56.1.3 татварын үндсэн өр гэсэн дарааллаар барагдуулдаг.

Иймээс татвар төлөгчийн төлсөн төлбөрийг хүү, торгууль, алдангийг эхэлж төсөвт төвлөрүүлэн нөхөн татвараас одоогийн байдлаар 8,300,700 төгрөгийн нөхөн татвар төлөгдөөгүй байна

Нэгэнт хүү торгууль алданги нь төлөгдсөн тул өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулах эрх зүйн үндэслэлгүй байна.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгтохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль” нь үйлчилж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн тул уг хуулийн талаар хууль, шүүхийн байгууллага нэг мөр ойлгож хэрэглэж байгаа болно. Тус хуулинд заасан захиргааны хариуцлага гэдэгт татварын улсын байцаагчийн актаар тавигдсан торгууль, алданги, хүү хамаарч өршөөгдөх юм. Харин нөхөн татвар нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Учир нь нөхөн татвар нь тухайн татвар төлөгчид хүлээлгэж буй хариуцлага бус төлөх ёстой байсан татвар бөгөөд харин түүнийг төлөөгүйн төлөө оногдуулж буй хүү, торгууль, алданги нь захиргааны хариуцлага болох юм.

 Мөн татварын алба нь босоо удирдлагатай тул дээд гарзаас ирсэн хуулийг хэрэгжүүлэх чиглэл зааврыг баримтлан ажллаж байна. Уг хуулийн үзэл баримтлалын хувьд хууль хэрэгжиж эхлэх үед биелэгдээгүй байсан захиргааны шийтгэлд хамаарахаар байна. Иймд тус хууль батлагдахаас өмнө биелэгдсэн төлбөр буюу хүү, торгуулийн дансанд орсон мөнгийг буцааж нөхөн татварт тооцох боломжгүй юм. Иймд хууль батлагдахаас өмнө төлсөн 5,152,900 төгрөгийн торгууль, 1,028,000 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулахгүй бөгөөд мөн тус актын нөхөн татварын үлдэгдэл болох 8,300,700 төгрөгийн өрийг уг хуулийн үйлчлэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй тул 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актаар топгоосон 5,152,900 төгрөгийн торгууль, 1,028,000 төгрөгийн алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж, тус компаниас төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “К” ХХК тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон 5,152,900 төгрөгний торгууль, 1,028,000 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, К ХХК-аас актын төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...актыг хүлээн зөвшөөрч нөхөн татвар болох 17,119,800 төгрөгнөөс 15,422,139 төгрөгийг төлсөн...татвар төлөгчид ялгавартай хандсан...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...актад холбогдуулж гомдол гаргаагүй...1-т алданги 2-т торгууль, 3-т нөхөн татвар гэсэн дарааллаар төлөх ёстой...хүү торгууль, алданги төлөгдсөн тул Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй...нөхөн татвар нь захиргааны хариуцлага биш тул Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

            Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Энар “К” ХХК-ийн 2011, 2012 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар актаар 17,119,800 төгрөгийн нөхөн татвар, 5,152,900 төгрөгийн торгууль, 1,028,000 төгрөгийн алданги нийт 23,300,700 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

            Нэхэмжлэгчээс дээрх актаар тогтоосон төлбөрт 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 15,422,139 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016366 тоот дансанд төлсөн байх бөгөөд талууд үнийн дүн дээр маргахгүй болно.

Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:

 56.1.1. “тухайн татварт ногдох алданги

 56.1.2.торгууль;

 56.1.3.татварын үндсэн өр” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл “К” ХХК нь ******* тоот актаар тогтоосон татварийн өрийг 1-т алданга, 2-т торгууль, 3-т нөхөн татвар гэсэн дарааллаар төлж барагдуулахаар буюу татварын улсын байцагчийн 2013 оны ******* тоот актаар тус компанид ногдуулсан 1,028,000 төгрөгийн алданги, 5,152,900 төгрөгийн торгуулийг эхэлж төлөхөөр үүний дараа 17,119,800 төгрөгийн нөхөн татварыг тус тус төлөхөөр зохицуулсан байна. Иймд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийн үнийн дүнгээс нэхэмжлэгч компанийн төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг шууд нөхөн татварт тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны ******* тоот актаар тогтоогдсон “татвар ногдуулах орлогоо бууруулсан...хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн” зөрчил нь захиргааны зөрчил ба түүнд хүлээлгэж буй хариуцлага нь захиргааны шийтгэл мөн бөгөөд шийтгэл ногдуулсан хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө байх боловч “К” ХХК-д ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги нь төлөгдсөн байх тул нэгэнт төлөгдсөн торгууль, алдангийг өршөөлд хамруулах ойлголт байхгүй юм.

Нэхэмжлэгч 2013-2015 оны хооронд төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцох ингэснээр ******* тоот актын алданги, торгуулийг өршөөлд хамруулах үндэслэл бүрдэнэ гэж үзсэн хэдий ч Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан татварын өр барагдуулах дарааллын дагуу торгууль алдангийг эхэлж төлсөнд тооцсон нь үндэслэлтэйн дээр тус компаниас төлбөрт төлсөн мөнгөн дүнг нөхөн татварт тооцох хууль зүйн үндэслэлгүй тул “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т  заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон 5,152,900 төгрөгний торгууль, 1,028,000 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, К ХХК-аас актын төлбөрт төлсөн 15,422,139 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ШҮҮГЧ                                     Н.Д