| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2021/03085/И |
| Дугаар | 001/ХТ2025/00229 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/00229
Д.Э, Б.Д нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01488 дугаар магадлалтай,
Д.Э, Б.Днарын нэхэмжлэлтэй
“С” ХХК, Б.Э нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Н
2019.06.24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 441,000,000 төгрөг, 2 ширхэг автозогсоолын хохирол 140,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.А, хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э, Б.Д нар нь хариуцагч “С” ХХК, Б.Э нарт холбогдуулан 2019.06.24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөг, 2 ширхэг автозогсоолын хохирол 140,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э-ээс 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э-ээс 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нд заасан "С" орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн *** дугаар байрны *** тоот, 199,53 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг тус хорооллын 1 дүгээр ээлжид ашиглалтад орсон *** дугаар байрны *** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар сольж, зөрүү 39.44 м.кв талбайн үнийг нийт 283,968,000 төгрөгийн алдангид тооцуулан төлөхөөр, нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан орон сууцны талбайн зөрүү 39.44 м.кв талбайн 1 м.кв-ыг 7,200,000 төгрөгөөр тооцсон нийт үнэ болох 283,968,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангид тооцон, үлдэх алданги болох 157,032,000 /нэг зуун тавин долоон сая гучин хоёр мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарт хүлээлгэн өгөхөөр заасан "С" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *** баригдаж буй "С" орон сууцны хорооллын 1 дүгээр ээлжид ашиглалтад орсон *** дугаар байрны *** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь аливаа эрхийн болон үүргийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад худалдагдаагүй, ямар нэг үнэ төлбөргүй гэдгийг хариуцагч тал баталж, хариуцагч энэхүү гэрээг баталгаажсанаас хойш 30 өдрийн дотор *** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарт хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулан авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлийг бүрэн хангаж хариуцагч өгөхөөр, талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар, хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,720,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,360,450 төгрөгийг, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01488 магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С” ХХК, Б.Э нарт холбогдох гэм хорын хохиролд 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтаас “хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг тус тус” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн буюу тухайн үйл баримтыг Иргэний хуулийн хоёр өөр зүйлчлэлээр зүйлчилж хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс гэм хор буюу Иргэний хуулийн 497.1-д заасныг үндэслэж хариуцагч Б.Э-ийг гэм буруутай, санаатай үйлдэл хийсэн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс хариуцагч Б.Э нь өөрийн ажил албан тушаалын чиг үүргийн дагуу дулаан зогсоолыг худалдан борлуулах хэлцлийг компанийг төлөөлөн хийсэн гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Д болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд 2020.02.04-ний өдөр байгуулсан “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх тухай” 02-24 тоот гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэсэн дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нар хэн нь үнэн зөв ярьж, шүүхэд тайлбар гаргаж өгч байгааг мэдэх боломжгүй, “С" ХХК нь үнэхээр борлуулалтын менежерийн гэрээ болон үйлдлийг огт мэдээгүй байсан уу? эсвэл ажилтан Б.Э нь компаниа болон биднийг хуурч гэрээ хийж мөнгө авсан уу? гэдгийг мэдэх боломжгүй, тухайн гэрээ болон албан тоотыг үнэн зөв, хуурамч эсэхийг мэдэхгүй учир хариуцагчаар хамтад нь татаж нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс зөвхөн хариуцагч Б.Э-ийг гэм буруутай санаатай үйлдэл хийсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн зорилго биелэсэн учир бид анхан шатны шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах шаардлага байгаагүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн байхад давж заалдах гомдол гаргаагүй нь иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд шийдлийг хэвээр үлдээнэ...” гэх ойлгомжгүй хуульд нийцээгүй, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг бүхэлд нь хяналгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:
а/ Хариуцагч Б.Э нь би гэм буруугүй гэсэн тайлбар огт өгөөгүй, энэ талаар огт маргаагүй байхад давж заалдах шатны шүүх Б.Э-ийн гэм бурууг тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
б/ Нэхэмжлэгч тал хариуцагч нарын гэм бурууг тогтоох боломжгүй бөгөөд хэрэв давж заалдах шатны шүүхээс хариуцагч Б.Э-ийн гэм буруутай үйлдэл биш “С” ХХК нь гэрээгүй, үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол түүнийг залруулаад шийдвэрлэх боломжтой байхад үүнийг орхигдуулсан.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү маргааныг гэм хор уу, гэрээний үүрэг үү гэдэг дээр хоёр өөр байр суурьтай дүгнэлт гаргаж илтэд зөрүүтэй тайлбарлаж шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхээс ийнхүү зөрүүтэй шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.
в/ Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох дулаан зогсоолын үнийг өөрсдөө нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023.11.04-ний өдөр өөрчилж гэм хорын улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “С” ХХК, хариуцагч Б.Э нар гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч хариу тайлбар, түүний татгалзал нотлох баримтаа хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Гэтэл шүүх хурал дээр орж ирээд дулаан зогсоолын үнэ болон гэм буруугийн талаар маргаж байгаа нь нэхэмжлэгч нарын зүгээс мэтгэлцэх, нэмэлтээр татгалзалтай холбоотойгоор /тухайлбал үнийн дүнтэй холбоотойгоор хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилуулах боломжийг бүрдүүлээгүй/ нэмэлт хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлээгүй. Иймээс дээрх хуулийн заалт нь хэзээ ч хэрэгждэггүй, бэлэгдэлийн чанартай заалт байж болохгүй бөгөөд хариуцагч нар нь шүүх хуралдааныг хүртэл жил гаруй хугацаанд ямар байр суурьтай болох нь мэдэгдэхгүй байхад анхан шатны хурал дээр гаргасан тайлбар, няцаалтыг үндэслэн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагч компани болон түүний ажилтан Б.Э нарын хариуцлагагүй, хууль бус ёс зүйгүй үйлдлийн улмаас тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авсан хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох дулаан зогсоолыг худалдан авах зайлшгүй хэрэгцээ шаардлагаа хангах ямар ч боломжгүй болж, өнөөдрийг хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ зөрчүүлсэн байтал хариуцагч “С” ХХК-ийн зүгээс ажилтнаа ажлаас нь чөлөөлснөөс өөрөөр худалдан авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй, ажилтан Б.Э нь худал хэлж нэхэмжлэгчээс авч өөртөө ашигласан мөнгөө 3 жилийн дараа зүгээр л дансруу нь буцаагаад шилжүүлчихсэн нь хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж, бусдыг хохиролгүй болгож байгаа үйлдэл огт биш гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс мөн талуудын хооронд авто зогсоол худалдан аваад байгааг нотлоод буй хэлцэл байгуулах үеийн худалдан авагчийн туйлын хүсэл, итгэл үнэмшлийг ч үл хэрэгсэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд хариуцагч Б.Э нь анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр, мөн хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээн авсанаас хойш 1 жил гаруй хугацаанд хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр, дулаан зогсоолын үнийн талаар огт маргаагүй тул үүнийг тухайн үед “С” ХХК-аас худалдан борлуулж байсан жишиг үнээр тооцсоныг хариуцагч “С” ХХК нь маргаагүй үндэслэлээр хариуцагч нараас 60,000,000 төгрөгийг гаргуулж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ШХТ2025/01088 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч Д.Э, Б.Д нар нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 441,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч “С” ХХК, Б.Э нарт холбогдуулан автозогсоолын үнэ 140,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Эхний шаардлага буюу “С” ХХК-аас 441,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн тул алданги шаардах эрхтэй гэж, харин хоёр дахь шаардлагын тухайд “... 2020.02.04-ний өдөр *** тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийн дагуу орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг дулаан зогсоол худалдан авсан. Хоёр зогсоолын одоогийн зах зээлийн үнэлгээ 180,000,000 төгрөгөөс Б.Э-ийн буцааж өгсөн 40,000,000 төгрөгийг хасаж 2 ширхэг дулаан зогсоолын үнийн зөрүүнд нийт 140,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.” гэж тайлбарласан.
8. Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
8.1 Орон сууц захиалан бариулах гэрээний алданги гаргуулах шаардлагын хүрээнд эвлэрч ... нэхэмжлэгч "С" орон сууцны хорооллын *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 199,53 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц захиалсныг тус хотхоны *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай 238,97 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц болгон сольж, орон сууцны зөрүү 39,44 м.кв талбайн үнэ болох 283,968,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шаардсан алдангид тооцох, нэхэмжлэгч үлдэх 157,032,000 төгрөгийн шаардлагаас татгалзахаар тохирсон.
8.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Дулаан зогсоолын эрх шилжүүлэх гэрээ, н.Л захирлын гарын үсэгтэй албан бичиг нь хариуцагчид байхгүй, ... хариуцагчийн зөвшөөрөл олгогдоогүй, хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл. Тухайн үед ажиллаж байсан борлуулалтын менежер Б.Э нь хариуцагчид мэдэгдэлгүйгээр хуурамч бичиг баримт ашиглан хэлцэл хийж төлбөрийг өөрийн хамаарал бүхий хүн /н.Б/ рүү шилжүүлэн авсан. ... Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан гэх борлуулалтын менежер Б.Э-ийг эрүүгийн журмаар шалгуулахаар баримт бүрдүүлэн ажиллаж байгаа болно.
9. Хариуцагч Б.Э 140,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... хоёр авто зогсоолын төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 40,000,000 төгрөгийг хоёр хувааж буцаан шилжүүлсэн, ... уг авто зогсоолын одоогийн зах зээлийн үнэлгээг 90,000,000 төгрөг гэдэг ч нотолсон баримт байхгүй.” гэж тайлбарласан.
10.Гуравдагч этгээд О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбартаа “... Д.Э, Б.Д нарын нэхэмжлэлтэй "С" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж "С” орон сууцны хорооллын автомашины 108,109 тоот хоёр ширхэг зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулах болгосон. Ийнхүү уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээд О.Н-ын эрх ашиг хөндөгдөхгүй байна.” гэжээ.
11. Анхан шатны шүүх хариуцагч “С” ХХК-аас алданги гаргуулах шаардлагатай холбогдуулан зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э-ээс хоёр автозогсоолын гэм хорын хохиролд 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, үлдэх 80,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч “С” ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэлдээ “... Нэхэмжлэгч нар нь 2019.06.24-ний өдрийн *** тоот Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөгийг гаргуулж Д.Э-т олгох шаардлагын хүрээнд “С” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуульд нийцэх ба гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй. ... хариуцагч Б.Э нь өөрийн санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт 2 ширхэг дулаан зогсоол худалдан авах, ... эд хөрөнгө өмчлөх эрх олж авахад нь саад учруулсан буюу түүний буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан гэм буруутай байх тул төлбөрийн зөрүү 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн. Харин “С” ХХК-аас 140,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан байна.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “С” ХХК, Б.Э нарт холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд дурдсан шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсэгт холбогдох үндэслэлийг хураангуйлан авч үзвэл:
12.1 Хариуцагч Б.Э-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:
12.1.1 Анхан шатны шүүх Б.Э-ийг анх гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсны дараа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулснаар тэрээр хэргийн зохигч болсон тул шүүх түүний гэрчийн хувиар өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэлээ болгож гэм бурууг тогтоосон нь буруу.
12.1.2 Хариуцагч Б.Э нь хамтран хариуцагч “С” ХХК-ийн борлуулалт, маркетингийн албанд борлуулалтын менежерээр 2018 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан, тэрээр өөрийн ажлын үндсэн чиг үүргийн хүрээндээ нэхэмжлэгч нартай 2019, 2020 онд тус тус холбогдож маргааны зүйл болсон орон сууц захиалгын гэрээ, авто зогсоолын эрх шилжүүлэх гэрээг тус тус компанийг төлөөлж байгуулсан. ... Авто зогсоолын хувьд компанид мэдэгдэлгүйгээр ажилтан дур мэдэн ажилласан, холбогдох баримтыг ажилтан хууль бусаар үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул Б.Э-ийг нэхэмжлэгч нарт хохирол учруулсан гэм буруутай этгээд гэж үзэх боломжгүй.
12.1.3 Шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо О.Н, “С” ХХК-ийн нарын хооронд байгуулсан гэрээнд заасан хоёр зогсоолын нийт үнэ 100,000,000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасанд нийцээгүй.
12.2 Хариуцагч “С" ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн боловч үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
12.2.1 Хариуцагч “С" ХХК нь “гарын үсэг дуурайлган зурсан, ажилтан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, тамга тэмдгийг хуурамчаар ашигласан” гэх татгалзлаа нотлоогүй.
12.2.2 Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар авто зогсоолтой холбоотой хэлцэл нэхэмжлэгч болон хариуцагч “С” ХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзэх тул түүнээс гарах үр дагаврыг хариуцагч компани хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
12.2.3 Гэвч анхан шатны шүүхээс хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ. гэж тус тус дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
13. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн автозогсоолын үнэ 140,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх гэм хорын эрх зүйд үндэслэж, давж заалдах шатны шүүх гэрээний шаардлага гэж дүгнэн зөрүүтэй шийдсэн гэх агуулгатай гомдлоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
14. Нэхэмжлэгч Д.Э, Б.Д нар нь нэг хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг зөрчигдсөнөөс алданги шаардаж, хоёр хариуцагчид холбогдуулан гэм хорын бүрэлдэхүүн хангасан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн байна. Хоёр дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч нар нь хариуцагч “С” ХХК-ийг ажил олгогч, хариуцагч Б.Э-ийг түүний ажилтан гэж тодорхойлсныг зохигч маргаагүй. Түүнчлэн хоёр шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө захиалах гэрээ байгуулагдсан, хариуцагч “С” ХХК-аас 441,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний алдангийн маргаан бол хоёр хариуцагчаас 140,000,000 төгрөг гаргуулах шаадлага нь хоёр ширхэг автозогсоол захиалах харилцаанаас үүдэлтэй талаарх үйл баримтыг адил тогтоожээ.
15. Зохигч эхний шаардлага болох 441,000,000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагын хүрээнд хариуцагч “С” ХХК-тай эвлэрсэн, эвлэрлийн талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй, гэрээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа дурдсан байна.
16. Харин хоёр ширхэг автозогсоолын үнэ 140,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа хариуцагч Б.Э нь “С” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байх үедээ нэхэмжлэгч нарыг хуурч, 2020.02.04-ний өдөр “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь” гэх баримтад гарын үсэг зуруулан, 40,000,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан нь хууль бус, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын бүрэлдэхүүнтэй үйлдэл тул хариуцагч Б.Э өөрөө, эсхүл тухайн үед ажиллуулж байсан байгууллага гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх хариуцагч Б.Э-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн боловч хариуцагч “С” ХХК-д холбогдох шаардлагыг хэрхэн хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарласангүй. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Э гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэснээрээ ажил олгогч “С” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан шаардах эрхийн хувьд хариуцлага хүлээхгүй гэж үзжээ.
Улмаар хариуцагч Б.Э-ийн бусадтай гэрээ байгуулсан дээрх үйлдэл нь гэм буруутай үйлдэл биш тул “С” ХХК-ийг бүрэн эрхийн хүрээнд төлөөлсөнд тооцох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгч Б.Д ба хариуцагч “С” ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг илтгэж байна. Харин тус шүүх нэхэмжлэгч нар гэрээний дагуу 140,000,000 төгрөгийн хохирол шаардах эрхтэй эсэхийг шалгаагүй, ийнхүү тогтоох шаардлагагүй гэж дүгнэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг үндэслэл болгон тайлбарлажээ.
17. Хяналтын шатны шүүх хариуцагч Б.Э-ийн гэм буруугийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ. Хэдийгээр Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй байх үедээ гэрчийн мэдүүлэг өгсөн байх боловч Б.Э-ийн гэм бурууг дан ганц тус мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэхгүй.
Хариуцагч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцсоноос хойш нэхэмжлэгч нараас авто зогсоолын төлбөр гэж авсан 40,000,000 төгрөгөө буцаан төлсөн тул гэм буруугүй гэх агуулгаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэнээс өөрөөр гэм буруугүй болохоо нотлоогүй. Б.Э-ийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлэх эсэхээс үл хамааран түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, автозогсоол авахуулах зорилгоор нэхэмжлэгч нарт илгээж байсан мэдээлэл, нэхэмжлэгч нараас төлсөн мөнгийг компанид хамааралгүй этгээдэд шилжүүлсэн байдал, мөнгийг нэхэмжлэгч нарт буцаан төлсөн зэрэг байдлаар нэхэмжлэгч нарт хоёр ширхэг авто зогсоол ирээдүйд олж авах эрх үүссэн гэх буруу ойлголт төрүүлж, мөнгө төлүүлсэн үйлдэлд гэм буруутай нь тогтоогдсон байна.
Иймд хариуцагч Б.Э нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй, харин энэ дүгнэлтийг гагцхүү гэрчийн мэдүүлэгт суурилан тогтоосон гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.
18. Анхан шатны шүүх хариуцагч “С” ХХК-д холбогдох гэм хорын хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан боловч энэ талаарх дүгнэлт бүрэн бус тул тодруулах шаардлагатай. Хариуцагч Б.Э-ийг ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нар нь компанийн ажилтан хоёр ширхэг автозогсоолыг бусдаас шаардах эрхтэй болсон гэж ойлгуулж, бидэнтэй компанийг төлөөлөн хэлцэл байгуулсан гэж тайлбарлаж байх боловч Б.Э-ийн үйлдэлд ердийн боломжит хэмжээнд анхааралтай хандсан бол ийм нөхцөл үүсэхгүй байх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ. Нэхэмжлэгч нар хариуцагч “С” ХХК-тай өмнө нь 2019.06.24-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулсны хувьд тус хороололд үл хөдлөх эд хөрөнгө захиалах харилцаа хэрхэн өрнөдөг тухайд тодорхой мэдээлэлтэй байсан гэж үзнэ. Түүнчлэн тус хороололд автозогсоол худалдан авсан гэх Т.Б нь гэрээгээ цуцалсан, эсхүл татгалзсан талаарх Б.Э-ийн өгсөн мэдээллийг шалгаж, холбогдох гэрээтэй танилцах шаардлага тавьсан бол Т.Б ба “С” ХХК нар хэлцэл бодитой байгуулаагүй, Т.Б-д “С” ХХК-аас автозогсоол шаардах эрх бий болоогүйг мэдэх боломжтой байжээ. Энэ нь өөр этгээдээс автозогсоол захиалах эрхийг шилжүүлж авч байгаа үед зүй ёсоор хийх үйлдэлд тооцогдоно.
Нэхэмжлэгч нар ийнхүү ердийн боломжит байдлаар анхааралтай хандсан бол Б.Э санаатайгаар хууран мэхлэх үйлдэл хийж байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан тул түүний энэ үйлдэлд “С” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзлээ. Ийнхүү ажил олгогч хянах боломжгүй, нэхэмжлэгчийн хэт болгоомжгүй байдлыг ашиглан хариуцагч Б.Э-ийн үйлдсэн дээрх гэм буруутай үйлдлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “... албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хор ...” гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар 140,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг тодруулна.
19. Анхан шатны шүүх хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан 140,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан.
Нэхэмжлэгч автозогсоолын зах зээлийн үнэлгээг нэг бүрийг нь 90,000,000 төгрөг гэж үзэн Б.Э-ийн буцааж өгсөн 40,000,000 төгрөгийг хасаж /90,000,000*2-40,000,000/, хоёр зогсоолын үнийн зөрүүгээр хохирлын хэмжээг тогтоож 140,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хохирлыг тооцохдоо энэ тооцооллыг баримтлаагүй. Харин гуравдагч этгээд О.Н, “С” ХХК нарын хооронд 2021.08.10-ны өдөр байгуулсан Автозогсоолын талбай захиалан бариулах гэрээнд заасан нэг автозогсоолын үнэ 50,000,000 төгрөгт тулгуурлажээ. Хяналтын шатны шүүхээс тус дүгнэлтийг өөрчлөх шаардлагатай гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар Б.Э-тэй харилцан тохиролцохдоо 40,000,000 төгрөгөөр хоёр зогсоол худалдаж авахаар тохирсон гэх бөгөөд улмаар энэ хэлцэл биелсэн бол нэг бүр нь 90,000,000 төгрөгийн үнэлгээтэй хоёр зогсоолтой болох байсан гэжээ. Гэвч хариуцагч Б.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо нэг зогсоолыг 90,000,000 төгрөгөөр үнэлэх үндэслэл хэрэгт хангалттай тогтоогдоогүй. Харин автозогсоол худалдан авахаар нэхэмжлэгч нар “С” ХХК-д хандах үед нэг зогсоолын үнийг 40,000,000 төгрөгөөр худалдаж байсан баримт хэрэгт авагджээ. Тодруулбал, нэхэмжлэгч нарын Т.Б-аас шилжүүлэн авч байна гэж итгэсэн *** дугаартай дулаан зогсоолын захиалгын гэрээ үнэн хэрэгтээ байхгүй тухай хариуцагч “С” ХХК тайлбарлаж, *** дугаараар 2020.10.12-ны өдөр “Э” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Энэ гэрээнд нэг зогсоолын үнийг 40,000,000 төгрөгөөр тохирчээ.
Иймд нэхэмжлэгчийн ирээдүйд орох байсан орлогыг түүний тогтоосон үнээр тодорхойлох боломжгүй. Харин тухайн үед ердийн журмаар байгуулж байсан автозогсоол худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 40,000,000 төгрөгт суурилан орох байсан орлогыг тогтоож, хоёр зогсоолын үнийн зөрүү болох 40,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж заасантай тус тус нийцнэ.
20. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох шаардлагад хууль зүйн хангалттай дүгнэлт хийж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг залруулан, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн гомдлын зарим хэсгийг хангана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01488 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Д нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан 140,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “457,950” гэснийг “357,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.02-ны өдөр 457,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН