| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00623/И |
| Дугаар | 152/ШШ2022/00082 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2022/00082
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ургийн овогт В-ын Ч-гийн,
Хариуцагч: УА ЦТС ХХК-д холбогдох,
Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сараас УА ЦТС ХХК-ийн Эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн хугацаатай чөлөө авсан. 2021 оны 7 дугаар сард ажилдаа орох байсан боловч дахин гам барьж биеэ сувилах шаардлагатай болсон ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан тул ажилдаа орохоор иртэл намайг албан тушаал бууруулж авлага барагдуулагчаар томилсон шийдвэр гаргасан байсан. Би авлага барагдуулагчаар ажиллахгүй хуучин ажилдаа ормоор байна гэж захиралдаа хэлэхэд чи сонгуульд оролцох гэж чөлөө авсан учраас чамайг хуучин ажилд чинь ажиллуулахгүй гэж хэлээд гаргасан. Би сонгуульд нэр дэвших гэж чөлөө аваагүй. Сонгуульд нэр дэвшээгүй байхад албан тушаал бууруулсанд гомдолтой байна. Иймд УА ЦТС ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Ч нь 2017 оны 3 дугаар сараас манай УА ЦТС ХХК-ийн эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдон ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр компаний захиргаанд нүдний даралт ихэссэн тул Улаанбаатар хот руу шинжилгээнд явж, байнга нүдний эмчийн хяналтанд байж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн шалтгаанаар ажлаас 1 жилийн хугацаагаар чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл гаргасны дагуу инженер В.Чийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. В.Ч худал хэлж чөлөө авсан болох нь удалгүй мэдэгдсэн. Тэрээр дээрх 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Нью эрхэм ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрчим хүчний угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж Увс аймгийн Малчин, Хяргас сумын төвийн 0,4 кв-ын цахилгааны шугамын шинэчлэлийн ажлыг гйүцэтгэсэн байна. Чөлөөний хугацаанд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж онош тодруулах ямар ч ажил хийгээгүй. Тэгээд тендерийн ажил нь дуусаагүй тул дахин чөлөө сунгуулах өргөдөл гаргаж 2021 оны 7 дугаар сарын 22-ны чөлөө аваад ажлаа дуусгасан. Өнгөрсөн намар тухайн сумуудын 0,4 кв-ын шугамын ажил дуусаж, техникийн комисс ажиллах үеэр мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохоор ирэхэд нь худал хэлж чөлөө авч явсан тухай өөрт нь хэлсэн. Худал хэлж чөлөө авах явдал ганц энэ тохиолдол биш юм. 2018 онд миний ахын бие муу Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явна гэж худал хэлж чөлөө авч яваад БНХАУ-ын Хөх хотод аялж явсныг өөрийнх нь утасны селфи зурагнаас манай ажилчид олж мэдсэн. Тухайн үед нь хэлж анхааруулаад өнгөрч байсан. Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд зааснаар ажлын байрнаас хөндийрөөд /ээлжийн амралт авах гэх мэт/ тодорхой хугацаагаар яваад ирсэн тохиолдолд тухайн дүрмийн холбогдох заалтуудаар шалгалт авч тэнцвэл ажилд нь оруулж байх ёстой байдаг. Энэ дүрмийн дагуу В.Чийг ажлаас хөндийрөөд 1 жил яваад ирсэн тул түр ажлын байранд томилох тушаал гаргаж шалгалтаа өгч тэнцсэний дараа хуучин ажилд нь эгүүлэн томилох талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохироод авлага барагдуулагчаар түр тушаал гаргасан. Гэтэл В.Ч сонгуульд оролцох гэж чөлөө авсан, өөр ажилд томилсон мэтээр илт гүтгэн доромжилсон байна. Гүтгэх, доромжлох явдал нь бас хуулиар зохицуулагдахаар хэм хэмжээтэй гэдгийг сануулж байна. Сонгууль 2020 оны 6 дугаар сард явагдаж дууссан. Энэ хүн 2020 оны 7 дугаар сард чөлөө авсан байдаг. Тэгэхээр илт санаатайгаар гүтгэж байгаа нь тодорхой байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа тухайн байгууллагын дагаж мөрдөж ажиллах ёстой дүрэм, журмаар зохицуулагдаж явдаг. Тэр дүрэм, журмын дагуу байгууллагын дарга, эрхлэгчийн зүгээс ажилдаа хайнга, хариуцлагагүй ажилласан ажилтанд Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах эрхтэй байдаг. Байгууллага дотор явагдаж байгаа энэ мэт хэвийн үйл ажиллагаанд шүүх байгууллагын зүгээс ингэж оролцож байгаа нь шүүхийн ёс зүйн байдалд нийцэхгүй явдал гэж үзэж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргааныг байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргааныг таслах комисст хандаж шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Хэрэв энэ комиссоос гаргасан шийдвэр буруу болсон гэж үзвэл маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Иргэн В.Ч нь хөдөлмөрийн хуулийн энэ холбогдох заалтуудыг биелүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Ч нь хариуцагч УА ЦТС ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр В.Ч нь компаний захиргаанд нүдний даралт ихэссэн тул Улаанбаатар хотод шинжилгээнд явж, байнга нүдний эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн шалтгаанаар ажлаас 1 жилийн чөлөө авсан. В.Ч нь худал хэлж чөлөө авсан бодох нь удалгүй мэдэгдсэн. Тэрээр дээрх 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Нью эрхэм ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрчим хүчний угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж Увс аймгийн Малчин, Хяргас сумын төвийн 0,4 кв-ын цахилгааны шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Дахин чөлөө сунгуулах өргөдөл гаргаж 2021 оны 7 дугаар сарын 22-ны чөлөө аваад ажлаа дуусгасан. Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд зааснаар ажлын байрнаас хөндийрөөд /ээлжийн амралт авах гэх мэт/ тодорхой хугацаагаар яваад ирсэн тохиолдолд тухайн дүрмийн холбогдох заалтуудаар шалгалт авч тэнцвэл ажилд нь оруулж байх ёстой байдаг. Энэ дүрмийн дагуу В.Ч-ийг ажлаас хөндийрөөд 1 жил яваад ирсэн тул түр ажпын байранд томилох тушаал гаргаж шалгалтаа өгч тэнцсэний дараа хуучин ажилд нь эргүүлэн томилох талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохироод авлага барагдуулагчаар түр тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
УА ЦТС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/81 дүгээр В.Ч-ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Захирлын зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн В.Ч-ийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн авлага барагдуулагаар томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Ажил олгогч санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтыг баримталж, ажилтныг ажлаас нь чөлөөлөх ёстой.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ч 2020 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөөтэй байсан. Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэмд зааснаар ажлын байрнаас хөндийрөөд /ээлжийн амралт авах гэх мэт/ тодорхой хугацаагаар яваад ирсэн тохиолдолд тухайн дүрмийн холбогдох заалтуудаар шалгалт авч тэнцвэл ажилд нь оруулж байх ёстой байдаг. Энэ дүрмийн дагуу В.-ийг ажлаас хөндийрөөд 1 жил яваад ирсэн тул түр ажпын байранд томилох тушаал гаргаж шалгалтаа өгч тэнцсэний дараа хуучин ажилд нь эргүүлэн томилох талаар захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохироод авлага барагдуулагчаар түр тушаал гаргасан гэж маргаж байх боловч В.Ч-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 - 40.1.7-д заасан холбогдох заалтыг баримтлаагүй байх тул түүний дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой заалтыг баримталсан нь учир дутагдалтай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийг мөрдөж эхлэхээс өмнө ажил олгогч нь ажилтан В.Ч-ийг ажлаас чөлөөлсөн байх тул энэхүү хугацаанаас өмнө гарсан ажил олгогч, ажилтан нарын хооронд гарсан хөдөлмөрийн маргааныг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицууулна.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1-д Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж зааснаар ажилтан В.Ч-ийн гомдол шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргааныг байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргааныг таслах комисст хандаж шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Хэрэв энэ комиссоос гаргасан шийдвэр буруу болсон гэж үзвэл маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Иргэн В.Ч нь хөдөлмөрийн хуулийн энэ холбогдох заалтуудыг биелүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт В-ын Ч-ийг УА ЦТС ХХК-ийн эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч В.Ч-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УА ЦТС ХХК-аас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт В-ын Ч-ийг УА ЦТС ХХК-ийн эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В.Ч улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УА ЦТС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ