| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.З, Ц.Т |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Д.З, Ц.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э
Гэрч М.О /цахим/, Ш.Ө,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Э.Б холбогдох эрүүгийн .................... тоот хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр У хот С дүүрэгт төрсөн, .... настай, э-тэй, ...... боловсролтой, .......... мэргэжилтэй, М ХХК-нд борлуулалтын хэлтэст ............. ажилтай, ам бүл ..., ........ хамт У хот Б дүүрэг ......... дугаар хороо .....байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Э.Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч албан тушаалд ажиллаж байхдаа Д аймгийн З сумын ....... дугаар багт байрлах авто жингийн байнгын хяналтын постод 2023 оны 05 дугаар сарын 22-оос 2023 оны 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Г.И.Т ХХК-ийн өмчлөлийн ............. маркийн өөрөө буулгагч төрлийн ачааны тов оврын 10 тээврийн хэрэгсэл MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд MNS 5345:2011 стандартын 6.7 дугаар зүйлд заасны дагуу олгосон чиглэл, зөвлөмжийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойно байршуулан зөвхөн өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцох оролцуулах талаар зөвлөмжийг аваагүй, Зам тээвэр хөгжлийн төвөөс Монгол Улсын “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага” хангасан тээврийн хэрэгсэл мөн болохыг тодорхойлсон гэрчилгээ аваагүй шөнийн цагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойно байршуулаагүй замын хөдөлгөөнд оролцож байх үед нь саатуулан зогсоож шалгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.6 дугаар зүйл, мөн дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.7.17, мөн хуулийн 14.7.46-т тус тус заасны дагуу шалган шийдвэрлэхгүйгээр хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байж албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй дур мэдэн авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй Г.И6Т ХХК (РД:56205585)-ийн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулан улсын төсөвт төвлөрүүлэх байсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлүүлээгүй давуу байдал бий болгон албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд: “...З сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст замын цагдаагаар анх удаа томилогдож ажилласан. Би ямар ч туршлагагүй ирсэн. З цагдаад ямар нэгэн сургалтгүйгээр 2 хоног дагалдаад замын цагдаагаар ажилласан. Тухайн үед замын зөрчил дээр яаж ажиллах, ямар торгууль оногдуулах, ямар арга хэмжээ авах талаарх ойлгомж надад дутмаг байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр томилогдож ажилласан. Энэ хугацаанд миний бие өвдөөд ээлжийн амралтаа аваад, 2 сар гарангийн хугацаанд ажиллаагүй. Тэгэхээр 3 сарын хугацаанд л ажилласан гэсэн үг. Тухайн өдөр пост дээр ажилладаг байсан хүн надад тээврийн хэрэгсэл гараад явчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд яваад очиход 4 ..... гэх тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгээд 4 .............. тээврийн хэрэгслийг зогсоогоод, жолооч нараас бичиг баримтыг асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийнх нь түлхүүрүүдийг аваад пост руугаа ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас аваад явсан. Манайх хоногийн ээлжид гарч байгаа цагдаа заавал өдөрт 20 торгууль хийх ёстой гэж шаарддаг. Өмнө нь замын цагдаагаар ажиллаж байгаагүй, туршлага муу болохоор 20 торгууль хийгээгүй гэдэг үндэслэлээр 2-3 удаа ээлжээсээ торгуулийн арга хэмжээгээ гүйцээх гээд сунаж ажиллаж байсан. Тэгээд Э гэх тээврийн хэрэгслийг хариуцаж байсан хүн эдгээр тээврийн хэрэгслийг явуулаад өгөөч гээд гуйхаар нь үгүй ээ, бичиг баримтаа авчир гэж хэлсэн. Тэгтэл бичиг баримтаа авчирч өгөхгүй байсан. Тухайн үед бид 12 цагийн ээлжээр ажиллаж байсан. Би 09 цагаас ээлжээ аваад, тухайн тээврийн хэрэгслүүд дээр удсан учраас өмнөх торгуульдаа анхаарлаа хандуулж чадаагүй, нэлээн цаг хугацаа алдчихсан байсан. Э гэж хүн намайг дагаж ирээд тээврийн хэрэгслүүдээ эргүүлээд явуулчхаач гэж зөндөө гуйсан. Би үгүй, тээврийн хэрэгслээ буцаагаад оруул гэж шаардлага тавьсан. Өмнө нь намайг ажиллаж байхад дамп тээврийн хэрэгсэл түр дугаар авсан бол Зам тээврийн төв шалгаад явуулчихдаг байсан болохоор түр дугаар аваад явах ёстой гэсэн ойлголттой байсан. Тийм болохоор буцаад ор гэсэн шаардлага тавьсан... Хошууч Г, Ц гэх алба хаагчдаас асууж байсан. Торгуулийн арга хэмжээ авдаггүй, бичиг баримтыг нь үзээд явуулдаг, түр дугаар авдаг, өдрийн цагаар явах ёстой гэж хэлээд сануулаад яв гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тиймээс сануулаад яв гэсэн үүрэг чиглэл авч байсан учраас буцаж ор гээд түлхүүрийг нь өгсөн...” гэв.
Гэрч С.О шүүх хуралдаанд: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө та авто пүү дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан. Төлбөр хураагч Г ажлын групп чатанд войс явуулж хэлсэн. Ээлжид гарсан цагдаад мэдэгдээрэй гэсний дагуу би Б цагдаад хэлсэн. Тэгээд Б явсан. Пүүгээр гараагүй учраас надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Нэг харахад Б ирчихсэн ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэр тээврийн хэрэгслүүд журмын дагуу зөвшөөрлөө аваад пүүгээр нэвтрэх ёстой...” гэв.
Гэрч Ш.Ө шүүх хуралдаанд: “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө том тэрэгний пүүлэгч хийж байсан. Тухайн өдөр том оврын дамп тээврийн хэрэгсэл пүүгээр нэвтрээгүй. Том тэргийг пүүлэхэд жолоочийн хувийн мэдээлэл, пүүний жин тонн хэтэрсэн эсэхийг үзэж шалгадаг. Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл гарсан тохиолдолд гаргадаг байсан. Зөвшөөрөл байхгүй бол пүүгээр гаргах ёсгүй. Жолооч нар өөрсдөө зөвшөөрлөө бариад ирдэг. Тухайн өдөр дамп тээврийн хэрэгсэл пүүгээр гараагүй. .............. тээврийн хэрэгсэл заавал пүүлүүлж, пүүгээр гарах ёстой. Өөр газраар явсан тохиолдолд цагдаа нар арга хэмжээ авна. Бид пүүгээс бусад чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих боломжгүй...” гэв.
-Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн З сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах автожингийн байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэхээр 10 цагт ээлжээ хүлээн авсан. Ингээд үүрэг гүйцэтгээд орой болж байхад Зам тээврийн хөгжлийн төвийн ажилтан надад урд талын шороон замаар тээврийн хэрэгслүүд явчих шиг боллоо гэж хэлсний дагуу би албаны тээврийн хэрэгсэлтэй хэлсэн газар руу нь явсан. Тэгтэл 4 ширхэг өөрөө буулгагч том оврын тээврийн хэрэгсэл автожингийн байнгын хяналтын пост тойроод шороон замаар явж байхыг илрүүлэн түр саатуулсан. Тээврийн хэрэгслийн жолооч нарт бичиг баримтаа гаргаж өгөхийг шаардахад жолооч нар бичиг баримтгүй явж байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийн түлхүүрүүдийг нь аваад үүрэг гүйцэтгэж байсан пост дээрээ очсон. Тус хүмүүст арга хэмжээ авах гэхээр ачаа тээвэрлэж яваагүй, би тээврийн хэрэгсэл дээр арга хэмжээ авах гэхэд Зөрчлийн тухай хууль дээр тодорхой зааж өгсөн зүйл заалт байгаагүй. Тээврийн хэрэгслүүдийг хариуцсан н.Э гэх хүн ирж надтай уулзаад тээврийн хэрэгслийг явуулаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийг явуулах боломжгүй, тээврийн хэрэгслүүдээ буцаагаад Замын-Үүд сум руу эргүүлээд яв гэсэн шаардлагыг тавьсан. Би Э-т тээврийн хэрэгслүүдийг буцаагаад оруулаарай гэж хэлээд 4 тээврийн хэрэгслийн түлхүүрийг буцаагаад өгсөн. Би яагаад цуг яваагүй шалтгаан нь миний үүрэг гүйцэтгэж байсан постод би ганцаараа үүрэг гүйцэтгэдэг, шороон зам дээр сүлжээ барихгүй байсан учраас тус хүмүүстэй хамт явж тээврийн хэрэгслийг эргүүлэх гэхээр ганцаараа байсан учраас би айж байсан. Ингээд би тээврийн хэрэгслүүдийг буцаж эргүүлсэн эсэхэд хяналт тавьж чадаагүй. Түлхүүрүүдийг нь өгчхөөд 2 цаг орчмын дараа Э нь буцаж ирээд намайг машинд сууж байхад машинд орж ирээд ах нь машинуудаа буцаагаад оруулчихсан шүү гэж хэлээд буцаад яваад өгсөн. Ингээд үүргээ гүйцэтгээд маргааш нь болох 23-ны өдрийн 11 цагт ээлжээ хүлээлгэн өгч буусан. Би тээврийн хэрэгслүүдийг саатуулаад шууд удирдах албан тушаалтан, тухайн өдрийн ерөнхий эргүүл, ерөнхий жижүүрт мэдэгдээгүй. Зөрчлийг тухайн цаг хугацаандаа арилгаж тээврийн хэрэгслүүдийг буцаагаад оруулчихсан гэж би дотроо бодсон учраас хэлэх шаардлагагүй гэж бодсон. Би албаны тээврийн хэрэгсэл дотор сууж байтал гаднаас Э.Э машинд орж ирээд суусан. Тэгээд надад тээврийн хэрэгслүүдийг буцаагаад оруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн бөгөөд өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 67-68х/,
-Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х-ын Э хотоос М Улсын хилээр "............." загварын том оврын өөрөө буулгагч 12 тооны механизм оруулж ирэх захиалгыг нэг компаниас хүлээн авч, тухайн механизмуудын гаалийн бүрдүүлэлтийг хуурай дүү Л.Л-гийн хамт хийсэн. Тэгээд тухайн механизм нь Д аймгийн Д сумын О гэх газар луу явах захиалгатай байсан бөгөөд М У-д мөрдөгдөж буй авто зам, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хууль тогтоомжийн хүрээнд өөрөөрөө явахад зөвшөөрөл авах зэргээр асуудлууд тулгарсан. Төмөр замаар салгаж ачиж явуулах гэхээр стандарт хэмжээнээс илүү гарна, том оврын ачааны машинд ачихаар жин тонн хэтэрнэ, өөрөөрөө явах гэхээр авто замын нэг урсгалын өргөнөөс илүү учир зөвшөөрлийг авахад бүрдүүлэх материал зэргээр нэлээд хугацаа шаардлагатай байсан. Захиалагч нараас уг механизмуудыг яаралтай хүлээн авах цэгт ирүүлэх шаардлагатай байна гээд байсан тул 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагаас 23-ны өдрийн 01 цагийн хооронд Замын-Үүд сумын авто пүү постны ажилтнуудыг анзаарч байгаад Вагнер азийн арын хашааны нэг хашаа нь унасан байдалтай байхаар нь эхний ээлжинд 4 тооны механизмыг нэг нэгээр нь давуулан өөрөөр нь шороон зам руу гаргаж байгаад тухайн өдрийн постны цагдаатай таарч баригдсан. Тэр цагдаа механизмын түлхүүрүүдийг хураагаад явчихсан. Тэгээд би төлөвлөсөн ажил хэцүү байдалд орсон тул цагдаагийн хойноос авто пүү дээр очиж нэлээд гуйсан боловч зөвшөөрөхгүй байсан. Сумын төв руу орж ирэх ажил гарахаар нь хойд асуудлаа шийдэхэд хэрэг болно гээд хуурай дүү Л.Л-ээр дамжуулан АТМ-ээс бэлэн 1,500,000 төгрөг гаргуулсан. Удалгүй авто пүү дээр очиж цагдаатай тохиролцох гэж гуйж байгаад тэрээр зөвшөөрөөд механизмуудын түлхүүрийг авч хойшоо бүгдийг явуулсан. Тэр цагдаатай яг тэд гэсэн мөнгөний дүн тохироогүй, тэрээр өөрөө хэлэхдээ “би саяхан цалингийн хувь хасуулчихсан байгаа, элдвийн асуудал байхгүй биз дээ, би ажилгүй болчихно шүү” гэсэн. Би тэр шөнөдөө түүнд мөнгө өгөөгүй дараа нь уулзахаар болж цагдаагийн утасны дугаарыг авсан. Гэхдээ одоо болтол холбогдоогүй байгаа. Би болсон зүйлийн талаар үнэн зөвөөр ярьсан болно. Би цэрэг, цагдаагийн цолыг мэднэ. Тухайн алба хаагч ахлагч цолтой, энгэр дээрх нэр нь Балдорж гэж байсан... Би өмнө мэдүүлэг өгөхдөө мөнгөний зарцуулалтын талаар зарим зүйл дээр залруулга хийх гэсэн юм. Би мөрийтэй тоглоом тоглосон юм. 2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө эхлээд 1,5 сая төгрөгийг 3 удаагийн 500,000 төгрөгөөр авсан. Уг мөнгөнөөс архи авах гэтэл шөнийн цагаар дэлгүүр хаалттай, архи зардаггүй учир дамын үнээр 300,000 орчим төгрөгөөр архи авсан. Э, Э гээд манай найзтай хамт Б гэх эрэгтэй, А гэх эмэгтэй Л нар нийт 6-уулаа хамт байсан. Э, Э бид 3 хөзөрдөж 13 модны покер 200,000 бооцоотой тоглосон. Дараа нь Э-тай халз 2-уулаа тоглосон. Бид 2 техас покерыг тоглоод би 8 сая орчим төгрөгийг алдсан. Уг мөнгийг би Л-гийн дансаар дамжуулан эхнэрийн дансаар гаргуулан авч Э-т өгсөн. Эрдэнэбаяр маргааш нь Х-ын Э руу хил гараад явсан. Хамт байгаа хүмүүсээс өөр мэдэх хүн байхгүй. Хамт байсан хүмүүс ямар мөнгөөр юу хийж, юу тоглоод хэн хожсон талаар бүгд мэднэ. Б-ийн Э ................. хувиараа бизнес эрхлэгч, Э-ын утас ........., Анхцэцэг ............ гаальд мэдүүлэгч хийдэг ямар компанийн нэрээр мэдүүлэгч хийдгийг мэдэхгүй. Анх би өөрөө З сумын хойшоо явах чиглэлд Вагнер А компанийн тэнд хашаа унасан байгааг хараад Б, Н нарт хэлээд очоод дамп гарах боломжтой үгүйг хараад надаа хэлээдэх гэсэн. Тэр 2 очиж хараад энэ хашаа унасан хэсгээр гарч болохоор байна гэсэн. Түүний дагуу 10 дампыг тэр хашаа унасан хэсгээр гаргах талаар жолооч нартай уулзаад шөнө хөдөлгөөн бага болсон үед гарна шүү гэсэн. Түүний дагуу 23 цаг өнгөрч байх үед 4 дамп унасан хашааны хэсгээр гарах гэж байгаад Б цагдаад баригдсан. Цагдаа дампнуудын түлхүүрийг хурааж аваад постондоо буюу ажлын байрандаа буцаж очсон. Би түлхүүр өгчих гэж 2-3 удаа очиж 1 цаг орчим гуйсан. Балдорж түлхүүр өгөхгүй, өглөө болохоор удирдлагуудад танилцуулж байж шийдвэрлэнэ гэсэн. Би зөрчлөө арилгаад З руу эргүүлье гэж хэлээд гуйсны эцэст 4 дампны түлхүүрийг өгсөн. Түлхүүрийг аваад нөгөө 6 дампны явсан замаар яваад Олон-Овоотын уурхай руу явсан. Сүүлийн 3 дахь удаа цагдаа Балдоржийн постон дээр очиход Э, А нартай хамт байсан ба машиныг Л жолоодсон. Өөр хүн хамт байгаагүй. ... Нийт 10 дамп байсан. Бүгдийг нь тухайн өдөр В азийн ар талын хашаагаар гаргаад явуулсан. Тэгээд Д аймгийн Д сумын О овоотын уурхай явах ёстой бөгөөд өглөө үүр цайхад эндээс хөдлөөд тэндээ оройдоо очсон. Нийт 300 гаруй км явдаг... Б ээр очиход Б нь пүүн дээр машин шалгаад зогсож байсан, би хажууд нь очиход хүн явахаар уулзъя гэж хэлсэн. Би машин дотроо Б-ийг хүлээж байгаад ганцаараа болохоор очиж 20-30 минут орчим гуйгаад сүүлдээ би машинуудаа эргүүлээд хашаа руу оруулчихъя гэж гуйхад Б машинаа эргүүлээрээ гэж хэлээд надад машины түлхүүрүүд өгсөн. Би түлхүүрүүдээ аваад жолооч нарт өгөөд цагдаа гайгүй болохоор явчхаарай гэж хэлсэн...маргааш нөгөөдрөөс нь уулзаж учиръя дугаараа өгчих гэхэд Б дугаараа өгсөн... Б-ийн дугаарыг авсан зорилго нь дараа нь Б-оос юм гуйж магадгүй гэж бодсон юм... Би гуйж байгаад Д.-ын 4 түлхүүрийг АТМ-ээс мөнгө авахын өмнө нь гуйж аваад тэр үед утасны дугаарыг нь авсан юм. Хөгшин рүүгээ дохичих гэж хэлээд авсан. АТМ-ээс мөнгө аваад эргэж авто пүү дээр ирэх хооронд Дампуудыг бол хөдөлгөөгүй байсан. Асааж хөдөлгөсөн зүйл байгаагүй харин Балдоржтой уулзаад дууссаны дараа түлхүүрүүдээ аваад компанийн хашаан дээр очоод жолооч нарт түлхүүрийг нь өгсөн чинь жолооч нар нь эхлээд нөгөө машинуудаа гаргаад харж байгаад араас нь бид 4 хөдөлсөн нь дээр байх гэж хэлээд хамгийн сүүлд нь хөдөлцгөөсөн байх...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 19, 23, 26-27, 52х/,
-Гэрч Л.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Г.Ш.Х” ХХК-ийн З сумын тээвэр хариуцсан менежерээр 2019 оны 02 сараас эхлэн ажиллаж байна. Манай компани 2023 оны 05 дугаар сарын эхээр 12 ширхэг өөрөө буулгагч Дамп маркийн тээврийн хэрэгслийг Х.У-ын талаас худалдан авч миний бие бүрдүүлэлт хийж 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Ингээд дээрх 12 тээврийн хэрэгслийг Д аймгийн Д сумын Э уурхайд хүргэж өгөх болоод Зам тээвэр хөгжлийн яамнаас зөвшөөрөл аваагүй байсан учир З сумын авто замын хяналтын пүүгээр гаргахгүй нь тодорхой байсан учир З суманд ногооны бүрдүүлэлт хийдэг Эрхбаяр гэх ахтай уулзаж 12 дампыг пүүгээр гаргаж явуулмаар байна гэж хэлсэн чинь ах нь зохицуулж өгье гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 22-ны оройн 22:00 цаг өнгөрч байхад эхний 4 Дампыг пүүний наад талд Вагнер Азийн ар талын хашаагаар пүү тойруулаад зугтаалгасан. Тэгсэн манай 4-н тээврийн хэрэгсэл пүүний цаана 2-3 км явж байгаад авто пүүний цагдаад баригдчихлаа гээд над руу ярихаар нь би Э ахын хамт очсон чинь нөгөө замын цагдаа Б манай 4 дампын түлхүүрийг аваад пүү рүүгээ яваад өгсөн. Э ах бид хоёр нөгөө цагдаагийн араас пүүн дээр очоод 2 цаг гаран явуулчхаач гээд гуйсан боловч эхэндээ огт зөвшөөрөхгүй хэсэг байснаа сүүлдээ надад гай болохгүй яваарай гээд манай машинуудын түлхүүрүүдийг өгсөн. Би тухайн үед машин дотор байсан чинь Эрхбаяр ах машинд орж ирээд 1,500,000 төгрөг энэ цагдаад өгөөд пүүгээр гарахаар боллоо, чиний Хаан банкны ........................... дугаарын дансанд эхнэрийн дансаар шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төв рүү орж Б-ээс ресторанаас .... шил архи ус ундаа аваад замаараа Э-ын эхнэрээс миний данс руу явуулсан 1,500,000 төгрөгийг бэлнээр аваад шууд авто пүү рүү явсан. Эрхбаяр нь манай Г.ш.х ХХК-ийн М талыг хариуцсан захирал Т-тай дээр үеэсээ найзууд болохоор Т захирал бас Э-аас манай компанийн 12 дампыг пүүгээр гаргаад өгөөч гэж хажууд ярьж байсан. Ингээд авто пүүн дээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны шөнийн 01:00 цаг өнгөрч байхад Эрхбаяр ах бид хоёр очоод Эрхбаяр ах миний түрүүн Голомт банкнаас бэлнээр авч өгсөн 1,500,000 төгрөгийг авч буугаад нөгөө цагдаагийн машинд очиж суугаад мөнгийг оруулж өгсөн. Тухайн үед 1,500,000 төгрөгийг Эрхбаяр ах машинаас буухдаа уутанд хийгээгүй гартаа бариад оруулж Балдорж гэх цагдаад өгчхөөд нэг их удалгүй буцаад ороод ирсэн. Машинд буцаж орж ирэхдээ “Цагдаад мөнгөө өгчихлөө” гэж хэлсэн. Бид хоёр Хан шонхор буудалд ирээд архи уугаад амарсан. Анх Б гэх цагдаа манай 4 дампын түлхүүрийг өгөхдөө бусдыг нь Вагнер Азийн хойд талын хашаагаар тойруулаад эвтэйхэн гаргаарай гэж хэлсэн. Эрхээ ах бид хоёр сумын төв рүү мөнгөнд явахаасаа өмнө 12 дампаа пүү тойруулаад явуулчихсан байсан. Энэ үед цагдаа постон дотроо байсан. Өөр хүн байгаагүй, тэр цагдаа ганцаараа байж байгаад мөнгөө авсан. Тухайн үед 1,500,000 төгрөгөөр гаргуулахаар тохирсон. Нэмж маргааш нөгөөдөр мөнгө төгрөг өгнө гэж огт яриагүй. Тэр үед Эрхбаяр ах буухдаа миний АТМ-аас авсан 1,500,000 төгрөгийг гартаа барьж буугаад авто пүүний цагдаа Б-ийн машинд орж мөнгөө өгчхөөд буцаад “Өгчихлөө” гэж ярьсаар хоосон машинд суусан. Маргааш нөгөөдөр мөнгө өгнө гэж огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-42х/,
-Гэрч Э.Э, Л.Л нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 51-53х/,
-Гэрч Ш.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Зам тээврийн хөгжлийн төвийн З дэх салбар пүүлэгчээр ажилд ороод нэг сар гаран болж байна. Тухайн 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийн хугацаанд би З авто пүү постонд пүүлэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. Дамп загварын тээврийн хэрэгслийг төлөөлсөн компани нь Зам тээврийн хөгжлийн төвд шаардлагатай материалын хамт хүсэлтээ өгөөд зөвшөөрөл авсан тохиолдолд манай салбарт явах маршрут, жолооч, тээврийн хэрэгслийн мэдээллийг хүлээн авч бүртгээд постоор нэвтрүүлдэг. Одоогийн байдлаар З сумын Замын цагдаад нэг хувийг хуулбарлан өгдөг. Авто пүү дээр гарч байгаа цагдаа ч бас хяналт тавьдаг. Хэрэв зөвшөөрөлгүй бол постоор нэвтрүүлэхгүй гэсэн үг. Намайг авто пүү постонд 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд ээлжтэй байх үед ахлагч Б гэдэг цагдаа үүрэг гүйцэтгэж байсан. Би тухайн орой Д загварын тээврийн хэрэгсэл авто пүү тойрсон талаар мэдээгүй. Харин өнөө өглөө манай ажлын төлбөр хураагч О надад тухайн шөнө Вагнер Азийн хашааны тэнд гэрэлгүй том тэрэг хашаа руу нь орсон авто пүү тойрч болзошгүй байна гэж замын цагдаа Б-д мэдэгдсэн талаар хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл мэдээгүй байсан. Пүүлэгч нар өрөөнөөсөө бараг гарах завгүй ажилладаг учир анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71х/,
-Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: Би Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд дэх салбарт төлбөр хураагчийн ажилд ороод зургаан сар болж байна. Тухайн 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийн хугацаанд би З авто пүү постонд төлбөр хураагчаар ажиллаж байсан. .... загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй бол пүүгээр нэвтрүүлэхгүй. Харин Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авсан тохиолдолд пүүлэгч материалыг хуулбарлан авч бүртгээд нэвтрүүлж болно гээд шийдвэр гаргавал би тээврийн хэрэгсэл тус бүрээс зам хураамжийн төлбөрийг авдаг. Тухайн оройн замын цагдаа Балдорж үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 05 дугаар сарын 22-ны 22 цагийн үед хамт ажилладаг Г нь фейсбүүк чат дээр авто пүүний урд байдаг Вагнер Ази хавьцаа нэг хашаа руу гэрлээ унтраасан хоёр Дамп орчихлоо, наадуул чинь тойрох гэж байна шүү, цагдаа хэн гарч байгаа билээ, О, Б-д хэлээрэй гэсэн яриатай зурвасыг явуулсныг сонсоод замын цагдаа Балдоржид мэдэгдсэн. Б надад шалгачхаад ирье гэж хэлээд алаг тэрэгтэйгээ явсан. Нэлээд хугацаа өнгөрч би ч ажилдаа анхаараад энэ асуудлыг мартчихсан байсан. Нэг харахад замын цагдаа Балдорж постон дээрээ ирчихсэн надад юу ч хэлээгүй болохоор нь Дамп машинуудыг тойроогүй гэж бодсон. Би ч замын цагдаагаас юу болсон талаар асуугаагүй. Постны цагдаатай машинтай хүн ирж уулзсаныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75х/,
-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тэр орой гэртээ байж байсан чинь Эрхбаяр над руу залгаад Ул хот руу ... бариад явах уу гэж ярьсан. Ер нь өдөр нь бол явахаар яриад тохирчихсон байсан тэгээд орой нь одоо явах уу гээд залгасан. Тэгэхээр нь И.Г ложистик ХХК-ний хашаанд очоод эхний ээлжинд 4 дамп Вагнер азийн ард талын эвдэрсэн байсан хашаагаар дамжаад цаашаагаа гараад явсан. Би бол эхний 4 Дампны нэгийг нь жолоодоод явж байсан. Эхний дампыг жолооч Э, Ч, Д нар бариад явж байсан. Вагнер Азийн ард талын хашаагаар гараад шон дагаад шороон замаар Улаанбаатар хотын зүг рүү явж байсан чинь жижиг машинтай замын цагдаа ирээд машинуудынхаа бичиг баримтыг шалгуул гэхэд нь бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгтэл автомашинуудын түлхүүрийг нь хурааж аваад яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар буцаад сумын төв рүү орж ирээд компанийн хашаан дээр байж байсан чинь 2-3 цагийн дараа Э ирээд машины /Дамп/ түлхүүр өгөөд болчихлоо тэмээтэй хөшөөний баруун талд нь очиж хоноорой өглөө эрт явна гэж хэлсэн. 12 ширхэг Дамп Вагнер азийн хашаагаар гараад шороон замаар яваад автопүү тойроод тэмээтэй хөшөөний баруун талд очиж хоноцгоогоод үүр цайх үеэр 4-5 цагийн үед цаашаагаа хөдөлсөн. Бид нар тэмээтэй хөшөөн дээр байхад манай компанийн шар өнгийн дохионы гэрэлтэй автомашин цааш нь бид нарыг дагуулаад явсан. Тэр хамгаалалтын дохионы гэрэлтэй автомашиныг манай компанийн ажилтан Н жолоодоод явсан. Тэндээсээ цаашаа явж байхад хамгаалалтын албаны машин С-ын наад талаас бид нарыг тосож аваад Д аймгийн А сум руу аваад явсан. А сумаас бид нар 25-н уурхай хүртэл засмал замаар явсаар байгаад уурхай дээрээ очсон. Замд бол ямар нэгэн цагдаа зогсоож бид нарыг шалгаагүй. Бид нар 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 17 цагийн үед уурхай дээрээ очсон. Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Гаалийн бүрдүүлэлт хийдэг юм шиг байсан. Бид нар бүгд гэрлээ унтраачихсан явж байсан. Хамгийн анх явахдаа ч гэсэн бүх гэрлээ унтраачихсан явж байсан. Ямар ч гэрэл асааж яваагүй. Бид нар Дампаа түлхүүр хураалгасан газраа үлдээсэн байсан. Буцаагаад компанийн хашаа руу оруулаагүй, Э түлхүүр өгөхөөр нь шууд цаашаагаа явцгаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84х/,
-Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн үед гэртээ байсан. Өдөр нь Э орой хэдэн машины цуваа явна тэрэнд явна шүү гэж хэлсэн. Тэгээд жолооч нараа ирэхдээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд орой нь гэртээ байж байсан чинь 23 цагийн үед Э билүү Л билүү аль нэг нь залгаад 4 автомашин гарчихлаа явъя гэж хэлсэн. Би ............ маркийн............ улсын дугаартай автомашиныг бариад уурхай руу жолооч нартай хамт яваад эргээд жолооч нараа авч ирэх ажилтай явж байсан. 4 машин гарчихлаа гэхээр нь би хойд авто пүүний постон дээр очсон чинь Э цагдаад баригдаад машиныхаа түлхүүрийг хураалгачихлаа гэхээр нь би мөдгүй юм байна гэж бодоод хариад байж байсан чинь шөнийн 01, 02 цагийн үед Эрхбаяр залгаад болчихлоо явъя гэж хэлэхээр нь постноос хойшоо гараад шороон зам дээр яваад очтол Дампнуудаа эгнүүлээд зогсоочихсон байсан. Тэнд бол 12 ширхэг Дамп гарчихсан зогсож байсан. Тэндээсээ цаашаа хөдлөөд Ш овооны тэнд очиж зогсож байгаад үүрийн 04 цагийн үед гэгээ оруулаад 40 км/цагаас дээш хурдтай явахгүй шүү, замдаа хөргөөж амрааж яваарай гээд бид нар цаашаагаа хөдлөөд явсан. С орохын өмнө хамгаалалтын албаны машин ирээд клонк дээрээс тосож аваад С-ын пост өнгөртөл гаргаж өгсөн. Тэгэхэд замын хажууд цагдаагийн алаг тэрэг зогсож байсан дотор нь хүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. С өнгөрөөд бид нар А сум орсон тэндээсээ 25 ороод Уурхай руу яваад очсон. Тэгэхэд бол нэг ч цагдаа зогсоож шалгаагүй. Бид нар 25-аас баруун тийшээ шороогоор 20 гаруй км-т байдаг уурхайд 19 цагийн үед очоод буцаад наашаагаа гарцгаасан. Э-ын том оврын автомашин нь И.Г ложистик ХХК-д явдаг юм. Манай компанийн менежер Л-ийн найз нь юм. Хамгийн анх би ажил дээр очоод компанийн хашаанаас Бекап маркийн машин бариад Э, Л хоёрыг аваад эхэлж баригдсан 4 Даамп дээр яваад очсон. Тэгэхэд цагдаагийн алба хаагч байсан. Түлхүүрүүдийг нь хураагаад яваад өгсөн. Хэн гэдэг цагдаа байсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Бид нарыг очиход яг машинтайгаа зөрөөд явж байсан. Б, Д, Э, Б, О, Д, Н, Б, О, О-ын ах нь гээд хүмүүс барьж явсан. Бүгдээрээ И.Г ложистик ХХК-д жолооч ажилтай хүмүүс юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-87х/,
-Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 01 сарын 05-нд тус ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй том оврын тээврийн хэрэгслийг автопүүгээр жин тонныг хэмжээд хэмжсэн талаарх бичиг баримтыг нь бүрдүүлж жолоочид өгөөд гаргана. Жин тонн хэтэрсэн тохиолдолд цэгээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Автотээврийн үндэсний төвийн албан хаагч, Тээврийн цагдаагийн албан хаагчтай хамт үүрэг гүйцэтгэдэг. Цагдаа, Автотээврийн албан хаагч нь техникийн бүрэн бүтэн байдал, ачаа тээврийн норм, стандарт, жин, тонны хэмжээг хянана. Манай байгууллагын зүгээс жин, тонн хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг илрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл, жолоочийн бичиг баримтыг хурааж цагдаагийн албан хаагчид шилжүүлдэг. Ер нь бол постоор нэвтрүүлэхгүй буцаах үндсэн үүрэгтэй, цагдаагийн байгууллага торгуулийн арга хэмжээ авдаг. MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” Зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна. Таван тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 40 тонн байна. Гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 28 тонн байна. Дөрвөн тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 36 тонн байна. Уг стандартын 4.13-д нам аралтай чиргүүлийг ашиглан 14 дүгээр зүйлийн 1, 2, 3-д заасан нам аралтай чиргүүлд тавигдах шаардлагыг ханган тээвэрлэлтийг хийнэ гэсэн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Э-ын 2023 оны 08 сарын 17-ны 8/1067 дугаартай албан бичгийг З, А, Түргэний гүүр төлбөр авах цэгийн ахлахуудад чиглэл өгсөн. Үүний дагуу стандартыг хэрэгжүүлж ажилладаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-92х/,
-Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагчаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, зам тээврийн осол гэмт хэрэг, зөрчлөө урьдчилан сэргийлэх чиглэлээр З-ийн авто замын хяналтын пост дээр цагдаагийн байгууллагаас ганцаараа үүрэг гүйцэтгэдэг. Б нь Д аймгийн З сумын сум дундын Цагдаагийн хэлтэст замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар 2022 оны 11 дүгээр сард томилогдон ирж байсан. Миний үүрэг гүйцэтгэдэг З-ийн авто замын хяналтын пост дээр Б нь нөгөө ээлжийн алба хаагч байсан. Үүнээс өөрөөр сайн танихгүй, олигтой харьцаж байгаагүй. Том оврын тээврийн хэрэгсэл авто замын хяналтын постоор нэвтрэхийн тулд пүүгээр заавал орох ёстой байдаг. Заримдаа жин, тонн хэтэрсэн эсвэл авто замын стандартаас өргөн том оврын тээврийн хэрэгсэл пүү тойрох тохиолдол их гардаг. Намайг үүрэг гүйцэтгэж байхад уг асуудал удаа дараа гарч байсан. Том оврын тээврийн хэрэгсэл авто замын хяналтын пүү тойрч байгааг хяналтын цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч илрүүлсэн тохиолдолд хамгийн эхэлж тээврийн хэрэгслийн түлхүүр, бичиг баримтыг хурааж аваад жолоодож явсан жолоочийн бичиг баримтуудыг шалган нэн даруй удирдах албан тушаалтан болон тухайн өдрийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэнэ. Мэдэгдсэний дагуу жижүүрийн замын зохицуулагч хүрч ирсний дараа тухайн тээврийн хэрэгслүүдийг пүүгээр орж ямар зөрчилтэй болох талаар тогтооно. Үүний дараа пүү тойрч байгаа тээврийн хэрэгсэл хэрэв жин, тонн хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 46-д зааснаар 100 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авах мөн авто тээврийн байгууллага руу тухайн тээврийн хэрэгслүүдийг албан бичгээр шилжүүлэн арга хэмжээ авхуулна. Харин замын стандартаас өргөн тээврийн хэрэгсэл тойрч байгаа тохиолдолд Авто тээврийн байгууллагад мэдэгдэн хүлээлгэж өгнө. Зөрчил үйлдэж байсан том оврын тээврийн хэрэгслийг замын зохицуулагч иртэл ямар ч тохиолдолд зогсоосон газраас хөдөлгөхгүй. Стандартаас илүү гарсан тээврийн хэрэгсэл нь Зам тээврийн хөгжлийн төвөөс замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл, Тээврийн цагдаагийн албанаас зөвлөмж тус тус авна. Үүний дараа зөвшөөрөл, зөвлөмжтэй тээврийн хэрэгсэл нь тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслээр урд болон хойд талдаа хамгаалалтан дор явна. Оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Зөрчил илрүүлсэн даруйдаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв удирдах албан тушаалтан болон хариуцлагатай жижүүрт мэдэгдэх боломжгүй утсаа авахгүй байгаа тохиолдолд тухайн өдрийн ерөнхий жижүүрт мэдэгдэнэ. Гэхдээ гар утсаа авахгүй тохиолдол гэж байдаггүй. Цагдаагийн алба хаагч зөрчил илрүүлэн түлхүүрийг хурааж аваад удирдах албан тушаалтан, хариуцлагатай жижүүр зэрэгт мэдэгдэн тухайн мэдээллийн дагуу ирсэн замын зохицуулагчид тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээлгэн өгнө. Зөрчил үйлдэгч этгээд нь түлхүүрээ авсан тохиолдолд зөрчлөө үргэлжлүүлэн үйлдэх эрсдэлтэй учир ямар ч тохиолдолд түлхүүрийг буцааж өгдөггүй. Хэрэв түлхүүрийг нь эргүүлэн өгвөл алба хаагч нь албан үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл болно. Замын-Үүд сумын хяналт шалгалтын цэгт үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч постыг орхин явахыг хориглодог. Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нь томилгоот өдрөө үүрэг гүйцэтгэж байх хугацаанд биеийн байдал муудсан тохиолдолд удирдах албан тушаалтанд мэдэгдэж дараагийн ээлжийн алба хаагч ирэн ээлж хүлээлцэн постыг орхино. Мөн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг буюу батлагдсан маршрутын эргүүл хяналт шалгалтын үер удирдах албан тушаалтанд мэдэгдэн постыг түр хугацаанд орхиж болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95х/,
-Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагчаар 2020 оны 03 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сард Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Э.Б нь цагдаагийн ахлагч цолтой Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагч албан тушаалд 2022 оны 11 дүгээр сард томилогдон ирж байсан. Тухайн үед би Э.Б-ийг хариуцаж байсан ахлах нь байсан. Э.Б нь нисэхийн цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт цагдаа, зохицуулагч албан тушаалд өмнө нь ажиллаж байгаад манайд шилжиж ирсэн санагдаж байна. Өмнө нь ажлын туршлага байхгүй байсан. Монгол Улсын MNS 4598:2020 стандартын 5.8.1 дэх хэсэгт заасан бүх тээврийн хэрэгслийн өргөн, өндөр, жингээс хэтэрсэн байвал Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслээр урдаа чиглүүлэгч хийлгэн өдрийн цагаар хурдны дээд хэмжээ 50 км. цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Эхний ээлжид Зам тээврийн хөгжлийн төвийн ажилтан тухайн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг шалгаж цаашид замын хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэрийг гаргана. Цагдаагийн алба хаагч тухайн цэг дээр Зам тээврийн хөгжлийн төвийн ажилтан бүрэн байна гэж үзэн шалган нэвтрүүлсэн тохиолдолд тусгай дуут дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийн замын хөдөлгөөнд оролцуулахдаа зам дагуу байх дараагийн постууддаа мэдээлэл хүргэх үүрэгтэй. Авто пүүний хяналтын цэг дээр зөвшөөрөлгүй ирсэн тохиолдолд суурьшлын бүс буюу З сумаас гаргахгүй буцаан оруулдаг. Хэрэг авто пүү ямар нэг зөвшөөрөлгүй тойрч явж байсан зөрчил илрүүлсэн тохиолдолд хэрхэн тойрч байснаар нь шийдвэр гаргана. Хэрэв ямар нэгэн эд зүйл, хашаа нурааж эвдэж тойрч байсан тохиолдолд устгаж гэмтээх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр оруулж шийдвэрлэнэ. Ямар нэгэн эд зүйл эвлээгүй тойрч байсан тохиолдолд зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээр оруулж Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 46, 49 дүгээр хэсэгт зааснаар даац хэтрүүлсэн, овор ихтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх заалтаар зөрчлийн арга хэмжээ авч зарим тохиолдолд төрийн хяналт шалгалтаас зайлсхийх тухай хуулийн дагуу Авто тээврийн үндэсний төв рүү харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлүүлдэг. Тухайн зөрчлийг алба хаагч илрүүлсэн даруй тухайн өдрийн ерөнхий жижүүр болон шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж гэмт, хэргийн шинжтэй эсвэл зөрчлийн шинжтэй эсэхийг тогтооно. Илрүүлсэн зөрчил дээр ерөнхий жижүүр эсвэл шууд удирдах албан тушаалтнаас үүрэг чиглэл аван тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтыг хураан авч буцаан оруулна. Маргааш өглөө нь тухайн үйлдэл дээр зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэлээр орж цохолт хийгдэн шийдвэрлэгдэх ёстой. Э.Б үүрэг гүйцэтгэх хугацаандаа авто пүүг тээврийн хэрэгсэл тойрсон зөрчил илрүүлсэн талаар надад болон ерөнхий жижүүрт мэдэгдээгүй. Дараагийн ээлжийн алба хаагчид хүртэл мэдэгдээгүй байсан. Хэрэв тээврийн хэрэгсэл зогсоогоод өөрөө шийдвэрлэх боломжгүй, үүрэг гүйцэтгэх хугацаанд авто пүүний хяналтын цэг ачаалалтай байсан тохиолдолд тээврийн хэрэгслүүдийг буцааж оруулан ерөнхий жижүүрт зогсоосон газрыг мэдэгдэж гомдол мэдээллийн бүртгэлээр оруулна. Маргааш өглөө нь буухдаа дараагийн үүрэг гүйцэтгэх алба хаагчид тэнд тийм хэрэгслүүд зогсоосон гэдгээ хүлээлгэж өгнө. Э.Б нь тухайн зөрчлийг мэдэгдээгүй, хоногийн нөхцөл байдлын рапортод оруулаагүй учир цаашид арга хэмжээ авах, хариуцах алба хаагч байхгүй байсан. Авто пүүний хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид том оврын тээврийн хэрэгсэлтэй холбоотой илрүүлсэн зөрчлийг хэлтсийн дундын групп чатанд мэдээлэл оруулдаг. Э.Б надаас анх ирээд ажиллаж байхдаа /хэзээг нь санахгүй байна/ авто пүү тойрсон зөрчил илрүүлэн хэрхэн шийдвэрлэх талаар зааварчилгаа авч байсан. Би хяналт шалгалтаас зайлсхийсэн, авто пүү тойрсон, хулгайн замаар явж байгаа тээврийн хэрэгслийг зогсоогоод ямар нэгэн байдлаар ерөнхий жижүүрт битгий мэдэгд, авах арга хэмжээ байхгүй гэж хэнд ч хэлж байгаагүй. Харин стандарт дүрэм, журам зөрчсөн зөрчил илрүүлсэн тохиолдолд гомдол мэдээллээр оруулж эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүл гэсэн зааварчилгаа өгдөг. Би Э.Б-д энэ зааварчилгааг өгч байсан. ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авна. Замын цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн жолооны үнэмлэхийн дугаар, регистрийн дугаар зэрэг мэдээллүүдийг торгуулийн төхөөрөмж дээр оруулж жолоочийн мэдээллийг тулган үзнэ. Харин тээврийн хэрэгслийн мэдээллийг торгуулийн төхөөрөмжийн тээврийн хэрэгсэл шалгах цэс рүү орж тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийж тээврийн хэрэгслийн мэдээллийг тулган шалгаж зөрчсөн зөрчлөөр арга хэмжээ авдаг. Хэрэв улсын дугааргүй, импортоор орж ирсэн түр дугаартай, дугааргүй тээврийн хэрэгсэл байвал жолооч дээр нь торгуулийн арга хэмжээ авна. Тур дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолоочид зөрчсөн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авна. Ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй боловч улсын дугааргүй, түр дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн жолооч нэг бүрийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авна. Хэрэв улсын дугааргүй түр дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хэсгийн дагуу жолооч нэг бүр дээр арга хэмжээ авна. Улсын дугааргүй, түр дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зогсоосон тохиолдолд торгуулийн төхөөрөмж дээр жолоодож явсан жолоочийн мэдээллийг оруулж улсын дугааргүй гэх сонголтыг сонгож холбогдох хуулийн дагуу жолооч дээр арга хэмжээ тооцож жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь тодорхойгүй учир журмын хашаанд түр саатуулах ёстой. Д аймгийн З сумын .........дугаар багийн нутаг дэвсгэрт байх авто жингийн байнгын хяналтын пост орчимд сүлжээ жоохон тааруу учраас утасны сүлжээ орж, гарах асуудал ихээхэн гардаг. Харин постод интернэт сүлжээний утасгүй төхөөрөмж болон интернэт лан төхөөрөмж байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98х, 2-р хх-ийн 135х/,
-Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.И.Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д гэх БНХАУ-ийн иргэн 2023 оны 05 дугаар сард “Г.И6Т” ХХК-нд 10 ширхэг хүнд оврын өөрөө буулгагч ................ /............./ загварын тээврийн хэрэгсэл авч байна энийг гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд Д аймгийн Д суманд байх Алаг толгой бүлэг орд уурхайд хүргэх ёстой байгаа юм энэ ажлыг хийгээд өгөөч гэж хэлсэн. Ингээд би Д аймгийн З суманд ажиллаж амьдарч байгаа багын найз Э.Э-тай холбогдоод 10 тээврийн хэрэгслийг Гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд уурхайд хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би цаашаа юу болсныг нь сайн мэдэхгүй байна би өөрөө Хятад улс руу ажлаар явчихсан байсан учраас Э.Эрхбаяртай холбогдоогүй. Харин дараа нь Монгол Улсад ирэхэд тээврийн хэрэгслүүд уурхай дээр оччихсон ажиллаж байсан. Одоо тус тээврийн хэрэгслүүд уурхай дээр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 179х/,
-Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Том оврын өөрөө буулгагч ..................загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн замаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түр дугаартай бол түр дугаарын гэрчилгээ, тэнхлэгийн тоо, бодит жин, эхлэлийн цэг, төгсгөлийн цэгийн маршрут, тээврийн хэрэгслийн зураг, Тээврийн цагдаагийн албаны зөвлөмж зэрэг мэдээллүүдийг иргэн бол өргөдөл, аж ахуйн нэгж албан тоотоор манай байгууллагад цахимаар хүсэлтээ илгээдэг. Үүний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигч Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаар тогтоолын дагуу зам ашигласны төлбөрийг төлж дараа нь манай байгууллагаас тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрлийг цахимаар олгодог. Цахимаар зам ашигласны төлбөрөө төлсөн тохиолдолд зөвшөөрөл шууд олгогдож байгаа...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 183х/,
-Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Задрах боломжгүй овор ихтэй ачаа, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандарт, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу өндрийн хэмжээ 4 метр, өргөний хэмжээ 2,5 метр, уртын хэмжээ 20 метрээс илүү тохиолдолд иргэн, аж ахуй нэгж нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтэст хүсэлт гаргадаг. Тус хүсэлтийн дагуу цохогдсон замын байцаагч хүсэлтийг судлан шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгжид замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар чиглэл, зөвлөмж олгодог. Энэ нь Монгол Улсын "Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандартын 6.7 дугаар зүйлд заасны дагуу олгосон чиглэл, зөвлөмж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойно байршуулан зөвхөн өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцох талаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжид хариу өгдөг. Том оврын, хүнд даацын өөрөө буулгагч ............. загварын тээврийн хэрэгсэл нь MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй тээврийн хэрэгсэл учир манайхаас зөвлөмж, Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох ёстой юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 186-187х/,
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01х/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09х/,
-Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны ... оны ... дугаар сарын ....-ны өдрийн ............ дугаар албан бичиг “...Э.Б-ийн ажиллаж байх хугацаандаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 47 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 49 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байсан талаарх баримт бүхий албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 99-112х/,
-Албан тушаалын тодорхойлолт, Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-оос 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо, илтгэх хуудас /1-р хх-ийн 114-122х/,
-Ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн тухай 2023 оны 05 сарын 22-ны өдрийн илтгэх хуудас, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, Ц.Ц, Э.Б нарын рапорт /1-р хх-ийн 123-128х/,
-З дэх гаалийн газраас гаргуулан авсан Авто пүү тойрсон 10 тооны том оврын ............. маркийн авто тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 10 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 178-193х/,
-Гаалийн ерөнхий газрын З дэх гаалийн газраас гаргуулж авсан Г.И.Т ХХК (РД:)-ийн гаалийн мэдүүлгүүдийн дагалдах баримтууд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.И.Т ХХК-ний төлбөр тооцоо татвар төлөх бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, татвар төлсөн баримтууд /1-р хх-ийн 195-248х, 2-р хх-ийн 1-74х/,
-Стандарт хэмжилзүйн газрын 2023 оны 12 сарын 22-эы өдрийн 09/1118 дугаар албан бичиг, Монгол Улсын MNS 4598:2020 Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, нэмэлт өөрчлөлт орсон тушаалууд /2-р хх-ийн 114-128х/,
-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13-1/127 дугаар "...Монгол Улсын "MNS 5345:2011" стандартын шаардлагыг хангаагүй болон овор ихтэй ачаа тээвэрлэн дүрэм зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсон хүн, хуулийн этгээдэд Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.6 дахь зүйл, 24 дүгээр бүлгийн 24.6 дахь зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.5.17 дахь заалт, 14.7.46 дахь заалтад заасны дагуу торгох хуулийн зохицуулалттай байна..." гэсэн албан бичиг /2-р хх-ийн 114х/,
- Э.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 129-130/,
-Д аймгийн З сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн ...... оны ........ дугаар сарын ......-ний өдрийн ........... тоот "...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах авто пүүний хяналтын постод үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн алба хаагч нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, стандарт бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд хяналт тавьж, 43.76368760 /Өргөрөг/ 111.83447940 уртраг/ цэгт авто тээврийн улсын байцаагч-1, зам тээврийн хөгжлийн төлбөр хураагч-1, оператор-1 зэрэг 3 алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэдэг. З сумын төвөөс хойш 4 километрт байрладаг...” гэсэн албан бичиг /2-р хх-ийн 137х/,
- Цагдаагийн ерөнхий газрын ...... оны ....... дүгээр сарын ......-ны өдрийн ........ дугаар Э.Б-ийг Д аймаг дахь Цагдаагийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар томилсон тушаал, итгэлцлийн гэрээ, алба хаах гэрээ /3-р хх-ийн 30-38х/,
-Зам, тээвэр хөгжлийн яамны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/2157 дугаар хууль журмын хэрэгжилтийг хангуулах тухай “...Зам тээвэр хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт хууль, журам, стандартад заасны дагуу авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй тээврийн хэрэгсэлд энгийн зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах талаар дурдсан албан бичиг /3-р хх-ийн 184х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч албан тушаалд ажиллаж байхдаа 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцох талаар зөвлөмж аваагүй, зам тээврийн хөгжлийн төвөөс бичгээр зөвшөөрөл аваагүй Монгол Улсын MNS 5345:2011 стандарт зөрчсөн авто тээврийн хэрэгслийн зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй Г.И.Т ХХК-ны том оврын өөрөө буулгагч ............ маркийн тээврийн хэрэгслүүдийг шалгаж зөрчилтэй байсныг илрүүлсэн атлаа шалгаж шийдвэрлээгүй, тухайн өдрийн ерөнхий жижүүр, ерөнхий эргүүл, шууд удирдах албан тушаалд мэдэгдэх ёстой атал мэдэгдээгүй, зөрчил үйлдсэн байхад хуульд заасан арга хэмжээ авхуулахгүйгээр дур мэдэн замын хөдөлгөөнд оролцуулж явуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь Цагдаагийн ерөнхий газрын .......оны ...... дүгээр сарын ....-ны өдрийн ....... дугаар тушаалаар Д аймаг дахь Цагдаагийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх гэх мэт албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Э.Б-ийн Г.И.Т ХХК-ны Монгол Улсын MNS 5345:2011 стандарт зөрчсөн авто тээврийн хэрэгслийн зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй том оврын өөрөө буулгагч ......... маркийн 10 ширхэг тээврийн хэрэгслүүдийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөмж, зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох, Зөрчлийг илрүүлсэн даруй тухайн өдрийн ерөнхий жижүүр, ерөнхий эргүүл, шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэх, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь өөрийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Э.Эрхбаярын “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын хилээр ".............." загварын том оврын өөрөө буулгагч 12 тооны механизм оруулж ирэх захиалгыг нэг компаниас хүлээн авч, тухайн механизмуудын гаалийн бүрдүүлэлтийг хуурай дүү Л.Л-ийн хамт хийсэн. Тэгээд тухайн механизм нь Д аймгийн Д сумын О гэх газар луу явах захиалгатай байсан бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй авто зам, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хууль тогтоомжийн хүрээнд өөрөөрөө явахад зөвшөөрөл авах зэргээр асуудлууд тулгарсан. Төмөр замаар салгаж ачиж явуулах гэхээр стандарт хэмжээнээс илүү гарна, том оврын ачааны машинд ачихаар жин тонн хэтэрнэ, өөрөөрөө явах гэхээр авто замын нэг урсгалын өргөнөөс илүү учир зөвшөөрлийг авахад бүрдүүлэх материал зэргээр нэлээд хугацаа шаардлагатай байсан... 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагаас 23-ны өдрийн 01 цагийн хооронд З сумын авто пүү постны ажилтнуудыг анзаарч байгаад Вагнер азийн арын хашааны нэг хашаа нь унасан байдалтай байхаар нь эхний ээлжинд 4 тооны механизмыг нэг нэгээр нь давуулан өөрөөр нь шороон зам руу гаргаж байгаад тухайн өдрийн постны цагдаатай таарч баригдсан. Тэр цагдаа механизмын түлхүүрүүдийг хураагаад явчихсан... Удалгүй авто пүү дээр очиж цагдаатай тохиролцох гэж гуйж байгаад тэрээр зөвшөөрөөд механизмуудын түлхүүрийг авч хойшоо бүгдийг явуулсан. Тэр цагдаатай яг тэд гэсэн мөнгөний дүн тохироогүй, тэрээр өөрөө хэлэхдээ "би саяхан цалингийн хувь хасуулчихсан байгаа, элдвийн асуудал байхгүй биз дээ, би ажилгүй болчихно шүү" гэсэн... Тухайн алба хаагч ахлагч цолтой, энгэр дээрх нэр нь Б гэж байсан... Нийт 10 дамп байсан. Бүгдийг нь тухайн өдөр Вагнер азийн ар талын хашаагаар гаргаад явуулсан. Тэгээд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоотын уурхай явах ёстой бөгөөд өглөө үүр цайхад эндээс хөдлөөд тэндээ оройдоо очсон...” гэсэн,
гэрч Л.Л-ийн “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Ингээд дээрх 12 тээврийн хэрэгслийг Д аймгийн Д сумын Э уурхайд хүргэж өгөх болоод Зам тээвэр хөгжлийн яамнаас зөвшөөрөл аваагүй байсан учир З сумын авто замын хяналтын пүүгээр гаргахгүй нь тодорхой байсан учир З суманд ногооны бүрдүүлэлт хийдэг Э гэх ахтай уулзаж ....... дампыг пүүгээр гаргаж явуулмаар байна гэж хэлсэн чинь ах нь зохицуулж өгье гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 22-ны оройн 22:00 цаг өнгөрч байхад эхний 4 Дампыг пүүний наад талд Вагнер Азийн ар талын хашаагаар пүү тойруулаад зугтаалгасан. Тэгсэн манай 4-н тээврийн хэрэгсэл пүүний цаана 2-3 км явж байгаад авто пүүний цагдаад баригдчихлаа гээд над руу ярихаар нь би Э ахын хамт очсон чинь нөгөө замын цагдаа Б манай 4 дампын түлхүүрийг аваад пүү рүүгээ яваад өгсөн. Э ах бид хоёр нөгөө цагдаагийн араас пүүн дээр очоод 2 цаг гаран явуулчхаач гээд гуйсан боловч эхэндээ огт зөвшөөрөхгүй хэсэг байснаа сүүлдээ надад гай болохгүй яваарай гээд манай машинуудын түлхүүрүүдийг өгсөн... Анх Б гэх цагдаа манай 4 дампын түлхүүрийг өгөхдөө бусдыг нь Вагнер Азийн хойд талын хашаагаар тойруулаад эвтэйхэн гаргаарай гэж хэлсэн...” гэсэн,
гэрч Ш.Ө-ийн “...2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийн хугацаанд би Замын-Үүд авто пүү постонд пүүлэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. Дамп загварын тээврийн хэрэгслийг төлөөлсөн компани нь Зам тээврийн хөгжлийн төвд шаардлагатай материалын хамт хүсэлтээ өгөөд зөвшөөрөл авсан тохиолдолд манай салбарт явах маршрут, жолооч, тээврийн хэрэгслийн мэдээллийг хүлээн авч бүртгээд постоор нэвтрүүлдэг. Одоогийн байдлаар З-ийн Замын цагдаад нэг хувийг хуулбарлан өгдөг. Авто пүү дээр гарч байгаа цагдаа ч бас хяналт тавьдаг. Хэрэв зөвшөөрөлгүй бол постоор нэвтрүүлэхгүй гэсэн үг. Намайг авто пүү постонд 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд ээлжтэй байх үед ахлагч Б гэдэг цагдаа үүрэг гүйцэтгэж байсан. Би тухайн орой ........ загварын тээврийн хэрэгсэл авто пүү тойрсон талаар мэдээгүй. Харин өнөө өглөө манай ажлын төлбөр хураагч Оюунаа надад тухайн шөнө Вагнер Азийн хашааны тэнд гэрэлгүй том тэрэг хашаа руу нь орсон авто пүү тойрч болзошгүй байна гэж замын цагдаа Балдоржид мэдэгдсэн талаар хэлсэн... Пүүлэгч нар өрөөнөөсөө бараг гарах завгүй ажилладаг учир анзаараагүй...” гэсэн,
гэрч М.О-ийн “...2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийн хугацаанд би З авто пүү постонд төлбөр хураагчаар ажиллаж байсан. Дамп загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй бол пүүгээр нэвтрүүлэхгүй. Харин Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авсан тохиолдолд пүүлэгч материалыг хуулбарлан авч бүртгээд нэвтрүүлж болно гээд шийдвэр гаргавал би тээврийн хэрэгсэл тус бүрээс замын хураамжийн төлбөрийг авдаг. Тухайн оройн замын цагдаа Балдорж үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 05 дугаар сарын 22-ны 22 цагийн үед хамт ажилладаг Г нь фейсбүүк чат дээр авто пүүний урд байдаг Вагнер Ази хавьцаа нэг хашаа руу гэрлээ унтраасан хоёр Дамп орчихлоо, наадуул чинь тойрох гэж байна шүү, цагдаа хэн гарч байгаа билээ, О, Б-д хэлээрэй гэсэн яриатай зурвасыг явуулсныг сонсоод замын цагдаа Б-д мэдэгдсэн. Б надад шалгачхаад ирье гэж хэлээд алаг тэрэгтэйгээ явсан...” гэсэн,
гэрч Д.Б-ий “...Би тэр орой гэртээ байж байсан чинь Э над руу залгаад У хот руу ........ бариад явах уу гэж ярьсан...эхний ээлжинд 4 дамп Вагнер азийн ард талын эвдэрсэн байсан хашаагаар дамжаад цаашаагаа гараад явсан. Би бол эхний 4 Дампны нэгийг нь жолоодоод явж байсан. Эхний даампыг жолооч Э, Ч, Д нар бариад явж байсан. Вагнер Азийн ард талын хашаагаар гараад шон дагаад шороон замаар У хотын зүг рүү явж байсан чинь жижиг машинтай замын цагдаа ирээд машинуудынхаа бичиг баримтыг шалгуул гэхэд нь бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгтэл автомашинуудын түлхүүрийг нь хурааж аваад яваад өгсөн... 2-3 цагийн дараа Э ирээд машины /........../ түлхүүр өгөөд болчихлоо тэмээтэй хөшөөний баруун талд нь очиж хоноорой өглөө эрт явна гэж хэлсэн. 12 ширхэг ........... Вагнер азийн хашаагаар гараад шороон замаар яваад автопүү тойроод тэмээтэй хөшөөний баруун талд очиж хонцгоогоод үүр цайх үеэр 4-5 цагийн үед цаашаагаа хөдөлсөн...Бид нар бүгд гэрлээ унтраачихсан явж байсан. Хамгийн анх явахдаа ч гэсэн бүх гэрлээ унтраачихсан явж байсан. Ямар ч гэрэл асааж яваагүй. Бид нар ........... түлхүүр хураалгасан газраа үлдээсэн байсан. Буцаагаад компанийн хашаа руу оруулаагүй, Э түлхүүр өгөхөөр нь шууд цаашаагаа явцгаасан...” гэсэн,
гэрч В.Н-ийн “...Өдөр нь Э орой хэдэн машины цуваа явна тэрэнд явна шүү гэж хэлсэн. Тэгээд жолооч нараа ирэхдээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд орой нь гэртээ байж байсан чинь 23 цагийн үед Э билүү Л билүү аль нэг нь залгаад 4 автомашин гарчихлаа явъя гэж хэлсэн. Би .......маркийн............... улсын дугаартай автомашиныг бариад уурхай руу жолооч нартай хамт яваад эргээд жолооч нараа авч ирэх ажилтай явж байсан. 4 машин гарчихлаа гэхээр нь би хойд авто пүүний постон дээр очсон чинь Эрхбаяр цагдаад баригдаад машиныхаа түлхүүрийг хураалгачихлаа гэхээр нь би мөдгүй юм байна гэж бодоод хариад байж байсан чинь шөнийн 01, 02 цагийн үед Эрхбаяр залгаад болчихлоо явъя гэж хэлэхээр нь постноос хойшоо гараад шороон зам дээр яваад очтол Дампнуудаа эгнүүлээд зогсоочихсон байсан... Шаргын овооны тэнд очиж зогсож байгаад үүрийн 04 цагийн үед гэгээ оруулаад 40 км/цагаас дээш хурдтай явахгүй шүү, замдаа хөргөөж амрааж яваарай гээд бид нар цаашаагаа хөдлөөд явсан...” гэсэн,
гэрч М.З-ын “...том оврын тээврийн хэрэгслийг автопүүгээр жин тонныг хэмжээд хэмжсэн талаарх бичиг баримтыг нь бүрдүүлж жолоочид өгөөд гаргана. Жин тонн хэтэрсэн тохиолдолд цэгээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Автотээврийн үндэсний төвийн албан хаагч, Тээврийн цагдаагийн албан хаагчтай хамт үүрэг гүйцэтгэдэг. Цагдаа, Автотээврийн албан хаагч нь техникийн бүрэн бүтэн байдал, ачаа тээврийн норм, стандарт, жин, тонны хэмжээг хянана. Манай байгууллагын зүгээс жин, тонн хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг илрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл, жолоочийн бичиг баримтыг хурааж цагдаагийн албан хаагчид шилжүүлдэг. Ер нь бол постоор нэвтрүүлэхгүй буцаах үндсэн үүрэгтэй, цагдаагийн байгууллага торгуулийн арга хэмжээ авдаг. MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” Зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна. Таван тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 40 тонн байна. Гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 28 тонн байна. Дөрвөн тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 36 тонн байна. Уг стандартын 4.13-д нам аралтай чиргүүлийг ашиглан 14 дүгээр зүйлийн 1, 2, 3-д заасан нам аралтай чиргүүлд тавигдах шаардлагыг ханган тээвэрлэлтийг хийнэ гэсэн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Энхбаатарын 2023 оны 08 сарын 17-ны 8/1067 дугаартай албан бичгийг З, А, Түргэний гүүр төлбөр авах цэгийн ахлахуудад чиглэл өгсөн. Үүний дагуу стандартыг хэрэгжүүлж ажилладаг...” гэсэн,
гэрч Б.Ц-ийн “...Би Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагчаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна...Миний үүрэг гүйцэтгэдэг З-ийн авто замын хяналтын пост дээр Э.Б нь нөгөө ээлжийн алба хаагч байсан...Том оврын тээврийн хэрэгсэл авто замын хяналтын постоор нэвтрэхийн тулд пүүгээр заавал орох ёстой байдаг. Заримдаа жин, тонн хэтэрсэн эсвэл авто замын стандартаас өргөн том оврын тээврийн хэрэгсэл пүү тойрох тохиолдол их гардаг... Том оврын тээврийн хэрэгсэл авто замын хяналтын пүү тойрч байгааг хяналтын цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч илрүүлсэн тохиолдолд хамгийн эхэлж тээврийн хэрэгслийн түлхүүр, бичиг баримтыг хурааж аваад жолоодож явсан жолоочийн бичиг баримтуудыг шалган нэн даруй удирдах албан тушаалтан болон тухайн өдрийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэнэ. Мэдэгдсэний дагуу жижүүрийн замын зохицуулагч хүрч ирсний дараа тухайн тээврийн хэрэгслүүдийг пүүгээр орж ямар зөрчилтэй болох талаар тогтооно. Үүний дараа пүү тойрч байгаа тээврийн хэрэгсэл хэрэв жин, тонн хэтэрсэн тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 46-д зааснаар 100 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авах мөн авто тээврийн байгууллага руу тухайн тээврийн хэрэгслүүдийг албан бичгээр шилжүүлэн арга хэмжээ авхуулна. Харин замын стандартаас өргөн тээврийн хэрэгсэл тойрч байгаа тохиолдолд Авто тээврийн байгууллагад мэдэгдэн хүлээлгэж өгнө. Зөрчил үйлдэж байсан том оврын тээврийн хэрэгслийг замын зохицуулагч иртэл ямар ч тохиолдолд зогсоосон газраас хөдөлгөхгүй. Стандартаас илүү гарсан тээврийн хэрэгсэл нь Зам тээврийн хөгжлийн төвөөс замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл, Тээврийн цагдаагийн албанаас зөвлөмж тус тус авна. Үүний дараа зөвшөөрөл, зөвлөмжтэй тээврийн хэрэгсэл нь тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслээр урд болон хойд талдаа хамгаалалтан дор явна. Оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог...” гэсэн,
гэрч Н.Г-ийн “...Тус хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагчаар 2020 оны 03 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сард Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Э.Б нь цагдаагийн ахлагч цолтой Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагч албан тушаалд 2022 оны 11 дүгээр сард томилогдон ирж байсан. Тухайн үед би Э.Б-ийг хариуцаж байсан ахлах нь байсан... Монгол Улсын MNS 4598:2020 стандартын 5.8.1 дэх хэсэгт заасан бүх тээврийн хэрэгслийн өргөн, өндөр, жингээс хэтэрсэн байвал Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч тусгай дуут дохиотой тээврийн хэрэгслээр урдаа чиглүүлэгч хийлгэн өдрийн цагаар хурдны дээд хэмжээ 50 км.цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцох ёстой. Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн төвийн ажилтан тухайн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг шалгаж цаашид замын хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэрийг гаргана. Цагдаагийн алба хаагч тухайн цэг дээр Зам тээврийн хөгжлийн төвийн ажилтан бүрэн байна гэж үзэн шалган нэвтрүүлсэн тохиолдолд тусгай дуут дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийн замын хөдөлгөөнд оролцуулахдаа зам дагуу байх дараагийн постууддаа мэдээлэл хүргэх үүрэгтэй. Авто пүүний хяналтын цэг дээр зөвшөөрөлгүй ирсэн тохиолдолд суурьшлын бүс буюу З сумаас гаргахгүй буцаан оруулдаг. Хэрэг авто пүү ямар нэг зөвшөөрөлгүй тойрч явж байсан зөрчил илрүүлсэн тохиолдолд хэрхэн тойрч байснаар нь шийдвэр гаргана. Хэрэв ямар нэгэн эд зүйл, хашаа нурааж эвдэж тойрч байсан тохиолдолд устгаж гэмтээх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр оруулж шийдвэрлэнэ. Ямар нэгэн эд зүйл эвлээгүй тойрч байсан тохиолдолд зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээр оруулж Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 46, 49 дүгээр хэсэгт зааснаар даац хэтрүүлсэн, овор ихтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх заалтаар зөрчлийн арга хэмжээ авч зарим тохиолдолд төрийн хяналт шалгалтаас зайлсхийх тухай хуулийн дагуу Авто тээврийн үндэсний төв рүү харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлүүлдэг. Тухайн зөрчлийг алба хаагч илрүүлсэн даруй тухайн өдрийн ерөнхий жижүүр болон шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж гэмт, хэргийн шинжтэй эсвэл зөрчлийн шинжтэй эсэхийг тогтооно. Илрүүлсэн зөрчил дээр ерөнхий жижүүр эсвэл шууд удирдах албан тушаалтнаас үүрэг чиглэл аван тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтыг хураан авч буцаан оруулна. Маргааш өглөө нь тухайн үйлдэл дээр зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэлээр орж цохолт хийгдэн шийдвэрлэгдэх ёстой. Э.Б үүрэг гүйцэтгэх хугацаандаа авто пүүг тээврийн хэрэгсэл тойрсон зөрчил илрүүлсэн талаар надад болон ерөнхий жижүүрт мэдэгдээгүй. Дараагийн ээлжийн алба хаагчид хүртэл мэдэгдээгүй байсан. Хэрэв тээврийн хэрэгсэл зогсоогоод өөрөө шийдвэрлэх боломжгүй, үүрэг гүйцэтгэх хугацаанд авто пүүний хяналтын цэг ачаалалтай байсан тохиолдолд тээврийн хэрэгслүүдийг буцааж оруулан ерөнхий жижүүрт зогсоосон газрыг мэдэгдэж гомдол мэдээллийн бүртгэлээр оруулна. Маргааш өглөө нь буухдаа дараагийн үүрэг гүйцэтгэх алба хаагчид тэнд тийм хэрэгслүүд зогсоосон гэдгээ хүлээлгэж өгнө. Э.Балдорж нь тухайн зөрчлийг мэдэгдээгүй, хоногийн нөхцөл байдлын рапортонд оруулаагүй учир цаашид арга хэмжээ авах, хариуцах алба хаагч байхгүй байсан... Э.Б надаас анх ирээд ажиллаж байхдаа /хэзээг нь санахгүй байна/ авто пүү тойрсон зөрчил илрүүлэн хэрхэн шийдвэрлэх талаар зааварчилгаа авч байсан. Би хяналт шалгалтаас зайлсхийсэн, авто пүү тойрсон, хулгайн замаар явж байгаа тээврийн хэрэгслийг зогсоогоод ямар нэгэн байдлаар ерөнхий жижүүрт битгий мэдэгд, авах арга хэмжээ байхгүй гэж хэнд ч хэлж байгаагүй. Харин стандарт дүрэм, журам зөрчсөн зөрчил илрүүлсэн тохиолдолд гомдол мэдээллээр оруулж эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүл гэсэн зааварчилгаа өгдөг. Би Э.Б-д энэ зааварчилгааг өгч байсан...” гэсэн,
гэрч Э.Т-ийн “...Г.И.Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В гэх ХАУ-ийн иргэн 2023 оны 05 дугаар сард “Г.И.Т” ХХК-нд 10 ширхэг хүнд оврын өөрөө буулгагч .............загварын тээврийн хэрэгсэл авч байна энийг гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд Д аймгийн Д суманд байх А бүлэг орд уурхайд хүргэх ёстой байгаа юм энэ ажлыг хийгээд өгөөч гэж хэлсэн. Ингээд би Д аймгийн З суманд ажиллаж амьдарч байгаа багын найз Э.Э-тай холбогдоод 10 тээврийн хэрэгслийг Гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд уурхайд хүргээд өгөөч гэж гуйсан... дараа нь Монгол Улсад ирэхэд тээврийн хэрэгслүүд уурхай дээр оччихсон ажиллаж байсан. Одоо тус тээврийн хэрэгслүүд уурхай дээр ажиллаж байгаа...” гэсэн,
гэрч Л.Г-ийн “...Том оврын өөрөө буулгагч ................ загварын тээврийн хэрэгслийг орон нутгийн замаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түр дугаартай бол түр дугаарын гэрчилгээ, тэнхлэгийн тоо, бодит жин, эхлэлийн цэг, төгсгөлийн цэгийн маршрут, тээврийн хэрэгслийн зураг, Тээврийн цагдаагийн албаны зөвлөмж зэрэг мэдээллүүдийг иргэн бол өргөдөл, аж ахуйн нэгж албан тоотоор манай байгууллагад цахимаар хүсэлтээ илгээдэг. Үүний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигч Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 222 дугаар тогтоолын дагуу зам ашигласны төлбөрийг төлж дараа нь манай байгууллагаас тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрлийг цахимаар олгодог. Цахимаар зам ашигласны төлбөрөө төлсөн тохиолдолд зөвшөөрөл шууд олгогдож байгаа...” гэсэн,
гэрч Э.Т-ийн “...Задрах боломжгүй овор ихтэй ачаа, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандарт, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу өндрийн хэмжээ 4 метр, өргөний хэмжээ 2,5 метр, уртын хэмжээ 20 метрээс илүү тохиолдолд иргэн, аж ахуй нэгж нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтэст хүсэлт гаргадаг. Тус хүсэлтийн дагуу цохогдсон замын байцаагч хүсэлтийг судлан шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгжид замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар чиглэл, зөвлөмж олгодог... Том оврын, хүнд даацын өөрөө буулгагч Дамп загварын тээврийн хэрэгсэл нь MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй тээврийн хэрэгсэл учир манайхаас зөвлөмж, Зам тээврийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох ёстой юм...” гэсэн мэдүүлгүүд, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/20126 дугаар албан бичиг "...Э.Б-ийн ажиллаж байх хугацаандаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 47 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 49 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байсан талаарх баримт бүхий албан бичиг, түүний хавсралт, Э.Б-ийн албан тушаалын тодорхойлолт, З сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-оос 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо, илтгэх хуудас, Ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн тухай 2023 оны 05 сарын 22-ны өдрийн илтгэх хуудас, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, Ц.Ц, Э.Б нарын рапорт, З гаалийн газраас гаргуулан авсан Авто пүү тойрсон 10 тооны том оврын Дамп маркийн авто тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 10 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гаалийн ерөнхий газрын З дэх гаалийн газраас гаргуулж авсан Г.И.Т ХХК (РД:)-ийн гаалийн мэдүүлгүүдийн дагалдах баримтууд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.И.Т ХХК-ний төлбөр тооцоо татвар төлөх бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, татвар төлсөн баримтууд, Стандарт хэмжилзүйн газрын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 09/1118 дугаар албан бичиг, Монгол Улсын MNS 4598:2020 Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, нэмэлт өөрчлөлт орсон тушаалууд, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13-1/127 дугаар “...Монгол Улсын "MNS 5345:2011" стандартын шаардлагыг хангаагүй болон овор ихтэй ачаа тээвэрлэн дүрэм зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсон хүн, хуулийн этгээдэд Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.6 дахь зүйл, 24 дүгээр бүлгийн 24.6 дахь зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.5.17 дахь заалт, 14.7.46 дахь заалтад заасны дагуу торгох хуулийн зохицуулалттай байна...” гэсэн албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын ......... оны ... дүгээр сарын ....-ны өдрийн ............. дугаар Э.Б-ийг Д аймаг дахь Цагдаагийн газрын З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар томилсон тушаал, итгэлцлийн гэрээ, алба хаах гэрээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
Д аймгийн З сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар томилогдон ажиллаж байсан Э.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар үл зөвшөөрч маргасан ч дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах, эргэлзэх баримт, нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна”... 13.1.6.-д “...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч...” гэж тус тус заасны дагуу цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд Эрүүгийн хуулийн “Авлигын гэмт хэргийн” субъект болно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...ойлгоно” гэж зааснаар шүүгдэгч Э.Балдоржийн үйлдэл нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад эд хөрөнгийн ашигтай байдал буй болгосон шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй юм.
Улсын яллагч нар шүүх хуралдаанд, шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч, Г.И.Т ХХК-нд давуу байдал олгосон гэдэг нь нотлох баримтаар авагдаагүй байна... Э.Б-ийг очиход ....... машин байсан гэтэл хэрэгт .... машин байсан гэдэг улсын яллагч .... машин гэж ялласан... “Г.И.Т” ХХК-иас гэрчээр болон ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй, шалгах ажиллагаа огт хийгдээгүй...гэмт хэргийн шинжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж, шүүгдэгч, буцаад яваарай гээд би түлхүүрийг нь өгсөн...өдөрт 20 зөрчил илрүүлж арга хэмжээ авах ёстой уг ажлаа хийгээд анзаараагүй, буцаад явсан гэж итгэж байсан гэж мэтгэлцсэн.
Авлигын эсрэг хуулийн 7.1. Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох... гэснийг зөрчиж Говийн элч тээвэр ХХК-нийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй гэдгийг мэдсээр байж мэдэгдэх ёстой албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн явуулсан, Зөрчлийн тухай хууль зөрчсөн зөрчлийг илрүүлсэн атлаа шалгаж шийдвэрлүүлээгүй бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ. Хэрэгт авагдсан Замын-Үүд дэх гаалийн газраас гаргуулан авсан Авто пүү тойрсон 10 тооны том оврын Дамп маркийн авто тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 10 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гаалийн ерөнхий газрын З дэх гаалийн газраас гаргуулж авсан Г.И.Т ХХК (РД:)-ийн гаалийн мэдүүлгүүдийн дагалдах баримтууд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.И.Т ХХК-ний төлбөр тооцоо татвар төлөх бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, татвар төлсөн баримтуудаар 10 ширхэг .... машин байсан, тухайн тээврийн хэрэгслүүд Г.И.Т ХХК-ний өмчлөлийнх гэдэг нь нотлогдсон. Шүүгдэгч Э.Б нь З-ийн авто замын хяналтын пост дээр ажиллаж байхдаа зөрчилтэй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож явж байгаа талаар мэдээлэл авч тээврийн хэрэгслүүд дээр очиж шалгасан, зөрчилтэй байсан учраас түлхүүрүүдийг нь авсан, тээврийн хэрэгслийг хариуцаж байсан Э.Э тээврийн хэрэгслүүдийг явуулах талаар гуйсан, 2-3 цагийн дараа түлхүүрүүдийг нь өгсөн, тээврийн хэрэгслүүд Э.Б-оос түлхүүрээ аваад замын хөдөлгөөнд оролцоод явсан бөгөөд энэ талаар удирдах албан тушаалтан, тухайн өдөр гарч байсан жижүүрт мэдэгдээгүй, маргааш нь уг зөрчлийн талаар илтгэх хуудсандаа бичих байсан гэтэл бичээгүй, шүүгдэгчийн энэ үйлдэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон учир шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар санал үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ. Шүүгдэгч Э.Б-оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар Нийслэлийн Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрээс зорчихыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...анх удаа тохиолдлын шинжтэй энэ гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон. Мөн бусдад төлөх төлбөргүй. Гэр бүлийн байдлын тухайд бага насны хүүхэдтэй, “M” ХХК-ийн ............... ажилладаг. Энэ ажил нь нийт дүүргийн хэмжээнд явдаг ажил байгаа... нийтийн албанд ажиллах эрхийг бага хэмжээгээр, мөн зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хэмжээгээр тогтоож зорчих эрхийг У хотын хүрээнд тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, санаатай үйлдэл болох нь тогтоогдсон тул мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ажил хөдөлмөр эрхэлдэг болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болон эрхэлж байгаа ажил болох Н Б дүүрэг, Б дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлтэйгөөр эдлүүлэх, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Э.Б /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болон эрхэлж байгаа ажил болох Нийслэлийн Баянгол дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлтэйгөөр эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-ид оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н