Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2021/00502

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 1/64 айлын 49 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ92102011, Тугчин овогт Бямбадоржийн Бат-Амгалангийн,

     Хариуцагч: УА ЦТС ХХК-д холбогдох,

    Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй. Би анх УА ЦТС ХХК-д цахилгаанчнаар ажилд 2020 оны 1 дүгээр сард 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерээр томилогдсон. Би ажиллах хугацаандаа мэргэжлийн түвшинд ажил үүргээ сайн гүйцэтгэж ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ба 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн албан тушаал нь ээлжээр ажилладаг ажлын байр юм. Өөрөөр хэлбэл 24 цаг ажил үүргээ гүйцэтгээд 72 цаг амардаг. Би 2021 оны 5 дугаар сард гүйцэтгэх захирал Ц.Э-тай уулзаад Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахилгааны гэрээт инженерээр ажиллах боломж байгаа талаар хэлэхэд байгууллагын хүний нөөцийн ажилтантай уулзаад боломжтой бол ажиллахыг зөвлөсөн. Тэгээд би хүний нөөцийн ажилтан М.У-тай уулзаж энэ тухай хэлэхэд одоо хашиж байгаа албан тушаалтай харшлах зүйл байхгүй, өөрийн үндсэн ажлаа алдагдуулахгүйгээр ажиллахыг зөвлөсний үндсэн дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээт инженерээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон. Тэрнээс хойш би аль аль ажлаа цалгардуулахгүйгээр ажиллаж ирсэн. Гэтэл гүйцэтгэх захирал Ц.Э намайг дуудаж захирлын зөвлөлийн хуралд оролцуулаад давхар ажил хийж байгаа учраас ажлаас хална гэж загнаж байснаа тайлбар сонсохгүйгээр гар гээд гаргасан. Тэр өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би коронавируст халдвар авч гэрийн тусгаарлалтад орсны дараа 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярьж албан тушаал бууруулсан тушаал гарсан тухай мэдэгдсэн. Уг тушаал гарч намайг инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан биш юм. Тийм учраас намайг давхар ажил эрхэлсэн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулж миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна. Мөн тушаал гаргахдаа ямар үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Иймд УА ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б анх 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр манай компанид ажилд ороод ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас гарсан байдаг. Дахин 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр УА ЦТС ХХК-д монтёроор ажилд орсон. Би 2016 оны 11 дүгээр сард УА ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирээд ажиллаж байхдаа Улаангомын хуваарилах байгууламжийн жижүүрийн бүтцэд өөрчлөлт оруулж ээлжийн инженер, цахилгаанчин гэсэн орон тоог шинээр бий болгосон. Урд нь ээлжийн цахилгаанчин гэсэн ганц орон тоо байсан. Дээрх бүтцийн өөрчлөлтийг цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд 1000В-аас дээш цахилгаан байгууламжид 2-оос дээш ажилтан ажиллуулах ёстой гэсэн заалтыг үндэслэн хийсэн болно. Энэ үеэр монтёр Б.Бгийн зүгээс ээлжийн инженер орон тоон дээр ажилламаар байна гэсэн хүсэлтийг янз бүрийн хүнээр дамжуулан тавьж байсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн инженерээр томилж байсан. Хуваарилах байгууламжийн ээлжийн инженерийн ажил бол маш хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшин шаардсан ажил юм. Б.Б нь тухайн ажилд томилогдсоны дараа ажил хийхгүй хийдүүлдэг, дөнгөж ээлж өнгөрөөх төдий амиа аргацаасан байдалтай байгааг удаа дараа анхааруулж, залуу хүн дутагдлаа ойлгох биз хэмээн бодож байсан. Гэтэл Б.Б дээрх ажлын хажуугаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт давхар ажил хашиж байсныг тухайн газрын ажилтнуудаас мэдээлж, тухайн газарт ажиллаж байгаа нэр төдий бараг ажил дээрээ харагдахгүй байдаг. Ямар учиртай хүн бэ гээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахилгаан хангамжийн инженерээр ажиллаж байсан. Энэ ажил нь манай байгууллагын инженерүүд ямар нэгэн обьект хүлээн авахад комиссын гишүүнээр явдаг. Гэтэл Б.Б манай байгууллагад ажиллаж байж өөрийн байгууллагын эсрэг ажиллаж байгааг ойлгохгүй байна. Энэ явдал нь байгууллагынхаа ашиг сонирхлын эсрэг ажиллаж байна гэсэн үг биз дээ. Манай ээлжийн инженерийн ажил 8-16 цагийн графикаар явагддаг ба 08-16, 16-08 цаг ажиллаад 48 цаг амардаг, аваар саатал гарсан үед тухайн гэмтлийг арилгах хүртэл ажилладаг ажил юм. Тухайн үед ковидын улмаас уртасгасан цагаар ажиллаж байсан үе юм. /24 цаг, Увс аймгийн Засаг даргын захирамжаар/ Ийм хариуцлагатай алба хашиж байж нөгөө газрын ажлыг яаж амжуулдаг байсан юм бол. Манай эрчим хүчний салбарын хувьд хариуцлагатай ийм албан тушаал өөр ажилтай зэрэг хийж явах боломжгүй гэж заасан байдаг. Мөн өөр ажил хийх болсон тухай гүйцэтгэх захирал надад хандаж танилцуулж байсан талаар нэхэмжлэлд шал худлаа бичсэн байна. Өөр нэг ноцтой зүйл гэвэл урд нь бид мэддэггүй байсан. Б.Б заримдаа унадаг өвчтэй ба ажил дээрээ хэд хэдэн удаа муудаж унаж нүүр амаа гэмтээж байсан. Ялангуяа ийм өвчтэй хүн гэнэт муудаад хүчдэлтэй цахилгаан тоноглолд өртвөл амь насанд онц ноцтой явдал болно гэдгийг мэдэж маш их болгоомжтой хандаж байсан. Үүнээс гадна өөрийн ээлжиндээ шинэ залуу туршлагагүй хүмүүсийг гаргаад өөрөө худал ярьж явдаг, ажил хийдүүлдэг хүн юм. Энэ талаар дурдвал 2021оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ээлжинд байгаагүй өөр хүн дуудаж гаргачихаад худал хэлээд явсан байсан. Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явахыг хатуу хориглосон байдаг. Дээрх үйл явдал нь энэ заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. Дээрх байдлаас дүгнээд үзэхэд эрхэлсэн ажилдаа эзний сэтгэлээр ханддаггүй, цаг нөхцөөх байдлаар ажилладаг, хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ ойлгодоггүй, хэнэггүй, биеийн эрүүл мэндийн хувьд хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах боломжгүй, муудаж унадаг зэрэг шалтгаануудын улмаас хуучин ажиллаж байсан монтёрын ажилд нь эгүүлэн томилсон юм. Цаашид монтёрын ажил үүрэг гүйцэтгэхэд ч эрүүл мэндийн хувьд эргэлзээтэй хүн юм. Дээрх байдлуудыг үндэслэн үзэж Б.Б-гийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УА ЦТС ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б удирдлагадаа мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт давхар ажил эрхэлж байсан, мөн өөрийнхөө ээлжийн ажилтай үедээ орондоо өөр ажилтан гаргаад ажлын байраа орхиод явсан байсан. Түүнчлэн Б.Б эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байгаа тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       УА ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/56 дугаар Б.Б-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн Б.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажлаас чөлөөлсөн байна.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Ажил олгогч санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ.

   Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

   Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримталж, ажилтныг ажлаас нь чөлөөлөх ёстой.

   Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б удирдлагадаа мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт давхар ажил эрхэлж байсан, мөн өөрийнхөө ээлжийн ажилтай үедээ орондоо өөр ажилтан гаргаад ажлын байраа орхиод явсан байсан. Түүнчлэн Б.Б эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байгаа тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 - 40.1.7-д заасан холбогдох заалтыг баримтлаагүй байна.

    Түүнчлэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоогүй, хуулийн заалтыг баримталжээ.

     Иймд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Тугчин овогт Б-ийн Б-г УА ЦТС ХХК-ийн 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

     Нэхэмжлэгч Б.Б-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УА ЦТС ХХК-аас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Б-ийн Б-г УА ЦТС ХХК-ийн 6кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УА ЦТС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ