| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0094/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-08-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч О.А,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т овогт Д.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242.000.148.0121 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д аймгийн Э сумын Засаг даргын тамгын газарт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн Э сумын .... дугаар баг С гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Д.О /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Д аймгийн Э сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.С---гийн эзэмшлийн .........улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж баруун урд хаалганы шил, урд салхины шилийг тус тус хагалж, баруун болон зүүн хойд хаалгыг хонхойлгож гэмтээж хохирогчид 685,000 /зургаан зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд: “...Би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн ээж, эхнэр хоёртой маргалдаж байгаад уурандаа тийм үйлдэл хийчихсэн. Би өөрийн учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн Э сумын намын байран дээр ажилтай явж байтал манай төрсөн охин Мөнгөнзул утсаар залгаад ээж та хаана байна хүрээд ир гэхээр нь би юу болсон талаар асуухад О намайг зодох гээд байна гэхээр нь би ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ дотуур байрны гадна яваад очтол О, манай охин М нар зууралдсан зогсож байхаар нь ... О-ыг түлхтэл миний машины шилийг чулуугаар хагалаад машины хаалга эвдэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... Манай охин хувцаснаас зууралдаад байж байхаар нь...түлхсэн чинь миний машины цонхыг хагалаад хаалгыг нь хөшиж эвдэлсэн... О надаас уучлалт гуйгаад хохирол мөнгийг барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Би ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээ банк бусаар авсан тул түр банк бусын нэр дээр байгаа юм...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 33х/,
-Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай нөхөр ээжийн машины хохирол мөнгийг барагдуулаад уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/,
- А.б ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44х/,
- Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...бид хоёр маргалдаад зогсож байгаад манай эхнэр цааш эргээд явах гэхэд нь би цамцнаас нь татсан чинь уурандаа манай эхнэр ээж С-г дуудсан. Тэгээд хадам ээж С ирээд чи өөрөө яваач манай охин яахаараа явдаг юм гээд мөн ээжтэй нь маргалдсан. Би та яахаараа дандаа амьдралд оролцож байдаг юм гэж хэлээд уурандаа хадам ээжийн машины салхины шилийг гараараа цохиж хагалаад, зөв талын хаалгыг нь хойш нь хөшиж эвдэлсэн... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Манай хадам ээжийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа...Би өөрийн учруулсан хохирлоо барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/,
-Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.О нь Д аймгийн Э сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.С-гийн эзэмшлийн ........... улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалганы шил, урд салхины шилийг чулуугаар цохиж хагалж, баруун болон зүүн хойд хаалгыг хонхойлгож гэмтээсэн үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч хохирол мөнгийг барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.О /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ