Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2022/00019

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, ,

    Нэхэмжлэгч: УА ПГ-ын,

    Хариуцагч: З овогт Ж-ийн Н-т холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,916,595 төгрөг, торгууль 20,508,168 төгрөг, нийт 29,424,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, хариуцагч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Улаангом сумын иргэн Ж.Н нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаангом сумын Сум хөгжүүлэх сангаас Ногооны зоорь барих чиглэлээр 10,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан байна. Гэрээний дагуу зээлийн хүү 401,612 төгрөг, нийт 10,401,612 төгрөг төлөхөөс 1,485,017 төгрөгийг төлсөн. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг төлөөгүйгээс төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 720 дугаартай албан бичгээр холбогдох мэдээллийн хамт прокурорын байгууллагад ирүүлсэн. Иргэн Ж.Н нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүг 46 сарын хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргийг зөрчжээ. Иймд төлөөгүй 8,916,595 төгрөг, гэрээний 2.4 дүгээр зүйлд заасны дагуу торгууль болох 20,508,168 төгрөг, нийт 29,424,763 төгрөгийг Улаангом сумын Сум хөгжүүлэх сангийн төрийн банкны 160000211159 тоот дансанд оруулахаар Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

    Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УА ПГ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаангом сумын Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хүнсний ногооны зоорь барих зориулалтаар авсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж 2015 онд зоорийг барихад уг зээл хүрэлцэхгүй, жижиг зоорь барьсан учраас үйлчлүүлэгч цөөхөн, ажил удааширч орлого олох боломжгүй байдалд хүрч зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй юм. Одоо ч зоорийг бүрэн ашиглалтад оруулж амжаагүй байна. 10,000,000 төгрөгөөс зээл авсны 1 сарын дараа 1,485,017 төгрөг төлсөн байхад 29,424,763 төгрөг болох ёсгүй гэж үзэж байна. Би өндөр настай, сонсгол муу, 2024 он хүртэл төлөх тэтгэврийн зээлтэй тул зээлийг төлөх чадваргүй. Мөн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

   Нэхэмжлэгч УА ПГ нь хариуцагч Ж.Н-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,916,595 төгрөг, торгууль 20,508,168 төгрөг, нийт 29,424,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улаангом сумын иргэн Ж.Н нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаангом сумын Сум хөгжүүлэх сангаас Ногооны зоорь барих чиглэлээр 10.000.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Ж.Н нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүг 46 сарын хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 8.916.595 төгрөг, гэрээний 2.4 дүгээр зүйлд заасны дагуу торгууль болох 20.508.168 төгрөг, нийт 29.424.763 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.

     Хариуцагч Ж.Н Би 2014 оны 12 дугаар 05-ны өдөр Улаангом сумын Сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хүнсний ногооны зоорь барих зориулалтаар авсан нь үнэн. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж 2015 онд зоорийг барихад уг зээл хүрэлцэхгүй, жижиг зоорь барьсан учраас үйлчлүүлэгч цөөхөн, ажил удааширч орлого олох боломжгүй байдалд хүрч зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй юм. Одоо ч зоорийг бүрэн ашиглалтад оруулж амжаагүй байна. Зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

     Хариуцагч Ж.Н нь Улаангом сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ногооны зоорь барих зориулалтаар зээлдсэн байна.

   Дээрх үйл баримтаас үзэхэд Улаангом сумын Сум хөгжүүлэх сан, Ж.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

    Гэвч хариуцагч Ж.Н зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, мөн зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

   Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу Улаангом сумын Сум хөгжүүлэх сан, Ж.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна.

    Нэхэмжлэгч УА ПГ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 11 сар 15 хоногоор хэтрүүлжээ.

    Ийнхүү зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлийн төлбөр төлөхөөс татгалзаж байгааг буруутгах боломжгүй байна.

   Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нэхэмжлэгч УА ПГ-ын хариуцагч Ж.Н-т холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,916,595 төгрөг, торгууль 20,508,168 төгрөг, нийт 29,424,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УА ПГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УА ПГ-ын хариуцагч Ж.Н-т холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,916,595 төгрөг, торгууль 20,508,168 төгрөг, нийт 29,424,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УА ПГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ