| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2017/0781/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1288 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/1288
Э.С-, Г.З-, Д.С- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Э.С- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Ю.Батболд,
шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч С.Цэдэндамба,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЗ/2707 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай эсэргүүцлээр Э.С-, Г.З-, Д.С- нарт холбогдох эрүүгийн 201525012525 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.С-, 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 543 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан,
2. Г.З-, 1957 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
3. Д.С, 1978 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
А/ Э.С- нь дангаараа 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Б.Б-т Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын аманд 3 айлын газар авч өгнө гэж хуурамчаар газар эзэмших гэрчилгээ ашиглан 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, “Starex” загварын автомашиныг,
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авч өгнө гэж зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тахилтад газар авч өгнө гэж зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан залилан мэхлэн авч, иргэн Б.Б-т 72.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ш.Э, С.Б, Ш.Л, С.Б, О.П, Х.Ш нарын 6 хүнд Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй техникийн захын орчим 6 айлын газар авч өгнө гэж хуурч мэхлэн 31.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкинд дансаар шилжүүлэн залилан мэхлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн П.Тад Баянзүрх дүүрэгт 5 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зээлийн гэрээ байгуулан бэлнээр 6.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гэрээгээр халхавчлан залилсан гэмт хэрэгт,
Д.С- гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Н.М-д Хандгайтад 0.7 га газар авч өгнө гэж 2.330.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт,
Б/ Г.З- нь бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулж иргэн Б.Б-т Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авахад шаардлагатай бичиг баримт гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас иргэн Г.Н-тай хийсэн гэрээг засварлан хуурамчаар үйлдэн иргэн Б.Б-т ноцтой хохирол учруулсан, мөн бусдыг хуурч мэхлэн ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт,
В/ Д.С- нь Э.С-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Н.М-д Хандгайтад 0.7 га газар авч өгнө гэж 2.330.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.С- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Э.С- нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх шүүгдэгчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн дагуу түүний гэрийн хаягаар очсон боловч тэрээр гэрийн хаягаа өөрчилсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.С- нь 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад саатуулагдсан байна. Шүүгдэгч Э.С- нь дээрх хугацаанд олон иргэдээс түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэх мэтээр амлан мөнгө авсан, энэ талаар Баянгол дүүргийн прокурорын газар 5 хэрэгт шинээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар түүний өмгөөлөгч нараас прокурорын тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Мөн бусад дүүргийн цагдаагийн хэлтэст нэр бүхий иргэд Э.С-д холбогдуулан гомдол гаргасан байгааг харгалзан үзэж дээрх хэргүүдийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч нар нь гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Э.С-д холбогдуулж 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай яллах дүгнэлтээр 4 удаагийн үйлдэлд яллаж байгаа, мөн Баянгол дүүргийн прокурорын газар 5 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэх, мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай байна...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Болор-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Тус хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлалгүйгээр анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг баримталж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь “хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн байна.
2. Яллагдагч Э.С- өмгөөлөгчөөс гаргаж өгсөн прокурорын тогтоол нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь хувилж авсан, эх сурвалж нь тодорхойгүй, хэзээ хаана, хэн гэдэг хүн хүсэлт гаргаж, ямар албан тушаалтны шийдвэрээр хуулбарлан авсан, мөн тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй байхад шүүх үнэлж, мөн шинжлэн судлаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчим буюу нэг гэмт хэрэгт нэг ял, хоёр гэмт хэрэгт хоёр ял гэсэн агуулга бүхий зарчмыг хуульчилсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эсхүл зуун удаагийн залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж буй байдал нь шударга ёсны зарчмыг шууд утгаараа үгүйсгэж, гэмт хэрэг үйлдсэн этгээд, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, цаашид гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Э.С- өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэг урьд нь 2 удаа прокурорт буцсан. Миний үйлчлүүлэгч залилах гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх, эсхүл иргэний хариуцагчаар татах тухай хүсэлтийг тавьдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.С- өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүний үйлдэлд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шүүхээс нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжгүй. Давтан үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж, ял оногдуулбал шүүгдэгчийн нас хүрэхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч С.Цэдэндамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх асуудлыг хэлэлцэхээр хуульчилсан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Баянгол дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа 5 удаагийн залилах үйлдэл нь яллах дүгнэлтэд дурдагдаагүй, тусдаа үйлдэгдсэн. Нөхөн гүйцэтгэх гэдэг нь яллах дүгнэлтэд дурдагдсан асуудлын талаар ярьж байгаа болохоос өөр хэрэг үйлдсэн хүнд яригдахгүй. Ийм учраас шинэчилэн найруулсан хуулиар тухайн үйлдэлдээ ял хүлээж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх нь зүйтэй. Иймд хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Э.Сэлэнгийг “2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Б.Б-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын аманд 3 айлын газар авч өгнө” гэж хуурамчаар газар эзэмших гэрчилгээ ашиглан 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, “Starex” загварын автомашиныг, “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авч өгнө” гэж зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тахилтад газар авч өгнө” гэж зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан залилан мэхлэн авч иргэн Б.Б-т 72.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
мөн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ш.Э, С.Б, Ш.Л, С.Б, О.П, Х.Ш нарын 6 хүнд “Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй техникийн захын орчим 6 айлын газар авч өгнө” гэж хуурч мэхлэн 31.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкинд дансаар шилжүүлэн залилан мэхлэж авсан,
2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн П.Тад “Баянзүрх дүүрэгт 5 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж зээлийн гэрээ байгуулан бэлнээр 6.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гэрээгээр халхавчлан залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Д.С- гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Н.М-д “Хандгайтад 0.7 га газар авч өгнө” гэж 2.330.000 төгрөг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Г.З-г бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж иргэн Б.Б-т Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авахад шаардлагатай бичиг баримт гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас иргэн Г.Н-тай хийсэн гэрээг засварлан хуурамчаар үйлдэн иргэн Б.Б-т ноцтой хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн бусдыг хуурч мэхлэн ноцтой хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
Д.С-г Э.С-тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Н.М-д Хандгайтад 0.7 га газар авч өгнө гэж 2.330.000 төгрөг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Э.С- нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх шүүгдэгчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн дагуу түүний гэрийн хаягаар очсон боловч тэрээр гэрийн хаягаа өөрчилсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.С- нь 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад саатуулагдсан байна. Шүүгдэгч Э.С- нь дээрх хугацаанд олон иргэдээс түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэх мэтээр амлан мөнгө авсан, энэ талаар Баянгол дүүргийн прокурорын газар 5 хэрэгт шинээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар түүний өмгөөлөгч нараас прокурорын тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Мөн бусад дүүргийн цагдаагийн хэлтэст нэр бүхий иргэд Э.С-д холбогдуулан гомдол гаргасан байгааг харгалзан үзэж дээрх хэргүүдийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч нар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Э.С-д холбогдуулж 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай яллах дүгнэлтээр 4 удаагийн үйлдэлд яллаж байгаа, мөн Баянгол дүүргийн прокурорын газар 5 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэх, мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Э.С- нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр “...түрээсийн орон сууцанд оруулж өгнө...” гэж нэр бүхий 9 иргэн тус бүрээс 5.500.000-18.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа болох нь тус дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2005014421175, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2005014441187, 2005008121188, 2005012001189, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2005022961219, 2005008111220 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /7хх 224-227, 236-237, 238, 239, 240-241, 242-243/-уудын хуулбараар тогтоогдож байна.
Эдгээр эрхийн актуудыг анхан шатны шүүхэд шүүгдэгч Э.С- өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгснийг хавтас хэрэгт хавсаргасан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...хувилж авсан, эх сурвалж нь тодорхойгүй, хэзээ хаана, хэн гэдэг хүн хүсэлт гаргаж, ямар албан тушаалтны шийдвэрээр хуулбарлан авсан, мөн тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй, шүүхээс шинжлэн судлаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон...” хэмээн маргадаг боловч нэгдмэл төвлөрсөн удирдлага, тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээнд тухайн байгууллагын бүртгэл хяналтын нэгдсэн системээс шүүгдэгч Э.Сэлэнгийг холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн дугаар бүхий мэдээллийг лавлаж мэдэх бүрэн бололцоо байсныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Залилах” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон ба ингэхдээ зарим үйлдлүүдэд тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлэхэд шүүхээс түүнд тохирсон, зөв таслан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүй нь дараа дараачийн гэмт хэрэгт холбогдох нөхцлийг бүрдүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.
Гэвч шүүгдэгч Э.С- нь одоогоор дээрх үйлдлүүдийнхээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарагдахгүй байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгдэгч Э.С- холбогдсон нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай.
Иймээс шүүгдэгч Э.Сэлэнгийг холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүхэлд нь нэгтгэж, түүний үйлдэлд тухайн гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж /байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон/ байгаа эсэхийг шалгасны эцэст нэг яллах дүгнэлтийн хүрээнд, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЗ/2707 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН