Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2022/00095

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,   

     Нэхэмжлэгч: Ц овогт О-ы Б-гийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: УА ТСЗД-д холбогдох,

    Тус сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оны 8 дугаар сард Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар анх томилогдож, одоо 21 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байгаагүй. Манай суманд 2021 оны 7 дугаар сараас эхлээд ковид-19 цар тахалтай холбоотойгоор ор дэлгэж улаан бүс нээж эмчилгээ хийх сумын онцгой комиссын шийдвэр гарч сумын соёлын төвд ор дэлгэж улаан бүс болгож, ковидын халдвар авсан хүмүүсийг эмчлэх ажил хийсэн. Манай сумын эмнэлэг 2 хүний их эмчтэй. Бид 2 улаан бүсэд 14 хоног тутам солигдож ээлжээр ажилладаг байсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд улаан бүсэд орж ажилласан. Манай нөгөө эмч тухайн үед бас ковидын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул би ганцаараа маш их ачаалалтай ажиллаж байсан тул 2021 оны 3 дугаар улирлын тайлан мэдээгээ хоцроож өгсөн. Гэтэл сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 захирамжаар надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт зааны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Уг захирамжийг гарсан гэдгийг миний бие 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн төвийн улирлын үр дүнгийн урамшууллын захирамж гаргуулахаар очоод мэдсэн. Миний бие Эрүүл мэндийн төвийн 3 дугаар улирлын тайлан мэдээг улаан бүсэд ганцаараа ачаалал ихтэй, гаргах боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байсан тул хугацаа хожимдуулсан байхад надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд УА ТСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 тоот сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түргэн сумын Засаг дарга О.Э надад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дугаартай албан тоотыг М.Болормаа 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 01:44 цагт ЕRР-ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтанд ирүүлснийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17:45 цагт над руу ЕRР-р шилжүүлсэн байдаг. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Сар улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны дотор мэдээлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу 2021 оны 3-р улирлын тайлан, мэдээ хоцроосон Эрүүл мэндийн төвийн дарга О.Бд хариуцлага тооцох тухай албан бичгийн хариуг Аймгийн санхүү, хяналт аудитын албанд ирүүлнэ үү гэх бичгийг бичиг хэргийн ажилтан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цагт Эрүүл мэндийн төвийн дарга О.Б-д хүргүүлэхээр явуулсан боловч тухайн үед О.Б вакцинжуулалтын ажлаар хөдөө явсан тул хүүхдийн их эмч Ц.Ц-д албан тоотыг хүлээлгэн өгсөн байдаг. Ц.Цх нь тухайн бичгийг даргынхаа ширээн дээр тавиад, ирсэн бичгийн талаар утсаар ярьж , мөн зургийг нь дарж дарга, нягтлан бодогч хоёртоо явуулсан. Тухайн албан бичгийн талаар мэдэгдснээс хойш ажлын 10 хоногт ямар нэг байдлаар холбогдоогүй, арга хэмжээ авагдсан гэдгийг мэдсээр байж хариу мэдэгдэл гаргаагүй учир хүлээн зөвшөөрсөн гэдэг утгаар тухайн үед сонсох ажиллагаа хийгдээгүй. Дахин албан тоотын хариуг хүргүүлэх хугацаа нь болж Аймгийн санхүү, хяналт аудитын албаны мэргэжилтэн утсаар шаардсан тул 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 захирамжаар сануулах арга хэмжээ авсан гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч УА ТСЗД-д холбогдуулан тус сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

     Хариуцагч О.Э Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Сар улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны дотор мэдээлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу 2021 оны 3-р улирлын тайлан, мэдээ хоцроосон Эрүүл мэндийн төвийн дарга О.Б-д сануулах арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       УА ТСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр албан бичгийг тус тус баримтлан Эрүүл мэндийн төвийн дарга О.Б-д 2021 оны 3 дугаар улирлын мэдээг хоцроосон гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

      Зохигч талууд Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.Б 2021 оны 3 дугаар улирлын мэдээг хоцроосон гэх үйл баримтын талаал маргаагүй, харин нэхэмжлэгч О.Б Манай сумын эмнэлэг 2 хүний их эмчтэй. Бид 2 улаан бүсэд 14 хоног тутам солигдож ээлжээр ажилладаг байсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд улаан бүсэд орж ажилласан. Манай нөгөө эмч тухайн үед бас ковидын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул би ганцаараа маш их ачаалалтай ажиллаж байсан тул 2021 оны 3 дугаар улирлын тайлан мэдээгээ хоцроож өгсөн нь үнэн. Гэвч миний бие Эрүүл мэндийн төвийн 3 дугаар улирлын тайлан мэдээг улаан бүсэд ганцаараа ачаалал ихтэй, гаргах боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байсан тул надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг няцаасан.

    Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

      Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд гэж, 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн өмчит үйлдвэрийн газар гэж, 6 дугаар зүйлийн 6.1.2-т ... сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор мэдээлэхээр заажээ.

    Увс аймгийн Түргэн сумын Эрүүл мэндийн төв 2 их эмчийн орон тоотой, 1 их эмч нь COVID-19 вирусийн халдвар авч 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь Увс аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар Сумдын эрүүл мэндийн төвийн 2021 оны орон тооны жишгийг шинэчлэн батлах тухай тушаал, Түргэн сумын Эрүүл мэндийн төвд COVID-19 вирусийн халдвараар өвчилсний улмаас 2021 оны 10 дугаар сард хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл гэх баримтаар тогтоогдож байна.

     Мөн нэхэмжлэгчийн 1 их эмч COVID-19 вирусийн халдвараар өвчилсөн тул миний бие 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд улаан бүсэд орж ажилласан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

     Нэхэмжлэгч Увс аймгийн Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.Б нь улирлын гүйцэтгэлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроосон болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул УА ТСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, УА ТСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар О.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч О.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч УА ТСЗД-ын ажлын алба болох тус сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч УА ТСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар О.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УА ТСЗД-ын ажлын алба болох тус сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ