Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2022/00006

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, 

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, ТБ ХХК-ийн,

     Хариуцагч: Ш овогт Д-ийн Х,

     Хариуцагч:  Х овогт Д-ийн Н нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүү 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,568 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Д.Х, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Х, Д.Н нар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ТБнаас 162000465314 тоот гэрээгээр 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Д.Х, Д.Н нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6-р дугаарт заасан үүргээ байнга зөрчиж 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс Д.Х-тэй байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүүгийн төлбөр 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,568 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,252,877 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Д.Х, Д.Н нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 13.252.877 төгрөг, нотариатчийн зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТБ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 13.258.877 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

    Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 13.258.877 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр авсан зээлийн гэрээн дэх гарын үсэг нь миний гарын үсэг биш. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн би уг мөнгөөс авч хэрэглээгүй болно гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

   Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Д.Х, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүү 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,568 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

   Хариуцагч Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Д.Н Зээлийн гэрээн дэх гарын үсэг нь миний гарын үсэг биш. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн би уг мөнгөөс авч хэрэглээгүй болно гэж маргажээ.

     Хариуцагч Д.Х, Д.Н нар ТБ ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 162000465314 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14,776,000 төгрөг дээр 5,224,000 төгрөг нэмж, нийт 20,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдсэн байна.

     Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

     Хариуцагч Д.Н Зээлийн гэрээн дэх гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр зээлийн гэрээний хамтран зээлдэгч хэсэгт зурагдсан гарын үсэг Д.Н-ийнх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон.

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3170 дугаар шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээний хамтран зээлдэгч хэсэгт зурагдсан гарын үсэг Д.Н-ийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирохгүй байна гэх дүгнэлт гарсан байна.

     Ийнхүү зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Д.Н-ийнх биш байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг Д.Н хариуцах үндэслэлгүй.

     Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Д.Х гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Хгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүү 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,568 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

     Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Д.-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүү 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,568 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөг гаргуулж ТБ ХХК-д олгож шийдвэрлэв.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гээс 224,244 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

   1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Д.Х-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12,478,286 төгрөг, хүү 758,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,568 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 13,258,877 төгрөг гаргуулж ТБ ХХК-д олгож, хариуцагч Д.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хгээс 224,244 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ