| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01643/И |
| Дугаар | 102/ШШ2021/03166 |
| Огноо | 2021-12-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/03166
| 2021 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/03166 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 3 тоотод оршин суух, В овогт Б.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 196 тоотод оршин суух, Д овогт Ц.Ш-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ш-тай 2014 оны танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. 2017 оны 5 дугаар сарын 22-нд хүү Ш.Б төрсөн. Ингээд 2019 оны 6-р сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулснаас хойш нөхөр Ш гэртээ цаг зав гаргахаа больж, таарч тохирохгүй болж, улмаар гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Энэ нь салах гол шалтгаан болсон. 2021 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие автобус баазад ажилладаг бөгөөд өглөөнөөс орой хүртэл завгүй байдаг. Б.Х намайг харддаг, намайг гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон гэж байгаа нь хардалттай нь холбоотой. Харин Х өөрөө өөр хүнтэй болсон. Хүүхэд маань Х-ийн асрамжид байгаа гэж ярьдаг боловч хадам эцэг, эх дээр байдаг, өөрийнхөө асрамжид байлгадаггүй. Иймд гэр бүлээ цуцлуулж хүүхдээ асрамжид авах хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь Ц.Ш-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ц.Ш, Б.Х нар нь 2015 оноос хамт амьдарч 2019 оны 6-р сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулжээ. Хамт амьдрах хугацаандаа 2017 оны 5-р сарын 22-нд хүү Ш.Б-ыг төрүүлж /хх 4, 7/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Ц.Ш нь гэр бүлдээ халамж анхаарал тавьдаггүй, хэн аль нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа тогтоосон гэж бие биеэ харддаг, зан харьцааны хувьд хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2021 оны 1-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Гэрлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд хүү Ш.Б-ын асрамжийн талаар маргасан бөгөөд Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн шинжээчийн 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх 80-90/-ээр хүү Ш.Б-ыг эх Б.Х-ийн асрамжинд байх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шинжээч нар дүгнэлт гаргахдаа талууд болон хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдарч байгаа орчин нөхцөл, эцэг эхийн ёс зүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэдний оролцоо, халамж зэргийг нарийвчлан судалж, уулзалт, ярилцлага хийж бодит байдлыг судалж дүгнэлтээ гаргасан, үндэслэл бүхий дүгнэлт гэж дүгнэлээ.
Хэдийгээр эцэг, эхийн хэн аль нь хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, хүүхдээ хүмүүжүүлэх, асран тэтгэх чадамжтай байдал нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, эрх ашигт нийцэх ч тэдний зан харилцааны зөрчил нь хүүхдэд сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал.
Нөгөө талаас, бага насны хүүхдийн хувьд ээнэгшин дассан орчинд ээжийнхээ асрамжинд байх нь түүний эрх ашигт нийцнэ гэж дүгнэлээ.
Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүйг дурьдаж, хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Ш-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Ш, Б.Х нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 5-р сарын 22-нд хүү Ш.Б-ыг эх Б.Х-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Ш.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Ш-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА.