Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 152/ШШ2022/00062

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: В ХХК-ийн,

    Хариуцагч:  УХ ХК-д холбогдох,

   Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани УХ ХК-тай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Вэб сайт хийж гүйцэтгэх гэрээ байгуулан 3,300,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу нэхэмжлэн урьдчилгаа төлбөр болгон авсан. Тухайн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Манай талаас гэрээний үүргийн хүрээнд вэб сайт болон зураг авалт, зураг засварын ажлуудыг бүрэн 100 хувь гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч компани болох УХ ХК нь гэрээний 2.4-р заалтыг зөрчин өөрсдийн зүгээс вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгээгүйн улмаас бид гэрээний үүргийг зөрчсөн хэмээн үзэж гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөг, мөн гэрээний дагуу хоног тутмын алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд тайлбартаа: УХ ХК нь В ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Вэб сайт хийж гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний 5.1-р заалтын дагуу урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Нэхэмжпэгч В ХХК-тай вэб сайт гүйцэтгэлийн талаар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болон 23-ны өдрүүдэд онлайн уулзалт зохион байгуулан гүйцэтгэлийн явцтай танилцсан. Манай компанийн зүгээс вэб сайтын админ эрхийг гаргуулах, шаардлагатай контент, мэдээ, мэдээлэл, зургийг өөрсдөө оруулах хүсэлтийг гэрээний хугацаа дууссаны дараа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тавьсан боловч нэхэмжлэгч талаас үлдэгдэл төлбөрийн 70 хувь болох 2,310,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны дотор шилжүүлснээр админ эрхийг гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн. Энэ нь гэрээний 5.2 заалт буюу үлдэгдэл төлбөрийг ажил дууссаны дараа төлөх шаардлагыг зөрчиж байгаа тул шилжүүлэх боломжгүйг мэдэгдсэн. Хэрэв үлдэгдэл төлбөрийн 70 хувийг авах шаардлагатай бол гэрээнд албан имэйл эсвэл бичгээр өөрчлөлт оруулах хэрэгтэйг В ХХК захирал А.Тт хэлсэн боловч тэрээр үл зөвшөөрсөн. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 3,300,000 төгрөг, мөн компанийн дотоод болон гадаадийн зах зээлд танигдах болон харилцах үйл ажиллагааг таслан зогсоосон байдал нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн төдийгүй бидний ажилд ихээхэн саад учруулж байгаа тул 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

    Нэхэмжлэгч А.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: УХ ХК-ийн менежер Э.У буюу түүний и-мэйл хаяг руу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бид вэб сайт удирдах админ эрхийн мэдээллийг и-мэйл хаягаар явуулсан боловч УХ ХК-ийн зүгээс мэдээ мэдээллүүдээ оруулаагүй учир www.uvsfoods.mn вэб сайт дээр тавин ажиллуулах нь зохисгүй гэж үзэж байна. www.uvsfoods.mn вэб сайт нь сүүлийн 2 жил 1 сарын турш ажиллаагүй учир манай компанийн зүгээс УХ ХК-ийн дотоод болон гадаад зах зээлд танигдах болон харилцах үйл ажиллагааг таслан зогсоосон гэж үзэхгүй байна гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч УХ ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

   Нэхэмжлэгч А.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Манай талаас гэрээний үүргийн хүрээнд вэб сайт болон зураг авалт, зураг засварын ажлуудыг бүрэн 100 хувь гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч компани болох УХ ХК нь гэрээний 2.4-р заалтыг зөрчин өөрсдийн зүгээс вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгээгүйн улмаас бид гэрээний үүргийг зөрчсөн хэмээн үзэж гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөг, мөн гэрээний дагуу хоног тутмын алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У Манай компанийн зүгээс вэб сайтын админ эрхийг гаргуулах, шаардлагатай контент, мэдээ, мэдээлэл, зургийг өөрсдөө оруулах хүсэлтийг гэрээний хугацаа дууссаны дараа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тавьсан боловч нэхэмжлэгч талаас үлдэгдэл төлбөрийн 70 хувь болох 2,310,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны дотор шилжүүлснээр админ эрхийг гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн. Энэ нь гэрээний 5.2-р заалт буюу үлдэгдэл төлбөрийг ажил дууссаны дараа төлөх шаардлагыг зөрчиж байгаа тул шилжүүлэх боломжгүйг мэдэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг В ХХК гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй бол гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 3,300,000 төгрөг, мөн компанийн дотоод болон гадаадийн зах зээлд танигдах болон харилцах үйл ажиллагааг таслан зогсоосон байдал нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн төдийгүй бидний ажилд ихээхэн саад учруулж байгаа тул 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

    Нэхэмжлэгч А.Т сөрөг нэхэмжлэлийг УХ ХК-ийн менежер Э.У буюу түүний и-мэйл хаяг руу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бид вэб сайт удирдах админ эрхийн мэдээллийг и-мэйл хаягаар явуулсан боловч УХ ХК-ийн зүгээс мэдээ мэдээллүүдээ оруулаагүй. www.uvsfoods.mn вэб сайт нь сүүлийн 2 жил 1 сарын турш ажиллаагүй учир манай компанийн зүгээс УХ ХК-ийн дотоод болон гадаад зах зээлд танигдах болон харилцах үйл ажиллагааг таслан зогсоосон гэж үзэхгүй гэх үндэслэлээр няцаасан.

    Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

    Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр вэб сайт хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч В ХХК нь захилагч УХ ХК-ийн вэб сайт хийж гүйцэтгэх, ажлын хөлс 6,600,000 төгрөгийн 50 хувийг ажлыг гүйцэтгэхээс өмнө, үлдэх 50 хувийг ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлөх, ажлын үр дүнг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

    Талууд гэрээний 5.1-д Захиалагч тухайн ажлыг хийх нийт төлбөрийн 50 хувь болох 3,300,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд байрших 473025725 тоот В ХХК-ийн дансанд төлнө гэж, 5.2-т Гүйцэтгэгч тал энэхүү гэрээнд заагдсан ажлыг дууссаны дараа захилагч тал нь тухайн ажлыг хийх үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг ВХХК-ийн дансанд төлнө гэж тохиролцжээ.

   Талууд гэрээний 5.1-д заасан төлбөрийг урьдчилан төлөхөөр гэрээндээ тусгаагүй байх боловч зохигчид ажлын хөлс 6,600,000 төгрөгийн 50 хувийг ажлыг гүйцэтгэхээс өмнө өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан тул энэхүү үйл баримтын талаар маргаагүй гэж үзсэн болно.

     Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд В ХХК болон УХ ХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

  Зохигчид ажлын хөлс 6,600,000 төгрөгийн 50 хувийг ажлыг гүйцэтгэхээс өмнө шилжүүлсэн, захиалагч нь вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгэж, ажил гүйцэтгэгч тал руу гэрээний хугацаа дуусахаас өмнө илгээгүй үйл баримтын талаар маргаагүй байна.

   Харин захиалагч нь вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгэж, ажил гүйцэтгэгч тал руу гэрээний хугацаа дуусахаас өмнө илгээгүйн улмаас гэрээний хугацаа дууссан учир нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг, хариуцагч нь В ХХК гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй бол ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байна.

   Гэрээний 2.4-д Ажлыг гүйцэтгэхэд гүйцэтгэгчтэй боломжтой бүх талаар хамтарч ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй гэж зааснаар захиалагч тал ажил гүйцэтгэгчийг шаардлагатай мэдээллээр хангаж, вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгэж, ажил гүйцэтгэгч тал руу илгээгүй болох нь хариуцагчийн тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчаас ажил гүйцэтгэгч рүү илгээсэн цахим шуудангаар тогтоогдож байна.

    Нэхэмжлэгч Манай талаас гэрээний үүргийн хүрээнд вэб сайт болон зураг авалт, зураг засварын ажлуудыг бүрэн 100 хувь гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч компани болох УХ ХК нь гэрээний 2.4-р заалтыг зөрчин өөрсдийн зүгээс Вэб сайт дээр тавих контент мэдээ мэдээлэл, зураг гэх мэт зүйлсийг бэлтгээгүйн улмаас бид гэрээний үүргийг зөрчсөн хэмээн үзэж гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч талууд гэрээний 5.2-т зааснаар ажлын үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

    Түүнчлэн ажил гүйцэтгэгч В ХХК нь захиалагч УХ ХК-ийг гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөх ёстой боловч ажил гүйцэтгэгч ВХХК нь нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй байна.

    Мөн нэхэмжлэгч В ХХК-ийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргийг шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

    Учир нь ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа нь үүргийг шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

   Түүнчлэн ажил гүйцэтгэгч В ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын явц хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан, мөн хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй байна.

   Иймд В ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Хариуцагч УХ ХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд захиалагч тал гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс хойш ажил гүйцэтгэгч хэдэн төгрөгийн ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, мөн хариуцагч компанийн үйл ажиллагаа тухайн вэб сайт бүрэн хийгдээгүй нь улмаас тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

   Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В ХХК-ийн хариуцагч УХ ХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч УХ ХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,190 төгрөгийг улсын орлогод, хариуцагч УХ ХК нь 8,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа ногдох улсын тэмдэгтийн хураамж 147,750 төгрөг төлөх байснаас 150,950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 3,200 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, 147,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч УХ ХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 3,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В ХХК-ийн, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,300,000 төгрөг, компанийн үйл ажиллагаа тасалдсаны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч УХ ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,190 төгрөгийг улсын орлогод, хариуцагч УХ ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,200 төгрөгийг Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ