Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2021/00487

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ч-ийн,

    Хариуцагч: УА ЗДТГ-т холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.073.593 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 496.932 төгрөг, мөн үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тус тус хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаадлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар УА ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6.073.593 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоогдсон тул тус шүүхэд гаргасан ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин нийт 496.932 төгрөгийг нэмэгдүүлж байна. Мөн 2021 оны 1, 2 дугаар улиралд олгох үр дүнгийн урамшуулал нийт 465.890 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6.570.525 төгрөг, мөн үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 6.570.525 төгрөгийг тооцон үзэхэд ямар нэгэн зөрүүгүй болохыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Б.Ч нь үр дүнгийн урамшуулал олгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасантай танилцлаа. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй. Б.Ч байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурлаар ёс зүйн хариуцлага хүлээсэн. Б.Ч нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар батлагдсан гэсэн нэхэмжлэл бичсэн нь тухайн цаг хугацаа болоогүй болно гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч УА ЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.073.593 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6.570.525 төгрөг, мөн үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ.

    Хариуцагч Г.Б Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.570.525 төгрөгийг тооцон үзэхэд ямар нэгэн зөрүүгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин Б.Ч-ийн үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөгийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар олгох боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

    УА ЗДТГ-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Б.Ч-ийг тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

    Ийнхүү нэхэмжлэгч Б.Ч-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрх үүсчээ. 

   Хариуцагч Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.570.525 төгрөгийг тооцон үзэхэд ямар нэгэн зөрүүгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан тул энэ шаардлагын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

    Харин нэхэмжлэгч Б.Ч-ийн үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ч-ийн дээрх журмын дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлага болох 6.570.525 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй юм.

    Иймд хариуцагч УА ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6.570.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 465.890 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

  Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Ч-ийн ажилгүй байсан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УА ЗДТГ-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 127.686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УА ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6.570.525 /зургаан сая таван зуун далан мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 465.890 /дөрвөн зуун жаран таван мянга найман зуун ер/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ийн ажилгүй байсан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч УА ЗДТГ-т даалгасугай. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.313 /нэг зуун дөчин хоёр мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УА ЗДТГ-аас 127.686 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч- д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ