Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 200

 

М.О, М.Е, Б.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, хохирогч С.Лхагвабаатар, Ш.Батхүү, Г.Наранбаатар нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлалтай, 21133597 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Таванханхар овогт М.О

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт М.Е

3.Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Элжигэд овогт Б.О.

М.О, М.Е, Б.О нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.О-ыг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгаж,

Прокуророос шүүгдэгч М.О, М.Е нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж,

Таванханхар овогт М.О, Боржигон овгийн М.Е нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.Е-өд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.О-ыг 7 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О-ын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-өөс 119.845.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Лхагвабаатарт 14.000.000 төгрөг, Я.Гансүхэд 7.000.000 төгрөг, Д.Жаргалсайханд 29.250.000 төгрөг, Ш.Батхүүд 18.625.000 төгрөг, Ё.Болормаад 4.000.000 төгрөг, Г.Наранбаатарт 14.000.000 төгрөг, А.Цогтод 32.970.000 төгрөг тус тус олгуулах,

Шүүгдэгч М.О-аас 273.231.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Тамирт 13.000.000 төгрөг, С.Чимгээд 6.700.000 төгрөг, Д.Оюунгэрэлд 9.000.000 төгрөг, Л.Ганбатад 14.000.000 төгрөг, Э.Туяацэцэгт 3.700.000 төгрөг, Ч.Очирбатад 7.650.000 төгрөг, Г.Дамдинрагчаад 4.250.000 төгрөг, Ж.Цэвээндуламд 1.050.000 төгрөг, Ж.Баасанжавт 12.250.000 төгрөг, Л.Алтангэрэлд 54.858.000 төгрөг, М.Сэлэнгэд 2.130.000 төгрөг, М.Ганбаатарт 2.050.000 төгрөг, Б.Ганжигүүрт 3.755.000 төгрөг, Б.Алтанцэцэгт 5.393.000 төгрөг, Д.Жаргалсайханд 29.250.000 төгрөг, Ш.Батхүүд 18.625.000 төгрөг, Б.Бат-Оргилд 11.600.000 төгрөг, Ё.Болормаад 4.000.000 төгрөг, Г.Наранбаатарт 14.000.000 төгрөг, А.Цогтод 32.970.000 төгрөг, С.Лхагвабаатарт 14.000.000 төгрөг, Я.Гансүхэд 9.000.000 төгрөг тус тус олгуулах,

Шүүгдэгч М.Е 139 хоног, Б.О 114 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч Н.Нэмэхбаяр, Г.Сарангэрэл нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар М.О-ын 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин О.Нинжин, О.Нандин нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, М.Е нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Мавагийн Отгонжаргалыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

шүүгдэгч М.О, шүүгдэгч М.Е, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “бусдын эд хөрөнгийг эсвэд түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан” гэж хуульчилсан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг дурдаж дүгнэлт хийсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. М.Е-ийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжид дүгнэлт өгөлгүй, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид дүгнэлт хийсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүх М.Е-ийг гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж, шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “шүүгч ...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байхад М.Е-ийн гэм буруу нотлох баримтаар тогтоогдоогүй байхад М.О-тай ах дүү төрөл садангийн холбоотой, түүний хийж байгаа зүйлийг мэдэж байсан, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчимд нийцээгүй тогтоол, магадлал гаргасан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэл, гэм хорыг арилгах талаар шүүх шийдвэр гаргахдаа иргэний нэхэмжлэлтэй хэсгийг буруу шийдвэрлэсэн. М.Е нь хохирогч нараас нэг ч төгрөг аваагүй болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтааруудаар тогтоогдсон байхад Иргэний хуулийг баримтлан 119.845.000 төгрөгийг гаргуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалаар М.Е-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч С.Лхагвабаатар, Ш.Батхүү, Г.Наранбаатар нарын өмгөөлөгч Т.Урангэрэл хэлсэн саналдаа: Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хянаж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд харин Энхтуяа өмгөөлөгчийн гаргасан гомдол нь тус хуулийн 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. ...Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ гэмт хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бүрдэл хангагдсан. М.Е нь энэ гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр оролцсон, ашиг авдаг болох нь шүүгдэгч О, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн М.О, М.Е, Б.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.О нь хямд үнээр автомашин авч өгнө гэж хуурч мэхлэн

- 2011 оны 6 дугаар сард Г.Дамдинрагчаагаас 4.250.000 төгрөг,

- 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын хооронд Э.Туяацэцэгээс 3.700.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Л.Ганбатаас 14.000.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Д.Оюунгэрэлээс 9.000.000 төгрөг,

- 2011 оны 8 дугаар сард Ч.Очирбатаас 28.000.000 төгрөг,

- 2011 оны 8 дугаар сарын 17-ноос 31-ний өдрийн хооронд Н.Нэмэхбаяраас 19.300.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сард “Д.Тамираас 13.000.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бат-Оргилоос 14.900.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Чимгээгээс 6.700.000 төгрөг,

- 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Л.Алтангэрэлээс 55.858.000 төгрөг,

- 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цэвээндуламаас 1.050.000 төгрөг,

- 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Ж.Баасанжаваас 12.250.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авсан,

мөн Япон улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн 2015 оны 3 дугаар сард М.Ганбаатараас 2.950.000 төгрөг, М.Сэлэнгээс 2.130.000 төгрөг тус тус залилан мэхлэж авсан,

мөн групп тогтоолгож, БНСУ руу эмчилгээнд явуулж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б.Алтанцэцэгээс 6.143.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

- мөн байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Б.Ганжигүүрээс 3.755.000 төгрөг залилан мэхлэн авч, бусдад удаа дараагийн давтан үйлдлээр ганцаараа нийт 196.986.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.О, М.Е нар нь бүлэглэн:

- 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болон 2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.Наранбаатарын эзэмшлийн “Санта-Фе” загварын 2 ширхэг автомашиныг “зарж өгнө” гэж К.Баатарчулууныг хуурч мэхлэн, уг автомашинуудыг Баянгол дүүргийн нутагт байрлах “1000 автомашины зогсоол” гэх газраас авч явж 56.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хямд үнээр автомашин авч өгнө гэж хуурч мэхлэн:

- 2011 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Д.Жаргалсайханаас 58.500.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сард С.Лхагвабаатараас 28.000.000 төгрөг,

- 2011 оны 7 дугаар сарын 8-наас 30-ны өдрийн хооронд Ш.Батхүүгээс 45.750.000 төгрөг,

- 2011 оны 8 дугаар сард Ё.Болормаагаас 8.000.000 төгрөг,

- 2011 оны 9 дүгээр сард Я.Гансүхээс 18.000.000 төгрөг тус тус залилан мэхлэж авсан,

мөн Оюу толгойн тендерт оруулж өгнө гэж хуурч мэхлэн 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Сарангэрэлээс 3.000.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А.Өнөржаргалаас 65.940.000 төгрөг, 2011 оны 8 дугаар сард Ш.Батхүүгээс 4.500.000 төгрөгийг тус тус залилан мэхлэж авч, бусдад нийт 287.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс М.О, М.Е нарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч онц их хэмжээтэй хохирол учруулсан талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч М.Од 7 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Е-өд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, мөн шүүгдэгч Б.О-ын үйлдэлд бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинж тогтоогдоогүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шүүх М.О, М.Е нарын бүлэглэн үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилж тогтоох, дүгнэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүх М.Е-өд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, түүний гэм буруу нотлогдоогүй, гэм хорын хохирлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн талаар өмгөөлөгч Ж.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 885 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Е-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН