| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00350/и |
| Дугаар | 152/ШШ2022/00077 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2022/00077
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт О-ийн Г-ын,
Хариуцагч: УА дахь ШШГГ-т холбогдох,
Хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2,365,500 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, С.М, иргэдийн төлөөлөгч Б.Түвшиндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.М-аас Улаангом сумын 3 дугаар баг Ө.Бадрахын 22 айлын орон сууцны 1 давхарын 6 тоотод байрлах 26.4 м.кв талбай бүхий орон сууцны байрыг худалдан авсан ба 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Гэтэл УА дахь ШШГГ тухайн байрыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр битүүмжлэн хураан авч бусдад хууль бусаар шилжүүлэн өгсөн. Улмаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр тухайн хөрөнгийг битүүмжлэн хураан авсан үйлдэл хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул энэ байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр албажан гарсан үед шүүхэд нотлох баримтаар дараа гаргаж өгнө. Энэхүү шүүхийн шийдвэрт хамаарахгүй болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хойшхи хугацаа буюу 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 1.500.000 төгрөг, тухайн байрны эвдрэл, гэмтлийн засварын хохирол болох 865.500 төгрөг, нийт 2.365.500 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжилж байна. Увс аймгийн ШШГГ нь тухайн байрыг Увс аймгийн Сагил сумын иргэн С.Отгонбаярт хууль бусаар шилжүүлэн өгч ашиглуулахаас өмнө Улаангом сумын иргэн Л.Майцэцэгт сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж байсан юм. С.Отгонбаяраас байраа чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргаснаар С.Отгонбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн байранд бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж зөвшөөрөлгүй амьдарч байснаа хүлээн зөвшөөрсний улмаас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 665 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар С.О нь тухайн байрыг хүлээлгэн өгөхгүй байсны улмаас Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2425 дугаар "Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж гарч тухайн өдрийн 229 дүгээр "Иргэний хэргийн гүйцэтгэх хуудас" олгогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэлийг аливаа хэлбэрээр хойшлуулсаар ирсэн ба 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрны түлхүүрээ очиж авсан. С.О нь энэ хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд амьдарч, ашиглаж байхдаа 2018 оноос гэрчилгээ гарсан шинэхэн байрыг хайр гамгүй ашиглан хана, шал, хаалга зэргийг эвдэж гэмтээсэн байна. Үүнийг "Гэрэгэ эстимэйт" ХХК-д хүсэлт гаргаж, хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргуулсан ба уг тайлангаар үнэлэгдсэн хөрөнгийн хохирол болох 865.500 төгрөг, шүүхээр нэхэмжлээгүй үлдсэн хугацааны буюу 2021 оны 1-5 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрөөр тооцсон хохирол болох 1.500.000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, С.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Г-ын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжпэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжпэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заажээ. Гэтэл тус хэрэгт нэхэмжлэгчээр оролцож буй О.Г нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн байр нь С.П-ын нэр дээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-520004456 улсын бүртгэлийн дугаартай 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр хэвээр байхад О.Г-ын хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. Тус газрын шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 519 дугаар шийдвэрээр 12714,9 төгрөгийн төлбөрийг С.П-аас гаргуулан С.О-т олгох төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч С.П-тай түүний нэр дээрх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлийн дугаартай 1 тоот дугаарын гэрчилгээтэй объектод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, О.Г-ын нэр дээрх хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй болно. Манай байгууллага нь О.Г-ын хөрөнгөнд биш төлбөр төлөгч С.П-вын нэр дээрх хөрөнгөнд халдсан байхад иргэн О.Г нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх боломжгүй тул О.Г-ын нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тус байран дээр гаргасан С.П-ын нэр дээр гаргасан Ү-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. О.Г нь төлбөр төлөгч С.П-аас Ү-1520004456 дугаар гэрчилгээтэй байрыг худалдан авсан талаарх баримт байхгүй. Иймд О.Г-ын нэхэмжпэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Түвшиндэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: О.Г-ын өмч мөн болох нь тогтоогдсон. Хүний өмчийг өөрийн зөвшөөрөлгүй айл оруулсан учир хохирлыг О.Г-д олгох саналтай байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч УА дахь ШШГГ-т холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2,365,500 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Миний бие өмч болох орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр УА дахь ШШГГ битүүмжлэн хураан авч С.О гэгчид хууль бусаар шилжүүлэн өгсөн. Тухайн үед байрыг иргэн Л.М-т сарын 300.000 төгрөгөөр түрээсэлсэн байсан. С.О-аас байраа чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргаснаар С.Озөвшөөрснөөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 665 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар С.О нь тухайн байрыг хүлээлгэн өгөхгүй байсны улмаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрны түлхүүрээ очиж авсан. Иймд хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох байрны хана, шал, хаалганы эвдрэл, гэмтлийн хохирол 865,500 төгрөг, байрны түрээсийн төлбөр 2021 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, нийт 2,365,500 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг Нэхэмжлэгч О.Г нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн байрыг С.П-т 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож, тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр хэвээр байхад О.Г-ын хөрөнгө гэж үзэх боломжгүй. Тус газрын шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 519 дугаар шийдвэрээр 12714,9 төгрөгийн төлбөрийг С.П-аас гаргуулан С.От-т олгох төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч С.П-вын 1 тоот дугаарын гэрчилгээтэй объектод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. О.Г-ын нэр дээрх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй болно гэх үндэслэлээр няцаасан.
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч УА дахь ШШГГ-т холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол буюу 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 6 сарын байрны түрээсийн төлбөр 4.800.000 төгрөг, дулааны болон цэвэр, бохир усны төлбөр 70.785 төгрөг, цонхны хөшигний үнэ 250.000 төгрөг, нийт 5.120.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр байрны түрээсийн төлбөр 4.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх дулааны болон цэвэр, бохир усны төлбөр 70.785 төгрөг, цонхны хөшигний үнэ 250.000 төгрөг, нийт 320.785 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар нэхэмжлэгч О.Г нь хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох байрны хана, шал хаалганы эвдрэл, гэмтлийн хохирол 865,500 төгрөг, байрны 2021 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, нийт 2,365,500 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах, 26,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О.Г мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээний 000377685 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Нэхэмжлэгч О.Г нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн байрыг С.П-т 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож, тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр хэвээр байхад О.Г-ын хөрөнгө гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
О.Г нь ямар нэгэн хуулийн этгээд болон иргэнд төлөх төлбөргүй байхад шийдвэр гүйцэтгэгч О.Б нь дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Нэхэмжлэгч О.Г дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэгч О.Б-ын О.Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах, 26,4 м.кв үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч О.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Хариуцагч С.О бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх боловч хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2425 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч УА дахь ШШГГ нь нэхэмжлэгч О.Гад байрны түлхүүрийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Иймд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 1.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох ёстой байсан орлого гэж үзэн хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тухайн орон сууцны эвдрэл, гэмтлийн засварын хохирол болох 865.500 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлохоор Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04/08/21 дүгээр хөрөнгийн үнэлгээний хохирлын тайланг ирүүлсэн байх уг тайлангаар нийт хохирлын дүнг 865,500 төгрөгөөр тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04/08/21 дүгээр хөрөнгийн үнэлгээний хохирлын тайлангаар урьдчилсан байдлаар нийт хохирлын дүнг 865,500 төгрөгөөр тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үед орон сууцандаа засвар хийгээгүй байх тул дээрх хуульд зааснаар тухайн хохирлыг бодит хохирол гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны эвдрэл, гэмтлийн засварын хохирол 865.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь орон сууцандаа засвар хийсний дараа бодит хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Иргэдийн төлөөлөгч Б.Түвшиндэлгэр шүүх хуралдаанд гаргасан О.Гын өмч мөн болох нь тогтоогдсон. Хүний өмчийг өөрийн зөвшөөрөлгүй айл оруулсан учир хохирлыг О.Гад олгох саналтай байна гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас гаргуулж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар тухайн хариуцагч байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэйг дурдав.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөр болох 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны эвдрэл, гэмтлийн засварын хохирол 865.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамж 57.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийг хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөр болох 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны эвдрэл, гэмтлийн засварын хохирол 865.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамж 57.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-аас 38.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгох олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
О.БАТДОРЖ