| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/249 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/249
2024 7 23 2024/ШЦТ/249
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
-шүүгдэгч Л.Н түүний өмгөөлөгч н.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Л-ын Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434***** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 2 дүү, 3 хүүхдийн хамт Төв аймгийн *** сумын **** баг, **** тоотод оршин суух хаягтай, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 70 хувийн групп тогтоолгосон, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, М овогт Л-ын Н /РД: *****/гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Аз жаргалтай төв дээр квотын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн байранд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Г.Б-ээс 85,000 төгрөг, Ж.Ц-оос 1,080,000 төгрөг, Д.О-ээс 315,000 төгрөг, Н.Э-аас 300,000 төгрөг, Х.Б-оос 315,000 төгрөг, Б.Г-ээс 300,000 төгрөг, Ч.О-ээс 1,795,000 төгрөг бусдад нийт 4,190,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Н нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Ц-д 1.080.000 төгрөг, Ч.О-т 1.750.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, Бусад хохирогч болох хохирогч Д.О-т 315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг, хохирогч Х.Б-од 315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг, хохирогч Г.Б-т 85,000 /наян таван мянга/ төгрөг, хохирогч Г.Г-т 300,000 /гурван зуун мянган/ төгрөг, хохирогч Н.Э-д 300,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн буюу нийт 1.315.000. төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Л.Н нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Аз жаргалтай төв дээр квотын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн байранд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Г.Б-ээс 85,000 төгрөг, Ж.Ц-оос 1,080,000 төгрөг, Д.О-ээс 315,000 төгрөг, Н.Э-аас 300,000 төгрөг, Х.Б-оос 315,000 төгрөг, Б.Г-ээс 300,000 төгрөг, Ч.О-ээс 1,795,000 төгрөг бусдад нийт 4,190,000 төгрөгийн хохирол учруулан бусдыг “залилах” гэмт хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тухайлбал,
Нэр бүхий хохирогч нарын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл гомдол,
Уг гомдлыг үндэслэн гэмт хэргийн талаарх гомдол/ мэдээлэл/-ыг шалгах тухай тогтоол,
Хохирогч Д.О-ийн мэдүүлэг /хх-10 тал/, хохирогч Х.Б-ын мэдүүлэг/хх-18/, хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /хх-24 тал/, хохирогч Ж.Ц-ийн мэдүүлэг/хх-30 тал/, хохирогч Н.Э-ын мэдүүлэг /хх-38 тал/, хохирогч Ч.О нарын “шүүгдэгч Л.Н-д мөнгө өгч залилуулсан талаараа өгсөн мэдүүлэг /хх-42 тал/
-гэрч Л.П-ын “2023 оны 12 сарын эхээр “Аз жаргалын өргөө” төвд менежер ажилд авна гэсэн зарын дагуу анкет ирүүлсэн судалж үзээд сарын хугацаатай түр томилох тушаал гарсан.Тэгээд ажиллаж байх хугацаандаа нэг хүнээс гомдол ирээд манай дарга гомдлын дагуу Н-г дуудаад энэ хүнээс мөнгө авсан эсэх талаар тодруулж байгаад ажлаас чөлөөлсөн.” гэсэн мэдүүлэг /хх-63 тал/,
-гэрч Г.С-ийн “..би Н-г танихгүй..Иргэдийн хөнгөлттэй үнээр оруулах байр ерөөсөө байхгүй.Тэр хүн энэ талаар ямар ч ойлголт байхгүй. Тиймээс худлаа ярьсан байна. Надад ерөөсөө квот байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-168 тал/,
-гэрч Р.Э-ийн “Н анх 2023 оны 12 дугаар сард байсан байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. Надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байр хямд өгүүлэх төсөл хэрэгжиж байгаа орох уу? гэхээр нь зөвшөөрөөд би 351.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-176 тал/,Л.Н-гийн ХААН-н банкны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-101-166 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Н-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банк ашиглан бусдын эд хөрөнгийг/ мөнгө/-ийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Л.Нг “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банк ашиглан бусдын эд хөрөнгийг/ мөнгө/-ийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ээс 85,000 төгрөг, Ж.Ц-оос 1,080,000 төгрөг, Д.О-ээс 315,000 төгрөг, Н.Э-аас 300,000 төгрөг, Х.Б-оос 315,000 төгрөг, Б.Г-ээс 300,000 төгрөг, Ч.О-ээс 1,795,000 төгрөг, нийт 4,190,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд:
--хохирогч Ж.Ц-д “1.080.000 төгрөгийн хохирол өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж,
-хохирогч Ч.О-т “1.795.00 төгрөгийн хохирол авсан, шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол саналгүй” гэсэн тул хохирогч Ж.Ц, Ч.О нарт гаргуулах хохирол төлбөргүй байна.
Харин Д.О: “Шүүх хуралдаанд оролцохгүй, 315,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна гомдолтой байна” гэж,
-хохирогч Х.Б: “Ойлголоо шүүх хуралдаанд оролцоно. 315,000 төгрөгийн хохирлыг маань барагдуулаагүй байгаа” гэж,
-хохирогч Г.Б: “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хотод хүүхдээ үзүүлэх цагтай давхцаж байна. Гомдолтой байна 85,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна” гэж,
-хохирогч Г.Г: “Шүүх хуралдаанд оролцохгүй, 300,000 төгрөгийн хохирлыг гаргуулж авмаар байна” гэж,
-хохирогч Н.Э: “Шүүх хуралдаанд оролцохгүй. 330,000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. гаргуулж авмаар байна” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан шүүгдэгч Л.Н нь дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул,
шүүгдэгч Л.Н-гоос -315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ононцэцэгт
-315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б-д
-85,000 /наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-т,
-300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-т,
-300,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э-д тус тус олгохоор хянан шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас: “ Шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах” гэмт хэрэгт гэм буруутайг шүүх тогтоосон тул 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс” Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Н нь Эрүүл мэндийн хувьд 70 хувийн групп-д байдаг, Өрх толгойлсон эмэгтэй, хохирлыг боломжит хэмжээгээр буюу хамгийн их үнийн дүнтэй хохирлыг нөхөн төлсөн, цаашид гаргах 1.315.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Сард 600.000 төгрөгийн орлоготой. Ээж нь олдмол сэтгэцийн эмгэгтэй зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү? гэсэн санал гаргасныг прокурор няцаагаагүй болно.
Шүүгдэгч Л.Н “ хөнгөн ял оногдуулж, өгнө үү?” гэсэн эцсийн үг хэлэв.
Шүүх шүүгдэгч Л.Нг амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Л.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н-гийн Уранзаяа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэх лавлагаа, Н-гийн Уранбайгаль 201 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн гэх лавлагаа, Н-гийн Төгөлдөр 2017 оны 5 дугаар сарын 13-ний өдөр төрсөн гэх лавлагаа, /хх-172-176 тал/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад” Л Н ...өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар хугацаагүй сунгаж, шийдвэрлэв” гэжээ. /хх-199 тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаанд “ Ж овогтой А Л овогтой Н нарын гэрлэлтийг 2024 оны 4 сарын 9-ний өдөр дуусгавар болсон” гэжээ. /хх-200 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “үгүй” гэж ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдлыг тогтоов.
анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
шүүгдэгч Л.Н-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул,
мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Тэнсэн хянан харгалзах хугацаанд оршин суух газраа өөрчлөх явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн 2434*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Н-гоос тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууц замаар бусдыг төөрөгдөлд оруулж ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М овогт Л-ын Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Л.Нд тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч М овогт Л-ын Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-гоос 1,345,000 /нэг сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг буюу 315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.О-т, 315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б-д, 85,000 /наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-т, 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-т, 300,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э-д тус тус олгож, хохирогч Ж.Ц-д 1.080.000 төгрөг, хохирогч Ч.О-т 1.795.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Ц, Ч.О нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Н-гоос тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ