Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

улсын яллагч О.А,

хохирогч Х.Х /цахим/,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч овогт С.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................... дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, ..... настай, э...тэй, ............. боловсролтой, ............ мэргэжилтэй, Х.Х эрхлэдэг, ам бүл ...., ...., .... хамт Д аймаг З сум .... дүгээр баг ........ дугаар байрны ...... тоотод оршин суух, урьд Б дүүргийн шүүхийн .... оны .. дүгээр сарын ....-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн .... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч овогт С.Д /РД:/

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х-ын Э хотод байрлах Ю нэртэй зочид буудлын ..... тоот өрөөнд шөнийн 23 цаг 00 минутын орчимд Х.Х-ийг алгадаж, цохиж зодон, биед нь хамарт зулгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч С.Д-ийн мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- С.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...би буудлын хоёр давхарт гарч Х.Х-гийн буусан өрөөнд ороход Х.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь чи одоо өөрийн хариуцсан ачааны машинаа унаж яв манай эхнэр болон би чиний машиныг нааш цааш нь болгож явна... чиний элсэнд суулгасан машиныг би гаргаж чиний ажлыг хийгээд байна. Тэгэхэд чи энд архи ууж жаргаад байна гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлэхээр нь баруун талын гараараа баруун талын нүд, шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадчихаад өрөөнөөс гарсан... Би хоол идэж байхдаа таньдаг жолооч нартайгаа ганц нэг пиво уусан, намайг Х.Х-ийн өрөөнд ороход Х.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Миний биед гэмтэл учраагүй... Хохирогч одоогийн байдлаар ямар нэг хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа. Учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

- Хохирогч Х.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Х-у-н Э хотод үйл ажиллагаа явуулдаг Х компанид ачааны тээврийн хэрэгслийн жолооч ажил хийж байна. 2024 оны О6 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг өнгөрч байхад тус компаний жолооч У эгч орж ирээд миний унаж явдаг ачааны тээврийн хэрэгслийг Э хот руу оруулж ирсэн шүү гэж хэлээд машины түлхүүрийг өгсөн. Удалгүй У эгчийн нөхөр С.Д ах миний амарч байсан Э хотод үйл ажиллагаа явуулдаг “Ю” гэх зочид буудлын 214 тоот өрөөнд орж ирээд гартаа барьж байсан архины шилээр үгийн зөрүү байхгүй миний баруун талын нүд рүү цохиж би доошоо тонгойх үед чи миний эхнэртэй унтаж хэвтдэг яасан том юм бэ гэж хэлээд хөлөөрөө миний нүүр болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад өө манай эхнэр байхгүй байна шүү дээ гэж хэлээд буцаад гараад явсан. Би тухайн үед С.Д ахад танай эхнэр байхгүй шүү дээ, юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд үгийн зөрүү байхгүй өшиглөөд байсан... Би орой хоол идэж байхдаа таньдаг жолооч таараад бид хоёр 1 шил хятад архи хувааж уусан. Тэгээд би өрөөндөө орж унтаж амрах гэж байсан юм. С.Д ах архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай архины шил бариад орж ирсэн... Миний баруун талын нүд хэсэг рүү архины шилээр цохиж, нүүр, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан... Би өрөөндөө ганцаараа байж байхад С.Д ах ганцаараа орж ирээд намайг цохиж, зодсон... Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Одоо миний биеийн байдал сайн байгаа. Би одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Надад эмчилгээний хохирол мөнгө гарсан баримт одоогийн байдлаар өгөөгүй байгаа тул эмчилгээний баримт бусад зардлыг гаргаж өгнө... Миний бие хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07, 10х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 149,920 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг С.Д-гаас Төрийн сангийн Төрийн банкны .......... тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

 

- Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...С.Д, Х.Х гэх хүмүүсийг танина. С.Д манай нөхөр, Х.Х Х Улсын . Х компанид ачааны тээврийн хэрэгслийн жолооч ажилд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллаж байгаа залуу, ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй... би тээврийн хэрэгслийн түлхүүрийг жолооч Х.Х-т өгөх гээд амарч байгаа 2 давхар хятад зочид буудлын 2 давхрын өрөөнд 23 цагийн орчимд орж Х.Х-т машины түлхүүрийг өгөхөд Х.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа байсан ба би түлхүүр өгчихөөд эгчийн хувьд Х.Х-т хандаж чи наад архи уухаа боль маргааш машинаа бариад З сум руу гар, битгий хүмүүсээр машин унуулж гаргаад бай гэж хэлчихээд гараад авсан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 28-ны өглөө манай нөхөр С.Д гаалийн хашаанд ирэх үед би нөхөрт хандаж чи хаагуур яваад архи уугаад байгаа юм бэ гэж асуухад манай нөхөр би өөрийн машинуудаа гаргахад бэлэн болгоод жолооч нарын хамт пиво уусан гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө захирал хамт байсан тул Х та хоёр юу болсон юм бэ гэж манай нөхрөөс асуухад 06 дугаар сарын 27-ны шөнө Х.Х бид хоёр пиво ууж байгаад муудалцаад маргалдсан зүгээр зүгээр гэж хэлсэн. Х.Х манай нөхөр хоёрын муудалцах шалтгаан нь Х.Х өөрийн хариуцсан машинаа унаж явахгүй хэд хоног архи согтууруулах ундааны зүйл уугаад, машинуудаа элсэнд суулгаж манай нөхөр тэр машинуудыг нь элснээс гаргаж ажилласан тул энэ асуудлаас болж энэ хоёр муудалцсан юм шиг байна лээ... Манай нөхөр С.Д-ны биеийн хацар хэсэгт ганц нэг маажсан шалбархай байсан байна лээ, Х.Хатанзоригийн биеийн баруун талын нүд хөхөрсөн, хамар хавдсан, хацар хэсэгт шалбархай харагдаж байсан өөр ямар гэмтэл шарх байгаа талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

 

- Гэрч Т.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед байх Х.Хатанзориг миний гар утас руу залгаж Дамдин намайг зодчихлоо гэж ярихад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 06 дугаар сарын 28-ны өдөр Х.Х-ийн амарч байгаа буудалд очиж уулзах гэсэн боловч өрөөний хаалгаа нээгээгүй. 06 дугаар сарын 29-ний өдөр Х миний гар утас руу залгаж хоолны мөнгө байна уу гэж ярихаар нь надтай уулзаад мөнгө ав гэж ярьсан чинь удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Х.Хатанзоригт хандаж яасан их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм бэ хүний итгэлийг алдаад, чи архи уух мөнгө олдож байгаа юм чинь хоолны мөнгө олдох байлгүй гээд мөнгө өгөөгүй... С.Д-тай уулзаж юу болсон талаар асуухад 2 удаа алгадсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

- Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02/290 дугаартай шинжээчийн “1. Х.Х-ийн биед хамарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 32х/,

 

-Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 144 дугаар албан тоот, хавсралт /хх-ийн 19-20х/,

 

- Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32х/,

 

- Шүүгдэгч С.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт /хх-ийн 63, 75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х-ын Э хотод байрлах Ю нэртэй зочид буудлын 214 тоот өрөөнд шөнийн 23 цаг 00 минутын орчимд Х.Х-гийг алгадаж, цохиж биед нь хамарт зулгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч С.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

             Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн хохирогч Х.Хатанзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт С.Д /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь 900,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ