| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03247/И |
| Дугаар | 102/ШШ2021/03123 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/03123
| 2021 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/03123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Х сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо 40 тоотод үйл ажиллагаа явуулах, Х овогтой Х.З-т холбогдох засвар үйлчилгээний зардал 1 264 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хорооны 36И байрны 40 тоотын оршин суугч З нь 2018 оны 3-р сараас 2021 оны 9-р сар хүртэл нийт 42 сарын төлбөр 1 264 200 төгрөгийг төлж барагдуулаагүй, байгууллагыг хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрны СӨХ 2017 онд газар доогуур шугам татна гээд 10 орчим аж ахуй нэгжээс 3 000 000 төгрөг төгрөг авсан. Тэгээд юу ч хийгээгүй тул шалгахад энгийн кабель подвалаар татсан байсан. Манайх 1 давхарт байдаг учраас лифт ашигладаггүй, хог хаядаггүй, хогны машин гутлын хог авахгүй гэдэг тул бид нар өөрсдөө хогоо хаядаг. Сууц өмчлөгчдийн холбоо бидэнд ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй, засвар үйлчилгээ хийлгэхээр бол орон сууцны конторт төлбөр төлж хийлгэдэг. Бидэнд үйлчилгээ хийх зардлын задаргаа, тайлан гэх мэт тамгатай бичиг үзүүлдэггүй зөвхөн төлбөр төл гэх шаардах хуудсыг өгдөг. Иймд манай зүгээс нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50%-ийг төлөх бодолтой байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбоо нь Х.З-т холбогдох засвар үйлчилгээний зардал 1 2 64 200 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 963 200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 301 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн 7-р хороо, 36И байрны 40 тоот сууц өмчлөгч Х.З нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2018 оны 08-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны нийт 1 264 200 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, тооцооны баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хугацааг хэтрүүлсэн байх ба 2018 оны 3-р сараас 2018 оны 8-р сар хүртэлх хугацааны 301 000 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахаар байна.
Харин сууц өмчлөгч Х.З нь 2018 оны 08-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 963 200 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ ...бидэнд үйлчилгээ үзүүлдэггүй гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.З-аас 963 200 /есөн зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 301 000 /гурван зуун нэг мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 900 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Х.З-аас 27 666 төгрөг гаргуулж Х СӨХ-нд олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА