| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03590/И |
| Дугаар | 102/ШШ2021/03183 |
| Огноо | 2021-12-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2021/03183
| 2021 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2021/03183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 19-р хороо, 5 тоотод оршин суух, Х овогтой Н.О,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 22 тоотод Б овогтой Н.Т,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 74 тоотод оршин суух, Ө овогтой Б.П нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-нд холбогдох 8 202 666 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарыг төлөөлж Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О нь 4-р цахилгаан станцад 26 жил 6 сар засварчнаар ажиллаад хөнгөлөлттэй нөхцлөлөөр 2019 оны 12-р сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Н.Т нь 2019 оны 12-р сарын 25-ны өдөр, Б.П нь 2018 оны 11-р сарын 18-ны өдөр тус тус тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингийн дундажаар тооцож Н.О-т 27 562 660 төгрөгийн, Н.Т-д 32 000 000 төгрөгийн, Б.П-д 22 464 000 төгрөгийн 1 удаагийн тэтгэмжийг олгосон. Энэ мөнгийг шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар гэж үнийн дүнгийн 10% буюу Н.О-ээс 2 756 266 төгрөг, Н.Т-аас 3 200 000 төгрөг, Б.П-оос 2 246 400 төгрөгийг тус тус суутгасан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар уг тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх орлого байсан. Үндэслэлгүйгээр суутгасан тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь ДЦС-4 ТӨХК-д 26 жил 6 сар ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан тул 2019 оны 12-р сарын 18-ны өдөр Б/436 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 1 удаагийн тэтгэмж 27 562 660 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Н.Т нь эрчим хүчний салбарт 31 жил 3 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан тул 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн өдрийн Б/432 тоот тушаалаар чөлөөлж 32 000 000 төгрөг, П.П мөн салбарт 29 жил 3 сар ажилласан тул 2018 оны 11-р сарын 18-ны өдрийн Б/414 тоот тушаалаар ажлаас чөлөөлж 22 464 000 төгрөгийн тэтгэмжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэтгэмжийг олгохдоо 60 нас гэж заасан учраас үнийн дүнгийн 10 хувийг суутган Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн. Суутгасан төлбөр нь станцад байхгүй учраас Баянгол дүүргийн татварын хэлтэсээс нэхэмжлэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О, Н.Т, Б.П нар нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-нд холбогдох үндэслэлгүйгээр суутгасан 8 202 666 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Б/436 тоот тушаалаар Үйлдвэрлэлийн албаны цахилгаан техникийн тооцооны техникч Н.О-ийг, 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн өдрийн Б/432 тоот тушаалаар Зуухан цехийн туслах тоноглолын машинч Н.Т-ыг, 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн өдрийн Б/432 тоот тушаалаар Зуухан цехийн цахилгаан шүүлтүүрийн үнс зайлуулах тоноглолын засварчин Б.П-ийг тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ТӨХК-ний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний 12-р зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Н.О-т 27 562 660 төгрөг, Н.Т-д 32 000 000 төгрөг, П.П-д 22 464 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг тус тус олгохоор /хх 13, 30, 47-48/ шийдвэрлэжээ. Талууд тэтгэвэр тогтоолгосон, тэтгэмж олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.
Гагцхүү нэхэмжлэгч нар олгосон тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаж байгаа үндэслэлээ... Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэтгэмжийг олгохдоо 60 нас гэж заасан учраас үнийн дүнгийн 10 хувийг суутган Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн, энэ хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6-р сарын 16-ны өдрийн/ 16-р зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3-р сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж...орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан байх ба харин хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц татварт 10 хувийг суутгаж тооцсон нь үндэслэлгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар татварт тооцсон 10 хувийн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нар нийгмийн даатгалын сангаас олгх тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байна.
Нөгөө талаас, нэхэмжлэлийн шаардлага нь энэ хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 2 756 266 /хоёр сая долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Н.О-т, 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж Н.Т-д, 2 246 400 /хоёр сая хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Б.П-д тус тус олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 050 төгрөг, Н.Т-с төлсөн 66 150 төгрөг, Б.П-с төлсөн 50 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 59 050 төгрөг гаргуулж Н.О-т, 66 150 төгрөг гаргуулж Н.Т-д, 50 950 төгрөг гаргуулж Б.П-д тус тус олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА