| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00394/И |
| Дугаар | 152/ШШ2021/00444 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2021/00444
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ХБ ХХК-ийн,
Хариуцагч: З овогт С-ийн П-т холбогдох,
Маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Х.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Х.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэрээр Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Ө.Бадрахын хороолол, 22 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө /цаашид "Маргаан бүхий хөрөнгө" гэх/-ийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг хаах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн.
1. ХБ ХХК маргаан бүхий хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй тухай
Д.Г, Т.Д нар нь маргаан бүхий хөрөнгийг худалдан авах зориулалтаар зээл авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Увс салбар хүлээн авч зохих журмын дагуу судалж 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 36,225,000 төгрөгийн зээлийг Д.Г, Т.Д нарт Маргаан бүхий хөрөнгийг худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар олгохоор РА31/030 дугаартай Зээл олгох шийдвэрийг гаргасан. Уг Зээл олгох шийдвэрийг гаргах үед Х-ын Н /РД: ТА68061614/ нь Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х.Н, Д.Г нар нь 1957 дугаартай Орон сууц худапдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Г, Т.Д нарыг Маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэж 000543674 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г олгосон байдаг. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Г, Т.Д нартай 1250026983 дугаартай Зээлийн гэрээ /цаашид "Зээлийн гэрээ" гэх/-г байгуулсан. Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 85-223 дугаартай лавлагаа /цаашид "Лавлагаа" гэх/-гаар Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нар бүртгэлтэй байгаа, үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй, өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр анх Х.Нямсамбуугаас шилжүүлэн авсныг Д.Г-д тус тус мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1250026983-01 дугаартай Барьцааны гэрээ /цаашид "Барьцааны гэрээ" гэх/-г барьцаалуулагч Д.Г-тай байгуулж Маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Барьцааны гэрээ болон 85/260 дугаартай Барьцаалбарыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Мөн өдөр нэхэмжлэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 1250026983 дугаартай Зээл олголтын зөвшөөрлийн дагуу зээлдэгч Д.Г-гийн ХБ ХХК дахь 1250026983 дугаартай зээлийн дансаар дамжуулан 36,225,000 төгрөгийн зээлийг 5002239850 дугаартай эскроу дансанд олгож зээлдэгчийн байршуулсан урьдчилгаа төлбөрийн хамт маргаан бүхий хөрөнгийн үнэ 51.750000 төгрөгийг төлбөр хүлээн авагч Х.Н-д шилжүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Г, хамтран үүрэг гуйцэтгэгч Т.Д нарын үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 34,006,643.35 төгрөг байгаа болно. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа юм. Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Д.Г-тай барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа Маргаан бүхий хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Лавлагааг үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгуүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан ба Барьцааны гэрээг байгуулах өдрийн байдлаар Маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Г, Т.Д нар бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул нэхэмжлэгч нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж Барьцааны гэрээг байгуулж 85/260 дугаартай Барьцаалбарын хамт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгчийн барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн нь нэхэмжлэлд хавсаргасан Увс аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 85-4628 дугаартай лавлагаагаар мөн нотлогддог бөгөөд Маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.Нямсамбуугаас Д.Г, Т.Д нарт шилжсэн, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй байгаа талаар мэдэгдсэн байдгийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Маргаан бүхий хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаасан нь нэхэмжлэгчийн барьцааны эрхийг хөндөхгүй тухай
Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаартай мэдэгдэл хүргүүлэх түхай албан бичгээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалаар Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосны дагуу Маргаан бүхий хөрөнгийн бүртгэлийг хаах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар өмнө дурдсан. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тухайлан заасан байдаг. Хэдийгээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд өмчлөлийн маргаан хянан шийдвэрлээгүй ..." гэж дурдсан байх боловч Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр Д.Г, Т.Д нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Г, Т.Д нар Маргааны бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй болсон хууль зүйн үр дагавар үүсээд байна. Нэхэмжлэгч нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 312 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолын хянавал хэсэгт "... Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтуудаас үзвэл ХБ нь иргэн Д.Г, Т.Д нартай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 36,225,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлдэгч нар нь уг зээлийн барьцаанд Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг бариулсан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 85/260 дугааргай барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт баримт тодорхойлогдож байна ..." гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч нь Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаартай бүртгэлийг барьцаалаагүй харин Маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцаагаар хангагдах үүрэг хэвээр байх юм. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ХБ ХХК-ийг Маргаан бүхий хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 дугаар байрны 1 давхрын 2 тоот байрны өмчлөгч болохыг тогтоолгохоор ХБ нэхэмжлэл гаргасан байна. ХБ нь миний хөрөнгийг өөр хүн барьцаалж мөнгө зээлдэж байгааг мэдсээр байж мөнгө зээлдчихээд барьцаанд нь миний байрны өмчлөгч болно гэдэг нь иргэн надад их хохиролтой гэдгийг мэдсэн мөртлөө ийм хууль бус нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг байр 2016 оны 6 дугаар сараас хойш маргаантай байгааг ХБ болон Гэрэлмаа нар мэдэж байсан. Би өөрөө ХБ-ны захиралд өөрийн биеэр хэлж байсан. Би Г багштай хамт ажилладаг байсан учраас наад байр чинь маргаантай байгаа гэдгийг мөн хэлж байсан. Энхцэцэг багшаар дамжуулж хүртэл хэлж байсан. Г, Д нарт байр шилжүүлсэн Б гэгч ХБ-нд их хэмжээний хугацаа хэтэрсэн өртэй байсан. Тэр өрийг барагдуулахын тулд танай банк эдгээр хүмүүстэй хуйвалдаж залилан хийж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж, мөн 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасны дагуу олгогдсон гэрчилгээтэй байр юм. Тус байрны гэрчилгээг хүчингүй болгуулах гэж 3 шатны шүүхээр явсан боловч тэд миний гэрчилгээг хүчингүй болгож чадаагүй. Харин өөрсдийнх нь гэрчилгээ хүчингүй болсон нь шүүхийн шийдвэрүүдээс харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ХБ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлтэй. ЗХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч С.П-т холбогдуулан маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ХБ ХХК-ийн нэхэмждэдийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Г, Т.Д нар ХБ-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 36.225.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдэн, зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.
Дээрх үйл баримтын дараа С.П нь хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан Ү-1520004722 дугаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
ХБ ХХК нь дээрх шийдвэр, магадлалыг шнээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 312 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаартай бүртгэлийг барьцаалаагүй, харин маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөд ногдуулсан барьцаагаар хангагдах үүрэг хэвээр байх юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ХБ ХХК-ийг маргаан бүхий хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-т Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна гэж, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж заасан байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгч байсан Д.Г, Т.Д нар гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр бусдын өмчлөлд шилжүүлэх зэрэг хуульд заасан ажиллагаа хийгдэхгүйгээр Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд давхардуулан бүртгэсэн гэх үндэслэлээр Д.Г, Т.Д нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагч С.П-т холбогдох маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай ХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Хариуцагч С.П-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагч С.П-т холбогдох маргаан бүхий хөрөнгө буюу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй болохыг тогтоолгох тухай ХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ